Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1268

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Ж.Сувданчимэг, шүүгдэгч Ш.Б*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 1282 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х***  овгийн Ш***ийн  Б*** , *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжил байхгүй, хувиараа *** дархан хийдэг, ам бүл хоёр, хамтран амьдрагч М.Б***ын хамт, С*** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. 

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 817 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор дуусгавар болсон.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ш.Б*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 11-24б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Б***ыг “эрэгтэй хүнтэй утсаар ярилаа” гэх шалтгаанаар хардсаны улмаас түүний нүүр болон цээжин тус газарт нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн 8 дугаар хавирганы хугарал, баруун нүдний алим, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ш.Б*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 11-24б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Б***ыг “эрэгтэй хүнтэй утсаар ярилаа” гэх шалтгаанаар хардсаны улмаас түүний нүүр болон цээжин тус газарт нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн 8 дугаар хавирганы хугарал, баруун нүдний алим, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2.      Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч М.Б***аас “...Би 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би хамтран амьдрагч Ш.Б***ийн ажлын байран дээр буюу Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 11-24б тоотод 14 цагийн үед яваад очиход манай хамтран амьдрагч Ш.Б*** байхгүй байсан. Ш.Б*** цаг орчмын дараа хүрч ирээд бид хоёр дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг аваад хувааж уусан. Бид хоёр архиа хувааж уугаад байж байтал миний гар утас руу нэг хүн залгаад хүрээд ирээч гэхээр нь би хэн бэ гэсэн чинь салгасан. Тэгсэн чинь манай хамтран амьдрагч Ш.Б*** наад залуу чинь хэн юм гээд намайг хардаад миний нүүр болон бие цээж хэсэг рүү 2-3 удаа цохиход би газар унасан байсан. Тэгээд би Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хүргэгдэн очсон. Тэр үед миний нүүр хавдаж хөхөрсөн бас цээж хөндүүртэй. Миний биед учирсан гэмтлийг манай хамтран амьдрагч Ш.Б*** намайг цохиж, зодож учруулсан. Тэр үед Ш.Б*** бид хоёр байсан, өөр хүн байгаагүй. Намайг өмнө нь Ш.Б*** цохиж зодож байгаагүй. 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би гэмтсэний дараагаас ямар нэгэн эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ үйлчилгээ авсан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

- Гэрч Ч.М***ын “...манай охин М.Б*** найз залуу Ш.Б*** д зодуулсан гэхээр нь яваад очсон чинь нүд нь хөхөрч хавдсан байхаар нь цагдаад хандсан...М.Б*** надад Ш.Б*** хардаад зодсон гэж хэлсэн. М.Б***ын нүүр ам нь хөхөрч хавдсан байсан. Манай охин М.Б***т Ш.Б*** өмнө нь нэг удаа гар хүрч байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9750 дугаартай “...М.Б***ын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн 8 дугаар хавирганы хугарал, баруун нүдний алим, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогджээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

- Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 59-61 дэх тал),

- Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 62-63 дахь тал),

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 64-68 дахь тал),

- Шүүгдэгч Ш.Б***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...Уг зүйл ангитай холбоотой гомдол санал надад байхгүй. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи хоёр шилийг хувааж уугаад байж байтал манай хамтран амьдрагч М.Б***ын гар утас руу нэг эрэгтэй хүн залгаад М.Б***ыг хүрээд ир, хаана байгаа юм бэ гэж яриад байхаар нь би хамтран амьдрагч М.Б***ыг хардаад чи ямар эрэгтэй хүнтэйгээ яриад байгаа юм гээд би М.Б***ын гар утсыг аваад тэр эрэгтэй хүнтэй ярьтал чи наад эмэгтэйгээ над руу явуул гэхээр нь би уурандаа хамтран амьдрагч М.Б***ын нүүр болон бие хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Тэр үед М.Б***ын хамар амнаас нь цус гарсан, нүд нь хавдаж хөхөрсөн байсан. М.Б***ын биед учирсан гэмтлийг би тухайн үед гараараа 2-3 удаа цохиж учруулсан. Би М.Булгантамиртай 2019 оноос эхлэн хамтран амьдарч байгаа, дундаасаа хүүхэдгүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэх шаардлагагүй...” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул шүүхийн шийдвэрт яллах талын нотлох баримтаар үнэлэв. 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

1.3.      Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ш.Б*** нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

1.4.      Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9750 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Б***ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв. 

Шүүгдэгч Ш.Б***ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч М.Б***ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Түүнчлэн, шүүгдэгч Ш.Б*** , хохирогч М.Б*** нар албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, хамтран амьдрагчийн харилцаатай байсан тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...энэ хуулийн зохицуулалтад ... хамтран амьдарч байсан...” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн тодорхойлсон, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Ш.Б***ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ш.Б***ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.      Хохирол, хор уршиг

Хохирогч М.Б*** нь баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ш.Б***ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.      Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүгдэгч: “...Саналгүй...” гэв.

2.2.      Эрүүгийн хариуцлага

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ш.Б***д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 19 дэх тал), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 817 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 26-28 дахь тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 29-33 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 34-35 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 42-55 дахь тал), дуудлага мэдээллийн жагсаалт (хавтаст хэргийн 58 дахь тал), Аюулгүй зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 59-61 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 62-63 дахь тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 64-68 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 71-73 дахь тал), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 04-01/1024 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 88 дахь тал) зэрэг хувийн байдлыг тодорхойлов.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б*** д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзэв.

2.3.      Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Б***ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, түүнд урьд авсан цаглан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээгээр солихоор тогтоов.

Шүүгдэгч Ш.Б***ийн цагдан хоригдсон тав хоногийн нэг хоногийг 15 нэгжээр тооцон хасаж, торгох ялын хэмжээг 925 нэгж буюу есөн зуун хорин таван мянган төгрөгөөр тогтоохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Х***  овгийн Ш***ийн  Б***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б*** д нэг мянган нэгж буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б*** д оногдуулсан нэг сая төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б***ийн цагдан хоригдсон 5 хоногийн нэг хоногийг 15 нэгжээр тооцон хасаж, торгох ялын хэмжээг 925 нэгж буюу есөн зуун хорин таван мянган төгрөгөөр тогтоосугай.

5.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Б*** д сануулсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Б*** нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ш.Б*** д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б*** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА