Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 71

 

Ц.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0236/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Д.Энхтуяа

Шүүгдэгч                                       Ц.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ө.Өлзиймаа                                                   

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолтой, Ц-гийн Б-т холбогдох, 1918002810306 дугаартай эрүүгийн  хэргийг шүүгдэгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй. ********** регистрийн дугаартай Б- овогт Ц-гийн Б-.

Шүүгдэгч Ц.Б- нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 08.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Ок” зочид буудлын 103 тоот өрөөнд нэвтэрч иргэн Ч.С-гийн гар цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 290.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овогт Ц-гийн Б-ыг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3., 4.т зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4., 1.7., 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч Ц.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шүүгдэгч Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б- давж заалдах гомдолдоо:

...Би эхнэр, хүүгийн хамт түрээсийн байранд амьдардаг бөгөөд эхнэр маань ажилгүй, хүүхэд 2-р ангид сурдаг. Би “БДЗ” ХХК-д тасралтгүй 5 дахь жилдээ барилгын засал чимэглэл, цахилгаанчин, мужааны чиглэлээр ажиллаж гэр бүлээ тэжээдэг. Миний бие дахин гэмт хэрэг үйлдэхгүй, шударгаар ажиллаж амьдрах болно гэдгээ чин сэтгэлээсээ амлаж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоно... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Б- тайлбартаа:

Би эхнэр, хүүгийн хамт түрээсийн байранд амьдардаг бөгөөд эхнэр маань ажилгүй, хүүхэд 2-р ангид сурдаг. Би “БДЗ” ХХК-д тасралтгүй 5 дахь жилдээ барилгын засал чимэглэл, цахилгаанчин, мужааны чиглэлээр ажиллаж гэр бүлээ тэжээдэг байсан юм. Эхнэр маань эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд миний цалингаар амьдардаг байсан юм. Цаашид үнэн шударгаар хөдөлмөрлөж амьдрах болно. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Ял шийтгэл гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Ц.Б-ыг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 08.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Ок” зочид буудлын 103 тоот өрөөнд нэвтэрч иргэн Ч.С-гийн гар цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 290.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсныг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй.

            Шүүгдэгч Ц.Б-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болох хохирогч Ч.С-гийн мэдүүлэг, гэрч Б.О-, Э.М-, М.А- нарын мэдүүлгүүд, эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019.04.13-ны өдрийн дүгнэлт, камерын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр бүрэн нотлогдон тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүхээс болсон үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-т ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар оногдуулж болох хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан хөнгөрүүлэн оногдуулсан нь тохирсон, шүүх Эрүүгийн хуулийн ял хөнгөрүүлж оногдуулах бүхий л боломжийг хэрэглэж түүнд ял оногдуулсан, үүнээс өөрөөр хөнгөрүүлж ял оногдуулах хуулийн боломжгүй байна.

            Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон бөгөөд шүүгдэгч Ц.Б-ын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн энэ зүйл, хэсгийн хорих ялын доод хэмжээ нь 2 жил байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1.д зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж болохоор хуульчилсан, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар түүний үйлдэл хүнд гэмт хэргийн ангилалд дээрх байдлаар хамаарч байгаа тул шүүгдэгч Ц.Б-ын ...оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү...гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй, хуулийн үндэслэлгүй байна.

Хэргийг мөрдөн шалгахдаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаж гүйцэтгэсэн, нотлох баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай талаас нь цуглуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлсэн, дүгнэлтийг эрх бүхий шинжээч гаргасан, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдээс хуулийн дагуу мэдүүлэг авч, шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон бөгөөд шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

           Иймд анхан шатны шүүх хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор  шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэрэгт авагдаж  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтууд, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг бүгдийг бичсэн атлаа ...гэм буруугийн талаар.. гээд бүгдийг нь дахин давтан хуулж, хэт нуршуу бичих шаардлагагүй ба хэрэгт авагдсан аль нотлох баримт, хэний мэдүүлгийн аль хэсэг нь шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүйтэй хэрхэн холбогдоод байгааг, хэргийн талаар нотлогдсон эсэх, ямар нотлох баримтаар үгүйсгэгдсэн эсэх, мөн хэрэгт авагдсан нотлох баримт нь хуулийн шаардлага хангасан эсэх, нотлох баримтууд зөрүүтэй эсэх, аль нотлох баримтыг үнэлж, эсхүл үнэлэхгүй байгаа үндэслэлээ тодорхой зааж хууль зүйн дүгнэлт өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэмт үйлдэл болон нотлох баримтын талаар харилцан уялдаатай, хэн ч уншсан ойлгомжтой, эргэлзээгүй дүгнэлт хийж, цаашид тогтоол, захирамжийг хэлбэр, агуулгын хувьд хуульд нийцүүлэн боловсруулахад анхаарах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

                                                               ШҮҮГЧИД                                   Ц.ТУЯА

                                                                                                                   Ц.АМАРЖАРГАЛ