Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/279

 

 

 

 

        

   2022        10           10                                      2022/ШЦТ/279

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгч Ц.Р- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Р-ид холбогдох эрүүгийн 2238000000586 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц.Р-,

Шүүгдэгч Ц.Р- нь 2022 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвгөл аймгийн Галт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ эхнэр Ч.Л-ыг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Р- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хөвгөл аймгийн Галт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ эхнэр Ч.Л-ыг зодож эрүүл мэндэд нь “зүүн дээд, доод зовхи, хамар, баруун бугалга, баруун шилбэ, зүүн мөрөн цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Хохирогч Ч.Л-ын зөрчлийн хэрэг бүртгэлт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2012 оны 09 дугаар сарын 16-ны шөнийн 01 цаг 10 минут болж байхад манай нөхөр болох Ц.Р- нь сургуулийн багш болох Б-тэй цуг орж ирсэн. Тэр хоёр манай гэрт нэг шил архи хувааж уусан. Тэгээд архи уугаад байхаар нь би цаг орой болсон байна, маргааш ажилтай унтаж амармаар байна гэж хэлсэн. Тэгээд 02 цаг болж байхад Б-нь манай гэрээс явсан. Манай нөхөр болох Ц.Р- нь унтах гээд унтлагын өрөнд орж ирсэн... хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад унт гэсэн чинь намайг тохойгоороо хойшоогоо бол гээд цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд толгой хэсэгт нь нэг удаа цохисон чинь даварсан гичий вэ гээд босож яваад өрөөний гэрэл асаагаад буцаж орон дээр намайг сууж байхад миний зүүн талын шанаа тус газар нэг алгадсан. Би орон дээр унасан чинь миний толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон... манай хүүхэд унтаж байгаад босож ирээд ааваа та болиоч гээд уйлахад больсон. Тэгэхээр нь би гарч гүйсэн чинь миний араас гарч ирээд хашхираад байсан. Тэгээд би хашааны буланд зогсож байгаад гэртээ орохоор нь ажлынхаа хүний гэрт очиж байгаад цагдаад хандсан. ...тухайн хэргийн улмаас гарсан эм тарианы мөнгийг Ц.Р- өөрөө гаргаж эмчлүүлсэн тул нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 14 дүгээр тал/,
  • Гэрч ийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны үед өгсөн: ”... 2022 оны 09 сарын 16-ны өдөр 02 цагийн үед Ц.Р- намайг зодоод гэж залгахаар нь нөхөр бид 2 сумын төвөөс гар яваад цасаар шуурахаар нь буцаад сум ороод өглөө би ажлаасаа чөлөө аваад ирсэн чинь манай охины зүүн нүдэнд цохисон байна. Бид нар гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 491 дугаартай: “1. Ч.Л-ын биед зүүн дээд, доод зовхи, хамар, баруун бугалга, баруун шилбэ, зүүн мөрөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгдэжээ. 3. Ч.Л-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар тал/,
  • Хөвсгөл аймгийн Галт сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Н.Н-н тодорхойлолт /хх-ийн 53 дугаар тал/,
  • Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 60-62 дугаар тал/,
  • Шүүгдэгч Ц.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өмнө сумын цагдаа Б.А-т болсон хэргийнхээ талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж, харамсаж байна. ...Эмнэлгээр хамт явж үзүүлж эмчилгээний зардлын мөнгийг би өөрөөсөө гаргаж эхнэрээ эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр тал/,
  • Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 35 дугаар тал/,
  • Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36 дугаар тал/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар тал/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн мэдлэг дутмаг, уур бухимдлаа тэвчиж чаддаггүй байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Р- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Ц.Р-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт хохирогч Ч.Л-, шүүгдэгч Ц.Р- нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан: “...талууд харилцан тохиролцож эвлэрсэн. Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй болно” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 32-33 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Р-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Р- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Ц.Р-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 69 тал/, прокуророос сонсгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг яллагдагч хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Р-ид оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Р-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Р-ид оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Р-ид оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Р-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭРДЭНЭ-ОЧИР