Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1266

 

 

 

 

 

     2022          10          12                                    2022/ШЦТ/1266

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Г.Мөнхтүвшин,

хохирогч: Э.М,

шүүгдэгч: И.Э нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Эт холбогдох эрүүгийн 220000000000 тоот хэргийг 2022.09.14-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1972 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Бага Нарангийн 00-0-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Сартуул овогт Иын Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч И.Э нь 2022 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 5 цаг 30 минутад Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны гадна талд хайснаас цоожилж тавьсан байсан иргэн Э.Мын эзэмшлийн Мерида маркийн унадаг дугуйг хулгайлан авч явсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар байрны зүүн тал руу харсан чиглэлтэй хяналтын камерт үзлэг хийсэн “00 дугаар байрны баруун талаас И.Э нь хар өмд, дотуураа эрээн фудболка, гадуураа урт хар цамц өмссөэ эмэгтэйгийн хамт алхаж буй, мөн И.Э нь хашаан дээр цоожтой байсан унадаг дугуйг салган авч явж буй” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-11-13, 9/,

- Хохирогч Э.Мын “Би 2022 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 3 цагийн орчим гэрээсээ ганцаараа гараад унадаг дугуйгаа унаад найз Халиуны гэрийн гадаа буюу Цамбагаравын автобусны хойд талын буудлаас баруун зүг рүү 50 метр орчим яваад байрны гадна ирж, дасгал хөдөлгөөн хийх гэж ирсэн юм. Тэгээд би дугуйгаа 00-р байрны ертөнцийн зүгээр баруун талд нь жижиг төмөр хашаанд цоожилж үлдээгээд Халиунаатай хамт хотын төв рүү гүйсэн. Тэгээд бид хоёр 11 цаг өнгөрөөгөөд Халиунаагийн байрны гадаа ирэхэд миний унадаг дугуй байхгүй болчихсон байсан” гэх мэдүүлэг /х.х-18-19/,

- Хохирогч Э.Мын дахин өгсөн “миний унадаг дугуй авсан хүнээс дугуйгаа гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /х.х-22/,

- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022.06.28-ны өдрийн Ц-1079 дугаартай “Мерида брендийн дугуй, хуучин ашиглаж байсан- 2970000 төгрөг” гэх дүгнэлт /х.х-27-29/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч И.Эын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч И.Э нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр Э.Мын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч захиран зарцуулсан үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И.Эын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Э.Мын эд хөрөнгөд мөнгөн дүнгээр 2970000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022.06.28-ны өдрийн Ц-1079 дугаартай дүгнэлт /х.х-28-29/, хохирогчийн мэдүүлэг /х.х-18-19/, Тэнцвэр эстимэйт ХХК-д 70000 төгрөг тушаасан баримтаар /хх-27/ тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч И.Э нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Э.М нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгахыг И.Эаас шаардах эрхтэй байна.         

Иймд шүүх хуралдаанд хохирогч оролцоод 2500000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 70000 төгрөг, нийт 2570000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргасныг хангаж шүүгдэгч И.Эаас 2570000 төгрөг гаргуулж хохирогч Э.Мд олгож, түүний гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч И.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, хохирогчоос “би энэ хүнд хүндрэл учруулахыг хүсэхгүй байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө ажил хийгээд төлмөөр байна. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүгдэгч И.Э нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон И.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн ба хохирогч “Хорихоос өөр хөнгөн төрлийн ял оногдуулж өгөөч. Хохирлоо төлүүлээд авчихвал өөр гомдол саналгүй” гэх хүсэлт гаргасан ба И.Эын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, ялын хугацааг 720 цагийн хугацаагаар тогтоож шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Иын Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сартуул овогт Иын Эт 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч И.Э нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч И.Эаас нийт 2570000 /хоёр сая таван зуун далан мянган/ төгрөг гаргуулж хохирогч Э.Мд олгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол И.Эт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.  Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солихыг И.Эт мэдэгдсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг компакт дискийг И.Эт холбогдох эрүүгийн 220000000000 тоот хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ