Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 45

 

                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэцэцэг

Шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэ

Улсын яллагч Д.Баянмөнх

Хохирогчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодол

Хохирогч Г.Дониддагва

Шүүгдэгч Б.Бямбадорж нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтооолыг баталж ирүүлсэн Б.Бямбадоржид холбогдох 201612000144 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын 1-р амаржих газарт 1994.12.03-нд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамир эрүүл мэндийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5-р баг Чингийн 3-4 тоотод оршин суух, Өсвөрийн аварга шалгаруулах жудо бөхийн 2012 оны тэмцээнд 3-р байр, Залуучуудын улсын аварга шалгаруулах 2013 оны тэмцээнд мөнгөн медаль авч байсан гэх, жүдо бөхийн спортын дэд мастер цолтой гэх, урьд ял шийтгэлгүй /РД:ЗГ94120311/ Бурхант овогт Баатарчулууны Бямбадорж нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

А/ Хэргийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 8 сарын 5-ны орой Дониддагва, Идэрсайхан, Батсэргэлэн нартай хоёр шил архийг эмийн сангийн тэнд суугаад хувааж уусан. Дониддагватай маргалдахад энэ намайг үгээр идээд байсан. Чи бол зэвүүн пизда ш дээ гэж хэлсэн. Дониддагва намайг цохихоор нь би зөрүүлээд цохьсон. Цохиход унахаар нь нэг цохиод, нэг өшиглөсөн. Тэгж байтал Батцэнгэл ирж салгаад намайг гэрт хүргэж өгсөн гэх мэдүүлэг.
  • Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр Батсэргэлэн бид хоёр хамт яваад 0.75 литрийн Улаанбаатар архи нэг шилийг авсан. Идэрсайхан гэдэг залуу манай ангийн найз. Идэрсайхан дээр очиж юм ярьж суугаад ууя гээд тэднийд очсон. Тэгээд Бямбадорж ирсэн. Идэрсайхан “Гэрт уугаад яахав, хөдөө гарч ууя” гээд сумын зүүн хойно байрлах колонк дээр очиж 0.75 литрийн архиа уусан. Ууж дуусаад дахиад нэг шил Онги авч төв рүү орж эмийн сангийн үүдэнд шатан дээр сууж уусан. Тухайн үед 22 цаг өнгөрч байсан. Ууж дуусаад Идэрсайхан, Батсайхан хоёр “Давших зам хоршооны дэлгүүрийн бараа ирлээ, тэрийг буулгана” гээд явсан. Бид 2 юм яриад үлдсэн. Бямбадорж “чи намайг хүнд муу ярьсан байна лээ, би яасан юм” гээд өөдөөс уурлаад байсан. Тэгэхээр нь “Би хүн муу яриад байдаг хүн биш. Би уусан ч гэсэн хүнтэй муудаж байсан түүх байхгүй. Намайг хүнтэй зодолдож гар зөрүүлж байсныг сонссон уу. Согтуу хүмүүс хоорондоо муудах шиг хэрэггүй зүйл байхгүй. Дараа нь бөөн асуудал болно. Юм ярих гээд байгаа бол эрүүлдээ учраа олъё гэж хэлсэн. Би харилаа гээд босох гээд мөрөн дээр нь дараад түшээд бостол араас шилэн хүзүүн дундуур цохиод авсан. Би сөхрөөд унатал босохын завдал өгөлгүй үсдэж аваад хоёр, гурав өшиглөсөн. Тэр үед ухаан алдаж унаад юм болсныг мэдээгүй. Батсэргэлэн ирээд салгасан гэдгийг дараа нь мэдсэн. Үсдээд толгой руу өшиглөөд байсан. Түүнээс хойш сайн санахгүй байгаа. Маргааш өглөө босоход чихнээс цус гарч байсан. Би “ахын дүү муудахгүй шүү” гэхэд “би чиний дүү биш, том юм яриад ахархалаа” гээд байсан. Өглөө нь сэрээд босч явах гэтэл явж чадахгүй шууд ойчоод байсан. Одоогийн байдлаар чих байнга шуугьдаг, хурдан явах, эргэх хөдөлгөөн хийхэд тэнцвэрийн цэг алдагдсан учраас ойчих гээд байдаг. Толгой хүнд оргиод толгойгоо дийлэхгүй байгаа. Мөн сонсгол бууралттай байгаа гэх мэдүүлэг
  • Хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016.08.05-ны өдөр сумын төвд Батсэргэлэн, Идэрсайхан, Бямбадорж бид 4 нийлж 2 шил архи хувааж уугаад эмийн сангийн урд довжоон дээр юм яриад сууж байтал дэлгүүрийн ачаа буулгана гээд Идэрсайхан, Батсэргэлэн нар зүүн тийшээ яваад өгсөн. Тухайн үед 23 цаг болж байсан. Тэгээд Бямбадорж бид 2 үлдээд юм ярьж байгаад Бямбадорж над руу чи намайг хүнд эвгүй ярьсан байна лээ гэхээр нь би “би хүн муулдаг хүн биш, хоёулаа архи уусан байж муудалцаад яахав. Эрүүл дээрээ учраа олъё” гэсэн. Тэгээд би харих гээд Бямбадоржийн мөрөн дээр нь дараад бостол толгой руу цохиод авсан. Тэгтэл миний толгой эргээд газар унаад  өгсөн. Тэгээд босох гэтэл босч чадахгүй байсан. Тэгтэл үснээс зулгааж байгаад хөлөөрөө баруун шанаа хэсэг рүү 2 удаа өшиглөтөл би ухаан алдаад унасан. Тэгээд яаж босч явснаа мэдэхгүй байгаа юм  гэх мэдүүлэг /хх-5/
  • Гэрч Б.Батсэргэлэнгийн: 2016.08.05-ны орой Идэрсайхан, Дониддагва, Бямбадорж бид 4 нийлж 2 шил архи хувааж уусан. 23 цагийн үед сумын төвд эмийн сангийн довжоон дээр юм яриад сууж байгаад Идэрсайхан бид 2 Мөнхөө ахын дэлгүүрийн барааг буулгах гээд зүүн тийшээ явсан. Барааг нь буулгаж дуусаад Идэрсайхан зүүн тийшээ гэрлүүгээ явсан. Би буцаад тэр 2 дээр очтол хоорондоо муудалцаад хэрэлдээд байсан. Тэгээд удалгүй босцгоогоод Бямбадорж Дониддагвыг гараараа шанаа руу нь цохиод авсан. Тэгтэл Дониддагва газар унасан. Тэгээд Бямбадорж дээрээс нь  2-3 удаа цохих шиг болохоор нь би гүйж очоод салгаад Бямбадоржийг гэрт нь дөхүүлж өгөөд эргээд иртэл Дониддагва байхгүй байсан гэх мэдүүлэг /хх-6/
  • Шинжээчийн 2016.08.24-ний өдрийн 11728 тоот дүгнэлтэд “Г.Дониддагвын биед баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн цус хуралт, няцрал, баруун чихний холимог хэлбэрийн сонсгол бууралт, 2-р зэрэг бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-9/
  • Дахин шинжилгээ хийсэн шинжээчийн 2016.10.04-ний 1263 тоот дүгнэлтэд:  Шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2016.08.24-ний өдөр гаргасан 11728 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Д.Дониддагвын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Урьд гаргасан №11728 тоот дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Г.Дониддагвын биед баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнгийн эдийн цус хуралт, няцрал, баруун чихний хэнгэрэн хальсны цоорол, баруун чихний сонсгол их хэмжээгээр бууралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчиллээр үүссэн байх боломжтой. Г.Дониддагвын баруун чихний сонсгол их хэмжээгээр буурсан байна. Нэг чихний сонсгол их хэмжээгээр буурах нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 10% нөлөөлнө гэжээ.  /хх-34-35/   Үүнд: 2016.09.28-ны ШУГТЭ-н сонсголын бичлэгт 35-80 дц баллаар сонсгол буурал. Онош: гэмтлийн гаралтай баруун чихний мэдрэл мэдрэхүй гаралтай сонсгол бууралт 2-р зэрэг, чих шуугилт гэжээ.

 

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Хохирогчоос “Б.Бямбадоржийг огт цохиогүй, би харилаа гээд босох гээд мөрөн дээр нь дараад түшээд бостол араас шилэн хүзүүн дундуур цохиод авсан” гэж, шүүгдэгчээс “Дониддагва намайг цохихоор нь би зөрүүлээд цохьсон” гэж зөрүүтэй мэдүүлж байгаа, шинжээчийн 2016.09.23-ны өдрийн 160200400 тоот дүгнэлтээр /хх-46/ Б.Бямбадоржийн бие махбодид гэмтэл тогтоогдоогүй нь шүүгдэгч Б.Бямбадоржийн энэ хэргийг үйлдсэн сэдэлтийг эргэлзээтэй болгож байна.

Гэвч гэмт хэрэг үйлдэгдэх тухайн үед шүүгдэгч, хохирогч нар хэн алин нь согтуурсан байсан ба хоорондоо маргалдсанаа хэн алин нь хүлээн зөвшөөрч байгаа, гэрч Б.Батсэргэлэн “би буцаад тэр 2 дээр очтол хоорондоо муудалцаад хэрэлдээд байсан” гэж мэдүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал …шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмын дагуу зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шүүгдэгчид ашигтайгаар асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт судалсан баримтуудаар шүүгдэгч Б.Бямбадорж нь 2016 оны 8 сарын 5-ны орой 23 цагийн орчимд Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвд хохирогч Г.Дониддагвыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдож байх тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял оногдуулж, шийтгэхээр шийдвэрлэв.

            Хохирогчийн өмгөөлөгчөөс “хохирогчийн биед учирсан гэмтэлд нэмэлт шинжилгээ хийлгэх тухай” хүсэлтийг 2016.11.21-ний өдөр гаргаж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнөх шатанд энэ хүсэлтээсээ татгалзсан тул шүүх хүсэлтийг хэлэлцсэнгүй.

Учир нь ХЗСайд, ЭМСайдын хамтарсан 2014.12.05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын 1-р хавсаралтаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т “Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.2 ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдсан гэж, 2.5-д Шинжлүүлэгчийн биед энэ журмын 2.2-2.4-т заасан шалгуур шинжүүдийн аль нэг илэрвэл энэ гэмтлийн зэрэг тогтоох хангалттай үндэслэл болно гэж, Мөн журмын 4-рт Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн Наймын 39-ийн 2-т Сонсгол их хэмжээгээр буурах ХЧАлдалт-10 хувь гэж, уг заалтын “Тайлбар”-т : Их хэмжээгээр буурахад шивнээ яриаг сонсохгүй, ердийн яриаг 1 м зайнаас сонсож, сонсголын бичлэгт мөн дээрх Гц-ийн давтамжид 60-80 Дц баллаар буурна гэж тус тус заажээ. Үүнээс үзэхэд шинжээч нар хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг  “эрүүл мэндийг сарниулсан хугацаа”-гаар биш, “хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр тогтонги алдсан” гэсэн шалгуур шинжээр тогтоосон байх тул хохирогч нь гэмтсэнээс хойш эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэж байгааг “шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал” гэж үзэхгүй учраас одоохондоо хохирогчид нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагагүй байна.

 

            Б/ Хохирол төлбөрийн талаар:

 

            Хохирогч нь шүүгдэгчээс нийт 6113413 төгрөг нэхэмжилж баримт гаргасныг судалж үзээд дараахь шалтгаанаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв. Үүнд:

  • Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд…-д хууль бусаар санаатай үйлдэлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь…эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заажээ. Иймд эмчилгээ, шинжилгээ, эм тарианд зарцуулсан зардал 1425987 төгрөг, сонсголын аппаратны төлбөр 2150000 төгрөг, нийт 3575987 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох үндэслэлтэй байна.
  • Хохирогчоос гаргаж өгсөн зарим баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, худалдагч, худалдан авагчийн гарын үсэггүй, давхардсан, бүдэг,  зарим баримт нь  байгууллага хоорондын зарлагын падаан хавсаргасныг хувь хүний худалдан авалтын баримт болон зайлшгүй гарсан зардал гэж үзэхэд  эргэлзээтэй тул 2537426 төгрөгтэй холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хуульд заасан шаардлагын дагуу нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв. Үүнд: өмгөөлөгчийн дугаарласнаар 1, 2, 4, 5, 6, 12, 13, 16, 17, 27, 28, 29, 32, 33, 34 дүгээр хуудсан дахь баримтууд хамаарч байна.
  • Шүүгдэгч нь хохирогч талд 317400 төгрөгийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан гэх ба прокурор энэ талаар яллагдагчаар татах тогтоолын хавсралтанд дурьдсан байх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байх тул энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурьдах нь зүйтэй байна.

 

В/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, согтуурсан үедээ гэмт хэрэг үйллсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно. Мөн хүний эрүүл мэндэд хохирол учруулаад учраалсан гэм хороо нөхөн төлөөгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан ялаас баривчлах ялыг сонгон оногдуулж, нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283- 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297-299, 301, 304 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Бурхант овогт Баатарчулууны Бямбадоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Б.Бямбадоржид 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Б.Бямбадоржид оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг эдлүүлэхийг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  4. Шүүгдэгч Б.Бямбадорж нь хохирогчийн эмчилгээнд 317400 төгрөгийг төлсөн гэсэн нь баримтаар нотлогдохгүй байгаа ба энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Бямбадоржийн хувьд ногдох хөрөнгөөс 3575987 /гурван сая таван зуун далан таван мянга есөн зуун наян долоон/ төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон овогт Ганзоригтын Дониддагвад олгосугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар иргэний нэхэмжлэлээс үлдэх 2537426 төгрөг гаргуулахтай холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Г.Дониддагва нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б.Бямбадоржоос нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар Г.Дониддагвын амбулаторийн картыг /2 ширхэг/ хохирогч Г.Дониддагвад буцаан олгож, картын хуулбарыг 201612000144 тоот хэрэгт үлдээж, баримтыг мөн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.
  8. Энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эцэсргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бямбадоржид урьд авсан гадагш явахгүй байх баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

          

 

 

     ДАРГАЛАГЧ                                        С.СЭРЖМЯДАГ