Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/286

 

 

 

 

        

   2022       10            13                                        2022/ШЦТ/286

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч Г.Ц-, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Г.Ц-, Н.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д- нарт холбогдох эрүүгийн 2238000000467 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Ц-,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Д-,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Д- нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ...тоот иргэн Г.Ц-гийн эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтэрч иргэн Г.Ц-гийн халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр танхайн сэдэлтээр халдсан буюу “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийг,

Шүүгдэгч Г.Ц- нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ...тоотод өөрийн гэртээ Л.Б-ыг хайж яваад орж ирсэн Н.Д-тай хэрүүл маргаан үүсгэж маргалдан улмаар түүний биед халдаж гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж баруун шуу, баруун шилбэ, зүүн шилбэ, баруун өгзөг, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000467 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Н.Д- нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ...тоот иргэн Г.Ц-гийн эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтэрч иргэн Г.Ц-гийн халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд гэр бүлийн хардалтын улмаас гэм буруугийн санаатай хэлбэрээр танхайн сэдэлтээр халдсан, шүүгдэгч Г.Ц- нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ...тоотод өөрийн гэртээ Л.Б-ыг хайж яваад орж ирсэн Н.Д-тай хэрүүл маргаан үүсгэж маргалдан улмаар түүний биед халдаж гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж баруун шуу, баруун шилбэ, зүүн шилбэ, баруун өгзөг, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д-гийн өгсөн: “...Тухайн өдөр манай нөхөр юм хийж байгаад орой 5 цаг өнгөрөөгөөд нэг найзтайгаа гараад явсан. Би утас руу нь маш олон удаа залгахад огт утсаа аваагүй. ...Тэгтэл харин Г.Ц-, түүний ээжтэй нь нийлж архи уусан байна лээ. Тэрийг нь би дараа мэдсэн. Тэгээд ирэхээр нь би зөрөөд гарж АТМ орж мөнгө шилжүүлчихээд найзындаа очсон чинь “чи гэртээ ир. Би явлаа” гэхээр нь би гайхаад гэртээ 11 цагийн үед гэртээ очсон чинь манай нөхөр байхгүй байхаар нь хүүхдээ хөхүүлж унтуулчихаад 12 цаг болж байхад найз руу нь залгаад “Л.Б- яасан бэ. Та нартай хамт явсан биз дээ” гэсэн чинь “Л.Б- нэг айлд буусан” гэхээр нь “ямар айлд буусан юм бэ. Тэр айлыг нь мэдэх үү” гэсэн чинь “1 билүү 2 дугаар хороонд буусан” гэхээр нь “намайг хүргээд өг” гэсэн чинь намайг дүүгээрээ хүргүүлсэн чинь цоожтой юм шиг айл байсан. Тэгээд нохойтой байх вий дээ гэж айгаад том хаалгыг нь татсан чинь онгорхой байхаар нь би ороод хамт ирсэн хүндээ “хүлээж байгаарай. Манай нөхөр найзындаа байгаа юм шиг байна. Аваад гараад ирье” гэсэн. ...Тэгээд орсон чинь эдний гэрэл нь унтраатай нам гүм байсан. Би ороод “хүн байна уу” гэсэн чинь “хүүе эмэгтэй хүн байна шүү дээ” гэхээр нь би байгааг нь мэдээд “гэрлээ асаа” гэсэн чинь гэрлээ асаахгүй байхаар нь дахиад “гэрлээ асаа” гэж хэлсэн чинь асаахад манай нөхөр, Г.Ц- хоёр нэг оронд хэвтэж байсан. ...өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц-гийн өгсөн: “...Гэр дотор байхдаа би Н.Д-г нэг удаа алгадсан. Гэхдээ би түрүүлж үсдээгүй ч үсдсэн. ...Би яг өшиглөсөн гэдгээ санахгүй байна. ...миний үйлдлээс болж Н.Д-гийн биед хохирол учраагүй...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: “...Тэр үед 01 цаг өнгөрч байсан хашааных нь жижиг хаалгыг татаж үзэхэд түгжээтэй байсан. Том хаалгыг нь татахад онгойж байсан. Би хашаа руу нь яваад ороход ганц байшин гэрэлгүй нам гүм байсан. Би таамбарых нь үүдийг зөөлхөн татаж үзэхэд муухан түгжээтэй амархан онгойж байсан. Тэгээд доторх хаалгыг нь татаж үзэхэд түгжээтэй байх шиг байсан. Бага зэргийн хүчтэй татахад онгойчихож байсан. Би оронгуутаа гэрлээ асаа гэж хэлэхэд нэг эмэгтэй хүн хүүе ээ хүн ороод ирлээ шүү дээ гээд айж сандарсан байдалтай дуугарсан. Би утасныхаа гэрлийг асаагаад үүдэнд байгаа товчлуурыг дарахад гэрэл нь асахгүй байсан. Тэгэхээр нь би дахиад гэрлээ асаа гэж хэлэхэд гэрлийг хэн нэгэн нь асаасан. Би сайн харахад байшин дотор хойд хэсэгт орон дээр манай нөхөр үл таних эмэгтэйн хамт хөнжил дотор өндийгөөд босож ирсэн байдалтай байсан. Би шууд явж очоод хөнжлийг нь татахад манай нөхөр нүцгэн /дотоожтойгоо/ харин тэр эмэгтэй доогуураа өмдтэй дээгүүрээ нимгэн цамцтай байсан. Миний уур хүрээд би гараараа тэр эмэгтэйн үснээс атгаад үсдэх гэж байснаа энийг үстээд яах вэ дээ гэж бодоод болиод тэр хоёрыг хэл амаар доромжилж, уурласан. ...Би тэр архийг нь аваад ширээ рүү нь цохиж хагалаад хаясан. Тэгтэл Л.Б- миний хоёр гарыг хөдөлгөх боломжгүйгээр намайг тэврээд авсан. Тэгэхэд шууд тэр Г.Ц- гэх эмэгтэй гараараа миний зүүн хацар луу цохисон бас хөлөөрөө миний араас болон хажуу талаас хөл гуя шилбэ рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Би Л.Б-од хандаж хүүе ээ чи намайг бариад энэ хүүхнээрээ зодуулаад байна шүү дээ намайг тавиач гэж хэлэхэд Л.Б- гараа сулласан. Тэр үед намайг Г.Ц- толгойноос үсдсэн байсан би зөрүүлээд толгойноос нь үсдсэн. Би үс өвдөөд байна үсдэхээ болиоч гэж хэлэхэд эхлээд чи боль гээд байхаар нь би үсийг нь тавихад тэр бас тавьсан. Тэр эмэгтэй гэр орон ийм болголоо гээд цагдаа дуудна гээд байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20 дугаар тал),

Шүүгдэгч Г.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө 3 хүүхэдтэйгээ унтах гээд хэвтэж байхад хаалга тогшсон. Онгойлгож өгөхөд Л.Б- байсан. Л.Б- манайд орж ирээд барагцаагаар 10 минут болж байхад хаалга гэнэт онгойж хүн ороод ирсэн. Би хэн бэ гэхэд намайг чиглэж ирээд үгийн зөрүүгүй Н.Д- гэх эмэгтэй үсдэж хэл амаар, муу муухайгаар доромжилсон, гүтгэсэн. ...хаалганы түгжээг мулт татаад ороод ирсэн. ...Н.Д- миний гэрт зөвшөөрөлгүй, шөнийн цагаар дайрч орж ирээд амгалан тайван байдал алдагдуулж гэрийн хаалганы түгжээ эвдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25, 41-42 дугаар тал),

Хохирогч Г.Ц-гийн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт бичгээр гаргасан өргөдөл (хх-ийн 11 дүгээр тал),

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12-14 дүгээр тал),

Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 108 дугаар тал),

Эд зүйл /СД/-д үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 15 дугаар тал),

Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд би Г.Ц-гийнд ороод нөгөө авсан архиа задалж 3 хундага уугаад Г.Ц-д найз нь хэвтэж байгаад явъя гэж хэлээд Г.Ц-тай цуг нэг оронд хэвтэж байсан чинь гаднаас хүн ороод ирсэн. Г.Ц- гэрлээ асаатал манай эхнэр Н.Д- орж ирсэн ...миний эхнэр тайван бай гээд би Н.Д-г бариад авсан. Тэгтэл Г.Ц- гүйж ирээд Н.Д-г өшиглөөд цохиод байсан. ...юмаар бол цохиогүй, гар хөлөөрөө өшиглөөд байсан. ...маргааш өглөө нь эхнэрийн гарын шуу болон 2 хөлийн ар булчин хэсэг хөхрөлтэй байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 41-42 дугаар тал),

Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.Д- над руу залгаж Л.Б- хажууд чинь байна уу гэж асуухад би хариуд нь Мөрөн сумын 1 дүгээр хороонд найзындаа үлдсэн гэж хэлэхэд гэрийг нь заагаад өг гээд байхаар нь би дүүгээрээ хүргүүлсэн юм, манай дүүгээр заалгуулчих гээд дүүгээ Н.Д-гийн гэр рүү явуулсан юм. ...Л.Б- надад сүүлд хэлэхдээ “Н.Д- миний араас орж ирээд тэр айлын хүүхэнтэй маргасан...” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 44 дүгээр тал),

Гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”... Л.Б-од 2 хундага өгсөн. Охиндоо шарханд сайн гээд 1 хундага өгсөн. ...2021 оны 05 сарын 31-ний өглөө 4 цаг өнгөрч байхад миний фейсбүүкт Л.Б-ын фейсбүүк хаягаас нэг бичлэг ирсэн. Үзэхэд Г.Ц- орон дээр суусан Л.Б- урд нь аргадах гээд байгаа юм уу яах гээд байгаа юм бичлэг байсан. ...хагалгаа руугаа дөхүүлэхгүйн тулд өөрийгөө хамгааллаа гэсэн” гэх мэдүүлэг (хх-ийн 46 дугаар тал),

Гэрч Ч.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...Н.Д-гийн биед 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө лав ил харагдах шарх сорви байхгүй байсан. Харин би Н.Д-тай 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр уулзахад Н.Д- надад Л.Б- согтуу гэрээсээ гарч яваад нэг хүүхнийд очсон байсан. Би найзаас нь асууж байгаад мэдээд өчигдөр орой яваад очиход хамт байсан. Би тэр эмэгтэйтэй маргалдсан. Тэр эмэгтэй намайг зөндөө цохиж өшиглөсөн. Бие хаа ийм болчихлоо гээд хөл, гуя, шилбэ, гарын булчингаа үзүүлсэн. Нээрээ л тэр хэсгүүдэд нь бөөрөнхий хэлбэртэй хөхрөлтүүд үүссэн байсан. ...гэр бүлийнх нь уур амьсгал сайтай харилцаа хандлага сайтай” гэх мэдүүлэг (хх-ийн 48 дугаар тал),

Гэрч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...тухайн өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. ...2 эмэгтэй хоорондоо муудалцаж байсан. ...нөхөр нь эхнэрээ тайван бай гээд тэвэрсэн. Тэгтэл намхан шар эмэгтэй хөлөөрөө өндөр эмэгтэйг өшиглөсөн би больцгоо гэж салгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 50 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 349 дугаартай: “1. Н.Д-гийн биед баруун шуу, баруун шилбэ, зүүн шилбэ, баруун өгзөг, хоёр гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Н.Д-гийн биед үүссэн гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх 2022.05.31-нд үүссэн байх боломжтой. 5. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хх-ийн 60 дугаар тал),

“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний: “байшингийн хаалганы түгжээг 5.000 төгрөгөөр” үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 63-65 дугаар тал),

Шинжээч эмч Г.Алтайн: “...уг гэмтэл нь нүцгэн гараар цохих болон хөл нүцгэн өшиглөх үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (хх-ийн 81 дүгээр тал),

Шүүгдэгч Г.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...би тэр эмэгтэйн хацар руу нэг удаа алгадсан. Мөн намайг үсдэхээр нь зөрүүлээд адилхан толгойноос нь үсдсэн” гэх мэдүүлэг (хх-ийн 91-92 дугаар тал),

Шүүгдэгч Н.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад нөхрийгөө тэр айлд байна гэдгийг хүнээс мэдээд явж очсон юм. Би тэр айл руу орж шууд л нөхрийгөө авах зорилготой орсон. Гэрийн хаалгыг нь нэг нэг удаа бага зэргийг хүчтэй татахад л онгойчихсон юм. Тэгээд л яваад орсон. Би гэрийн хаалгыг нь тогшоогүй, оршин суугчийн зөвшөөрлөөр ороогүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 94 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Ц- нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ...тоотод өөрийн гэртээ Л.Б-ыг хайж яваад орж ирсэн Н.Д-тай хэрүүл маргаан үүсгэж маргалдан улмаар түүний биед халдаж гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж баруун шуу, баруун шилбэ, зүүн шилбэ, баруун өгзөг, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Н.Д- нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ...тоот иргэн Г.Ц-гийн эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтэрч иргэн Г.Ц-гийн халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр танхайн сэдэлтээр халдаж “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан хохирогч Г.Ц-, Н.Д- нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12-14 дүгээр тал), эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 108 дугаар тал), эд зүйл /СД/-д үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 15 дугаар тал), гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-ийн 41-42 дугаар тал), гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хх-ийн 44 дүгээр тал), гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хх-ийн 46 дугаар тал), гэрч Ч.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хх-ийн 48 дугаар тал), гэрч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хх-ийн 50 дугаар тал), Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 349 дугаартай дүгнэлт (хх-ийн 60 дугаар тал), “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний тайлан (хх-ийн 63-65 дугаар тал), шинжээч эмч Г.Алтайн мэдүүлэг (хх-ийн 81 дүгээр тал), шүүгдэгч Г.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 91-92 дугаар тал), шүүгдэгч Н.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 94 дүгээр тал) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч Н.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Ц- нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хохирогч Н.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэсэн, шүүгдэгч Н.Д- нь хохирогч Г.Ц-гийн халдашгүй чөлөөтэй байх, орон сууцны халдашгүй байдалд санаатайгаар халдаж, хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн 2238000000467 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ц-гийн хувийн байдлыг тогтоосон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, (хх-ийн 97, 100-102 дугаар тал),

Шүүгдэгч Н.Д-гийн хувийн байдлыг тогтоосон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-ийн 98, 105-106 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Н.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц-гаас нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Г.Ц- нь шүүгдэгч Н.Д-гаас олох ёстой байсан орлого 1.600.000, төгрөг эмчилгээний зардал 240.000 төгрөг нийт 1.840.000 хохирол нэхэмжилж байх боловч хэрэгт хохирлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Г.Ц- нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Н.Д-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь  зүйтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, шүүгдэгч Н.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ц-, Н.Д- нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 97-98тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Ц-, Н.Д- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна үзлээ.

Шүүгдэгч Н.Д- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-, Н.Д- нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2238000000467 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргасан, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг,

Шүүгдэгч Н.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-г 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-, Н.Д- нарт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Ц-, Н.Д- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц- нь шүүгдэгч Н.Д-гаас олох ёстой байсан орлого 1600.000, төгрөг эмчилгээний зардал 240.000 төгрөг нийт 1.840.000 хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах дурдсугай.

6. Эрүүгийн 2238000000467 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Г.Ц-, Н.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР