Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2024/0426

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2024/0426

Улаанбаатар хот

СББ ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч СББ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, Д.О

 

Нэхэмжлэгч: СББ ХХК

Хариуцагч: САДГГ, УХШИГГ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч СББ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн /хоёр мэдүүлэг/, 2022 оны 12 дугаар сарын 28, 2023 оны 03 дугаар сарын 22, 2023 оны 04 дүгээр сарын 11, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрүүдийн 6 гаалийн мэдүүлгийн ангиллыг тоног төхөөрөмжөөс эд анги буюу 8434.90.00 БТКУС код болгон өөрчилсөн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчдын хянан шийдвэрлэсэн дараах 6 гаалийн мэдүүлгийн ангиллыг доорх зөв ангиллаар өөрчилж, бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гаалийн мэдүүлэгт дараах нэмэлт өөрчлөлт оруулж зөв ангиллаар бүртгэхийг даалгах. Үүнд:

- 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04-21317007-22-I30715R мэдүүлгийн кодыг 8419.89.00

- 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04-21317007-22-I30714R мэдүүлгийн кодыг 8434.20.00

- 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04-2131007-22-I30736R мэдүүлгийн кодыг 8414.30.00

- 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 04-2131007-23-I30205R мэдүүлгийн кодыг 8434.20.00

- 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 04-2131007-23-I30285R мэдүүлгийн кодыг 8434.20.00

- 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12-2161001-23-I30184R мэдүүлгийн кодыг 8434.20.00 гэж, ногдуулан төлсөн гаалийн албан татварыг 297,755,515 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 022 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, А.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Б.Т, Б.Т /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 159/2023/0065/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 022 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 22 дугаар зүйл, Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 20 дугаар зүйлийн 20.3, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1.1, 246 дугаар зүйлийн 246.1-т заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч СББ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн /хоёр мэдүүлэг/, 2022 оны 12 дугаар сарын 28, 2023 оны 03 дугаар сарын 22,2023 оны 04 дүгээр сарын 11, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрүүдийн 6 гаалийн мэдүүлгийн ангиллыг тоног төхөөрөмжөөс эд анги буюу 8434.90.00 БТКУС код болгон өөрчилсөн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчдын хянан шийдвэрлэсэн дараах 6 гаалийн мэдүүлгийн ангиллыг доорх зөв ангиллаар өөрчилж, бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гаалийн мэдүүлэгт дараах нэмэлт өөрчлөлт оруулж зөв ангиллаар буюу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04-21317007-22-I30715R мэдүүлгийн кодыг 8419.89.00 гэж, мөн өдрийн 04-21317007-22-I30714R, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 04-2131007-23-I20305R, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 04-2131007-23-I30285R, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12-2161001-23-I30184R мэдүүлгийн кодыг тус тус 8434.20.00, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04-2131007-22-I30736R мэдүүлгийн кодыг 8414.30.00 гэж бүртгэхийг даалгах, ногдуулан төлсөн гаалийн албан татварыг 297,755,515 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох шаардлагууд бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч СББ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одмаа, Э.Солонго нар нь дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн маргаж буй гаалийн мэдүүлгээр импортлогдсон бараа нь зөвхөн эд анги биш, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн иж бүрэн, шинэ тоног төхөөрөмжүүд байсан болох нь СББ ХХК-ийн Унгар улсын Агрометал Кластер ХХК-тай байгуулсан 2021оны 12 дугаар сарын 21, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, шүүхээс бяслагийн үйлдвэрт хийсэн үзлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдсон. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас бодит байдал дээр эд анги байсан учир 84349000 кодоор гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн гэдэг ч Дэлхийн гаалийн байгууллагаас баталсан БТКУС кодын тайлбарт эд анги уу эсхүл тоног төхөөрөмж гэж үзэх үү гэдгийг тодорхой тусгасан байна. Жишээ нь 843420001 БТКУС кодын 8434 зүйлийн тайлбарын 3А,Вхэсэгт Бяслаг цохих тоног төхөөрөмж, бяслагийг хэвлэх хэлбэржүүлэх тоног төхөөрөмж, бяслаг шахагч машин бол тоног төхөөрөмжийн ангилалд хамаарна. Арван зургаадугаар хэсгийн ерөнхий тайлбарын 4-т энэ хэсэгт машин буюу аппаратууд нь зөвхөн бүрэн машиныг хамааруулахгүй мөн бүрэн биш машиныг эд ангийн зүйлд хамаарахгүй, бүрэн биш машиныг ч угсраагүйгээр нийлүүлсэн ч энэхүү дүрэм хамаарна гэж заасан.

Өөрөөр хэлбэл бидний Унгар улсаас худалдан авсан тоног төхөөрөмж нь цаг хугацаа болон хуулийн зорилго, нөхцөл, шаардлагын хувьд Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хууль, түүнийг дагаж гарсан Засгийн газрын 2023 оны 10 дугаар тогтоолын 1 дэх бүлэгт заасан импортын гаалийн албан татварын хөнгөлөлтөд бүрэн хамаарах нь тогтоогдсон бөгөөд тоног төхөөрөмжүүдийн овор хэмжээ, Засгийн газрын тогтоол батлагдаж, нийтлэгдсэн хугацаа, гаалийн байгууллагын буруутай үйл ажиллагаа зэрэг бусад нөхцөл байдлуудаас шалтгаалж нэхэмжлэгч тус хуулиар олгогдсон хөнгөлөлтөө эдэлж чадалгүй ашиг сонирхол нь зөрчигдсөн байхад шүүхээс үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.

Маргаан бүхий 6 ачилтаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зарим элементүүд салж ачигдан, тусдаа мэдүүлэгдсэнээс гадна мэдүүлэг тус бүрээр өөр өөр нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах иж бүрэн тоног төхөөрөмжүүд мөн орж ирсэн байдаг. Тухайлбал Засгийн газрын 2023 оны 107 дугаар тогтоолд нэрлэж заасан уурын генератор, үйлдлийн насос, хөргөх төхөөрөмжүүд, хөлдөөн хатаах төхөөрөмж, зэвэрдэггүй гангаар хийсэн савнууд, угаах, ариутгах тоног төхөөрөмжүүд тус тусдаа гаалийн мэдүүлгээр мэдүүлэгдсэн. Энэ нь мэдүүлэг тус бүрийн 21. Барааны нэр, төрөл хэсгээс болон дагалдах баримт бичиг болох мэдүүлэг тус бүхийн Packing list-ээс тодорхой харагддаг.

Гэтэл анхан шатны шүүхийн ... гаалийн улсын байцаагч нар мэдүүлэгт дурдсан бараа үнэн зөв эсэхийг шалгасан байх бөгөөд нэхэмжлэгчийн эд анги гэж мэдүүлсэн, нэг ачилтаар бус цуварч орж ирсэн барааг тухайн цаг мөчид үйлдвэрийн тоног төхөөрөмж болохыг мэдэх боломжгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ талаар хэрэгт цугларсан ач холбогдол бүхий баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Монгол улс 1993 оноос БТКУС-ийн конвенцыг дагаж мөрдөж эхэлсэн ба тус конвенцын зорилго нь олон улсын худалдааны барааг нэг мөр тодорхойлох, ангилах, кодлох замаар худалдаа болон мэдээлэл солилцоог хөнгөвчлөх зорилгоор олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээр хийхэд ашигладаг. Тус конвенцын 4 дүгээр зүйлд Уялдуулсан системийн тайлбар дүрэм, бүх хэсэг, бүлэг, мөрийн тайлбарыг хэрэглэх бөгөөд Уялдуулсан системийн хэсэг, бүлэг, зүйл, эсхүл мөрийн үйлчлэх хүрээг өөрчлөхгүй байх буюу тоног төхөөрөмжид 84342000 хамаарах бол 84349000 эд анги гэж тодорхойлохгүй байх тухай тусгасан атал Унгар улсаас 84342000 БТКУС кодтой илгээсэн ачааг 84349000 болгон хил гаалиар барааг нэвтрүүлсэн нь хууль бус байна. Гаалийн тухай хуулийн 63.1.2-т зааснаар төрийн эрх бүхий байгууллагаас гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой хоорондоо тохирч байгаа эсэхийг шалгадаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагийн зүгээс ч тус асуудлыг яагаад БТКУС код солигдсон мэдүүлэг хүлээн авсан талаар холбогдох байцаагчтай холбогдоход бодит байдал дээр эд анги байсан тул 84349000 БТКУС кодоор мэдүүлснийг хүлээн авсан гэдэг. Үүнээс гаалийн байгууллага мэдүүлгийг хүлээн авсан дагуй хяналт шалгалтыг хуулийн дагуу хэрэгжүүлээгүй болохыг Унгар улсаас ирүүлсэн БТКУС код, мэдүүлгийн кодтой зөрүүгүй гэж гаалиар нэвтрүүлснээс тодорхой харагдах ба код өөрчилж мэдүүлэг гаргасныг зөвтгөх хуулийн дагуух үйлдлийг огт хийгээгүй нь хууль бус эс үйлдэхүй юм. Хэрэв хэн нэгэн мэдүүлэг гаргагч дур мэдэн БТКУС кодыг зөрүүтэй мэдүүлсэн бол тус маргаан бүхий 6 гаалийн бүрдүүлбэрт арга хэмжээ аваагүйгээс, гарч Р.Оюун Гаалийн улсын байцаагчаас дээр хэлсэнчлэн эд анги гэсэн кодоор мэдүүл гэж хэлсэн гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Дээр дурдсанчлан ачилт тус бүрээр иж бүрэн тоног төхөөрөмж импортлогдож ирсэн тул нэг ачилж гэж үзэж, барааны гаалийн нэг мэдүүлгээр бүрдүүлэлт хийх шаардлага байхгүй. Нөгөөтэйгүүр нийт тоног төхөөрөмжүүдийн овор хэмжээ, тоо ширхгийн улмаас хувааж хүлээн авсан 7 удаагийн ачилтыг нэг ачил гэж үзэж гаалийн нэг мэдүүлгээр мэдүүлэх тохиолдолд ачилт тус бүрийг гаалийн баталгаат агуулахад дараагийн бүх ачилт иртэл хүлээлгэх шаардлага тулгардаг. Өөрөөр хэлбэл эхний ачилт ирсэн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс сүүлийн ачилт болох 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл нийт 10 сарын хугацаанд бид тоног төхөөрөмжөө хүлээж авахгүй, гаалийн агуулахад төлбөр төлж хадгална гэсэн үг. Гэтэл бодит байдал дээр энэхүү агуулахын төлбөрийн зардал өндөр төдийгүй 2,224,750 евро буюу 8 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж Худалдах, худалдан авах гэрээний тал болохынхоо хувь бид барааг хүлээн авахгүй удаан хугацаанд өөр агуулахад хадгалуулах ямар ч боломжгүй. Тодруулбал барааг тухай бүр шалгаж доголдлын талаар мэдэгдэх, Худалдагч талын мэргэжилтнүүд ирж тоног төхөөрөмжийн талаар мэргэжлийн заавар өгөх зэрэг талуудын хооронд тогтсон хугацаанд гүйцэтгэх үүргүүд гэж бий.

Эдгээр нөхцөл байдалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэнгүй. Учир нь мэдүүлэгч нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны ангиллын кодыг тодорхойлж мэдүүлэх боловч Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар мэдүүлэгчийн тодорхойлсон барааны ангиллын кодыг гаалийн байгууллага гаалийн мэдүүлэг болон барааг шалгах явцдаа хянаж шийдвэрлэдэг. Улмаар барааны ангиллын талаар гаалийн байгууллагаас гаргасан шийдвэрийг мэдүүлэгч дагаж мөрдөх үүрэгтэй. Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар гаалийн байгууллага, албан тушаалтан гаалийн мэдүүлгийг хүлээн авсан даруйдаа шаардагдах бичиг баримт нь бүрэн эсэх, гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв бодитой, хоорондоо тохирч байгаа сэхийг шалгах үүрэгтэй. Маргаан бүхий гаалийн 6 мэдүүлэг тус бүрт A complete equipment гээд тоног төхөөрөмжүүдийн нэрсийг тодорхой нэрлэж заасан төдийгүй хавсаргагдсан барааны дагалдах бичиг баримт болох тээврийн бичиг баримт, үнийн нэхэмжлэх, чанарын гэрчилгээ зэрэгт 8434.20.00 буюу бяслаг цохих, шахах, хэлбэржүүлэх иж бүрэн тоног төхөөрөмж гэж БТКУС кодыг тодорхойлсон /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч үүнийг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрдөг/ байхад гаалийн улсын байцаагч хуульд заасан гаалийн хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөд байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг хангалттай цуглуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэснээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзан, үлдэх хэсгийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

1.            Нэхэмжлэгч СББ ХХК нь САДГГ, УХШИГГт холбогдуулан, 2022.12.21-нээс 2023.05.24-ний өдрүүдийн 6 гаалийн мэдүүлгийн ангиллыг тоног төхөөрөмжөөс эд анги буюу 8434.90.00 код болгож өөрчилсөн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, уг 6 гаалийн мэдүүлгийг зөв өөрчилж бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мэдүүлгийг зөв ангиллаар бүртгэхийг даалгах, ногдуулж төлсөн гаалийн албан татвар 297,755, 515 төгрөгийг буцаан олгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

2.            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагууд нь хариуцагч гаалийн байгууллагуудын нэг үйл ажиллагаатай холбоотой, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хуулиар хөнгөлөгдөх гаалийн татварыг илүү төлснийг буцаан авах эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар маргасан нь даалгах шаардлагын хүрээнд шийдвэрлэгдэх боломжтой, мөн нэхэмжлэгчийн захиргааны акт гэж үзсэн үйл ажиллагаа шийдвэр, эс үйлдэхүй нь давхацсан буюу гаалийн байгууллагаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад хүчингүй болгуулах шаардлага гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзалгүй захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д нийцээгүй байх тул зөвтгөж, уг шаардлагыг мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

3.            Нэхэмжлэлийн Уг 6 гаалийн мэдүүлгийг зөв өөрчилж бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, мэдүүлгийг зөв ангиллаар бүртгэхийг даалгах, ногдуулж төлсөн гаалийн албан татвар 297,755, 515 төгрөгийг буцаан олгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх гаалийн байцаагч нь нэхэмжлэгчийн гаальд мэдүүлсэн БТКУС кодыг өөрчлөх боломжгүй, тухайн үед эд анги гэж мэдүүлсэн, нэг ачилтаар бус цуварч орж ирсэн барааг сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж гэж мэдэх боломжгүй гэж дүгнэснийг нэхэмжлэлийн агуулга, хэрэгт авагдсан баримт үнэлээгүйгээс хэргийн үйл баримтыг буруу тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4.            Нэхэмжлэлийн үндэслэл, шүүхээр хамгаалуулахыг хүссэн эрх,хууль ёсны ашиг сонирхол зэргээс үзвэл нэхэмжлэгч СББ ХХК нь Унгар улсаас сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн иж бүрдэл бүхий шинэ тоног төхөөрөмжийг 2022.12.21-2023.05.24-ний өдөр хүртэл 6 удаагийн мэдүүлгээр импортлон оруулж ирж, гаалийн албан татварт нийт 297,755,515.0 төгрөгийг төлсөн боловч тухайн үед гаалийн байцаагч шалгаж, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай 2022 оны 11 дүгээр сарын 11-нд батлагдсан хуулийн үйлчлэлд хамрагдах тухайн барааны /БТКУС/ ангилал, кодыг зөвтгүүлээгүйгээс гаалийн албан татварыг төлж бараагаа оруулж ирсэн, барааны мэдүүлгийг өөрчилж, уг бараанд төлсөн , төлсөн татварыг буцаан авах хүсэлтээ хүргүүлэхэд мэдүүлгийг өөрчлөх, татварыг буцаан олгох боломжгүй талаар албан бичгээр мэдэгдэж, буцаан олгохгүй байгааг хууль бус гэж үзэж, төлсөн татварыг буцаан олгохыг даалгах агуулгаар маргажээ.

5.            Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг баталж, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Төрийн мэдээлэл сэтгүүлийн №47 (1245) дугаарт нийтэлсэн, уг хуулийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс дагаж мөрдсөн.

Уг хуулийн 1 дүгээр зүйлд Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлсүгэй гэж заасан.

Төрөөс аливаа татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зорилго нь нийгэм, эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхтэй холбоотой байдаг ба дээрх хуулийн зорилго нь эдийн засгийн зорилго буюу хүнс, хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрийг дэмжих, хөгжүүлэхэд чиглэжээ.

6.            Нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаалийн мэдүүлгүүдэд тусгагдсан барааны нэр, төрөл, дагалдах бичиг баримт, худалдах-худалдан авах гэрээнүүд, үндсэн хөрөнгөд бүртгэсэн бүртгэл /2-р хавтас, 156-р хуудас/, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, гэрч гаалийн итгэмжлэгдсэн мэдүүлэгч Р.Оюуны орж ирэхдээ сүүний тоног төхөөрөмж гэж кодлогдсон байсан, иж бүрэн тоног төхөөрөмж болгож мэдүүлэхэд дараагийн эд ангиуд дутуу удаж байж ирэх тухай мэдээд удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу эд анги гэж бүрдүүлэлт хийсэн. Гаалийн улсын байцаагчаас асуухад эд анги гэдэг кодоор мэдүүл гэж хэлсэн гэх мэдүүлэг зэргээс үзвэл нэхэмжлэгч нь дээрх хуулиар хөнгөлөгдөх хүнс, хөдөө, аж ахуйн түүхий эд буюу сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн шинэ тоног төхөөрөмжийг хэсэгчлэн буюу өөр цаг хугацаанд 6 удаагийн мэдүүлгээр импортлон оруулж ирсэн болох нь тогтоогдож байна.

Мөн хууль хүчин төгөлдөр болсноос хойш эхний буюу 2022.12.21-ний барааг мэдүүлэх үед иж бүрдэл тоног төхөөрөмжүүд хэсэгчлэн оруулж ирэх тухайгаа мэдэгдэж байсан боловч тухай бүр эд анги гэсэн кодоор барааны ангиллыг тодорхойлон мэдүүлэг гаргахыг мэдүүлэгч болон гаалийн байцаагч хэн аль нь зөвшөөрч гаалийн албан татвараа төлсөн болох нь тогтоогдсон.

7.                Анхан шатны шүүх эдгээр баримтыг үнэлээгүй, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн дагуу хөнгөлөгдөх тоног төхөөрөмжид гаалийн албан татвар төлсөн эсэх, буцаан олгох үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч, холбогдох хуулийг хэрэглэлгүй, зөвхөн Гаалийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д Иж бүрдэл бүхий тоног төхөөрөмж, машин, техникийг тээвэрлэлтийн боломжоос шалтгаалан эд анги, бүрдэл хэсгээр нь салгаж тээвэрлэсэн тохиолдолд нэг ачилтад хамааруулж болно, 56.3-д Нэг тээврийн хэрэгсэлд ачигдсан олон нэр төрлийн бараа нь Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн нэг зүйлд хамрагдах бол мэдүүлэгчийн хүсэлтээр хамгийн өндөр тарифтай нэг бараагаар төлөөлүүлэн мэдүүлж болох бөгөөд энэ тохиолдолд бусад барааны нэр, тоо, хэмжээ, үнийг тусгасан баримтыг гаалийн мэдүүлэгт хавсаргана гэж заасны дагуу мэдүүлэх боломжтой байсан боловч мэдүүлээгүй, нэгэнт мэдүүлсэн мэдүүлгийг өөрчлөх, татварыг буцаан олгох боломжгүй гэх хариуцагчийн тайлбарыг үнэлж, энэ хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

8.            Хэдийгээр нэхэмжлэгч мэдүүлэг гаргасан боловч Гаалийн тухай хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д Гаалийн байгууллага, албан тушаалтан нь барааны гаалийн мэдүүлгийг хүлээн авсны дараа түүний үнэн зөвийг тогтоох зорилгоор бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийнэ гэж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Мэдүүлэгч нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны ангиллын кодыг Уялдуулсан системийн дагуу тодорхойлж мэдүүлнэ., 22.2-д Гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон барааны ангиллын кодыг гаалийн мэдүүлэг болон барааг шалгах үед хянаж шийдвэрлэнэ гэж, 22.3-д Барааны ангиллын талаар гаалийн байгууллагаас гаргасан шийдвэрийг мэдүүлэгч дагаж мөрдөх бөгөөд эс зөвшөөрвөл Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч Гаалийн байгууллага мэдүүлгийг шалгаж, иж бүрдэл тоног төхөөрөмжийг хэсэгчлэн тээвэрлэж импортолсон байхад эд анги гэж мэдүүлж байгааг зөвтгүүлж мэдүүлэхийг шаардах үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй нь эдгээр хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

9.            Мөн тухайн үед Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн боловч тус хуулийн 2 дугаар зүйлд Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тоног төхөөрөмжийн жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас хөнгөлөгдөх барааны жагсаалт, кодыг батлаагүй (4 сарын дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар тогтоолоор[1] баталсан), уг тогтоол гарахаас өмнөх цаг хугацаанд нэхэмжлэгч нь тухайн хуульд заасан иж бүрдэл тоног төхөөрөмжийг гаалийн хилээр хэсэгчлэн нэвтрүүлж эхэлсэнтэй холбоотой ямар кодоор, хэрхэн нэрлэж ангилах нь хариуцагч болон нэхэмжлэгчид эргэлзээтэй байснаас ийнхүү нэхэмжлэгч нь эд анги гэж кодолж, гаалийн албан татварыг тухай бүр төлөхөд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

10.         Нэхэмжлэгч нь иж бүрдэл тоног төхөөрөмжийг бүрэн оруулж ирсний дараа Засгийн газрын 107 дугаар тогтоолын хавсралтаар баталсан жагсаалтын Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр хэсгийн (1, 4, 10, 13, 19, 21-д заасанд хамаарах) бараанд төлсөн дээрх хуулийн дагуу хөнгөлөгдөх ёстой татварыг буцаан олгохыг хүссэн боловч хариуцагч байгууллагаас олгоогүй байх бөгөөд уг эс үйлдэхүй нь дээрх Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн зорилгод нийцэхгүй, мөн хуулийн 3 дугаар зүйлд Энэ хуулийг дагаж мөрдөх хугацаанд импортоор оруулсан гаалийн албан татвараас хөнгөлөгдөх тоног төхөөрөмжид тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг дараагийн төсвийн жилийн эхний улиралд татвар төлөгчид буцаан олгоно гэж заасныг зөрчжээ.

 

11.         Хариуцагчийн уг хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д Гаалийн байгууллага илүү төлөгдсөн гаалийн болон бусад татварыг дараахь тохиолдолд буцаан олгоно: 43.2.3.гаалийн болон бусад татварыг илүү төлсөн, эсхүл илүү ногдуулсан бусад тохиолдолд гэж заасны дагуу хариуцагчаар САДГГ болон Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрыг татаж, нэхэмжлэгчийн илүү төлсөн татварыг буцаан олгохыг тухайн хариуцагч нарт даалгах хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариуцагчийг зөв тодорхойлох, нэхэмжлэлийг зөвтгөх шаардлага үүсэж болзошгүй тул дахин хэлэлцүүлэх боломжтой гэсэн тайлбарыг хүлээн авах шаардлагагүй байна.

 

12.         Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн даалгах шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.1.3, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159/ШШ/0022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Гаалийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 246 дугаар зүйлийн 246.1.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3, 43 дугаар зүйлийн 43.2.3, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулийн 1, 2, 3 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан СББ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, САДГГ болон Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын тус компанийн 2022.12.21-нээс 2023.05.24-ний өдөр, нийт 6 удаагийн гаалийн мэдүүлэг гаргаж, импортоор оруулж ирсэн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн шинэ тоног төхөөрөмжид ногдуулан төлсөн гаалийн албан татварыг буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, төлсөн 297,755,515.0 төгрөгийг буцааж олгохыг даалгасугай.

 

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан СББ ХХК-ийн нэхэмжлэлийн САДГГ, УХШИГГт холбогдуулан 2022.12.21-нээс 2023.05.24-ний өдрүүдийн 6 гаалийн мэдүүлгийн ангиллыг тоног төхөөрөмжөөс эд анги буюу 8434.90.00 код болгож өөрчилсөн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3, 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ