Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2024/0475

 

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2024/0475

Улаанбаатар хот

 

.Батжаргалын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхжаргалын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч И.Б

Хариуцагч ЗАИУСЗД

Гуравдагч этгээд Э.У

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч И.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А

Хариуцагч О.О

Гуравдагч этгээд Э.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

 

Хэргийн индекс: 118/2024/0013/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн И.Быг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/55 дугаар захирамжийг хүчингүй болгож, И.Быг Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхжаргал дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. И.Б нь Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр буцаасан байдаг. Ингээд И.Б нь Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 01-р сарын 19-ний өдрийн 04/137 дугаартай хууль хэрэгжүүлэн ажиллах тухай албан бичгийг 2024 оны 02-р сарын 04-ний өдөр гардаж аваад Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 03-р сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлд заасан 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах зохицуулалтыг зөрчиж 1 хоногийн хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт "... Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 49-р зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтад заасныг тус баримтлан Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 11-р сарын 20-ны өдрийн "И.Быг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" Б/55 дугаар захирамжийг хүчингүй болгож И.Быг Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож" шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь И.Бын хувьд Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 11-р сарын 20-ны өдрийн "И.Быг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" Б/55 дугаар захирамж гарах цаг хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалттай байсан тул түүнийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд Завхан аймаг дахь захиргааны тийн анхан шатны шүүхийн 2024 оны 05-р сарын 08-ны өдрийн 118/ШШ2024/0021 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

1. Нэхэмжлэгч И.Бын хүчингүй болгуулахыг хүссэн Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/55 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д заасныг үндэслэн И.Б нь 2022 оны 2 дугаар сараас эхлэн эрүүл мэндийн шалтгаанаар Энэтхэг улс руу элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 89 хувиар тогтоосон тул 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, 1 жилийн хугацаанд ажлын байрыг хадгалсан болохыг дурдаж, 4 дэх заалтаар хуулийн хүрээнд ажил, ачааллыг бууруулж, холбогдох ажлын байраар хангаж ажиллахыг Тамгын газрын даргад үүрэг болгожээ. Тамгын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар хуулийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалд томилсон байна.

2. Анхан шатны шүүх ... нэхэмжлэгчийн ажлын байрыг хэвээр хадгалж байсан атлаа нэхэмжлэгчийг эмчилгээ дуусаж ажилдаа орох үед нь Хөдөлмөрийн тухай болон Төрийн албаны тухай хуулийн заалтаар эмчлүүлэх шаардлагатай гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг түр чөлөөлсөн нь үйл баримт, үндэслэлийн хувьд зөрчилтэй, ойлгомжгүй болсон талаар дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

3. Маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө:46.1.1.хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон; гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: 80.1.3.ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол; гэж заасныг үндэслэсэн нь бодит байдалд нийцээгүй байна.

3.1. Учир нь нэхэмжлэгч И.Б нь 2022 оны 2 дугаар сард дээрх төрийн албаны хуульд зааснаар 3 сараас дээш хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай байсан боловч хариуцагч нь уг хуулийг хэрэглэж төрийн албанаас чөлөөлөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална: 60.1.2.донорын үүрэг гүйцэтгэх, эсхүл энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д зааснаас бусад тохиолдолд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай; гэж заасны дагуу түүний албан тушаалын ажлын байрыг хадгалж байсан нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

3.2. Нэхэмжлэгч нь эмнэлэг хөдөлмөрийн магадлалын комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар 89 хувиар алдсан нь 2023 оны 01 дүгээр сард тогтоогдох үед би Энэтхэг улсад дөнгөж мэс засалд ороод удаагүй байхад надтай цахимаар холбогдож тогтоосон, одоо биеийн байдал сайжраад ажлаа хийх гэхэд чөлөөлчихлөө гэж маргасан бөгөөд хариуцагч нь хөдөлмөрийн чадвар нь сэргээгдсэн эсэх, тухайн ажил, албан тушаалын үүргийг гүйцэтгэж чадахгүй, харин хуулийн мэргэжилтний албан тушаалыг гүйцэтгэх чадвартай эсэхийг эрх бүхий этгээдээр тогтоолгоогүй, өөрөөс нь асууж тохиролцоогүй атлаа Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, хуулийн хэлтсийн мэргэжилтнээр томилуулсан нь дээрх хуулийн заалтуудад нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

4. Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн талаар гомдол гаргасан боловч нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 04-ний албан бичгийг аваад 03 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байх тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 118/ШШ2024/0021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын өмгөөлөгч Б.Энхжаргалын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛГЧ