Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/317

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0299/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ч- овогт Э- Б-д холбогдох 2218003370344 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч- овогт Э- Б- /РД:/,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б- нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын ... гэх газар А.О-той маргалдан улмаар  зодож эрүүл мэндэд нь доод эрүүний зүүн булан хэсгийн зөрөөтэй далд хугарал, зүүн нүдний алимын салстад цус харвалт, хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн хэсэгт цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч А.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Б- ах дээр очиж явган хэрүүл хийсэн. Тэгтэл Б- ах чи юу яриад байгаа юм гээд шууд намайг зодоод, унагаж байгаад нүүрэн дээр дэвсэж авсан. Тэгээд би босож ирээд та яаж байгаа юм бэ гэсэн чинь Б- ах гараад зугтсан. Би миний шүд эвгүй болчихлоо гээд Б- ахын эхнэрт хэлэхэд Ж- эгч за зүгээр, би төлөөд өгнө гээд тэгээд би эрүү эвгүй болохоор нь машинаа бариад Дархан явж эмнэлэгт үзүүлсэн чинь эрүү хугарсан байна гэж хэлсэн. Б- миний биед гэмтэл учруулаагүй. Харин Б- ах миний эрүүг хугартал цохисон. Миний биед учирсан гэмтлүүдийг Б- ах надад учруулсан. Э.Б- миний хохирол болох 3,360,000 төгрөгийн надад өгч барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-11 дүгээр тал/,

 

Гэрч С.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...эхнэртэйгээ хамт үнээгээ саагаад байж байхад О- орилж чарлаад намайг тоосонгүй гэж хэлээд агсан тавиад байхаар нь би заамдаж аваад газар унагаасан. ...Харин сүүлд сонсоход Б-ы гэрт очоод Б-тай зодоон цохион хийсэн байсан. Тэгээд тэр оройгоо эрүүгээ хугалуулсан гэж хэлээд Дархан руу эмнэлэгт үзүүлэхээр явсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

 

Гэрч М.Ж- “...Б- нэг удаа гараараа нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгээд маргааш өдөр нь О-ын шүд нь биш эрүү нь хугарсан байна гэж манай хамаатны ахын гэрийн Жи-Мобайлын утас руу яриад цагдаагийн газар дээр дуудаж байна гэж хэлсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

 

Гэрч Ж.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...маргааш өдөр нь Б-ы гэрт О- очиж агсан тавьж байгаад эрүүгээ хугалсан талаар хүмүүсээс сонссон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10217 дугаартай “...А.О-ын биед доод эрүүний зүүн булан хэсгийн зөрөөтэй далд хугарал, зүүн нүдний алимын салстад цус харвалт, хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,

 

Яллагдагч Э.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би О-ын эмчилгээний зардалд 3,300,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулж уучлалт гуйж бид хоёр эвлэрлсэн. Одоо А.О- бид хоёрын дунд хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй болсон. ...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх эдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Б- нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хохирогч нь согтуурсан үедээ шүүгдэгчийг хэл амаар доромжилж, намайг зодчих гэх мэтээр хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд нь хохирол учруулсан байна.

Хохирогч А.О- нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч А.О-ын хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 80/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгч Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагч шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Э.Б- нь хүлээн зөвшөөрч тохиролцсон байх тул уг тохиролцооны хэмжээнд ял шийтгэж, шүүгдэгч Э.Б-ы сарын орлогын хэмжээг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ч- овогт Э- Б-дыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Б-д оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд сар бүр 200,000 / хоёр зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      Г.ГЭРЭЛТ-ОД