Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
Хэргийн индекс | 139/2016/00051/Э |
Дугаар | 46 |
Огноо | 2016-11-28 |
Зүйл хэсэг | 098.1., |
Улсын яллагч | Ж.Очирбат |
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэцэцэг
Шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэ
Улсын яллагч Ж.Очирбат
Хохирогч Г.Энхмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Т.Эрдэнэбаяр нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 201612000159 тоот хэргийг 2016 оны 11 сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 3 сарын 19-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Луус сумын 1-р баг “ Ханангийн бууц ” гэх газар нутаглах /Сайнцагаан сум 9-р баг Мандалын 19-10 тоот/, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Толь овгийн Төрбатын Эрдэнэбаяр /РД:ЗЗ85031911/
Шүүгдэгч Т.Эрдэнэбаяр нь 2016 оны 9 сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 19-10 тоотод эхнэр Г.Энхмааг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Эрдэнэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 9 сарын 23-ны өдөр би хөдөөнөөс төв дээр байгаа гэртээ ирсэн. Эхнэрийнхээ хуучин утасны бичлэгийг үзээд түүнээс болж гэрийнхээ хүнийг хардаж, утсаар яриад зогсож байхаар нь “яасан их ярьдаг юм, хэнтэй яриад байгаа юм” гээд утас барьж байгаа гаранд нь цохьж гэмтэл учруулсан. Мөн хэд хэдэн удаа өшиглөсөн. Өөр ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
2. Хохирогч Г.Энхмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3. Хохирогч Г.Энхмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 3 хүүхдээ хараад аймгийн төв дээр амьдардаг юм. Манай нөхөр Т.Эрдэнэбаяр хөдөө малаа маллан, ирж очин байдаг. Манай нөхөр 2016.9.22-ны өдөр хөдөөнөөс ирсэн. 2016.9.23-ны орой 19 цаг өнгөрөөгөөд дэлгүүр орж, нэгж авчихаад утсаар яриад хашааны хаалгаар орж ирэх үед манай нөхөр Т.Эрдэнэбаяр байшингийн үүднээс модон иштэй савар аваад өөдөөс ирсэн. Тэгэхдээ яасан их утсаар ярьдаг юм, хэнтэйгээ утсаар яриад байгаа юм гээд миний утас барьж байсан гар луу саврын ишээр цохьсон юм. Тэгсэн чинь миний дунд хуруу хугарчих шиг болсон. Маргааш нь эмнэлэг орж үзүүлэхэд миний хурууг хугарсан байна гэж хэлсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
4. Гэрч Т.Ариунтунгалагийн “2016.09.24-ний өдөр нэгдсэн эмнэлэгт жижүүр эмчээр ажиллаж байсан. Өглөө 09-10 цагийн үед нэг хүүхэн ирж үзүүлсэн. Тэр хэлэхдээ би хуруугаа гэмтээчихлээ машины тэвшинд хавчуулчихлаа гэж хэлсэн. Рентген зураг авахуулахад баруун гарын дунд хурууны 1 дүгээр үе бяцарсан байсан. Тэр өдрийн өдрийн үдээс хойш 16 цагийн үед нөгөө хүүхэн айлынхаа эгч гэх хүүхэнтэй ирж дахин үзүүлэхэд нөхөртөө зодуулсан гэж хэлсэн. Нөхөр нь модоор гар луу цохьсон гэж хэлж байсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 20/
5. Гэрч С.Эрдэнэчимэгийн “2016.09.25-ны өдөр би гэртээ байж байтал манай урд талын айлын Г.Энхмаа гэх хүүхэн орж ирсэн юм. Тэгээд надад хэлэхдээ манай нөхөр хүнтэй хардаад, 2016.09.23-ны өдөр надад уурлаад, намайг зодож хуруу хугалсан гэж ярьсан юм. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Урьд өмнө маргалдаж байсныг мэдэхгүй. Т.Эрдэнэбаяр архи уудаггүй, тамхи татдаггүй хүн байгаа юм“ гэх мэдүүлэг /хх-ийн 18/
6. Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016.09.27-ны өдрийн 160200403 дугаартай дүгнэлтэд: “Г.Энхмаагийн баруун дунд хурууны 1-р шивнүүр бяцарсан хугарал, дух, баруун суганы ар, зүүн мөр, баруун, зүүн гуянд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ./хх-ийн 24/
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.10.20-ны өдрийн 1341 тоот шинжээчийн дүгнэлтэд “1. Шинжээч эмч М.Баттүвшингийн 2016.09.27-ны өдрийн №160200403 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. 2.3. Г.Энхмаагийн баруун дунд хурууны 1-р шивнүүр бяцарсан хугарал, дух баруун суганы ар, зүүн мөр, баруун зүүн гуянд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 4. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. 5. Г.Энхмаагийн биед үүссэн гэмтэл нь хөдөлмөр чадвар алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 27-28/
8. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд болон эд мөрийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Т.Эрдэнэбаяр нь 2016 оны 9 сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 19-10 тоотод эхнэр Г.Энхмааг бусадтай хардсаны улмаас зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Эрдэнэбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Эрдэнэбаяр нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.2 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл болж байх ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоодохгүй байна.
Шүүгдэгч Т.Эрдэнэбаяр нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлж байх тул түүний хорих ял эдлэх дэглэмийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ хэргийн улмаас битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Хохирогч Г.Энхмаа нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Т.Эрдэнэбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саварыг шүүгдэгч “буцаан авна” гэж мэдүүлсэн тул хураагдаж ирсэн саварыг шүүгдэгч Т.Эрдэнэбаярт буцаан олгож, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ярианы бичлэг бүхий ДВД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Мөн хохирогч Г.Энхмаа нь шүүх хуралдаанд “Т.Эрдэнэбаяр нь гэм буруугаа ойлгож байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Шүүгдэгч Т.Эрдэнэбаярын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг бүрэн хангасан ба уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт хамаарч байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдэж хохирогчтой эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан ба хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалт байхгүй юм.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 285, 286, 290 дүгээр зүйлийн 290.3,
294, 297, 298, 299, 301, 304 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Толь овогт Төрбатын Эрдэнэбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Төрбатын Эрдэнэбаярт 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эрдэнэбаярт оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн савар 1 ширхэгийг шүүгдэгч Т.Эрдэнэбаярт буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ДВД-ийг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Эрдэнэбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эрдэнэбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ