| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2022/1153/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1232 |
| Огноо | 2022-10-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Ж.Энхжаргал, шүүгдэгч Н.Х*** , түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00327 0355 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А*** овгийн Н***ы Х*** , 1976 оны 05 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл зургаа, хоёр хүү, хоёр ач, бэрийн хамт С*** дүүрэг, *** дугаар хороо, С***, *** гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Н.Х*** нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, 08 цаг 45 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Энхтайвангийн өргөн чөлөө, Жаст ойл шатахуун түгээх газрын хойд талын замд Toyota Harrier маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.О***ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, А*** овгийн Н***ы Х*** нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 08 цаг 45 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Энхтайвангийн өргөн чөлөө, Жаст ойл шатахуун түгээх газрын хойд талын замд Toyota Harrier маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.О***ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал), 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 3-4 дэх тал), Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-6, 8-12 дахь тал),
- Хохирогч Ц.О***ын “...2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би найз н.Б***ийн хамт Дэвү маркийн ачааны автомашины амортизаторыг хайгаад олоогүй тул, ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо зам гарах гээд би түрүүлээд 4-5-уулаа явж байхад 1, 2 дугаар эгнээний автомашинууд зогсож зам тавьж өгөхөөр нь би эсрэг урсгалын автомашиныг хараад 3 дугаар эгнээнд алхаад явж байтал 3 дугаар эгнээний автомашин нь ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд, явж байсан автомашин хурдтай ирээд мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-47 дахь тал),
- Гэрч Ц.Б***ийн “...2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 08 цаг 45 минутын орчим Ц.О*** бид хоёр Ц.О***ын автомашинд амортизатор хайх ажлаар ТЭЦ-4-өөс такси бариад BSB төвийн харалдаа замынхаа урд талд буугаад, замыг ертөнцийн зүгээр, урдаасаа хойшоо чиглэлтэй гарцгүй газраар зам хөндлөн гарах гээд явж байтал, дахиж танихгүй 2-3 эмэгтэй зам гарах гээд хамт явж байсан. Гурван эгнээ замынхаа 1, 2 дугаар эгнээний автомашинууд зам тавьж өгөхөөр нь 3 дугаар эгнээнд манай найз Ц.О*** надаас 1 алхмын баруун урд талд түрүүлээд явж байхад, ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан цагаан өнгийн Toyota Harrier *** улсын дугаартай автомашины жолооч нь хурдтай ирээд Ц.О***ын зүүн гар талаас ирж мөргөөд Ц.О*** агаарт 2 удаа эргээд толгойныхоо баруун талаараа зам дээр унасан. Автомашин зогссон чинь жолооч нь 40 гаран насны эмэгтэй, автомашиндаа ганцаараа явж байсан. Мөргөсөн жолооч эмэгтэйд би хандаж “та хүн хардаггүй юм уу, 1, 2 дугаар эгнээний автомашинууд зогсож өгөөд, зам тавьж байхад” гэж хэлэхэд “уг нь би зам гарч байгааг харж байсан, гэхдээ миний автомашины урдуур ороод ирнэ гэж бодоогүй” гэж хэлсэн. “Нэг мэдсэн тас хийхээр нь мэдээд тоормос гишгэсэн. Яаж би сандарсандаа дээгүүр нь гарчихсангүй юм” гэж хэлсэн. Би 103-т өөрийнхөө утсаар дуудлага өгсөн. Тэр эмэгтэйг 102-т дуудлага өг гэж хэлээд тэр эмэгтэй цагдаад дуудлага өгсөн. Хамт зам гарч байсан эмэгтэйчүүдийн дундаас нэг нь би анагаахын оюутан, манай найзыг битгий хөдөлгөөрэй, 103-г иртэл байж бай гэж хэлсэн. 103 иртэл байж байгаад, тэгээд явсан. Эхлээд цагдаа ирсэн. Дараа нь 103-н автомашинтай эмч нь үзээд гэмтлийн эмнэлэг рүү явахад нь би Ц.О***ын хамт явсан. Ослын газарт жолооч эмэгтэй үлдсэн. Цагдаа нар хэргийн газарт хэмжилт хийгээд үлдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8515 дугаартай “... Ц.О***ын биед сээрний 3,4,5 7-р нугалам, зүүн өвдөгний шаант ясны гадна булууны үе хоорондын төвгөр дайрсан хугарал, зүүн гарын ядам, дунд хурууны өндөгт цус хуралт, баруун зулайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Сээрний 3,4,5,7-р нугалам, зүүн өвдөгний шаант ясны гадна булууны үе хоорондын төвгөр дайрсан хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, зүүн гарын ядам, дунд хурууны өндөгт цус хуралт, баруун зулайн хуйханд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй (хавтаст хэргийн 60-61 дэх тал),
-Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 999327 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 79-84 дэх тал),
-Мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 737 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 87-88 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Түүнчлэн, шүүгдэгч Н.Х*** гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр “...2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 08 цаг 45 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Энхтайвангийн өргөн чөлөөнд Жаст ойл ШТС-ын хойд замд Toyota Harrier маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, ДЦС 4-өөс гэр рүүгээ харих гээд ганцаараа хурдтай явж байтал ертөнцийн зүгээр, урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гарцгүй газраар хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн 7-8 метрийн зайнд 2 дугаар эгнээнд явж байхаар нь автомашины тоормосыг гишгээд хурдаа сааруулсан боловч автомашины жолооч талын эх гэрэл хэсгээр мөргөөд, мөргүүлсэн эрэгтэй хүн автомашины урд хамар дээр тогтож байгаад зам дээр шидэгдээд унасан. Би автомашинаас буугаад явган зорчигч эрэгтэй дээр очоод толгой доор нь автомашины суудлын дэрийг дэрлүүлээд би өөрөө 102, 103-т дуудлага өгсөн...” (хавтаст хэргийн 49 дэх тал) гэж мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйлгүй бөгөөд би мөрдөн байцаалтын үед хэргийн талаар тодорхой мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг гаргахгүй...” хэмээн мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Яллах дүгнэлтэд дурдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт судлагдаагүй, шүүгдэгч, хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтын талаар хүсэлт, гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Х*** нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс хохирогч Ц.О***т 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 12:00 цагт явуулсан шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тэрээр “Шүүх хуралдааны товыг мэдлээ. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна. Гэвч бие өвдөөд босож явахад хэцүү байгаа. Орхон аймагт амьдардаг тул замд явж чадахгүй байна” гэсэн тул түүний хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж, 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 11:30 цагт тов тогтоосон болно. Гэтэл хохирогч Ц.О*** нь тов мэдсэн атлаа тус шүүх хуралдаанд мөн адил хүрэлцэн ирээгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй байв. Өөрөөр хэлбэл, хохирогч тов мэдсээр шүүх хуралдаанд 2 удаа хүрэлцэн ирээгүй нөхцөл байдал бий боллоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж, мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно.” гэж тус тус заасныг баримтлан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохоо дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8515 дугаартай дүгнэлтээр хохирогч Ц.О***ын биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа нь үндэслэлтэй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Х*** гийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Х*** г “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5.Хохирол, хор уршиг
Хохирогч Ц.О*** нь 602,813.0 төгрөгийн эмчилгээний зардлын баримт гаргаж өгсөн байх бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин орлого хэмээн 48,000,000.0 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байв. Харин шүүгдэгч Н.Х*** нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 603,000.0 төгрөгийг хохирогч Ц.О***т дансаар шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Мөн хохирогч Ц.О***ын эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,311,100.0 төгрөгийн зардал гарсан байх ба улсын яллагч уг нэхэмжлэлийг дэмжиж оролцсон болно.
Иймд шүүгдэгч Н.Х*** гээс 1,311,100.0 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төвлөрүүлэхээр шийдвэрлэв. Хохирогч Ц.О*** нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, явган хүний гарц, гарамтай замын гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан нөхцөл байдлыг нь харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хохирогч Ц.О***д учирсан бусад гэм хорыг өөрт нь хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Н.Х*** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Х***гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 111 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 112 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 113 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 114 дэх тал), гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 115 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 116 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 117 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 118-119 дэх тал), дунд боловсролын үнэмлэхийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 120 дахь тал) зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүх шүүгдэгч Н.Х***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.
2.2.Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Х*** бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.А*** овгийн Н***ы Х*** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х***д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х*** д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг хуульд заасан үндсэн хугацаа болох гурван сарын дотор төлүүлэхээр тогтсугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Х*** д сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч Н.Х*** гээс 1,311,100.0 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлж, мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хохирогч Ц.О***д учирсан бусад гэм хорын төлбөрийг өөрт нь хариуцуулсугай.
6.Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хавтаст хэрэгт хавсарган хадгалуулахаар хэргийн хамт Эрүүгийн хэргийн төв архивд шилжүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Х*** нь хохирогчид төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х*** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА