Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1267

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Г.Лхагвасүрэн, хохирогч Н.Б*** , шүүгдэгч Ж.Г*** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1403 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б***  овгийн Ж***ийн  Г*** , *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа *** ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт С*** дүүрэг, *** дүгээр хороо, *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд нь

1998 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 304 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 935 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, ялын хугацаа 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ж.Г*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойт 49-674 тоотод “хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар хамтран амьдрагч хохирогч Н.Б*** ийг нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б***  овгийн Ж***ийн  Г***  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойт 49-674 тоотод “хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар хамтран амьдрагч хохирогч Н.Б*** ийг нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

​​​​​​​1.2.Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Н.Б*** ээс “...Миний бие 2022 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 01 цаг өнгөрч байхад өөрийн амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 49-674 тоотод хамтран амьдрагч Ж.Г*** тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Нөхөр Ж.Г*** шалтгаан хайж хэрүүл хийн, надад хандан пизда, гичий гэж хэлэхэд нь чи одоо намайг яагаад тэгж хэлээд байгаа юм гэтэл хамтран амьдрагч Ж.Г*** баруун гараа атгаж байгаад миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрийн төрсөн дүү Н.Б***т утсаар холбогдон хэлсэн. Тэгээд удаагүй 102 тусгай дугаарт дуудлага өгсөн гэсний дагуу өөрийн биеэр ирж мэдүүлэг өгч байна .... өмнө нь 2021 оны 12 сард миний цээжин хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдан торгуулийн арга хэмжээ авхуулж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал),

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10890 дугаартай “...Н.Б*** ийн биед зүүн нүдний зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

-Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 23-25 дахь тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 26-32 дахь тал), хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

-Шүүгдэгч Ж.Г*** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дэх тал), шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул шүүхийн шийдвэрт яллах талын нотлох баримтаар үнэлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

​​​​​​​1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Г*** нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

​​​​​​​1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10890 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Б*** ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв. 

Шүүгдэгч Ж.Г*** ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Н.Б*** ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Түүнчлэн, шүүгдэгч Ж.Г*** , хохирогч Н.Б***  нар албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, хамтран амьдрагчийн харилцаатай байсан тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...энэ хуулийн зохицуулалтад ... хамтран амьдарч байсан...” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ хэмээн тодорхойлсон, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Ж.Г*** ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.Г*** ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5.Хохирол, хор уршиг

Хохирогч Н.Б***  нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Г*** ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1.Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогч хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжилсэн эд зүйл, хөрөнгө, орлого, иргэний бичиг баримт байхгүй...” гэв.

Шүүгдэгч: “...Санал байхгүй...” гэв.

​​​​​​​2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Г*** т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал), Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 23-25 дахь тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 26-32 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 33-34 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 37-42 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дахь тал), Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 54-79 дэх тал) зэрэг хувийн байдлыг тодорхойлов.

Шүүх улсын яллагчийн саналыг үндэслэн шүүгдэгч Ж.Г*** т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзэв.

​​​​​​​2.3.Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б***  овгийн Ж***ийн  Г*** ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г*** т таван зуун нэгж буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г*** т оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэн хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Г*** т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Г*** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Г*** т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА