Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1214

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Ж.Энхжаргал, шүүгдэгч Ц.Х*** , түүний өмгөөлөгч Т.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00296 0363 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т***  овгийн Ц***ийн  Х*** , *** оны *** дугаар сарын ***-нд Б*** аймгийн Х*** суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ц*** ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 5, аав, ээж, ах нарын хамт Б*** аймгийн Х*** сум, *** дугаар баг, Х*** гэх газар оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд нь

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 535 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Х***  нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 55 минутын үед Сонгинохайрхан  дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны хуучин эцсийн буудлын замд, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгслийг жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Isuzu Elf маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Х***г  /14 настай, эрэгтэй/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Т***  овгийн Ц***ийн  Х***  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд согтуурсан байхдаа буюу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 55 минутын үед Сонгинохайрхан  дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны хуучин эцсийн буудлын замд “Isuzu Elf” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодох дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Х*** /14 настай, эрэгтэй/-г мөргөж, түүний биед “...зүүн гарын атгаал болон зүүн хөлийн шилбэний шаант, тахилзуур ясны далд зөрүү бүхий хугарал, бүсэлхий нуруу, баруун ташаанд зулгаралт...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

​​​​​​​Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал), 2022 оны 06 дугаар сарын02-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал), 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-11 дэх тал), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Ц*** овогтой Х*** ыг драйгер багаж ашиглан шалгахад 2.49% хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 12 дахь тал),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А***ийн “...Л.Х*** нь надтай хамт амьдардаг. Манай Л.Х*** нь айлын бага хүүхэд. Төрсөн аав, ээж хоёр нь гадаад буюу Франц улсад ажиллаж амьдарч байгаа. Аав, ээж хоёр нь гадаад явах үедээ надад хүүхдээ үлдээгээд 2022 оны 01 дүгээр сард явсан байгаа. Тэрнээс хойш Л.Х*** нь манай гэрт амьдарч байгаа. ...Яг осол гарах үед нь и хамт байгаагүй. Л.Х*** надад хэлэхдээ автобусны буудал дээр буугаад дэлгүүр орох гээд явж байхад ар талаас нь нэг машин ирж мөргөөд газар унасан гэсэн. Тэр үедээ над руу Л.Х*** залгаад би машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн. Намайг шууд гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлэхээр нь манай гэрийнхэн шууд гэмтлийн эмнэлэг дээр очсон...” гэсэн мэдүүлэг /(хавтаст хэргийн 15 дахь тал),

- Хохирогч Л.Х***ийн “...Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хичээлээ тараад сургуулийн хажууд сагсны талбай дээр сагс тоглож байгаад дэлгүүрээс ундаа авахаар Зүүн салааны хуучин эцэс дээр ирсэн. Тэнд ангийнхаа хоёр хүүхэдтэй хамт буудал дээр зогсож байгаад дэлгүүр лүү орох гээд алхтал араас машин ирээд намайг мөргөсөн. Би машинд мөргүүлээд газар унасан. Нэлээн хүчтэй мөргөсөн учир нэлээн зайтай газар унасан. Би газар уначхаад босоод ирэхэд зүүн хөл өвдөөд гишгэж болохгүй байсан. Тэгэхээр нь утсаа гаргаж ирээд эгч Д.А*** руу залгаж осол гарсан талаар хэлээд байж байхад түргэний машин, цагдаа нар ирээд намайг түргэний машинаар гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед зам орчны байдал ачаалал багатай, түгжрэлгүй. Зам хуурай байсан. Тухайн үед 14 цаг өнгөрч байсан учир гадаа гэрэлтэй, нартай байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал), 

- Иргэний нэхэмжлэгч Б.У***ын “...Би хамт байгаагүй учир ослын талаар мэдэхгүй байна. Ц.Х***  гэх хүнийг танина. Бид хоёр нэг байгууллагад хамт ажилладаг. Манай байгууллагад Ц.Х***  нь 1 жил гаран болж байгаа. Борлуулагч ажилтай. Isuzu Efl маркийн *** дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Уг машиныг манай ажил байгуулагдаагүй байх үедээ миний нэр дээр авч байсан. Тэрнээс хойш нэрээ шилжүүлээгүй, гадуур үйл ажиллагаанд хэрэглэж байгаа. Манай байгууллага дээр үйл ажиллагаа явуулж байгаа тээврийн хэрэгслүүд нь бүгд хувь хүний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би өөрөө очиж хараагүй. Гэхдээ ямар нэгэн эвдрэл учирсан зүйл байхгүй байх. Манай байгууллагаас үнэлгээ хийлгэхгүй. Шаардлага байхгүй гэж бодож байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),

- Иргэний хариуцагч Б.У***ын “...жолоочийн буруутай гэж шүүхээр эцэслэн тогтоогдвол байгууллагын болон миний зүгээс хуулийн дагуу бусдад учирсан гэм хор, хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал),

- Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.У***ын “...Тээврийн прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн  эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 62 дахь тал),

- Гэрч Б.Д***ын “...Ц.Х***  бид хоёр 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр жолоо барих эрхтэй ажлын газрын хүн н.Н*** гэх хүнээр машинаа бариулаад гадуур ус түгээлтийн ажилд гарч ажилласан. Тэгээд 12 цаг өнгөрч байхад бид хэд түгээлтээс буугаад байгууллагын хашаан дотор Ц.Х*** ын төрсөн өдөр гээд 2 шил 0.75 л архи 4-үүлээ уугаад тэндээс 14 цаг өнгөрч байхад Ц.Х***  намайг түгээлт хийж байсан машиндаа суулгаад бид хоёр гэр рүү нь очих гээд хөдөлсөн. Тухайн үед би жолоочийн хажуу талд суугаад харин Ц.Х***  машиныг бариад явж байсан. Тэгтэл гэнэт түс тас хийх чимээ гараад автобусны буудлын хажуугаар замын хашлага дээгүүр даваад цаад талд нь зогсож байсан хүүхдийг мөргөөд, нэлээн явж байгаад замын хажуу талын замын хашлага мөргөөд зогссон. Тэгээд бид хоёр машинаас бууж ирээд тойрч харахад баруун талын дугуй нь хагарсан байдалтай байж байсан. Харин автобусны буудал дээр байсан хүмүүс “та нар хүүхэд дайрчихлаа” гээд орилоод байсан. Тэгээд би Ц.Х*** ын гар утсыг машинаас авч өгчхөөд төрсөн ах болох н.Батбаяр руу залгаж осол гаргачихлаа гэж хэлчхээд гэр рүүгээ харьсан. Намайг гэр рүүгээ харих үед ямар нэгэн цагдаа, эмнэлэг ирээгүй байсан. Ц.Х***  бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хамт уусан хүмүүсийг гэрийнхэн нь ирээд аваад явчихсан. Тэгээд бид хоёр хоёулаа үлдчихээд тэндээс гар рүүгээ харих санаатай машин барьсан байх. Би архи уучхаад нэлээн муудсан байсан. Тэгээд машин дотор ороод явж байхад гэнэт түс тас хийх чимээ гараад хартал осол болсон байсан. Яг нарийн бас хэлж мэдэхгүй байна. Би тухайн үед цагдаа, түргэнд дуудлага өгөөгүй. Би хажуу талд суугаад Ц.Х***  машин бариад явж байсан. Тухайн осол болох үед түгжрэл байхгүй, үзэгдэх, харагдах орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун байсан. Өдөр байсан учир гэрэлтэй байсан. Бид хоёр хамгаалах бүс хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал), 

- Шүүгдэгч Ц.Х*** ын мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гадуур борлуулалт хийж, ажлын залуу болох н.Н***н хамтаар явж байгаад, өдөр ажил дээр 12 цагт очиж ажил дууссан. Тухайн өдөр миний төрсөн өдөр байсан учир ажлын гурван залуу болох н.Н***, н.Г***, Б.Д*** нарын хамтаар ажил дээр 2 шил 0.75 л архи хувааж ууцгаасан. Тэндээс н.Н***, н.Г*** хоёр гэр рүүгээ харих гээд явсан. Би Б.Д***тай хамт машин дотор сууж байгаад 15 цаг болох гэж байхад ажлаас хөдлөхдөө би ажлын машин Isuzu Elf маркийн *** улсын дугаартай машиныг унаад, хажуу талд Б.Д*** суугаад уруудаад явсан. Ажлаас гараад 1 буудал орчим яваад, зүүн салааны хуучин эцсийн автобусны буудал дээр зогсож байсан хүүхэд мөргөөд баруун талын дугуйнууд хагараад урагшаа яваад зогссон. Би машинаас бууж ирээд хартал сургуулийн орчим насны эрэгтэй хүүхэд газар унасан, уйлаад байж байсан. Тэгтэл манай ажлаас хүмүүс ирээд байж байтал цагдаа нар ирээд намайг машиндаа суулгасан. Тэндээс намайг эрүүлжүүлэх байранд аваачиж оруулсан. Би осол болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Драйгер үлээхэд 2.49 хувьтай байсан. Би тухайн үед гэр рүүгээ харих гээд ажлын машиныг унаад явсан. Уг машиныг ажлын залуу Б.Д*** нь манай гэрийн гадна тавьчхаад өглөө нь ирж аваад, бид хоёр гадуур борлуулалт хийж явдаг. Би тухайн үед ажлын залуу болох Б.Д***тай хамт явж байсан. Би Isuzu Elf маркийн *** улсын дугаартай машиныг унаад явж байсан. Энэ машин манай байгууллага болох Ц*** ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй машин. Зам орчны байдал нь бөглөрөл түгжрэл байхгүй. Харагдах орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун байсан. Өдөр байсан учир гэрэлтэй байсан. Ямар нэгэн эвдрэл үүссэн зүйл байхгүй. Урд хойд дугуй л хагарсан байсан. Би хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Харин зорчигч хэрэглээгүй байсан. Би болон хамт явж байсан Б.Д*** бид хоёрт гэмтэл учирсан зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би 2012 онд Жон бээс авто сургуулийг төгссөн. Одоо В ангилалтай. Жолоо барих эрхээ би 2021 оны 06 дугаар сард Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр 1 жилээр хасуулсан. Миний өөрийн буруутай үйлдлээс болсон гэж бодож байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал), шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн   2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 8056 дугаартай “...Л.Х***ийн биед зүүн гарын атгаал болон зүүн хөлийн шилбэний шаант, тахилзуур ясны далд зөрүү бүхий хугарал, бүсэлхий нуруу, баруун ташаанд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 77-79 дэх тал),  

- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 32403784 дугаартай “...тээврийн хэрэгсэлд осолд нөлөөлөх эвдрэл гэмтэл тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 87-94 дэх тал),

- 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 742 дугаартай Мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 98-99 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт судлагдаагүй, шүүгдэгч, түүний өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтын талаар хүсэлт, гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 8056 дугаар дүгнэлтээр хохирогч Л.Х***ийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Х***  замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн Авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автомашин жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Тодруулбал, энэхүү гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байгаа нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж, харин энэ гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн нь тус тус хоёр заалтаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон юм.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Х***ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.      Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А***аас эмчилгээний болон бусад зардалд 1,750,000.0 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч Ц.Х***  нийт 3,000,000.0 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 1,753,000.0 төгрөгийг гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ц.Х***аас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно.” гэж, мөн хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж тус тус прокурор эрүүгийн процесст болон эрүүгийн шүүх хуралдаанд ямар чиг үүрэгтэй оролцохыг тодорхойлон хуульчилсан байна.

Ийм учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн тэлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, прокурор эрүүгийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо тухайн нэхэмжлэлийг дэмжих байдлаар мэтгэлцэх нь зүйтэй. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны үед прокурорыг эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоодог, мөрдөгч нь прокуророо иргэний нэхэмжлэгчээр байцаадаг буруу жишиг тогтоод байгааг анхаарвал зохино. Энэхүү буруу жишиг нь Монгол Улсын Үндсэн хуульт байгууллын нэг болох прокурорын байгууллагын эрх хэмжээнд харшилсан хэрэг болно.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.​​​​​​​1.Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Ц.Х***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хураан авсан иргэний бичиг баримт байхгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Х***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү. Эрх хасах ялын хувьд шүүхийн эрх хэмжээний асуудал учраас хэлэх зүйл байхгүй байна. Нийгмийн аюулын шинж чанарыг нь үндэслээд шийдвэрлэж өгөөч гэдэг зүйлийг хүсэж байна...” гэв.

Шүүгдэгч: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

2.2.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ц.Х***д нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 115 дахь тал), Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн С-2074/2094 материал (хавтаст хэргийн 118-127 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 128-136 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 137 дахь тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 535 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 140-142 дахь тал), Эко пьюр лайт ХХК-ийн дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 143-144 дахь тал), 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Борлуулагчид автомашин түрээсээр олгох тухай №3 тоот гэрээ (хавтаст хэргийн 145 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 146 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 147 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 148 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 149 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 150 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 152-154 дэх тал), Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ (хавтаст хэргийн 162 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн эд хөрөнгө, тээврийн хэрэгслийн болон эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, гэрлээгүй зэрэг хувийн байдлыг тодорхойллоо.

Шүүхээс шүүгдэгч Ц.Х***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг бүрэн хангана гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Х***д хоёр жилийн тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь үр нөлөөтэй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

2.3.     Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Х***  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Т***  овгийн Ц***ийн  Х***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Х***д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  хоёр жилийн хугацаагаар тэнсэж эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Х***д тэнссэн хугацаа (хоёр жил)-д согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х*** ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5.Шүүгдэгч Ц.Х***  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А***т төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгчээс 1,753,000.0 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Х***  цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Х*** ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА