Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/319

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0302/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Ш.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б- овогт Ш-ы Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218003220337 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Э О” ХХК-д барилгын туслах ажилтан ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б- овогт Ш-ы Б- /РД:/,

Ш.Болорчулуун нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш. Б- нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 20-ны орой 23 цагийн цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т-” бааранд иргэн Ц.С-тэй маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь чамархайд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Ц.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 20-ны орой 20 цагийн орчим ажлаасаа тараад гэр рүүгээ харих замдаа Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Т- бааранд ганцаараа орсон. Би уг барны баруун хойд талын ширээн дээр ганцаараа суугаад 500 граммын пиво 2 ширхэгийг авч ууж дуусаад 22 цагийн орчим төрсөн дүү П-ыг дуудсан. П- ирээд бид хоёр нэмээд хоёр шил Н- гэх нэртэй 500 граммын пиво аваад ууж эхэлсэн. Тухайн үед манай дүү 00 орчхоод ирье гэж хэлээд явсан юм. Тэгтэл миний ширээний баруун талд сууж байсан 2 эмэгтэй гэнэт намайг хэл амаар доромжлоод эхэлсэн. Би тухайн үед яг юунаас болж намайг хэл амаар доромжлоод байсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед П- 00-оос гарч ирээд миний хажууд суусан. Тэгтэл уг 2 эмэгтэйгийн дээгүүрээ хар хувцастай нилээн махлаг эмэгтэй нь ууж байсан пивоны шилийг над руу шидсэн. Уг шил миний толгойн зүүн чамархай хэсгийг оноод уг 2 эмэгтэй намайг шалтгаангүй ээлжлээд миний нүүр хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохиж эхэлсэн. Над руу Н- пивоны шил шидсэн гэх эмэгтэй нь тухайн үед дээгүүрээ хар өнгийн цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй, доогуураа хар алаг өнгийн пүүз өмссөн, үсээ ардаа шууж боосон, махлагдуу 20-25 орчим насны, 165-170 см өндөртэй эмэгтэй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-р хуудас/,

М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн орчим гэрээсээ гараад Дархан сумын ...үйл ажиллагаа явуулдаг Т- барны хажуугаар явж байтал танил дүү Б-тэй таарсан. Тухайн үед Б- надад хандаж 2-уулаа тааралдаагүй удсан юм чинь 1 пиво хувааж ууя гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Дархан сумын 7 дугаар багт байрлах Дархан захын павильоноос очиж 1 ширхэг 2.5 литрийн Н- гэх нэртэй пиво Б- худалдаж аваад бид хоёр захаас хойшлоод гудамжинд сууж байгаад уг пивоо хувааж уусан. Ингээд Б- бид хоёр 22 цагийн орчим ууж дуусгаад ярилцаж байгаад Дархан сумын 5 дугаар багт байрлах Т- бааранд ороод хойд талын ширээн дээр суухад хажуу талын ширээнд 2 эмэгтэй сууж байсан. Тэгээд бид хоёр пиво аваад сууж байхад 23:30 цагийн орчим бар хаах гэж байтал хажуу ширээнд сууж байсан 40 орчим насны эмэгтэйтэй маргалдаад пивоныхоо шилийг тэр эмэгтэйгийн чамархай хэсэг рүү шидчихсэн юм. Тэгтэл тэр эмэгтэй чихний араас нэлээн цус гараад, бид хоёр янхан, гичий гэх зэргээр хараагаад байхаар нь Б- босоод уг эмэгтэйгийн нүүр хэсэг рүү хоёр гараараа нэлээн хэдэн удаа цохиод байхаар нь би босоод уг эмэгтэйгээс Б-ийг холдуултал уг эмэгтэй надтай зууралдаад байхаар нь миний дургүй хүрээд нүүр рүү нь 3 удаа гараа атгаж байгаад цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44-р хуудас/,

Гэрч Ц.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед С- эгч баранд ганцаараа суучихсан 1 шил 500 граммын Н- гэх нэртэй пиво уугаад сууж байсан. Ингээд С- эгч надад 2 шил 500 граммын Н- пиво авч өгөөд бид хоёр сууж байтал С- эгч манай ширээний баруун талд сууж байсан хоёр эмэгтэйтэй хэрэлдээд байхаар нь би С- эгчид хандан одоо бар хаах болж байна, 2-уулаа харъя гэж хэлээд би 00 орчхоод гараад иртэл манай ширээний баруун талд сууж байсан хоёр эмэгтэйгийн хар хувцастай махлах эмэгтэй нь манай эгч С- рүү ууж байсан Н- пивоныхоо шилийг шидсэн бөгөөд уг шил нь С- эгчийн толгойны зүүн талыг оночихсон юм. Эгчийн толгойны зүүн талаас цус гарсан бөгөөд уг архины шил шидсэн хар хувцастай эмэгтэй С- эгч рүү дайраад нэлээн хэдэн удаа нүүр хэсэг рүү нь хоёр гараараа цохиод байсан болохоор нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-р хуудас/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 745 дугаартай “Ц.С-ийн биед чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,

Камерын  бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 25-р тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 450 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Ц.С-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Ш-ы Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Г.ГЭРЭЛТ-ОД