Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/293

 

 

 

 

        

   2022       10            17                                        2022/ШЦТ/293

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Шүүгдэгч П.Н-, П.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Н-, П.Н- нарт холбогдох эрүүгийн 2238000000160 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:    

Монгол Улсын иргэн, П.Н-,

Монгол Улсын иргэн, П.Н-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Н-, П.Н- нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Аянчин” нэртэй баарны гадна 2022 оны 04 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн орчимд хохирогч Д.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан үснээс нь зулгаах, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун хацар, зүүн нүдний дор буланд зулгаралт, дух, зулай, дагзны хуйханд няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000160 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.Н-, П.Н- нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Аянчин” нэртэй баарны гадна 2022 оны 04 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн орчимд хохирогч Д.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун хацар, зүүн нүдний дор буланд зулгаралт, дух, зулай, дагзны хуйханд няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Н-ын өгсөн: “...Манай дүү бид хоёр хальт бааранд орсон. Тэгээд бид гурав гаръя гээд баарнаас гарч байтал тэр хүүхэд хотоос ягаан үстэй янхан ирсэн байна гээд байсан. Тэгээд би буцаж орж ирээд хэрэлдсэн. ...Тухайн үед үсдэлцэж авсан нь үнэн боловч би буланд шахаж үснээс нь зулгаагүй. ...Машинд суухдаа доромжлоод байхаар нь очиж хэрэлдсэн” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Н-гийн өгсөн: “...өглөө хотоос ирээд орой ...Аянчин орсон. Тэгээд ...гарахад 3 эмэгтэй зөрсөн. Манай эгч гутал дээр нь гишгээгүй байхад гишгэлээ гээд уурласан. Тэгээд манай эгч намайг өмөөрч хэрэлдэж байгаад үсдэлцээд байсан. Тухайн баарны хамгаалагч болон хохирогчийг дагаж явсан хүмүүс салгахгүй байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн оройн 21 цагийн орчим эгч Б.А-, найз П.Н- нарын хамт “Аянчин” нэртэй бааранд орсон. Тэгээд бааранд хэсэг байж байгаад 22 цагийн орчимд баарнаас гараад харих гээд машинтай найз руугаа залгаад ирээд авчих гэж хэлэх гэсэн чинь утсаа авахгүй байсан. Тухайн үед гадаа хүйтэн байсан учраас буцаад баар руу орох гээд үүдээр нь орж байтал урдаас ягаан үстэй болон хар үстэй хоёр охин, нэг залуутай бид нарын өөдөөс гарч ирсэн. Энэ хоёр охин тухайн үед нэлээн уусан байдалтай байсан. Тэгээд эд нартай зөрөөд хаалга руу орох гээд явж байтал хар үстэй охин нь Б.А- эгчтэй зөрөх гэж байхдаа гутал дээр нь гишгээд мөрлөсөн юм. Тэгэхэд Б.А- эгч яаж байна гэж хэлчихээд баар руу яваад орсон. Тэгсэн чинь нөгөө хоёр охин Б.А- эгчийг надтай андуураад яадаг юм бэ гичий минь гэж миний ардаас дуудахаар нь эргэж хараад яасан гэнээ гэхэд хар үстэй нь тиймээ чамайг гичий гэж байна гэж хэлээд над руу дөхөөд ирсэн. Би ч гэсэн тухайн үед урдаас нь очиход тэр хар үстэй охин миний баруун талын хөлийн өвдөгний доод хэсэг рүү нэг удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд өшиглөх гэтэл тэр хоёр охинтой хамт явж байсан залуу нь миний урдуур ороод болиулсан. Ингээд байж байтал хар үстэй охин нь тэр залуугийн ардаас нь гарч ирээд миний үснээс зулгааж аваад булан руу чирээд явж байхад хажуугаас нь ягаан үстэй охин нь бас миний үснээс чирээд явсан. Тэгээд энэ хоёр охин намайг буланд аваачиж байгаад үснээс татсаар байгаад газар унагаж байгаад дээрээс дэвсээд, бас өшиглөөд байсан. Хэн нь хэдэн удаа өшиглөсөн гэдгийг нь би тухайн үед анзаарч хараагүй. Тэгж байснаа энэ хоёр намайг зодохоо болихоор нь би босож ирээд жижиг хар үстэй охиныг нь үсдэж аваад тавьсан. Ингээд байж байтал цаанаас нь ягаан үстэй охин нь ирээд миний цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд надтай цуг явж байсан Б.А- эгч ягаан үстэй охиныг нь түлхээд унагаасан. Тэгэхэд тэр ягаан үстэй охины хумс нь хугарсан юм байна лээ. Босож ирээд хугарсан хумсаа бариад төлж өг гичий минь гэж над руу дайраад байхаар нь би биш ээ гэж хэлээд байхад над руу чи гээд дайраад байсан. Би өөрөө зүрх муутай хүн байгаа юм. Тухайн үед бүүр миний зүрх салгалаад байхаар нь буланд очоод зогсоод байж байхад тэр хоёр охин хоёулаа чи айгаад байгаа юм уу наашаа гараад ир гээд байсан. Ингээд байж байхад нөгөө машинтай найз маань ирээд бид хэдийг салгаад “Аянчин” баарнаас гарах гэж байхад нөгөө жижиг хар үстэй охин нь дахиж гүйж ирээд миний цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үедээ их тоогоогүй найзынхаа машин луу очоод байж байхад тэр хоёр охин ардаас гүйж ирээд миний үснээс дахиад хоёулаа үсдээд авсан. Тэгж байснаа тэр хоёр охин яваад өгсөн. Үүний дараа би цагдаад мэдэгдсэн. Дараа нь би өөрийгөө толинд харсан чинь нүүр ам маажсан, үс сэгсийсэн, толгой хавдартай болсон байсан. Одоо болтол миний толгойны өвчин болон сорви арилахгүй байгаа. Гомдолтой байна. Аянчин баарны камерын бичлэгийг би өөрийнхөө утсаар бичлэг хийж аваад дараа нь Сиди дээр 10.000 төгрөгөөр хуулуулсан. Сиди-г 2000 төгрөгөөр авсан. Бас шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөг төлж үзүүлсэн. Бас Алаг-Эрдэнэ сумаас Мөрөнд нийт би 2 дахь удаагаа ирж байна нэг талдаа 7000 төгрөг байдаг. Үүнийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

Гэрч Б.А-ын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны орой 21 цаг 30 минутын орчим би найз Д.С-, П.Н- нарын хамт Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Аянчин бааранд орцгоосон. Тэнд бид нар пиво ууцгааж байгаад 23 цагийн орчим баарнаас гараад гадаа машин дуудаж хүлээгээд байж байхад машин хүлээх зуураа буцаад баарандаа орцгоосон. Тэгээд баарны үүдэнд очиход баарнаас нэг залуу, хоёр хүүхэн гарч ирээд бид нартай зөрж өнгөрөхдөө миний гутал дээр гишгээд мөрлөөд зөрсөн. Би замаа харалдаа гэж хэлсэн чинь өөдөөс янз янзаар хараалын үг хэлээд Д.С- руу хандсан. Д.С- чи хүн андуураад байна гэж хэлсэн чинь нөгөө хоёр эмэгтэйн эхлээд хар үстэй эмэгтэй нь шууд Д.С-г үсдээд авсан. Тэгсэн чинь арай гэж салгасан чинь нөгөө ягаан үстэй эмэгтэй зөрж ирээд Д.С-г үсдээд зууралдаад баарны коридорт тэр хоёр эмэгтэй Д.С- руу дайрсан. Тэгээд салгаад гадаа гараад машин руу орох зуур хар үстэй эмэгтэй нь хөөе миний хумсыг төлж өг гэж хэлээд Д.С-тай дахин зууралдаад дахиж баарны гадаа зодоон болсон. Тэгэхэд Д.С-г хоёр талаас нь өшиглөсөн нийлж зодсон. Тэгээд бид нар нөгөө хоёр эмэгтэйтэй хамт явсан залуу нь салгаж хоёр тийш нь болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

Гэрч М.П.Н-гийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...Д.С- та хүн андуураад байна гэж хэлсэн чинь нөгөө хоёр хүүхний эхлээд хар үстэй хүүхэн нь шууд Д.С-г үсдээд авсан. Тэгсэн арай гэж салгасан чинь нөгөө ягаан үстэй хүүхэн зөрж ирээд Д.С-г үсдээд зууралдаад баарны коридорт тэр хоёр хүүхэн Д.С- руу дайрсан. Тэгээд салгаад гадаа гараад машин руу орох зуур хар үстэй хүүхэн нь хөөе миний хумсыг төлж өг гэж хэлээд Д.С-тай дахин зууралдаад баарны гадаа зодоон болсон. Тэгэхэд Д.С-г хоёр талаас нь үсдээд доош нь дарчихсан өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 220 дугаартай: “1. Д.С-гийн биед баруун хацар, зүүн нүдний дор буланд зулгаралт, дух, зулай, дагзны хуйханд няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Д.С-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр тал/,

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/,

Шүүгдэгч П.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...оройны 23 цагийн үед санагдаж байна баарны хаалгаас гарах гэж байхад бид гурвын урдаас 3 эмэгтэй хүн зөрж өнгөрөхдөө “хотоос янхан ирсэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай эгч “юу гэнээ” гэсэн чинь урт үстэй жинсэн өмдтэй нэг охин нь “сонссоныг чинь хэллээ” гэж хэлэхээр нь манай эгч “чи одоо хүн андуураад байгаа юм биш үү” гэхэд нэг тарган махлаг охин нь “уучлаарай эгч ээ хүн андуурсан байна” гээд манай эгчид хэлж байсан. Тэгээд эргэж хараад явах гэсэн чинь нөгөө охин чинь “хүн андуураагүй” гэж хэлээд манай эгчийн үснээс зулгаагаад авсан. Тэгээд манай эгч тэр охинтой үсдэлцэж авахаар нь дундуур нь орж салгах гэж байгаад би өөрийнхөө хумсыг хугалуулсан. ...Тэгээд бас манай эгч тэр охинтой үсдэлцэж байгаад бие биенийгээ өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/,

Шүүгдэгч П.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...бид нарын араас гурван эмэгтэй гарч ирээд хотоос хоёр янхан ирсэн байна гэж хэлэхээр нь би юу гэнээ гэж хэлээд эргэж хараад янхан гэж хэлсэн охины аль хэсэг рүү нь цохисон гэдгийг нь би мэдэхгүй байна нэг удаа гараараа цохисон. ...тэгээд би цаашаагаа хараад явж байхад миний араас нэг нь үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдээд авсан. ...баарнаас гараад машиндаа суугаад явах гэж байхад нөгөө надтай үсдэлцэж байсан охин намайг хэл амаар доромжлоод байхаар нь би очиж үсдэж аваад доош нь дараад хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.С-гийн мэдүүлэг, гэрч Б.А-, М.П.Н- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 220 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч П.Н-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч П.Н-, П.Н- нар нь хохирогч Д.С-тай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг үснээс нь зулгаах, өшиглөх зэргээр зодож, баруун хацар, зүүн нүдний дор буланд зулгаралт, дух, зулай, дагзны хуйханд няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.С-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч П.Н-, П.Н- нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Н- гэм буруугийн тал дээр маргаж байх боловч хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Н-, П.Н- нарын үйлдэл идэвхтэй, хохирогч Д.С-гийн бие, эрх чөлөөнд бүлэглэн халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч П.Н-, П.Н- нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Н-, П.Н- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.Н-, П.Н- нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд камерын бичлэг хуулбарласан 10.000 төгрөг, СД-н үнэ 2.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр 8.000 төгрөг, Алаг-Эрдэнэ сумаас Мөрөн суманд 2 удаа ирж очсон зардал 28.000 төгрөг нэхэмжилсэн байх боловч  энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байх тул хохирлын талаар тодорхой тооцоо хийх боломжгүй байна. Иймд хохирогч Д.С- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, замын зардал, бусад зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Н-, П.Н- нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Н-, П.Н- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан бүлэглэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Н-, П.Н- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Н-, П.Н- нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хавтаст хэргийн 50-69, 71-76, 88 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 378 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 90 дугаартай “Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх тухай” шүүгчийн захирамжийн хуулбар, ЦЕГ-ын захиргааны зөрчил шийдвэрлэлтийн лавлагаа, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, зэрэг тэдгээрийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.Н-  нь ам бүл 1, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй, шүүгдэгч П.Н- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоогоор ам бүл ... хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суудаг зэрэг хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.Н-, П.Н- нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч П.Н- хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-, П.Н- нарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-, П.Н- нарт оногдуулсан торгох ялыг тэдгээрийн орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2238000000160 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си Ди 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Н-, П.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-, П.Н- нарыг тус бүр 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-, П.Н- нарт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч П.Н-, П.Н- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.С- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Н-, П.Н- нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн 2238000000160 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си Ди 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н-, П.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР