Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/03373 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М д” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт төлсөн 28 350 ам.доллар, алданги 14 175 ам.доллар, 400 000 төгрөг, түүний алданги 200 000 төгрөг, нийт 104 579 453 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б,

Хариуцагчийн төлөөлөгч Ж.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б- нь “М д” ХХК-тай худалдааны талбай худалдан авах, захиалгын гэрээ байгуулсан ба гэрээг 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн байгуулсан. Гэрээний дагуу “М д” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Сандэй Плаза захын зүүн талд баригдаж байгаа Мэргэн худалдаа үйлчилгээний төвд 6.3 м.кв талбайг бэлэн хувцас борлуулах зориулалтаар 1 м.кв талбайг 5 000 ам.доллараар бодож 31 500 ам.доллараар худалдан авах, тус компани нь худалдааны төвийн барилгыг 2014 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулан хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Д.Б- гэрээний дагуу 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тухайн өдрийн ханшаар тооцож 10 000 000 төгрөг буюу 7 180 ам.доллар, 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 12 117 980 төгрөг буюу 8 570 ам.доллар, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 3 400 000 төгрөг буюу 2 000 ам.доллар, 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 2 000 000 төгрөг буюу 1 120 ам.доллар, 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 10 039 360 төгрөг буюу 5 480 ам.доллар, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 7 304 000 төгрөг буюу 4 000 ам.доллар, нийт 28 350 ам.долларыг гэрээний төлбөрт төлсөн. 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 400 000 төгрөгийг төлсөн. Энэ мөнгөний тооцооллыг сайн санахгүй байгаа бөгөөд хариуцагчийн тайлбарласан 2 000 000 төгрөгийн тооцоонд орсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Бид гэрээндээ 1 м.кв талбайн үнэ 5 000 ам.доллар байхаар тохиролцсон бөгөөд хариуцагч тал нь бидний төлсөн мөнгийг тухайн өдрийн ам.долларын ханшаар тооцож авдаг байсан тул гэрээний үүрэгт төлсөн төлбөрөө ам.доллараар тооцож нэхэмжлэж байна. Мөн гэрээний 7.1-д зааснаар 0.2 хувийн торгууль болох 63 ам.доллар, гэрээний 7.3-т заасны дагуу алданги 14 175 ам.доллар, нийт 42 588 ам.долларыг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Монгол банкны ханшаар тооцож 103 979 453 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М д” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б- нь манай компанитай 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулж, Эм Скуар /М-Square/ Худалдаа үйлчилгээний төвийн 3 дугаар давхарт За-49 тоот 6.3 м.кв талбайг, 1 м.кв нь 5 000 ам.доллартай тэнцэх монгол төгрөгөөр тооцож авахаар тохиролцсон. Манай компани Иргэний хуульд заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар ам.долларыг тооцож талбайн төлбөрийг монгол төгрөгөөр тооцдог. Гэрээгээр худалдаа үйлчилгээний төвийг 2014 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулахаар тохиролцсон хэдий ч эдийн засгийн хямралаас шалтгаалж хөрөнгө оруулалт саатсанаас барилгын салбар зогсонги байдалд байхад манай компани зогсолтгүй ажилласаар 80 хувийн гүйцэтгэлтэй болсон байгаа. Нэхэмжлэгчээс нийт 44 861 340 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрч байна. Харин энэ мөнгөө өнөөдрийн ам.долларын ханшаар тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь төлбөрийг төгрөгөөр авч байсан бөгөөд орлогын баримт дээрээ тухайн өдрийн ам.долларын ханшаар тооцоход ийм болж байна шүү гэж бичилт хийж өгдөг байсан. 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн гэх 400 000 төгрөгийг тухайн үед Д.Б- нь О.Баатархүүгийн дансаар шилжүүлж, дараа нь 1 600 000 төгрөгийг бэлнээр барьж ирж нийт 2 000 000 төгрөг болгож манай санхүүд тушааснаар мөнгөний баримт үйлдэж өгсөн. Тусад нь 400 000 төгрөг тушаагаагүй бөгөөд өөрөө тооцоогоо андуурсан бололтой.

Алданги торгууль нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь талбайн төлбөрийн 90 хувийг төлсөн ба өнөөдрийн байдлаар 7 764 750 төгрөгийг төлөөгүй байгаа. Гэрээгээ цуцлана гэсэн хүсэлтийг нь хүлээж авсан. Жаахан хүлээсэн бол ашиглалтанд оруулсны дараа худалдан борлуулбал төлбөрөө хэд дахин нөхөх боломжтой байсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “М д” ХХК-иас 44 951 063 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 59 628 390 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид телсөн 680 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М д” ХХК-иас 382 705 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/03373 тоот шийдвэртэй танилцаад нэхэмжлэгчийн зүгээс шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д заасныг үндэслэн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. 1.Үйл явдлын талаар:

Д.Б- нь “М д” ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Худалдаа үйлчилгээний талбайг худалдах, худалдан авах” тухай гэрээг байгуулсан. Гэрээгээр 6.3 метр талбайг 1 м.кв талбайг 5 000 ам.доллараар худалдаж авахаар тохирч гэрээ байгуулсан. Худалдааны төвийн барилга 2014 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байсан боловч тухайн хугацаанд ашиглалтанд оруулаагүй тул худалдагч талын санаачлагаар гэрээг 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Худалдааны талбай худалдан авах, захиалгын гэрээ” болгон шинэчлэн байгуулсан юм. Энэхүү гэрээгээр “М д” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Худалдаа үйлчилгээний төвийн 3 давхарт 6.3 м.кв талбайг бэлэн хувцас борлуулах зориулалтаар 1 м.кв талбайг 5 000 ам.доллараар худалдан авах, “М д” ХХК-нь худалдааны төвийн барилгыг 2014 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцсон. Гэрээний үүргийн дагуу Д.Б- нь “М д” ХХК-ний санхүүд 7 удаагийн тушаалтаар 4 000 ам.долларыг бэлнээр 24 350 ам.долларыг тухайн өдрийн Монгол банкны валютын ханшид тооцон төгрөгөөр нийт 28 350 ам.долларыг тушаасан. Худалдан авагч талаас гэрээний үүргийн дагуу төлбөрийг хийсэн боловч “М д” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэлгүй 2015 оны 6 сард гэрээг сунгаж дахин шинэчилж хийнэ гэдэг санал тавьсаныг үл зөвшөөрч гэрээг дангаар цуцалж дахин сунгахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

2. Шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.Шүүхийн шийдвэрээр “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн” гэж үзсэн. 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Худалдааны талбай худалдан авах, захиалгын гэрээ” нь талуудын хусэл зоригийн агуулгаар нь үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах-худалдан авах гэрээ” гэж үзэх үндэстэй юм. Энэхүү гэрээгээр Д.Б- нь “М д” ХХК-ийн төслөөр хэрэгжүүлж буй худалдааны төвийн барилгаас тодорхой хэмжээний талбайг худалдан авхаар тохирсон. Худалдагч тал нь барилгын ажлыг 2014 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулахаар үүрэг хүлээсэн. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж зааснаар энэхүү гэрээ нь дээрх гэрээний шинжийг агуулж байна гэж үзэх үндэстэй.

2. Шүүхийн шийдвэрт “Нэхэмжлэгчийн гэрээгээр тохиролцсон гэх үндэслэлээр гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг ам.доллараар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна” гэжээ. Энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2.8-д 1 м.кв талбайн үнэ 5 000 ам.доллар, 2 дугаар зүйлийн 2.1-д нийт гэрээний үнэ 31 500 ам.доллар байна гэж заасан. Гэрээний төлбөр хийсэн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн орлогын баримтаар 4 000 ам.долларыг бэлнээр тушааж байсан 7/06 тоот баримт, мөн төлбөрийг монгол төгрөгөөр хийгээд тухайн өдрийн ам.долларын ханшид хөрвүүлэн тооцож байсан баримт, гэрээний 2.3-д Захиалагч нъ талбайн нийт үнийн дүнгийн 55 хувь буюу 17 750 ам.долларыг 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэхэд 3 удаа тасдан төлсөн болохыг дурьдсан зэрэг болон Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэснээр энэхүү гэрээний үнийн дүн нь ам.доллараар хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

3. Гэрээний 7.3 дугаар заалтын тухайд:

Гэрээний 7.3-д “Худалдагч тал нь үйлчилгээний талбайг 2014 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулах үүрэгтэй бөгөөд хугацаандаа ашиглалтанд оруулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө.” гэж заасан. Гэрээний 7.3-д заасан “Үйлчилгээний талбайг 2014 оны 3 дугаар улиралд оруулах үүрэгтэй бөгөөд хугацаандаа ашиглалтанд оруулаагүй тохиолдолд” гэдгийг гэрээний 7.1-д заасан талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж ойлгож тайлбарлаж болно. Шүүх гэрээний 7.3-ыг тайлбарлахдаа ойлгомжгүйгээр тайлбарласан зэрэг хэргийг хянан шийдвэрлэхдээ уг маргаанд хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч “М д” ХХК-д холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан худалдааны талбайг худалдан авах, захиалгын гэрээг цуцалж,төлбөрт шилжүүлсэн 104 579 453 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Худалдааны талбайг худалдан авах, захиалгын гэх нэртэй гэрээ байгуулагдаж, хариуцагч нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж буй Мэргэн худалдаа, үйлчилгээний төвийн 3а-51 дугаартай 6.3 м.кв талбайг 2014 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 1 м.кв талбайг 5 000 ам.доллараар тооцон 31 500 ам.доллар төлөхөөр тохиролцсоныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ. /8-9 дүгээр тал/ Учир нь хариуцагчийн өөрийн зураг төсөл, материалаар барьж байгаа барилгаас нэхэмжлэгч худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай худалдан авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн сонгосон байршил, хэмжээ бүхий барилгын талбайг тодорхой хугацааны дараа хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцсон нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Талууд дээрх гэрээний 2.2 дахь хэсэгт “төлбөр тооцоо нь тухайн өдрийн ам.долларын ханшаар тооцож төгрөгөөр хийж болно” гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Д.Б- нь 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөг, 4 дүгээр сарын 05-ны өдөр 12 117 980 төгрөг, 4 дүгээр сарын 14-ний өдөр 2 000 000 төгрөг, 4 дүгээр сарын 14-ний өдөр 400 000 төгрөг, 6 дугаар сарын 05-ны өдөр 10 039 360 төгрөг, 10 дугаар сарын 17-ны өдөр 3 400 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 7 304 000 төгрөг, нийт 44 861 340 төгрөгийг хариуцагчид төлсөн үйл баримт нь зохигчийн тайлбар, бэлэн мөнгөний орлогын баримтуудаар тогтоогдсон талаар шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

Хариуцагч нь үйлчилгээний талбайг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн ба одоог хүртэл барилга ашиглалтад ороогүй болохыг үгүйсгээгүй бөгөөд нэхэмжлэгч гэрээг дангаар цуцлаж, төлбөрийг буцаан шаардаж байгаагаас татгалзаагүй байна. Харин гэрээний төлбөрт шилжүүлсэн 44 861 340 төгрөгийг 28 350 ам.долларт тооцож, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн төгрөгийн ханшаар тооцон 103 979 453 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасны дагуу хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, хариуцагчаас гэрээний үүрэгт шилжүүлсэн 44 861 340 төгрөгийг шаардах эрх үүссэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүх төлбөрийг тухайн үеийн ам.долларын ханшийг төгрөгөөр тооцож хариуцагчид өгч байсан гэж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан байх тул 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчид 4 000 ам.доллар өгсөн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.3-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь гэрээ дуусгавар болоогүй гэрээний харилцаа үргэлжилж байгаа тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тохиролцсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг алданги шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Харин алдангийн нэгэн адил үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу анзын төрөл болох торгуулийн талаар талууд гэрээний 7.1-д “гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тал гэрээний үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх торгуулийг нөгөө талдаа төлнө” гэсний дагуу хариуцагчаас торгууль 89 723 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу байх боловч энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаж маргаагүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрийн үнийн дүнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотой шилжүүлсэн зүйлийг биет байдлаар буцаан шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн зохицуулалтыг шүүх зөв тайлбарласан атлаа хэргийг шийдвэрлэхдээ гэрээнээс татгалзах үндэслэлийг тодорхойлсон мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг баримталсан нь буруу болсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/03373 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 680 850 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

 

                                            ШҮҮГЧИД                               Ш.ОЮУНХАНД

 

                                                           С.ЭНХТӨР