Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/322

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч А.Давгадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Авгаандуламын Давгадоржид холбогдох 22213003590361 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дорнод аймгийн Чулуунхороот сумын Эрүүл мэндийн төвд жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар баг Галуут гэх газарт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Авгаандуламын Давгадорж /РД: ЖН78060678/.

Шүүгдэгч А.Давгадорж нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн орчимд  Дорнод аймаг Чулуунхороот сумын 2 дугаар баг “Олон дов” гэх газарт өөрийн эзэмшлийн Тоёота.Пилдер маркийн ДОР 93-85 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4а-д заасан “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 3.4б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, тус дүрмийн 23 дугаар зүйлийн 23.9а-д заасан “ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч” тээвэрлэхгүй байх гэж заасныг тус тус зөрчсөний улмаас дугуй муутай техникийн зөрчилтэй тээврийн хэрэгсэлд тогтоосон хэмжээнээс их буюу нийт 7 хүнийг даац хэтрүүлэн тээвэрлэж явснаас автомашины урд дугуй хагарч зам тээврийн осол гаргаж зорчигч Г.Цэцэгмаагийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Ц.Болортуяагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч А.Давгадорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 07 дугаар сарын 31-ний өдөр дуудлаганд явж байгаад ийм зүйл болсон” гэв.

Хохирогч Г.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Манай Чулуунхороот сумын ахмадууд хүлээн аваад сумын сувилалд нөхөр бид хоёр амрахаар 2022 оны 07 дугаар сарын 20-нд очсон. Тэгээд 10 хоног эмчлүүлээд сувилал нь буух болоод 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр сумын төв орох гээд нөхөр Мэндбаяр бид хоёр машингүй болоод байж байтал сумын эмнэлгийн ажилтан сумын төв явах гэж байна гэхээр нь нөхөр Мэндбаяр бид хоёр сумын хүн эмнэлгийн жолооч Давгадоржийн өөрийн хувийн машин болох Филтер маркийн машинд суугаад хөдөлсөн. Тэгээд жолооч Давгадорж машинаа бариад жолоочийн хажуу талд Болортуяа эмч, дахин нэг эмч сууж жолоочийн арын сууудал дээр нөхөр Мэндбаяр бид хоёр дахин эмнэлгийн хоёр ажилтан буюу гээд машинд нийт 6 хүн сууж явсан. ... сумын төвөөс 20 гаруй км зайд явж байхад машин гэнэт хажуу тийшээ дараад эргэх шиг болсон. Тэгээд нэг мэдсэн чинь би машины хажууд хэвтэж байсан. Тухайн осол болсны дараа манай жолооч Давгадорж машинтайгаа сумын төв рүү дуудлага өгөхөөр явсан. Тухайн үед эмч нар явж байсан болохоор бид нарт анхны тусламж үзүүлсэн. ...би 400,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Энэ гарсан зардлыг Давгадорж төлж барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй ... гэжээ /хх-ийн 26-28 тал/

   Хохирогч Ц.Болортуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “... манай сум ахмадуудаа сувилал дээр хүлээж авах гээд 2022 оны 07 дугаар сарын 21-нээс 31-ны өдөр хүртэл 10 хоногийн турш Чулуунхороот сумын төвөөс баруун тийш 60 орчим км сувилалын газарт ахмадуудаа хүлээж авсан. Миний хувьд 10 хоногийн турш сувилал руу ирэн очин байж байгаад 07 дугаар сарын 30-ний өдөр сувилал дээр очиж хоносон. 07 дугаар сарын 31-ний өдөр сувилал бууж бид хэд эд зүйлсээ хурааж байхад 14 цагийн үед сумын төв дээр 5 минутын зайтай өвдсөн төрөх хүн ирсэн гээд хэлэхээр нь би 2 асрагч, нэг эмчээ аваад жолооч Давгадоржийн машинтай хөдлөх гэж байхад сувилал дээр ахмад настан болох Мэндбаяр, Цэцэгмаа хоёр бид нартай  хамт явах гээд манай машинд сууж хамт хөдөлсөн. ... жолооч Давгадоржийн хувийн мөнгөлөг өнгийн Филдер маркийн машины жолоочийн хажуу талын суудал дээр миний бие Болортуяа бага эмч Одонцэцэгийг өвөр дээрээ аваад арын суудал дээр Мэндбаяр, Цэцэгмаа хоёр асрагч гээд суугаад явсан. Тэгээд явж байхад сумын төвөөс баруун зүгт 20 орчим км зайд явж байхад жолооч талын дугуй нуухаараа мултарч замын хажуу хэсэг рүү нэг удаа эргэсэн. Тэгээд машин дотор явж байсан хүмүүс бахиралдаад явчихсан. ... нэг сэрсэн чинь машинаас гарчихсан гадаа газар хэвтэж байсан. ... Давгадоржоос эмчилгээний зардал гэж нэхэмжлэхгүй.Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ... гэжээ /хх-ийн 31-34 тал/

Иргэний нэхэмжлэгч С.Мэндбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... тухайн машинд Давгадорж машинаа бариад жолоочийн хажуу талд Болортуяа эмч, дахиад нэг эмч суугаад, арын суудал дээр манай эхнэр Цэцэгмаа, эмнэлгийн 2 эмч, надтай нийлээд 4 хүн сууж явсан. Тэгээд явж байгаад “Олон дов” гэх газарт явж байхад машины жолооч талын дугуй хагараад онхолдсон. Тэрнээс ухаан орж гараад зарим зүйлийг санахгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... гэжээ /хх-ийн 37-38 тал/

 Гэрч Ц.Одонцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... сумын эрүүл мэндийн дарга, их эмч Болортуяа, асрагч Ганцэцэг, Эрдэнэцэцэг, ахмад настан Мэндбаяр, түүний эхнэр Цэцэгмаа, жолооч Давгадорж, миний бие гээд нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй Давгадоржийн эзэмшлийн машинд суугаад хөдөлсөн. Тэгээд сумын төвөөс 20 гаруй км зайтай Чулуунхороот сумын 2 дугаар баг “Олон дов” гэх газарт шороон замаар явж байгаад гэнэт машин онхолдоод бүтэн эргээд 4 дугуй дээрээ буусан. Тэгээд юу болов гээд жолооч Давгадорж ах бид 2 машины цонхоо хагалж байгаад машин доторх хүмүүсийг гаргасан. Тухайн үед арай гайгүй ухаантай нь Давгадорж ах бид 2 байсан учраас Давгадорж ах сүлжээтэй газар олж дуудлага өгөхөөр машинаа асаагаад явсан. Би үлдээд тэнд байсан хүмүүсийг үзэж хараад эм тариа өгөөд үлдсэн ... гэжээ. /хх-ийн 45-46 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08  дугаар сарын 10-ны өдрийн 510 тоот дүгнэлтэд:

1.Г.Цэцэгмаагийн биед сээрний 12 нугалмын их биеийн шахагдсан, бүсэлхийн 3,4-р нугалмын зүүн талын хажуугийн сэртэн, зүүн талын 11-р хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар тогтоогдсон сээрний 12 нугалмын их биеийн шахагдсан, бүсэлхийн 3,4-р нугалмын зүүн талын хажуугийн сэртэн, зүүн талын 11-р хавирганы зөрөөгүй хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлтээс хамаарна.  ... гэжээ. /хх-ийн 59-60 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08  дугаар сарын 16-ны өдрийн 532 тоот дүгнэлтэд

1.Ц.Болортуяагийн биед зүүн чамархайн хөхлөг сэртэн дайрсан хугарал, хүзүүний их бие, зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, гулсалт, дагз, зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-, 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэжээ. /хх-ийн 69-70 тал/

-2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлт: 1. Тоёота королла маркийн 93-85 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. А.Давгадорж нь МУ-ын ЗХД-ийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4а-д энэ дүрмийн 4-р хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, 3.4б-д хамгаалах бүсээр тоноглосон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээврэлэхгүй байх, 12.1-д хурдыг замын нөхцөлд тохируулан хэрэглэх, 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 23.9а-д тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэх, ЗХД-ийн 4-р хавсралтын 3.1-д дугуйн хээний гүн нь газарт хэсгээрээ суудлын авто машинд 1.6мм-ээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн  тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Хариулт 2: Тормозний мөр байхгүй тул хурд тогтоох боломжгүй.

Хариулт 3: 2022 оны 08 дугаар сарын 10-нд хэсгийн төлөөлөгч а/д Д.Сүрбаатарын хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр дугуйн хээ муу гэж тэмдэглэсэн нь ЗХД-ийн 4-р хавсралтын 3.1-д дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын авто машинд 1.6 мм-ээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно гэсэн дугуйнд тавих шаардлага зөрчигдсөн байх магадлалтай.

Хариулт 4: ЗХД-ийн 4-р хавстралтын 3.1-д дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын авто машинд 1.6мм-ээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн  тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно гэсэн дугуйнд тавих шаардлага зөрчигдсөн байх магадлалтай.

Хариулт 5: ЗХД-ийн 12.1-д замын нөхцөлд тохируулан хурдаа сонгох, 23.9а-д тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэх, ЗХД-ийн 4-р хавсралтын 3.1-д дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын авто машинд 1.6 мм-ээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн нь уг осол гарах гол шалтгаан болсон байна.

Хүнд төвийн хамгийн дор байрласан буюу хоосон үедээ тээврийн хэрэгсэл хамгийн тогтвортой байдаг. Ачаа ачихад /зорчигч суулгахад/ хүндийн төв дээш шилждэг тул онхолдох нөхцөл илүү байна.

Тухайн осол болсон газар нь хэрэг авагдсан материалаас үзэхэд уруу газар байсан байна.

Иймд уруу газар хурдаа тохируулаагүй, даац хэтрүүснээс болж дугуйн очих ачаалал нэмэгдэж авто машин шарвахад инерцийн хүчний үйлчлэлээр дугуйнд даралт өгч хуучин муу дугуй буудах, нуухнаасаа гарсанаас болж энэ осол гарах гол шалтгаан болсон гэж үзэж байна.

Хариулт 6: Асуултанд тусгагдаагүй нөхцөл байдал тогтоогдоогүй. ... гэжээ. /хх-ийн 99-100 тал/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/

-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 12-15, 20 тал/

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 16-17 тал/

-Зам тээврийн осолд холбогдсон FIELDER маркийн 93-85 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19 тал/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйл /эд мөрийн баримт-ийг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 21-23 тал/

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл/хх-ийн 120, 114 тал/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 109 тал/

-Шүүгдэгч А.Давгадоржийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Боржигон овогт Авгаандуламын Давгадорж нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн орчимд  Дорнод аймаг Чулуунхороот сумын 2 дугаар баг “Олон дов” гэх газарт өөрийн эзэмшлийн Toyota Fielder маркийн ДОР 93-85 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4а-д заасан “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 3.4б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, тус дүрмийн 23 дугаар зүйлийн 23.9а-д заасан “ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч” тээвэрлэхгүй байх гэж заасныг тус тус зөрчсөний улмаас дугуй муутай техникийн зөрчилтэй тээврийн хэрэгсэлд тогтоосон хэмжээнээс их буюу нийт 7 хүнийг даац хэтрүүлэн тээвэрлэж явснаас автомашины урд дугуй хагарч зам тээврийн осол гаргаж зорчигч Г.Цэцэгмаагийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Ц.Болортуяагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч А.Давгадоржийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Цэцэгмаа, Ц.Болортуяа,иргэний нэхэмжлэгч С.Мэндбаяр, гэрч Ц.Одонцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн осолд холбогдсон FIELDER маркийн 93-85 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйл /эд мөрийн баримт-ийг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч А.Давгадоржид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч А.Давгадорж нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.Давгадорж нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч А.Давгадоржийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Болортуяагийн эрүүл мэндэд хүнд, Г.Цэцэгмаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.Болортуяа нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Г.Цэцэгмаа нь “...би 400.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Энэ гарсан зардлыг Давгадорж төлж барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй ...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн XXAГМЕТNIW бичиглэлтэй 15-тай авто машины дугуйг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Давгадоржид буцаан олгож,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Давгадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ЖН78060678 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Авгаандуламын Давгадоржийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч А.Давгадоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Давгадоржид оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч А.Давгадоржид мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн XXAГМЕТNIW бичиглэлтэй 15-тай авто машины дугуйг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Давгадоржид буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖН78060678 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.   

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Давгадоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Л.БАТЖАРГАЛ