Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/288

 

 

 

 

        

   2022       10            14                                        2022/ШЦТ/288

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгч У.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У.А-д холбогдох эрүүгийн 2238003100589 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, У.А-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.А- нь 2022 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Рашаант сумын ... байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Э-тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.Э-ийг гараараа нүүрэн тус газар цохиж өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ба уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238003100589 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч У.А- нь 2022 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Рашаант сумын ... багт байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Э-тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.Э-ийг хоолны халбага болон гараараа толгой, бие рүү нь цохиж, хөлөөрөө өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “зүүн дээд, доод зовхи, зүүн зовхины дотор булан, баруун зулайн хуйх, зүүн шуу, зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.А-ийн өгсөн: “...өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...У.А-тэй 2017 оноос хамтарч амьдарч байгаа. У.А- намайг гурваас дөрвөн удаа зодсон байх. 2019 оны намар Рашаант сумын ... багт намаржаанд байхад гэртээ намайг нуруу руу өшиглөж, нүдэнд цус хуралт цохиж, хөл гар руу өшиглөж, үсдэж чирч нэлээн айхтар зодсон юм. Тухайн үед цагдаад мэдэгдээгүй. 2022 оны хавар 3 дугаар сарын 18-ны шөнө намайг зодсон. Маргааш нь би цагдаад мэдэгдэж У.А- 7 хоногийн баривчилгаанд явсан. 2022 оны хавар 5 сард айлын ямаа самнаад иртэл А- гэртээ бөөн уур сууж байснаа намайг зодсон үүнийг цагдаад мэдэгдээгүй. Тэгээд сая 2022 оны 09 дүгээр сард зодоход нь цагдаад мэдэгдсэн. Бид хоёр хоорондоо харилцаа таарамжгүй болсон, өмнө нь ч тийм байсан. Намайг хүмүүстэй хардаад хэрүүл үүсгээд намайг зоддог. Сүүлийн үед би айгаад уурлахаар нь юм дуугарахаа больсон. У.А-д хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, би цаашид хамтран амьдарч чадахгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Гэрч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...У.А-, Б.Э- нар нь 2017 онд хамтран амьдарч эхэлсэн байх. Эхэндээ У.А- гайгүй байсан. 2019 оны шинэ жилийн үеэр айлд цай уусан шөнөө У.А- нь Б.Э-ийг зодож байсан цагдаад хэлээгүй юм шиг байна лээ. 2022 оны хавар 5 сард байх оройхон манай гэрийн утас руу утасдаад У.А- намайг зодож гээд байна гэж утасдсан. Тэгэхээр нь би нөхөртэйгээ очиход У.А-, Б.Э- хоёр хажуу айлдаа орсон байсан. Юу болоод байгаа юм та хоёр болохгүй бол салаач гэж хэлсэн. У.А- нь Б.Э-ийг архи өг гэсэн юм байна лээ. Тэгээд хэсэг ярилцаж байгаад гэртээ харьсан. Сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр У.А- Б.Э-ийг зодсон юм шиг байна лээ. У.А- сүүлийн үед архи уух дуртай болоод байгаа. Гэртээ архи уусан ирж харагдаад байгаа. Тэгээд Б.Э-т жаахан дарамттай байгаа юм шиг байна лээ. ... гэх мэдүүлэг /хх-ийн 7-18 тал/,

Гэрч Э.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 05 дугаар сард ямаа самнах үеэр байх У.А- нь эхнэрээ зодоод цагдаа ирж байсан. Сая 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би Мөрөнгөөс эхнэр Д.Р-ын хамт гэртээ ирэхэд Б.Э- нь манай гэрт нүцгэн сууж байсан. Б.Э- гэртээ очиж хүүхдээ авмаар байна гээд уйлаад суугаад байхаар нь би эхнэртэйгээ цуг Б.Э-ийг аваад гэрт нь очиход У.А- унтаж байсан. Б.Э- эгч гэртээ орж хувцсаа өмсөөд гэрлээ асаасан чинь У.А- сэрээд Б.Э- эгчийг хөөгөөд гараад ирсэн. Тэгснээ намайг У.А- нэг цохиод авахаар нь би тэврээд авсан. Хойгуур Б.Э- эгч манай гэр рүү явсан. Би У.А- ахыг та яагаад байгаа юм бэ гэхэд чи юугаа шиншилж яваа юм, манай энд хулгай хийх юм байхгүй гээд байсан. Миний жаахан уур хүрээд доош нь дараад хоёр хөлийнхөө завсар хийгээд дээрээс нь дараа суугаад байсан. Би У.А- ахыг цохиогүй. Тэгсэн хүүхэд нь уйлаад байхаар нь У.А- ахыг тавьсан чинь хутга бариад бүгдийг чинь сүлбэж ална гээд гараад ирсэн. Би айгаад эхнэртэйгээ цуг гэр рүүгээ явсан. Бид хоёрын араас гэр хүртэл хөөсөн. Удалгүй сумаас цагдаа ирсэн. Цагдаа ирээд У.А-ийнд очиж хүүхдийг нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Гэрч Д.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр У.А- нь манай нөхөр Л-ийг чи манай энд юу шиншилж яваа юм гээд нэг цохихоор нь манай нөхөр цохиулахгүйн тулд тэвэрч авсан. Манай нөхөр тавьсан чинь гэр рүүгээ ороод нэг гартаа хүүхдээ нөгөө гартаа хутга барьж гарч ирээд алаад өгье бүгдийг нь гэхээр нь бид хоёр айгаад гэр рүүгээ гүйсэн. Бид хоёрыг гэр хүртэл хөөсөн. Удалгүй цагдаа ирж хүүхдийг нь Б.Э- эгчид авч өгөөд У.А-ийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

Гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2022 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө 01 цагийн үед байх Рашаант сумын ... багийн иргэн Б.Э- гэдэг хүн над руу утсаар залгаж манай нөхөр У.А- нь намайг зодоод байна гэх дуудлага мэдээлэл ирсэн ба уг дуудлага мэдээлэлд сумын төвөөс 35 километрийн зайтай байдаг тул багийн дарга Э-н хамт шөнийн 03 цагийн үед У.А-ийн гэрт очсон. Очиход дуудлага өгсөн Б.Э- нь хажуу талын айлын хоёр хүн болох Л-, Энхтуяа нарын хамт гэртээ сууж байсан. Хамтран амьдрагч У.А- нь байхгүй байсан. У.А- нь хүүхдээ аваад машинаа унаад гэрээсээ яваад өгсөн байсан. Тэгээд бид нар цугтаа хамтран амьдрагч У.А-ийнх нь машинтайгаа явсан гэх зүг рүү араас нь явахад гэрийнхээ арын уулын модны хаяанд приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дотроо хүүхдээ тэвэрсэн унтаж байсан. Тэгээд У.А-ийг сэрээгээд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тандагч багажийг үлээлгэхэд архи хэрэглэсэн байсан. Согтуурлын зэргийг нь шалгах багаж надад байхгүй байсан. Тэгээд У.А- болон Б.Э- хоёрыг 1 настай хүүхэдтэй нь цуг аваад сумын төвд цагдаагийн байранд авчирч хоносон. Манай сум нь хэсгийн төлөөлөгчгүй байгаа тул маргааш өглөө нь сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.А- руу ярьж илтгэхэд аймгийн төв рүү авч ороод ир гэсэн тэгээд би аймгийн төв рүү авч ороод а/х Ш-д хүлээлгэн өгсөн. Б.Э- нь архи уугаагүй байсан байх би Б.Э-ийг тандагч багаж үлээлгээгүй. Б.Э-ийн баруун нүд нь бага зэргийн хөхөрч, цус хурсан байдалтай харагдаж байсан. Өөрөөр надад ил харагдах зүйл байгаагүй. У.А- нь Б.Э-ийн нүд рүү цохисон юм шиг байна лээ. Б.Э- нь өмнө нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр У.А- нь намайг ална гэж заналхийлээд байна гэж надад 1 удаа дуудлага мэдээлэл өгч байсан. Уг дуудлага мэдээлийн дагуу очиж ажиллаад хамтран амьдрагч У.А- нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсгээр 7 хоногийн баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн. Үүнээс хойш 2022 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө буюу саяны дуудлага мэдээлэл ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 481 дугаартай: “...Б.Э-ийн биед зүүн дээд, доод зовхи, зүүн зовхины дотор булан, баруун зулайн хуйх, зүүн шуу, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Б.Э-ийн биед үүссэн гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2022 оны 09 дүгээр сарын 12-нд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 34 тал/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 54-56 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч У.А-ийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ...би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Э-, гэрч Б.Э-, Э.Л-, Д.Р-, Н.Н- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 481 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч У.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч У.А- нь 2022 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Рашаант сумын ... багт байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Э-тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.Э-ийг хоолны халбага болон гараараа толгой, бие рүү нь цохиж, хөлөөрөө өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “зүүн дээд, доод зовхи, зүүн зовхины дотор булан, баруун зулайн хуйх, зүүн шуу, зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний албаны тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Э-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч У.А-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүгдэгч У.А-ийн үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Э-ийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч У.А- гэм буруугийн талаар маргаагүй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Э-ийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч У.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч У.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.Э- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, мөрдөгчөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэргийн материалтай танилцуулахаар харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдэхэд: “...надад гомдол санал байхгүй” гэх тэмдэглэл /хх-ийн 61 тал/, шүүгдэгч У.А-ийн: “...би өөрийн эхнэр Б.Э-тэй эвлэрсэн, одоо эхнэр Б.Э-ийн зүгээс гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 63 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч У.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч У.А-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч У.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.А-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч У.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 48-53, 57-58 талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, Э.Т-н төрсний гэрчилгээний хуулбар, ЦЕГ-ын захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 285 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч У.А нь ...урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч У.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 156 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч У.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч У.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч У.А- нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-ийг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч У.А-д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР