Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 866

 

А.Б-д холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1910 00295 0307 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн А-н Б, 19.. оны .. дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, .......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............/;

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 634 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 634 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2005 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1060 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоож, уг ялыг биечлэн эдэлж байгаад Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 269 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 22 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 435 дугаартай захирамжаар ялыг дүйцүүлэн хасаж, А.Б-н эдлэх ялыг 1 жил 1 сар 10 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялын биечлэн эдэлж, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

А.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр .... дүүргийн 8 дугаар хороо, ....... дугаар гудамжны 490 тоотод оршин суух иргэн Н.Ц-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хулгайлан авч, 2.061.397 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш овгийн А-н Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-н цагдан хоригдсон 63 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг сиди-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Н.Ц нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

            Шүүгдэгч А.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Би чихний хэнгэрэгээ нөхүүлж, хагалгаа хийлгэсэн, мөн хараа муутай, хааяа сэтгэцэд өөрчлөлт ордог нь үнэн. Би хэдийгээр хараа муутай ч гэсэн өөрийн хөдөлмөрөөр мөнгө олох нь сайхан гэдгийг мэдэрсэн. Цаашид ажил хөдөлмөр хийж, чин шударгаар амьдрах хүсэлтэй байна. Мөн дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хүмүүжихээ илэрхийлж байна. Хувийн байдлыг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг минь багасгаж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч А.Б нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг өөрийн сайн дураар төлсөн. А.Б нь нүдний болор цайх өвчтэй, түүнээсээ эмзэглэж, сэтгэцэд нь үе үе өөрчлөлт ордог. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

  Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Давж заалдах гомдолтой холбогдуулж прокурорын зүгээс хэлэх тайлбаргүй. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

А.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ....... дүүргийн 8 дугаар хороо, ...... дугаар гудамжны 490 тоотод оршин суух иргэн Н.Ц-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хулгайлан авч, 2.061.397 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Ц-н “...Намайг гэртээ очиход манай байшингийн галын өрөөний жижиг вакум цонх хагарсан байдалтай байхаар нь гэртээ ортол эд юмс эмх цэгцгүй болсон байсан. Манай гэрийн унтлагын өрөөний хувцасны шүүгээнд байсан... хар өнгийн фудболка 2 ширхэг, 450 ам.долларын үнэ бүхий эрэгтэй хүний бугуйн цаг, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн ном, хүүхдийн өрөөний тавиур дээр байсан бэлэн 200.000 гаран мянган төгрөг, эхнэрийн үүргэвч, үүргэвчинд байсан 4100 юань, 4 ширхэг мөнгөн бөгж, жижиг мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлсан байсан. ...” /1 хх 34-35/,

гэрч Б.Д-н “... Намайг гадаа хашаандаа байж байтал манай эгчийн байшингийн цонхоор танихгүй эрэгтэй хүн хараад зогсож байсан. Намайг харчихаад байшингийн араар тойроод гараад явчихаар нь цагдаад дуудлага өгсөн. Би араас нь гараад хартал нөгөө залуу том хар үүргэвч үүрчихээд манай арын гудамжинд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглээд явж байснаа намайг хараад буцаад явчихсан. ...” /1 хх 38-39/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 6-13/, “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /1 хх 56-57/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 100/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч А.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч А.Б-д анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч А.Б-с “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан, надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Учир нь, анхан шатны шүүхээс А.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын хэмжээнд буюу 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл буюу “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх..,” зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх тухай үүрэг болгосон заалт биш болохыг тэмдэглэвэл зохино.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоолын хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.