Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0591

 

2021 оны 09 сарын 15 Дугаар 128/ШШ2021/0591  Улаанбаатар хот

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г ХХК

Хариуцагч: Э ХК, 

Нэхэмжлэлийн шаардлага: Цанхийн зүүн уурхай нүүрс ачилтын зардал үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах Э******* дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 05 дугаар сарын 19-ний Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, Э ХК-ийн зарласан Цанхийн зүүн уурхай нүүрс ачилтын зардал үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах Э******* дугаартай тендерт Г ХХК-ийн ирүүлсэн материалыг шаардлага нийцээгүй тендер гэж үзэж үнэлэхээс татгалзсан захиалагчийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 12/856 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн дагуу тендерийг үнэлэхийг Э ХК-ийн зарласан Цанхийн зүүн уурхай нүүрс ачилтын зардал үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах Э******* дугаартай тендерийн Үнэлгээний хороонд даалгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, М.Ч, Э.Э, Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э ХК-ийн зарласан Цанхийн зүүн уурхай нүүрс ачилтын зардал үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/202102390 тоот тендертэй холбогдуулан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт (30 хоногийн хүчинтэй) нь тендер нээсэн өдөр буюу 2021 оны 5-р сарын 13-ны өдрөөс өмнө хүчингүй болсон гэсэн байна.

Захиалагч нь тендерийн хүлээн авах хугацааг хууль, журамд заасан үндэслэлээр хойшлуулаагүй ба хойшлуулахдаа тендерийн баримт бичигт шаардлагатай өөрчлөлтийг оруулаагүй. Худалдан авах ажиллагааг хүлээн авах хугацааг хойшлуулахдаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хойшлуулсан байгаа бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зарчим болох гамшгийн үед худалдан авах ажиллагааны хугацааг богиносгох буюу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх зарчим зөрчигдсөн байна. (34.1.5 заалт)

Мөн тендерийн баримт бичигт хууль, журамд заасан үндэслэлийн дагуу өөрчлөлт оруулсантай холбогдуулан тендер хүлээн авах хугацааг хойшлуулж болдог болохоос хүлээн авах хугацааг хойшлуулснаас үүдэн ТББ-т өөрчлөлт оруулах үндэслэл байхгүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолтын хүчинтэй хугацаа дууссан гэж үзсэн байна. ТШӨХ-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт ирүүлнэ (тодорхойлолт нь тендер зарласан өдрөөс хойш авсан байх бөгөөд ирүүлээгүй нь татгалзах үндэслэл болно ТББ 4.2.а) гэж заасан бөгөөд хүчинтэй хугацааны талаар заагаагүй байна. Мөн Г ХХК нь энэхүү тодорхойлолтын хүчинтэй хугацаа хэтэрсэн 15 хоногт шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөр үүссэн гэж үзэх үндэслэл байхгүй болно.

2. Санал болгосон техникүүдийн 80-с доошгүй хувь нь өөрийн эзэмшлийн байх гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн байна.

Бид тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.2.г-д заасан ажил гүйцэтгэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжүүдийн мэдээлэл, гэрчилгээ, зураг болон бусад баримт бичгийг тендерт илгээсэн.

Тендерийн баримт бичигт оруулсан манай өөрийн техник тоног төхөөрөмжүүд нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.2.г заалт Машин механизм, тоног төхөөрөмжүүд нь Лизингийн болон Фидуцийн гэрээтэй байж болно гэсэн заалтыг хангаж байгаа бөгөөд 4.2.г-д лизинг болон фидуцийн гэрээг хавсаргана гэж шаардаагүй байна.

3. Үндсэн ажилтнуудын 2020 оны 10 дугаар сарын НД-8-ыг ирүүлээгүй гэсэн байна.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд үндсэн ажилтнуудын сүүлийн 6 сар буюу 2020 оны 10, 11, 12 дугаар сар, 2021 оны 1, 2, 3 дугаар сарын НД-8 маягтыг ирүүлнэ гэж заасан боловч тендер 2021 оны 5-р сарын 13-ны өдөр нээх болсонтой холбогдуулан тендерийн баримт бичигт 2020 оны 11, 12 дугаар сар, 2021 оны 1, 2, 3, 4 дүгээр сарын НД-8 маягтыг ирүүлнэ гэж өөрчлөлт оруулах байсан. Журамд нийцүүлж зохих өөрчлөлт оруулсан бол 2020 оны 10-р сарын лавлагаа шаардлагагүй болох байсан.

Харин бидний хүргүүлсэн тендерийн баримт бичигт 2021 оны 10 сард нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэдэг нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 4-р сарын 27-ны өдрийн Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (тендерийн баримт бичгийн 112 хуудас)-с харагдаж байгаа болно.

4. Тендерт оролцогч ТОЭЗ-ны 3.2.1-3.2.11-д дурдсан нөхцөл үүссэн эсэх тухай албан мэдэгдэл ирүүлээгүй гэсэн байна.

Гэтэл Г ХХК нь 2021 оны 04-р сарын 09-ний өдрийн 3/257 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 14 дүгээр зүйлийн 14.1 болон ТОӨЗ-ын Ерөнхий зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал байхгүй гэдгийг илэрхийлсэн болно.

5. Гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, ажлын даалгаврыг хүлээн зөвшөөрсөн тухай албан мэдэгдэл ирүүлээгүй гэсэн байна.

Гэтэл Г ХХК нь 2021 оны 04-р сарын 09-ний өдрийн 3/257 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт Гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, ажлын даалгаврыг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн болно.

Дээрх шалтгааны улмаас захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн бидний тендерээс татгалзсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 заалтад тендер нь шаардлага хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно гэж заасан байдаг.

27.2.1 бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө,

27.2.2 захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх,

27.2.3 энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх,

Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 8.2 хэсэгт тендерийн баримт бичгийг томоохон зөрүүгүй хангаж чадаагүй тендерээс татгалзах үндэслэл болж болно гэж заасан баина.

ТОӨЗ-ийн 26.2 хэсэгт Зөрүү нь дараах шинж чанартай бол томоохон зөрүү гэж үзэхээр заасан байна.

(а) үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхээр бол;

(б) гэрээнд заасан захиалагчийн эрх, тендерт оролцогчийн үүрэгт тендерийн баримт бичигтэй үл нийцэх зарчмын хязгаарлалт оруулсан бол;

(в) эдгээрийг хүлээн зөвшөөрөх нь үндсэн шаардлагыг хангасан тендер ирүүлсэн бусад оролцогчийн өрсөлдөөнд шударга бус байдал үүсгэхээр бол;

Манай илгээсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 27 дугаар зүйлийн 27.2 заалтад заасан шалгуур үзүүлэлтэд хамаарах алдаа дутагдал байхгүй, Тендер Шалгаруулалтын Өгөгдлийн Хүснэгтийн 12.1-д заасан жагсаалтаас материал илгээгээгүй зөрчил гаргаагүй, ТОӨЗ-ийн 26.2-заасан томоохон зөрүү гэж үзэх зөрчил гаргаагүй байхад манай тендерийг хянан үзээд тендерээс татгалзсан шийдвэр нь хуульд нийцэхгүй байна.

Захиалагчийн зөрчил гэж үзээд байгаа бичиг баримтын алдаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-д заасан ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхээргүй бөгөөд тендер оролцогчид дундаас хамгийн бага үнэ буюу төсөвт өртгөөс 38 хувиар хямд, техникийн тодорхойлолтод заагдсан шаардлага үзүүлэлт бүрэн хангасан тендер хүргүүлсэн тул Э ХК-ийн зарласан Цанхийн зүүн уурхай нүүрс ачилтын зардал үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/202102390 тоот тендерийн үнэлгээний хороонд тендерийг үнэлэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, Тендерийн үнэлгээний хорооны дарга Б.Ж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 1. Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилт хийх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороо нь Э ХК- ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн А/69 дугаартай тушаалаар байгуулагдсан.

Э ХК-ийн цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын тендерийг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зарлаж тендерийн урилгыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем https://tender.gov.mn болон Э ХК-ийн http://www.erdenestt.mn/ веб хуудаснуудад байршуулж, 2021 оны 03 дугаар сарын 15 өдрийн Монголын мэдээ сонины №029 (5434), өнөөдөр сонины №048, 049 (7096, 7097), The UB post №029 (2281) дугаарын сонинуудад тус тус гаргасан.

Засгийн газраас цар тахал, Корона вирусын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор бүх нийтийн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор тус тендерийн материал хүлээж авах хугацааг 2 удаа сунгасан.

Тус тендерийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 10 минутад нээхэд нийт 8 компани тендерийн материал цахимаар илгээсэн. Үүнд:

Г ХХК, Н ХХК, З ХХК, Т ХХК, М ХХК, Т ХХК, Э ХХК, М ХХК-иуд оролцсон.

Тендерт оролцогчдын тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд үнэлж дүгнэхэд дараах байдлууд тогтоогдсон. Үүнд:

2.1. Г ХХК-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт (30 хоногийн хүчинтэй) нь цанхийн уурхайн нүүрс ачилтын тендерийн нээсэн өдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүчингүй болсон байсан.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 9 дүгээр сарын а/219 дугаар тушаалаар батлагдсан Төлбөртэй этгээдийн бүртгэл хөтлөх, тодорхойлолт, лавлагаа гаргах журмын 3.3 дахь хэсэгт Шүүхийн шийдвэрээр төлбөртэй эсэх талаар тодорхойлолт, лавлагааг орон нутагт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /хэлтэс/-ын ахлах шийдвэр гүйцэтгэгч, нийслэлд Шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл, лавлагаа хариуцсан нэгж олгох бөгөөд тодорхойлолт, лавлагаа нь 30 хүртэл хоногийн хугацаатай байна гэж заасан байна.

Иймд Г ХХК-ийн ирүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан тодорхойлолт хүчин төгөлдөр бус байсан.

2.2 Тендерийн баримт бичигт заасан санал болгосон техникүүдийн 80-аас доошгүй хувь нь өөрийн эзэмшлийн байх гэсэн шаардлагыг Г ХХК хангаагүй. Тус компанийн санал болгосон нийт 12 техникийн 10 нь өөр хуулийн этгээдийн өмчлөлд буюу 49-61 УР,17-10 УН, 15-73 УН, 31-90УН, 50-72 УБР улсын дугаартай техникүүд ХХБ-д өмчлөлд, 73-89 УР, 24-43 УР улсын дугаартай техникүүд Т ХХК-ийн өмчлөлд, 02-57 УН улсын дугаартай техник В ХХК-ийн өмчлөлд, 46-22 УБ улсын дугаартай техник Х ХХК-ийн өмчлөлд тус тус байгааг www.tender.gov.mn цахим хуудасны лавлагааны хэсгээс тодруулсан. Тендерийн баримт бичигт лизинг, фидуцын гэрээтэй байж болно гэж заасан боловч холбогдох лизинг, фидуцын гэрээ зэрэг нотлох баримтаа ирүүлээгүй нь тус тендерээс татгалзах үндэслэл болсон.

2.3 Тендерийн баримт бичигт заасан үндсэн ажилтнуудын 2020 оны 10, 11, 12, 2021 оны 1, 2, 3 дугаар сарын НД-8 ирүүлэхийг шаардсан байхад Г ХХК нь үндсэн ажилтнуудын 2020 оны 10 дугаар сарын НД-8-ыг ирүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангаагүй.

2.4 Тендерт оролцогч ТОӨЗ-ны 3.2.1-3.2.11-д дурдсан нөхцөл үүссэн эсэх тухай албан бичиг болон Гэрээний ерөнхий нөхцөл , ажлын даалгаврын хүлээн зөвшөөрсөн тухай албан бичиг ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн Тендерт оролцогч ТОӨЗ-ны 3.2.1-3.2.11-д дурдсан нөхцөл үүссэн эсэх тухай албан бичиг ирүүлэхийг шаардсан бөгөөд ТШӨХ-д заасан материалуудын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасныг хангаагүй болно.

3. Дээрх үндэслэлүүдээр буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасныг үндэслэн Үнэлгээний хорооны 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр бүх тендерээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 12/856 дугаартай Тендерээс татгалзах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч "Г ХХК-д хүргүүлсэн.

Нэхэмжлэгч нь дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/3170 тоот Гомдол хянасан тухай албан бичгээр захиалагчийн татгалзсан шийдвэрийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана. гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч нь Сангийн яамны 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/3170 тоот шийдвэрийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гардаж авсан гэх боловч энэ талаарх баримтыг нэхэмжлэлд хавсарган ирүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрдсэнийг харгалзах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Г ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г ХХК-иас Э ХК болон тус компанийн тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Э ХК-ийн зарласан Цанхийн зүүн уурхай нүүрс ачилтын зардал үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах Э******* дугаартай тендерт Г ХХК-ийн ирүүлсэн материалыг шаардлага нийцээгүй тендер гэж үзэж үнэлэхээс татгалзсан үнэлгээний хорооны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 12/856 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, Э ХК-ийн зарласан Цанхийн зүүн уурхай нүүрс ачилтын зардал үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах Э******* дугаартай тендерийн Үнэлгээний хороонд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн дагуу тендерийг үнэлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад Цанхийн зүүн уурхай нүүрс ачилтын зардал үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах Э******* дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 05 дугаар сарын 19-ний Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч Г ХХК-ийн ирүүлсэн материалыг шаардлага нийцээгүй тендер гэж үзэж үнэлэхээс татгалзсан Үнэлгээний хорооны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 12/856 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 12/856 дугаар албан бичгээс үзвэл тус албан бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасны дагуу захиалагчийн нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан тухай албан бичиг байна.

Иймд шүүх нэхэмжлэгчээс гаргасан Э ХК-ийн зарласан Цанхийн зүүн уурхай нүүрс ачилтын зардал үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах Э******* дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 05 дугаар сарын 19-ний Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, Э ХК-ийн зарласан Цанхийн зүүн уурхай нүүрс ачилтын зардал үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах Э******* дугаартай тендерт Г ХХК-ийн ирүүлсэн материалыг шаардлага нийцээгүй тендер гэж үзэж үнэлэхээс татгалзсан захиалагчийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 12/856 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн дагуу тендерийг үнэлэхийг Э ХК-ийн зарласан Цанхийн зүүн уурхай нүүрс ачилтын зардал үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах Э******* дугаартай тендерийн Үнэлгээний хороонд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/69 дүгээр тушаалаар байгуулагдсан Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилт хийх гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хороо 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж тендерт оролцогчдын тендерийг хянан үзэж,  нэхэмжлэгч Г ХХК-ийн тендерийг 

1.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт нь /30 хоногийн хүчинтэй/ тендер нээсэн өдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө хүчингүй болсон;

2.    Санал болгосон нийт 12 техникийн 10 нь өөр хуулийн этгээдийн өмчлөлд байна;

3.    Үндсэн ажилтнуудын 2020 оны 10 дугаар сарын НД-8 маягтыг ирүүлээгүй;

4.    ТОӨЗ-ны 3.2.1-3.2.11-д дурдсан нөхцөл үүссэн эсэх тухай албан мэдэгдэл ирүүлээгүй;

5.    Гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, ажлыг даалгаврыг хүлээн зөвшөөрсөн тухай албан мэдэгдэл ирүүлээгүй

гэсэн үндэслэлүүдээр шаардлагад нийцээгүй гэж үзэж, улмаар бүх тендерээс татгалзан, тендерийг дахин зарлах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ., 47 дугаар зүйлийн 47.2-т Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна: 47.2.1.техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх; гэж заасны дагуу боловсруулж, бэлтгэсэн Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилт хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн /цаашид Тендерийн баримт бичиг гэх/ Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа-ны 3.3-д ...Тендерт оролцогч 3.2.1-3.2.11-д дурдсан нөхцөл үүссэн эсэх мэдэгдлийг захиалагчид гаргаж өгөх үүрэгтэй., Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.2.а-д ...Тодорхойлолтуудыг тендер зарласан өдрөөс хойш авсан байх шаардлагатай гэж, 4.2.г-д ...Дээрх техникүүдийн ...80-аас доошгүй хувьд нь өөрийн эзэмшлийн байх бөгөөд түүнийг нотлох гэрчилгээ, зураг болон бусад баримт бичиг ирүүлэх. Тус машин механизм тоног төхөөрөмжүүдэд нь лизингийн болон фидуцийн гэрээтэй байж болно., 4.2.д-д Үндсэн ажилтнуудыг сүүлийн 6 сар буюу 2020 оны 10, 11, 12 сар, 2021 оны 1, 2, 3 сарын НД-8-ыг ирүүлнэ. ..., 12.1-д ...9.Тендерт оролцогч ТОӨЗ-ны 3.2.1-3.2.11-д дурдсан нөхцөл үүссэн эсэх тухай албан мэдэгдэл; 10.Гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, ажлын даалгаврыг хүлээн зөвшөөрсөн тухай албан мэдэгдэл; гэж тус тус заажээ.  

Нэхэмжлэгч нь тус тендерийн баримт бичигтэй холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байсан бөгөөд гомдол гаргаж байгаагүй байна. 

Хэрэгт авагдсан Г ХХК-ийн тендерийн баримт бичгээс үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолтод хүчинтэй байх хугацааг 30 гэж заасан бөгөөд тус тодорхойлолт нь тендер зарласан өдрөөс хойш авсан байх шаардлагыг хангаж буй боловч тендер нээсэн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар тодорхойлолтод заасан хүчинтэй байх хугацаа дууссан учир хариуцагчийн үнэлгээний хорооны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ. 

Нэхэмжлэгч компани тендерийн баримт бичигтээ өөрийн эзэмшлийн техникүүдийн гэрчилгээг хавсаргасан боловч зарим техникүүд өөр хуулийн этгээдийн өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.2.г-д заасан тус машин механизм тоног төхөөрөмжүүдэд нь лизингийн болон фидуцийн гэрээтэй талаарх баримтыг хавсаргаагүй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаан дээр ...тендерийн баримт бичигт техникүүд эзэмшлийн байхыг шаардсан бөгөөд заавал өмчлөлийн байхаар заагаагүй, эзэмшил, өмчлөл хууль зүйн хувьд өөр ойлголт, тул манай баримтууд шаардлага хангаж байгаа лизингийн болон фидуцийн гэрээтэй байж болно гэж зааснаас биш гэрээг заавал хавсаргахыг шаардаагүй... гэж мэтгэлцэж байх боловч тус үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно. гэж зааснаар дээрх асуудлаар захиалагчаас тодруулга, нэмэлт мэдээлэл авах боломжтой байсан бөгөөд тендерийн баримт бичигт заасан өөрийн эзэмшилд байх гэдгийг тухайн техникүүд өөрийнх нь нэр дээр байх, өөр этгээдийн нэр дээр байгаа бол гэрээг хавсаргах шаардлагатай гэсэн хариуцагчийн үндэслэлийг үгүйсгэх боломжгүй байна. 

Г ХХК-ийн тендерийн баримт бичигтээ үндсэн ажилтнуудын  2020 оны 10 дугаар сарын НД-8 маягт, ТОӨЗ-ны 3.2.1-3.2.11-д дурдсан нөхцөл үүссэн эсэх тухай албан мэдэгдэл, гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, ажлыг даалгаврыг хүлээн зөвшөөрсөн тухай албан мэдэгдэл зэргийг хавсаргаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Тендерт оролцогч энэ хуулийн 14.1-д заасан нөхцөл байхгүйг бичгээр мэдээлнэ. гэж заасныг зөрчиж байна. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 3/257 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 болон ТОӨЗ-ны ерөнхий зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан нөхцөл байхгүй гэдгийг илэрхийлсэн болно. ...ТОӨЗ-ны 8.2 дахь хэсэгт тендерийн баримт бичгийг томоохон зөрүүгүй хангаж чадаагүй тендерээс татгалзах үндэслэл болно. ТОӨЗ-ны 26.2-т заасан томоохон зөрүү гэж үзэх зөрчил гаргаагүй байхад манай тендерээс татгалзсан гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр Манай компанийн тендерийн баримт бичгийн 592 дугаар хуудсанд тус албан бичиг авагдсан. Хуудасны дугаарлалт давхардсан байсан гэж тус тус нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй. 

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.-д тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг; гэж заасны дагуу тендерт оролцогч тендерийн материалыг бүрдүүлэхдээ хариуцлагатай хандаж тендерийн баримт бичигт заасан шаардлага хангасан материал хавсарган гаргах үүрэгтэй бөгөөд захиалагчаас гаргасан тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангасан байх ёстой юм.

Г ХХК нэгэнт тендерийн баримт бичигт заасан бүрдэл дутуу тендерийн баримт бичигт ирүүлсэн нь тогтоогдож байх бөгөөд энэ нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 26.2-т заасан томоохон зөрүү гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан хариуцагч нарын шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ., 27 дугаар зүйлийн 27.3-д Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ., 27.4-д Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана. 46 дугаар зүйлийн 46.1.2-т үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах;, 47 дугаар зүйлийн  47.2.2-т тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно. гэж заасантай нийцсэн болох нь тогтоогдож байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 14 дүгээр зүйлийн 14.6, 22 дугаар зүйлийн 22.3, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 46 дугаар зүйлийн 46.1.2, 47 дугаар зүйлийн  47.2.2 хэсэгт заасныг тус тус баримтлан Г ХХК-иас Э ХК, тус компанийн Цанхийн зүүн уурхай нүүрс ачилтын зардал үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах Э******* дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Цанхийн зүүн уурхай нүүрс ачилтын зардал үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах Э******* дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 05 дугаар сарын 19-ний Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, Э ХК-ийн зарласан Цанхийн зүүн уурхай нүүрс ачилтын зардал үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах Э******* дугаартай тендерт Г ХХК-ийн ирүүлсэн материалыг шаардлага нийцээгүй тендер гэж үзэж үнэлэхээс татгалзсан захиалагчийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 12/856 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн дагуу тендерийг үнэлэхийг Э ХК-ийн зарласан Цанхийн зүүн уурхай нүүрс ачилтын зардал үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах Э******* дугаартай тендерийн Үнэлгээний хороонд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.ДАМДИНСҮРЭН