Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр, улсын яллагч С.Энхням, шүүгдэгч П.Э*** нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00974 0526  дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б*** овгийн П***ын  Э*** , *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, төрсөн дүүгийн хамт Б*** дүүрэг, *** дугаар хороо, З*** тоот хаягт оршин суудаг, урьд нь

- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураахгүйгээр 06 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 11 сар 16 хоногийн хорих ялыг анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч П.Э*** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Б***тай бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ачит нэртэй хүнсний дэлгүүрийн орчим Б.Э***ы толгойн тус газарт архины шилээр, цээжин тус газарт гараараа цохиж Самсунг Эс /Samsung S4/ загварын гар утас, Айфоне 8 /iphone 8/ загварын гар утаснуудыг тус тус хүч хэрэглэж авахаар довтолсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б*** овгийн П***ын  Э***  нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ачит нэртэй хүнсний дэлгүүрийн орчим Б.Э***ы толгойн тус газарт архины шилээр, цээжин тус газарт гараараа цохиж Самсунг Эс /Samsung S4/ загварын гар утас, Айфоне 8 /iphone 8/ загварын гар утаснуудыг тус тус хүч хэрэглэж авахаар довтолсон” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 3, 4-6 дахь тал),

-2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-10 дахь тал),

-2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-22 дахь тал),

-2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дахь тал),

-2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 24 дэх тал),

-Хохирогч Б.Э***ы “...Би 2022 оны 03 дугаар сарын 11-ний өглөө би гэрээсээ 12 цаг өнгөрч байхад гараад Б*** гэдэг найзтайгаа тааралдаад ганц хоёр үг сольчхоод ганцаараа Хайлаастын 84 гэдэг дэлгүүрийн тэнд очиж ганцаараа нэг шил архи авч уучхаад тэндээсээ Дэнжийн 1000-н Шонхор захын автобусны буудал дээр хоолонд орж нэг пиво уучхаад тэндээсээ автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах Саппоро худалдааны төвийн орчим ирсэн. Тэгээд Саппорогийн ард нэг караокед орж 100 грамм  архи авч уух гээд тэр архиа ууж чадалгүй тэндээс гарсан. Тэгээд Саппорогийн арын Ачит гэх дэлгүүрийн үүдэнд хоёр танихгүй ахтай танилцаад хамт архи уухаар болж нэг хар өнгийн хепикэн малгайтай, чихэндээ ээмэгтэй, саарал өнгийн куртиктэй ахтай хамт дэлгүүр орж нэг шил Болор нэртэй архи нэг тамхи, нэг кола аваад тэр дэлгүүрээс гарсан. Ингээд тэндээсээ гарч нөгөө хоёр ахтай хамт байрнууд дунд очиж нөгөө архиа уусан. Тэгсэн тэр хепкин малгайтай ах намайг чи миний ахтай зодолдох уу гээд хэрүүл өдөж байгаад намайг нөгөө Болор нэртэй архины шилээр толгой хэсэг рүү цохиж намайг газар унагаагаад дээр гарч суугаад ахиад архины шилээр толгой руу цохиж аваад миний куртикны халаасанд байсан хоёр гар утсыг ухаж авсан. Тэр үед миний толгойноос цус гарч байсан болохоор би тэр ахаас зугтааж яваад нэг ахтай тааралдаж тусламж гуйсан. Нөгөө ах би эмч хүн байна, чи яасан юм гэж асуугаад цагдаа дуудах хэрэгтэй, эмч дуудах хэрэгтэй гэж байсан...Би өмнө нь тэр хоёр хүнийг харж байгаагүй. Нэг нь хар өнгийн хепикэн малгайтай, чихэндээ ээмэгтэй, саарал өнгийн куртиктэй, 30-35 насны ах байсан. Хоёр хүүхэдтэй би Саппоро дээр янхан зардаг гэж байсан. Харин нөгөө ах 50 гаран насны хар куртик өмссөн ах байсан. Надад тэр хоёр нэрээ хэлээгүй санагдаж байна. Гэхдээ би харах юм бол шууд танина. ... Samsung S4 загварын саарал өнгийн утас, iphone 8 загварын дэлгэц хагархай саарал өнгийн утас байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дахь тал),

-Гэрч Д.Т***ийн “...Би 2022 оны 03 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед би ажлаа тараад гэртээ харих замаараа Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах Саппорогийн ар талын туслах замаар өөрийн Тоёота витз маркийн 2197 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж яваад зам дагуу дэлгүүрийн урд талд туслах зам дээр байрлуулчхаад урд талын нарийн гудамжаар гарч тэнд байрлах ПС тоглоомын газар орж тоглож байгаад 23 цагийн үед ПС тоглоомын газраас гарч ирээд гэртээ харих гээд машин руугаа нөгөө нарийн замаар гарч явсан яг гарах хэсэг дээр нэг танихгүй залуу нэг гартаа малгайгаа барьчихсан “ахаа туслаарай” гэж хэлээд тааралдсан. Тэгэхээр нь би тухайн залуугаас “чи яасан юм бэ, дүү” гээд дөхөөд очсон чинь толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгэхэд нөгөө залуу туслаарай л гээд байсан. Би тухайн залуугаас чи яасан юм бэ гэхэд намайг хүн зодоод гэж хэлэхээр нь зодсон хүмүүс чинь хаана байна гэхэд нөгөө залуу зугтаасан гэсэн. Би ойр орчмыг харсан хүн харагдахгүй байхаар нь эмч хүн болохоор эмнэлэгт хүргээд өгье гэж бодоод өөрийнхөө машин руу дагуулаад явсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

-Иргэний нэхэмжлэгч Л.Н***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр “...Би 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах 3 дугаар эмнэлгийн урд талын автобусны буудал дээр ТҮЦ-ээ ажиллуулж байсан бөгөөд гаднаас 30-40 орчим насны хар ногоон өнгийн куртиктэй, саарал саравчтай малгайтай залуу орж ирээд “Эгчээ утас авчхаач” гээд гуйгаад байхаар нь сим картаа сольж үзээд ярьж болж байхаар нь 30,000 төгрөг өгөөд худалдаа авчихсан юм. ...Хар ногоон өнгийн куртиктэй, десант өнгийн өмд, саарал өнгийн снэп малгай, хар өнгийн пүүз өмсөж, чихэндээ ээмэг зүүсэн 30-40 орчим насны эрэгтэй байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 3-40 дэх тал),

-Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Ц-399 дугаартай алдагдсан эд зүйлсийн нийт үнийг 515,000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 4206 дугаартай “...Б.Э***ы биед баруун чамархай, зулайн хуйханд шарх, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

-Яллагдагч Н.Б***ийн “...тэгээд Б.Э*** гэх залуу 2 ах юм хийж байгаа юм, завтай бол ганц шил архи уух уу гэж асуухаар нь тэгье гээд хэлтэл Б.Э*** гэх эрэгтэй П.Э*** ыг дагуулаад хамт дэлгүүр орж нэг шил Соёрхол нэртэй архи, ундаатай хамт авч гарч ирсэн. Тэгээд архи ууж байгаад би Б.Э***ы байрны гадаа очиж хувааж ууцгаасан. Тэгээд архи ууж байгаад би Б.Э***ы цээж рүү нэг удаа гараа зангидаж байгаад цохиход  Б.Э*** арагшаа бөгсөөрөө газарт суучихсан. Тэгэхээр нь архины шил газраас авч толгой руу нь нэг удаа цохисон. ...Тэгээд Б.Э*** толгойгоо бариад газарт сууж байх үед П.Э*** хажуугаас хүрч ирээд Б.Э***ы өмсөж байсан куртикны баруун талын халааснаас нь Самсунг Эс 4 гар утас, мөн Айфоне 8 загварын гар утаснуудыг авчихлаа гэж надад хэлэхээр нь уг газарт Б.Э***ыг  орхиж үлдээгээд П.Э*** тай тэндээс яваад 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр байрлах ТҮЦ-нд худалдаа хийж байсан танихгүй эмэгтэй хүнд Самсунг Эс 4 гар утсыг нь 30,000 төгрөгөөр зарчхаад тэр мөнгөөрөө дэлгүүрт орж нэг шил 0,75 литрийн Хараа архи худалдан авч ойролцоо байрлах байрны орцонд орж сууж байгаад архиа хувааж ууцгаагаад гэр гэр рүүгээ явахаар болж салсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дахь тал),

-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 26 тоот Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

-Шүүгдэгч П.Э*** ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...Авсан архиа бид гурав ойролцоох байрны гадна очоод хувааж уугаад байх байтал Н.Б*** гэнэт Б.Э*** гэх эрэгтэйн цээж рүү гараараа нэг удаа цохих үед уг эрэгтэй арагшаа бөгсөөрөө газарт суухад Н.Б*** дахин архины шил газраас шүүрч аваад толгой руу цохиход уг архины куртикны баруун талын халаасанд нь байсан Самсунг Эс 4, айфоне 8 маркийн гар утаснуудыг авч Н.Б***г  явъя гэж хэлээд 10 дугаар хороолол руу алхаж байх үедээ 3 дугаар эмнэлгийн автобусны буудлын ТҮЦ-нд худалдагч хийж байсан 40 гаран насны эгчид Самсунг Эс 4 гар утсыг 30,000 төгрөгөөр бодож зараад зарсан мөнгөө бэлнээр аваад ойролцоох дэлгүүрт Н.Б***тай хамт ороод нэг шил 0,75 литрийн Хараа архи худалдан авч байрны орц руу ороод хувааж уучхаад гэр гэр рүүгээ харьсан. ...Би Б.Э***тай анх танилцаад дэлгүүрт орж авах үед халаасанд нь 2 ширхэг гар утас байгааг анх мэдсэн. Би гар утас халаасанд нь байгаа  талаар Н.Б***д хэлээгүй зодоон болох үед халаасанд гар утас байсан гэдгийг санаад авчихсан юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 107 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч П.Э*** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Мөрдөн байцаалтын үед хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэсэн болно.

Хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар Н.Б*** , П.Э*** нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн тэднийг яллагдагчаар татсан боловч мөрдөн байцаалтын явцад яллагдагч Н.Б*** нь нас барсан байх тул Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай тогтоолоор яллагдагч Н.Б***д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээнд энэ хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.    

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Э*** нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

​​​​​​​1.4.Эрх зүйн дүгнэлт

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хохирогчийн Samsung S4 загварын гар утсыг 125,000 төгрөгөөр, Iphone 8 загварын гар утсыг 390,000 төгрөгөөр, нийт эд зүйлсийн үнэлгээ 515,000 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул учирсан хохирлын хэмжээ нь гэмт хэргийн үндсэн шинжид хамаарахгүй, зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Шүүгдэгч П.Э*** ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авах зорилгоор довтолсон байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, мөн тэрээр хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарахгүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүх шүүгдэгч П.Э*** ын бусдын эд зүйлсийг нь авах зорилгоор хүч хэрэглэн довтолсон үйлдэл болон хохирогч Б.Э***ы хүчинд автаж куртикний халаасанд нь байсан эд зүйлсээ алдсан хохирол, хор уршиг хооронд шалтгаант холбоо байна гэж үзлээ. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд орчны сөрөг нөлөө болон бусдын буруу үйлдэл гэхээс илүүтэй, шүүгдэгч П.Э*** ын согтуурсан байдал, шунахайн сэдэл нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж шүүх үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.Э*** ыг “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5.Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Э*** нь дээрэмдүүлсэн эд зүйлсээ биет байдлаар буцаан аваагүй, айфоне 8 загварын гар утасны хохирол 390,000 төгрөг төлөгдөөгүй, иргэний нэхэмжлэгч Л.Н***т 30,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1.Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Өмнө гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж: “...Ялыг минь хөнгөлж өгнө үү...” гэв.

​​​​​​​2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч П.Э*** т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 109 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 110 дахь тал), Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 112-114 дэх тал), Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 115-116 дахь тал), суллагдсан хүмүүст олгодог 212 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 120 дахь тал), Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 385 дугаартай Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай захирамж (хавтаст хэргийн 122-123 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 124-125, 187-188 дахь тал), Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 5/1458 дугаартай албан бичиг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 365 дугаартай албан бичиг, Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 486 дугаартай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаартай Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 178-179 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаартай Мөрдөн байцаалтыг сэргээх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 182-183 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 226 дугаартай Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж (хавтаст хэргийн 186 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай Баривчилсан сэжигтнийг суллах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 199 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/226А дугаартай Цагдан хорих хугацааг сунгах тухай захирамж (хавтаст хэргийн 207-208 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, согтуурсан үедээ ил цагаан хүч хэрэглэн довтолж гэмт хэрэг үйлдсэн болон учирсан хохирол арилаагүй нөхцөл байдал, урьд ял шийтгэгдэж байсан боловч дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э*** т хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч П.Э*** нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нийт 82 /наян хоёр/ хоног цагдан хоригдсон байх тул уг хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, мөн шүүгдэгч П.Э*** т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

​​​​​​​2.3.Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч П.Э*** т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдах нь зүйтэй.

Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э*** нь хохирогч Б.Э***д 390,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Н***т 30,000 төгрөгийн төлөх төлбөртэй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б*** овгийн П***ын  Э*** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э*** т хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч П.Э*** т оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э***ын цагдан хоригдсон 82 (наян хоёр) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э***аас 390,000.0 төгрөг гаргуулан хохирогч Б.Э***д, 30,000.0 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Л.Н***т тус тус олгосугай.

6.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт хавсарган хадгалуулахаар Эрүүгийн хэргийн төв архивд хэргийн хамт шилжүүлсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч П.Э***ын эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

​​​​​​​10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Э***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

           

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА