Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
Хэргийн индекс | 182/2017/01225/и |
Дугаар | 62 |
Огноо | 2018-01-03 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 62
Н.Т-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/02328 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Н.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч О.О-т холбогдох
23 095 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т-,
Хариуцагч О.О-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч Н.Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О.О-тай харилцан тохиролцож 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулан, миний бие өөрийн эзэмшлийн 60 500 000 төгрөгийн үнэ бүхий 41-34 СЭҮ улсын дугаартай LX470 маркийн автомашиныг барьцаанд тавьж 30 000 000 төгрөгийг нэг сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлж авахаар тохиролцож зээлийн гэрээг байгуулсан бөгөөд ззэлийн гэрээ 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болгохоор тохиролцсоны үндсэн дээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрээ дуусгавар болсон. Ингээд О.О-тай уулзахад машиныг өгөх боломж байхгүй, манай захирал гадаад руу явсан гээд намайг 10 000 000 төгрөгийн хүү, 4 050 000 төгрөгийн алдангийг нэмж төлөх хэрэгтэй гэж хэлсэн. Тухайн үед хариуцагчийн дансыг шалгахад дансанд нь мөнгө орсон байсан. Өөрөө тэрийгээ мэдээгүй. Алдангид 2 900 000 төгрөг нийт 5 600 000 төгрөгийг өг, гэрээг чинь сунгая гэж хэлсэн. Би 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1 575 000 төгрөг, 9 дүгээр сарын 23-ны өдөр 1 650 000 төгрөг, 10 дугаар сарын 23-ны өдөр 1 425 000 төгрөг, 12 дугаар сарын 02-ны өдөр 1 600 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 32 000 000 төгрөгийг гэрээний төлбөрт гэж хариуцагчийн дансанд нь шилжүүлсэн. Би машины төлбөрийг төлөөд дуусчихлаа өөрийн өмчлөлийн автомашиныг зарж байна гэж ойлгосон. Хариуцагч машины үлдэгдэл 7 000 000 төгрөг дээр гэрээ байгуулах ёстой гэж хэлээд зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу О.О- надад бэлнээр мөнгө өгөөгүй, гэрээний дагуу алданги гэж тооцож 7.0 сая төгрөгийн гэрээг байгуулсан. Энэ гэрээнээс үүссэн маргааны дагуу шүүхийн шийдвэр гарч надаас 7.0 сая төгрөгийг хүү, алдангийн хамт нийт 10 150 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг нь дээрх шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан боловч хугацаа хэтэрсэн гэдэг шалтгаанаар миний давах гомдлыг хүлээж аваагүй. Тиймээс би энэ мөнгийг нэхэмжлэлдээ алдангид оруулж тооцсон. Автотээврийн үндэсний төвөөс лавлагаануудыг авсан. 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 3 сарын хугацаатай байгуулсан гэрээний хугацаа 7 дугаар сарын 23-ны өдөр дуусах байсан. Гэтэл хариуцагч нь 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өөрийн төрсөн эцэг болох П.Олзбаярын нэр рүү машиныг надад мэдэгдэхгүйгээр шилжүүлсэн. Барьцааны гэрээний эрх зөрчигдсөн. Барьцааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8-д заасныг зөрчиж машиныг өөр хүний өмчлөлд шилжүүлсэн. Үүнийг би мэдэхгүй 2015 оны 01 сар хүртэл зээл, барьцааны гэрээний төлбөр гэж хүү, алданги, засварын хөлс, гараашийн төлбөрийг төлсөн ба хариуцагч О.О-ыг нийт 23 095 000 төгрөгийг авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд хариуцагч О.О-т 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөн өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны сарын 4,5 хувийн хүүгийн төлбөр нийт 11 835 000 төгрөг, мөн зээлийн гэрээний дагуу 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 7 850 000 төгрөг, зээлийн гэрээний 2.1-д зааснаар гараашийн төлбөр 274 өдрийн 810 000 төгрөг, барьцаанд байсан автомашиныг эвдэрлийг засуулахаар өгсөн 2 600 000 төгрөг, нийт 23 095 000 төгрөгийг шилжүүлсэн үндэслэлгүй болох нь тогтоогдож, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж нэхэмжлэгч намайг хохироосон тул энэ мөнгийг хариуцагч О.О-аас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх манай дотны найз над руу залгаад манай ах хүнд байдалд орчихлоо туслаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд энэ хүнтэй уулзсан. Надтай уулзахдаа энэ хүн өөрийнхөө автомашиныг өөр нэг ББСБ-д 18 000 000 төгрөгийн барьцаанд тавиад алдах дөхсөн байсан тул би тэр өдөр нь машиныг нь барьцаанаас суллаж, зээлийг нь чөлөөлж өгсөн. Найз маань утсаар яриад нэмээд 12 000 000 төгрөг хэрэгтэй байгаа юм байна, чи зээл өгч тус болооч гэж хэлсэн. Би 30 000 000 төгрөгийн үнэлгээнд энэ хүний машин хүрэхгүй гэхэд манай найз би арыг нь даанаа гээд хэлсэн. Тэгээд би өөрийнхөө нэр дээр машиныг нь шилжүүлээд зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Н.Т- мөнгө зээлж аваад алга болсон, утас нь холбогдохгүй болсон учир автомашин зээлийн гэрээний дагуу хураагдсан. Нэхэмжлэгч Н.Т- нь над руу яриад Сэлэнгэд их ажилтай байна, ах нь өмгөөлөгч хийдэг, зээлсэн мөнгөө хүү, алдангитай нь өгнө гэж хэлсэн. Би энэ хүнээс нэг ч удаа алданги тооцож авч байгаагүй. Өмнөх шүүхийн шийдвэр гарахад л алданги тооцсон. Утсаар ярихдаа дандаа худлаа ярьдаг. Машины нэр шилжсэн асуудлыг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан. Автомашиныг Н.Т- нь өөрөө зарах хүсэлтэй байсан тул манай ломбард түүний найз болох Г.Энэбишэд 40 000 000 төгрөгөөр худалдаж өөрийн үндсэн төлбөр болох 32 000 000 төгрөгийг авч үлдэгдэл 8 000 000 төгрөгийг Н.Т- авч манай авто ломбарданд 7 000 000 төгрөгийн өр төлбөртэй үлдсэн. Гэвч уг төлбөрийг барагдуулалгүй алга болсон. Ингээд би Н.Т-ийн араас 2 жил шүүхээр хөөцөлдсөний эцэст 10 150 000 төгрөгийг Н.Т-ээс гаргуулж, надад олгох шийдвэр гаргасан. Би нэхэмжлэгчид таны машиныг авахгүй гэдгийг ч хэлж байсан. Тэгэхэд Худалдаа хөгжлийн банктай гэрээ хийсэн чинь захирал нь мөнгөө өгөхгүй байна, ах нь машинаа авна гэж хэлдэг байсан. Энэ хүний дүү нь бас байнга худлаа ярьдаг. Над руу залгаад ах мөнгө өгсөн тань руу шилжүүлэх гэж байна гэдэг. Хэзээ ч над руу мөнгө шилжүүлж байгаагүй. Хүүгийн төлбөрт төлсөн гэж 11 835 000 төгрөгийг нэхэмжилж байна, энэ хүн хэзээ ч надад хүү төлөөгүй. Гараашийн төлбөр, машины засварын төлбөр зэргийг нэхэмжлэгчээс би аваагүй, машин засуулахад 2 600 000 төгрөг хэрэгтэй гэж хэлж байсан болохоос биш засуулаагүй, мөнгө аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Т-ийн гаргасан хариуцагч О.О-т холбогдох 23 095 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/02328 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч миний бие хариуцагчид холбогдуулж нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлд 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Н.Т-, хариуцагч О.О- нарын хооронд 14/002 дугаартай зээлийн гэрээ, 14/01 дугаартай барьцааны гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан бөгөөд О.О- нь гэрээний хугацаа буюу 3 сарын хугацаатай хийгдсэн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй бүр нэг cap ч болоогүй байхад буюу 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Н.Т- миний нэр дээр байсан 41-34 СЭҮ улсын дугаартай автомашиныг өөрийн аав болох П.О-ын нэр дээр шилжүүлээд, дараа нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр О.О- өөрийн нэр дээр шилжүүлж авсан нь Автотээврийн үндэсний төвөөс гаргаж өгсөн лавлагаагаар нотлогдож байгаа, /нотлох баримт хавтаст хэрэгт байгаа/ 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Зээлийн болон Барьцаат зээлийн гэрээний 3.2.2-г зөрчиж барьцааны зүйлийг шилжүүлэн авсан, шилжүүлж авснаас хойш хүү, алданги засварын мөнгө гэж авсан. 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Н.Т- миний нэр дээр байсан 41-34 СЭҮ улсын дугаартай автомашиныг өөрийн аав болох П.О-ын нэр дээр шилжүүлээд, дараа нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр О.О- нь өөрийн нэр дээр шилжүүлж авсныг 2015 онд зээлийг бүрэн төлж дууссанаас хойш 3-4 сарын дараа мэдсэн болно.
Мөн Н.Т- нь 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн итгэмжлэлээр зээлийн барьцаанд тавьсан автомашиныг захиран зарцуулах эрхийг О.О-т 3 сарын хугацаагаар олгосон байхад О.О- нь гэрээ байгуулагдснаас даруй 23 хоногийн дараа өөрийн аав болох П.О-ын нэр дээр шилжүүлж барьцааны гэрээг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх энэ нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй энэ талаар нэг үг үсэг ч шийдвэртэй тусгаагүй байгаа нь хэт нэг талыг барьсан уг хэрэгт ашиг сонирхолын зөрчилтэй хандаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу үүрэг үүссэн. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн зээлдүүлэгчийн эрх, үүрэг гэж заасан хэсгийн 3.2.2-т “Зээлдүүлэгч нь зээлдэгчийн хөрөнгийг зээлийн хугацаанд бүрэн бүтэн байдлыг хариуцна” гэснийг, 8 дугаар зүйл Гэрээ цуцлах гэж заасан хэсгийн 8.9-д “Барьцаа хөрөнгийг устгасан, зээлдүүлэгчид мэдэгдэлгүйгээр бусдад шилжүүлэх, захиран зарцуулах оролдлого хийсэн” тохиолдолд гэрээ цуцлагдахаар заасан байна. Гэрээний энэ заалтын дагуу зээлийн гэрээ 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр цуцлагдсан байхад анхан шатны шүүх “талуудын хооронд зээл, барьцааны гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу үүрэг үүссэн, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлснээр тухайн үүрэг дуусгавар болсон нь тогтоогдсон ба уг гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Барьцааны гэрээний 4 дүгээр зүйл 4.8-д “Зээлийн гэрээ дуусгавар болох хүртэл хугацаанд барьцааны эд хөрөнгө, бичиг баримтыг өөрийн мэдэлд байлгах хугацаандаа тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хангах” гэж заагдсан үүргээ ноцтой зөрчөөд байхад анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг ноцтой зөрчиж буруу хэрэглэсэн хэт нэг талыг барьж хувийн сонирхлоор хандсан гэж үзэхээр байна. Иймд шийдвэрийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагч О.О-т холбогдуулан барьцаат зээлийн гэрээгээр халхавчилж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хохирол учруулсан гэж 23 095 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Талуудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 14/002 дугаартай зээлийн гэрээ, 14/01 дугаартай барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 30 000 000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлдүүлж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, зээлийн барьцаанд нэхэмжлэгчийн эзэмшлийн 4143 СЭҮ улсын дугаартай LХ-470 маркийн автомашиныг барьцаалсан бөгөөд нэхэмжлэгч нь 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн итгэмжлэлээр зээлийн барьцаанд тавьсан автомашиныг захиран зарцуулах эрхийг 6 сарын хугацаатай хариуцагчид олгож, нэхэмжлэгч 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр барьцааны зүйл болох автомашиныг бусдад 39 500 000 төгрөгөөр худалдан борлуулж, үүнээс 32 000 000 төгрөгийг хариуцагчид зээлийн гэрээний төлбөрт өгсөн үйл баримт тогтоогджээ. /хэргийн 3-6, 11 дүгээр тал/
Хариуцагч О.О-т 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 7 600 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр автомашиныг худалдан борлуулсан үнээс 32 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Т- гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу тус тус шилжүүлж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг дуусгавар болсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Нэхэмжлэгч дээрх төлбөрөөс гадна хүүд 11 835 000 төгрөг, алдангид 7 850 000 төгрөг, гараашийн төлбөрт 810 000 төгрөг, автомашины засварын зардалд 2 600 000 төгрөг, нийт 23 095 000 төгрөгийг хариуцагчид өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгч барьцааны зүйл болох автомашиныг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэлийг 6 сарын хугацаатай хариуцагчид олгосны дагуу уг автомашины эзэмших эрхийн бүртгэлийг 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч өөрийн аав П.О-ын, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн нэр дээр тус тус шилжүүлсэн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирч, хариуцагч хэрхэн үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдохгүй байх тул гэрээний үүргийг хариуцагч зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарласан байх ба талуудын хооронд байгуулагдсан зээл, барьцааны гэрээний дагуу үүрэг үүссэн, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлснээр тухайн үүрэг дуусгавар болсон нь тогтоогдсон гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2233 дугаар шийдвэр гарч, зээлийн гэрээний үүрэгт 11 900 000 төгрөгийг Н.Т-ээс гаргуулж, О.О-т олгохоор шийдвэрлэсэн нь энэ хэрэгт хамааралгүй Н.Т-, О.О- нарын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7.0 сая төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой байна. /хэргийн 116 дугаар тал/
Гэрчээр асуугдсан Б.Баярцогт нь нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө өгсөн талаар шүүхэд өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй, түүний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдоогүй тул үнэн зөв эргэлзээгүй нотлох баримт болохгүй гэж шүүх зөв дүгнэжээ.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/02328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 425 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
С.ЭНХТӨР