Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/313

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0287/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат,

Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас И- овогт Н-гийн Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000321 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1962 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И- овогт Н-гийн Б- /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б- нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, “О-” худалдааны төвийн урд талын авто зам дээр ХХ-ХХ-  улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 16.3. “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэх заалтыг зөрчин, нэгдүгээр эгнээнд яваа тээврийн хэрэгсэл явган хүний гарцаар гарах гэж буй явган зорчигчид зам тавьж өгөн зогсоход хурдаа хасан зогсож, явган зорчигчид зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан Ж.С-, Ж.Н- нарыг мөргөж, Ж.С-гийн эрүүл мэндэд зүүн өвдөгний дотор холбоосны гэмтэл, зүүн чамархайд шарх, зүүн чихэнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, Ж.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дугаар тал/,

Хохирогч Ж.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг 30 минутад ажпаасаа гараад хүүхэд Э-өөр авхуулаад өөрийн ихэр Н-тай хамт О- худалдааны төв орох гээд явсан юм. О-ын урд талын гарцан дээр хүүхдийнхээ машинаас буусан юм. Тэгээд тэрнээс хойш юу ч санахгүй байгаа юм. Эмнэлэгт сэрсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13- 14 дүгээр тал/,

Иргэний   нэхэмжлэгч Ж.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2022 оны 07 дугаар сарын 19-ний орой ихэр дүу С-гийн хамт О- худалдааны төв орох гээд явсан. Тэгээд О- худалдааны төвийн харалдаа дүү С-гийн том хүүгээр хүргүүлж буугаад, зам хөндлөн гарцаар гарах гэж байхад саарал өнгийн машин ирж яваад дохио өгөөд зогссон. Тэгээд С- бид хоёр гарцаар гараад замын гол хэсэгт ирэхэд хар өнгийн тээврийн хэрэгсэл хурдтай ирээд эхлээд манай дүү С-г мөргөсөн, дараа нь намайг мөргөж газарт унагасан. Эмчилгээний төлбөрийг бүрэн гүйцэт төлж өгөх юм бол өөр гаргах гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

Гэрч Д.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өнөөдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчим хуучин Дарханаас шинэ Дарханы чиглэлтэй “О-” худалдааны төвийн урд зам дээр манай нөхөр машинаа жолоодоод би ард талын суудал дээр 2 настай зээ хүүхдээ тэврээд сууж явтал юм мөргөж байгаа чимээ сонсогдохоор нь хартал манай нөхөр надад хүн мөргөчихлөө гээд хашгирахаар нь би хүүхдээ тэврээд машинаас буучихсан юм. Яг юу болсныг би сайн харж чадаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 756 дугаартай “... Ж.С-гийн биед зүүн өвдөгний дотор холбоосны гэмтэл, зүүн чамархайд шарх, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 755 дугаартай Ж.Н-гийн биед баруун чамархайд шарх, тархи дО-т, зүүн тохой, баруун, зүүн шилбэ, баруун өгзгөнд цус хуралт, баруун тохой, зүүн нүдний доор зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,

Шинжээч С.С-ын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаартай “...Н.Б- нь ХХ-ХХ-  улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Н.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, 16.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэсэн дүрмийг зөрчсөн байна. Тус тээврийн хэрэгсэл ойролцоогоор 12 метр яваад зогссон байна. Машины хурд 39 км/ц байсан байна. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.3 дахь заалтыг зөрчсөн, явган зорчигчийг гарцаар явж өнгөрөөсний дараа хөдөлгөөнд оролцох ёстой байсан” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37 дугаар тал/,

Шинжээч Ш.Бямбажавын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаартай “... Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/,

Зам тээврийн ослын бүдүүвч зураг /хавтаст хэргийн 07 дугаар тал/,

Яллагдагч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...О- худалдааны төвийн урд талын явган хүний гарцны харалдаа ирж байтал явган хүний гарцны наад талд нэг машин зогсож байсан, хоёрдугаар эгнээгээр хажуу талаар нь орж явахад гарцаар хоёр эмэгтэй хүн гараад ирсэн юм. Тухайн хоёр хүнийг машинаа зогсоож амжихгүй мөргөж зам тээврийн осол гаргасан, ... өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцдог бөгөөд шүүгдэгч Н.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2, 16.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ж.С-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Н.Б-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хохирогч Ж.С-, иргэний нэхэмжлэгч Ж.Н- нар шүүхэд гэм хорын хохиролтой холбоотой 2,034,828 төгрөгийн баримт гаргаж өгчээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон гарсан нийт зардлын хэмжээний талаар маргаагүй байна.

Шүүгдэгч Н.Б- нь хохирогч Ж.С-, иргэний нэхэмжлэгч Ж.Н- нарын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5,040,000 төгрөгийг төлсөн, энэ талаар хохирогч маргахгүй байна.

Хохирогч Ж.С- цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх боловч энэ талаар баримт гаргаж өгөөгүй, ирээдүйд гарах зардлын хэмжээг урьдчилан нарийвчлан тооцох боломжгүй тул энэ шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч 60-аас дээш настай, тэтгэвэрт байдаг хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг шүүгдэгчийн орлогын хэмжээг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн ХХХ дугаартай жолооны үнэмлэх, ХХХ дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Б-т буцаан олгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. И- овогт Н-гийн Б-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Н.Б-т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Б-т оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч Н.Б- нь хохирогч Ж.С-, иргэний нэхэмжлэгч Ж.Н- нарын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5,040,000 төгрөг төлсөн, хохирогч Ж.С- цаашид гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 283980 дугаартай жолооны үнэмлэх, №01773157 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Б-т буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД