Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар   2022/ШЦТ/846

 

 

 

 

 

  2022         11        02                                  2022/ШЦТ/846

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Ж.Баянжаргал, шүүгдэгч О.Д /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Дд холбогдох эрүүгийн “2211 01644 1652” дугаартай, 186/2022/0798/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, хххх тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, О.Д,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч О.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр архи, согтууруулах, ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 29-586 тоотод өөрийн төрсөн дүү болох О.Дтэй маргалдаж улмаар түүнийг бахиар баруун шанаа, чих, баруун талын эгэм рүү цохиж, цаасны хутгаар зүүн талын хүзүү хэсэгт зүсч, жижиг гар хөрөөгөөр зүүн гарын шуу хэсгийг зүсч биед нь баруун шанаа, хацар, зүүн нүдний гадна буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун эгэм, мөр, бугалга, хүзүү, зүүн шанаа, мөр, бугалганд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.Шүүгдэгч О.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мэдүүлэг өгөхгүй, би  зарим зүйлээ санахгүй байгаа, гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, дүү бид  хоёр  хоорондоо эвлэрсэн байгаа гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Дгийн: ...О.Д ах гартаа барьж байсан бахиараа миний баруун шанаа, чих, баруун талын эгэмрүү цохиод гартаа барьж байсан цаасны хутгаараа миний зүүн талын хүзүү хэсэгрүү хальт зүсчихсэн юм. Тэгэхээр нь би ахын гарт байсан эд зүйлсийг авах гээд булаацалдаад гарнаас нь бахь, хөрөөг тавиулсан чинь ах сандал дээр байсан жижигхэн гар хөрөөг аваад надруу дайрахаар нь би гараараа хаасан чинь миний зүүн гарын шуу зэргийг өнгөц зүсчихсэн....” гэх мэдүүлэг  /хх-ийн 14-16-р хуудас/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Уранчимэгийн:...2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ байхад өглөө манай том хүү Дамбадаржаа сэрсэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд гэр бүлийн маргаанаас болж уурлаад агсан тавиад байсан. Цэцгийн ваарнуудыг хагалаад, манай бага хүү Дамбасүрэн Дамбадаржаатай юу болоод байгаа юм болиоч гэж хэлээд хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би тэр үед нь гэрээс гараад явчихсан хашаанд байх 00 орчихоод буцаад гэрлүүгээ орох гэхэд гэр дотор орилолдох чимээ сонсогдоод байхаар нь байшингийн цонхоор хартал Дамбасүрэн, Дамбадаржаа хоёр хоорондоо зууралдсан ноцолдож байгаа харагдсан гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар тал/,

          2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12765 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

           1. О.Дгийн биед баруун шанаа, хацар, зүүн нүдний гадна буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун эгэм, мөр, бугалга, хүзүү, зүүн шанаа, мөр, бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

           3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

           4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Эрдэнэцэцэг гэжээ. /хх-ийн 26-27 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтас хэргээс: шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 дугаар тал/, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 322 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 96 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12765 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, тус шүүхээс хохирогч О.Дтэй утсаар ярьсан тэмдэглэл  зэргийг шинжлэн судлалаа.

3.2.Шүүгдэгч О.Д нь: хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч О.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 29-586 тоотод өөрийн төрсөн дүү болох О.Дтэй маргалдаж улмаар түүнийг бахиар баруун шанаа, чих, баруун талын эгэм рүү цохиж, цаасны хутгаар зүүн талын хүзүү хэсэгт зүсч, жижиг гар хөрөөгөөр зүүн гарын шуу хэсгийг зүсч биед нь баруун шанаа, хацар, зүүн нүдний гадна буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун эгэм, мөр, бугалга, хүзүү, зүүн шанаа, мөр, бугалганд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

           - хохирогч О.Дгийн:...О.Д ах гартаа барьж байсан бахиараа миний баруун шанаа, чих, баруун талын эгэмрүү цохиод гартаа барьж байсан цаасны хутгаараа миний зүүн талын хүзүү хэсэгрүү хальт зүсчихсэн юм. Тэгэхээр нь би ахын гарт байсан эд зүйлсийг авах гээд булаацалдаад гарнаас нь бахь, хөрөөг тавиулсан чинь ах сандал дээр байсан жижигхэн гар хөрөөг аваад надруу дайрахаар нь би гараараа хаасан чинь миний зүүн гарын шуу зэргийг өнгөц зүсчихсэн....” гэх мэдүүлэг/хх-ийн 14-16-р хуудас/,

           - гэрч Ш.Уранчимэгийн:...2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ байхад өглөө манай том хүү Дамбадаржаа сэрсэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд гэр бүлийн маргаанаас болж уурлаад агсан тавиад байсан. Цэцгийн ваарнуудыг хагалаад, манай бага хүү Дамбасүрэн Дамбадаржаатай юу болоод байгаа юм болиоч гэж хэлээд хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би тэр үед нь гэрээс гараад явчихсан хашаанд байх 00 орчихоод буцаад гэрлүүгээ орох гэхэд гэр дотор орилолдох чимээ сонсогдоод байхаар нь байшингийн цонхоор хартал Дамбасүрэн, Дамбадаржаа хоёр хоорондоо зууралдсан ноцолдож байгаа харагдсан гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар тал/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12765 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар тал/, зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дүү О.Дтэй маргалдаж улмаар түүнийг бахиар баруун шанаа, чих, баруун талын эгэм рүү цохиж, цаасны хутгаар зүүн талын хүзүү хэсэгт зүсч, жижиг гар хөрөөгөөр зүүн гарын шуу хэсгийг зүсч биед нь баруун шанаа, хацар, зүүн нүдний гадна буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун эгэм, мөр, бугалга, хүзүү, зүүн шанаа, мөр, бугалганд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12765 дугаартай шинжээчийн  дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч О.Дгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Дг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Хохирогч О.Д нь шүүгдэгч О.Дтай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй,  хохирлоо бүрэн төлж барагдуулсан  гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргасан, шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл  байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч О.Дг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 18 см урттай шаргал, хар өнгийн иштэй бахь 1 ширхэг, 45 см урттай ажпын хэсгийн урт 28см 17см бариулны хэсэгтэй шаргал өнгийн бариултай жижиг хөрөө 1 ширхэг нийт 2 нэр төрлийн эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч О.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18 см урттай шаргал, хар өнгийн иштэй бахь 1 ширхэг, 45 см урттай ажпын хэсгийн урт 28см, 17см бариулны хэсэгтэй шаргал өнгийн бариултай жижиг хөрөө 1 ширхэг нийт 2 ширхэг  нэр төрлийн эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ