Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/294

 

 

 

 

        

   2022       10            17                                        2022/ШЦТ/294

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Жамба,

Шүүгдэгч Д.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Н-д холбогдох эрүүгийн 2238000000558 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Н-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар баг Тэнгисийн доод Буриа гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.С-ыг гараараа нүүр хэсэгт нь цохих, хоолойг нь боож унагах зэргээр зодож, улмаар биед хамрын ясны далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000558 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар баг Тэнгисийн доод Буриа гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.С-ыг гараараа нүүр хэсэгт нь цохих, хоолойг нь боох зэргээр зодож, улмаар эрүүл мэндэд нь хамрын ясны далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н-н өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчим би өөрийн найз Н.О-, түүний эхнэр Г.Д-, нутгийн хүн болох Э-, манай хамаатны дүү болох Б.Ж-, Г.Д-гийн дүү Г.Б- нарын хамт айлын малын хаваржаан дээр очоод пиво уугаад юм яриад сууж байтал оройн 22 цагийн орчим Д.Н- ирсэн. Д.Н- ирэхдээ эрүүл байсан. Улмаар шөнийн 02 цагийн орчим намайг явах гээд мотоциклийн хажууд зогсож байтал Д.Н- гэрт орилж, чамайг ална гэж ирээд намайг хойшоо ухраад эргээд хартал хойноос барьж аваад тонгорч унагаагаад 2-3 удаа гараараа нүүр рүү цохисон. Тэгж байтал Н.О- ирээд Д.Н-г татаж босгосон. Би мотоциклио асааж аваад гэртээ харьсан. Тэгээд гэртээ ороод юу болсон талаар мэдэхгүй байна. ...эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,

Гэрч Ш.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...2022 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн үед ирээд эгч үүдээ гэхээр нь онгойлгож өгөхөд 2 хамрын нүх, амнаас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Би цусыг нь арчингаа болсон зүйлийг асуухад Н.О-, Х.Д.Н- хоёр намайг “А” тамгатай адууг минь хулгайлж авсан гэж зодсон тухай ярьсан. Намайг цай хийж өгөхөд би цай уух тэнхэлгүй байна. Би шоронд явахдаа ч хүнд ингэж зодуулж байгаагүй. Нутгийнхаа хоёр залууд алуулах тавилантай хүн байж гээд дээл гутлыг минь тайлж өгөөч гэхээр нь дээл гутлыг нь тайлж өгсөн. Мөн утсаа өгөөч гэхээр нь утсаа авч өгөхөд багийн дарга О- рүү залгасан байсан боловч утас нь холбогдохгүй байсан. Т.С- тэр чигээрээ утсаа бариад унтчихсан. Тэгээд өглөө босохгүй байхаар нь гайхаад сэрээх гэсэн боловч сэрэхгүй байхаар хүүхэдтэйгээ хамт орон дээр өргөж гаргаад сумын цагдаад дуудлага өгсөн. Мөн цагдаа дуудсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/,

Гэрч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...жимснээс ирээд бид нар пиво авч уухаар болж тохиролцоод би Ө-ын хамт Цагааннуур сум орж 8 ширхэг том 2,5 литрийн пиво авч очсон. Бид нар Тэнгисийн доод Буриа гэх газар манай аав Г-ын хаваржааны байшинд очиж тэнд пиво ууж байгаад 21 цагийн үед тарсан. Тэгээд манай аавын байшинд Д.Н-, Т.С-, Г.Б-, Ө- бид тав үлдсэн. Тэр үед би согтоод унасан байхад найз нь хүргэж өгье гээд намайг аваад гараад малын хашааны ард очиж байхад Д.Н- чи ямар овоо юм бэ гээд Т.С-ыг хүрээд ир гээд араас ирсэн. Н-ыг бид хоёр руу ойртож ирэхэд Т.С- босоод зугтаахаар нь Д.Н- араас нь хөөгөөд явсан. Би харанхуй байсан тул олохгүй байж байгаад дуу чимээгээр нь таамаглаад олж очиход Т.С-ыг Д.Н- нь дээр нь дарсан байсан. Тэр үед манай нөхөр Н.О- ирээд та нар одоо боль гэхэд Д.Н- Т.С- дээрээс босоод хойшоогоо газар хэвтсэн. Т.С- босоод тэр байшингийн хажуунаас мотоциклио асааж унаад явсан. Би алхаад гэртээ харьсан. Намайг гэртээ очиход 03 цаг болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 дугаар тал/,

Гэрч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...шөнө 02 цагийн үед тэр пиво ууж байсан эхнэр Г.Д-г авахаар очиход малын хашааны ард эмэгтэй хүн орилоод байхаар нь очиход тэнд манай эхнэр Д.Н-г загнаж байсан. Харин Д.Н- Т.С-ын дээр нь сууж байхаар нь загнаж болиулахад Т.С- босоод мотоциклио очиж аваад асаагаад явсан. Д.Н- бид хоёр тэр пиво уусан байшиндаа орж унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 дугаар тал/,

Гэрч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын 2-р багийн Тэнгисийн доод Буриа гэх газар манай байшинд манай ах, эгч, найзууд нийлж пиво уусан юм. Тэгээд орой 21 цагийн үед бусад нь яваад Д.Н-, Г.Д-, Т.С-, Ө- бид нар үлдсэн юм. Би пиво ууж байгаад дотор эвгүйрхээд байхаар нь унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар тал/,

Гэрч Б.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өглөө нь буюу 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагийн орчим манайд Д.Н- гэдэг хүн ирээд Т.С- ухаангүй байгаа гэнэ, бид хоёр согтуудаа зодолдсон юм шиг байна гэж манай гэрийн хүмүүст хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Бадралын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 464 дугаартай: “...Т.С-ын биед хамрын ясны далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 43-45 дугаар тал/,

Х.Т-с гэмт хэргийн талаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Б-д гаргасан гомдол /хх-ийн 2 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Н-н гэм буруугаа хүлээж өгсөн: “...зөвшөөрч байна. ...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар ярьсан. Маргааш нь 12 цагийн орчим Т.С-ынд очиход зүүн талынхаа орон дээр хэвтэж байсан. Тэгэхэд бие нь гайгүй байх шиг л байсан. Уруул нь овойгоод хавдчихсан байсан. Миний хувьд хохирогчтой уулзаж хохирлыг нь төлж барагдуулъя гэсэн боловч нэгэнт цагдаа, шүүх дээрээ тулсан, цагдаа шүүхээрээ шийдүүлье гээд уулзуулахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.С-ын мэдүүлэг, гэрч Ш.Ө-, Г.Д-, Н.О-, Г.Б-, Б.Ж- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 464 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Н-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.Н- нь хохирогч Т.С-тай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний хамрын ясны далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.С-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Н-н үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн тал дээр маргаагүй.

Шүүгдэгч Д.Н-н үйлдэл идэвхтэй, хохирогч Т.С-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Д.Н-н гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Н-н гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хохирогч Т.С- нь мөрдөн шалгах ажиллагааны үед нэхэмжилнэ гэсэн боловч эмчилгээтэй холбоотой баримтыг хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байх тул хохирлын талаар тодорхой тооцоо хийх боломжгүй байна. Иймд хохирогч Т.С- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Н-гаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.Н- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 68 тал/, прокуророос сонсгосон 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын саналыг яллагдагч хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2238000000558 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-г 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Н-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.С- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Н-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн 2238000000558 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР