Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/327

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0175/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч Н.М-, Ц.Н- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х- овогт Н-ийн М-, Х- овогт Ц-ийн Н- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000293 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, халх, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х- овогтой Н-ийн М- РД://,

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, халх, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эх баригч бага эмч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Н эмнэлэгт ... ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х- овогтой Ц-ийн Н-, РД://,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Н.М-, Ц.Н- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.М- Ц.Н- нар нь бүлэглэн, 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С-” эмнэлгийн ариун цэврийн өрөөнөөс хохирогч Н.С-ын гээгдүүлсэн гэх Самсунг А-52 маркийн гар утас, утасны хавтсанд байсан бэлэн 300,000 төгрөгийг олж, улмаар утасны хавтсанд байсан Х-, Х- банкны виза картыг ашиглан 670,034 төгрөгийн гүйлгээ хийсэн болох нь:

 

Хохирогч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Миний бие нь 2022 оны 06 дугаар сарын 25- ны өдөр “С-” эмнэлгийн гадаа буугаад цусны шинжилгээ өгчхөөд эмнэлгээс гарч ирээд буцаад Сайхан сум руу явах машинд суух гээд эмнэлгийн замын урдаас таксинд суугаад Дархан зах дээр буух гэтэл миний цүнхэнд байсан гар утас, бэлэн мөнгө, виза карт алга болсон байсан, ...128gb багтаамжтай, хүрэн өнгийн хавтастай, цэнхэр өнгөтэй Самсунг А-52 маркийн гар утас, 15 ширхэг хорин мянгатын дэвсгэрт буюу бэлэн 300,000 төгрөг, Х- банкны виза карт 1 ширхэг, Х- банкны виза карт 1 ширхэг алдагдсан, ...Х- банкны виза карт нь ХХХ- дугаартай карт байгаа юм. Уг данснаас минь миний эд зүйлсийг хулгайлсан этгээд 670,034 төгрөгийн гүйлгээ хийж зарлага гаргасан байсан. Харин Х- банкныхаа дансны дугаарыг мэдэхгүй байна, ямар ч байсан миний Х- банкны данснаас 113,264 төгрөгийг зарлага болгон авсан байна... Миний бие алдсан гар утасныхаа хавтсанд банкныхаа картуудын нууц кодуудыг цаасан дээр бичээд хадгалчихсан байсан юм... Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 4 дүгээр багт байрлах “ХХХ-” худалдааны төвд барааны лангуу түрээсэлж ажилладаг... өмнөх өдрийн буюу 2022 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдрийн орлого 532,500 төгрөг байснаас задгай мөнгөнүүдийг үлдээгээд 300,000 төгрөг буюу 20,000 төгрөгийн дэвсгэрт 15 ширхэгийг аваад утасныхаа гэрний завсар хийгээд цүнхэндээ хийгээд явсан юм, ...Би ариун цэврийн өрөө рүү ороод бие засчхаад цүнхнээсээ 00-ын цаас авах гээд гар утсаа гаргачхаад буцаад хийсэн эсэхийг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-11 дүгээр тал/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2022/25 дугаартай “... Самсунг А-52 маркийн 128gb багтаамжтай гар утас /хуучин/ 1 ширхэг, Х- банкны виза карт 1 ширхэг, Х- банкны виза карт 1 ширхэг... 2022 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар 610,000 төгрөг байна” гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

 

Хохирогч Д.С-ын эзэмшлийн Х- банкны ХХХ- дугаартай дансанд үзлэг хийсэн тухай 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн "... Х- банкны ХХХ- дугаарын дансанд үзлэг хийхэд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 20 минутад М- гэсэн мөнгөний машинаас 800,000 төгрөгийн орлого орсон байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд ХХХ- данснаас 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 52 минутад 15,100 төгрөг, 12 цаг 21 минутад 42,000 төгрөг, 12 цаг 23 минутад 26,500 төгрөг, 12 цаг 33 минутад 66,700 төгрөг, 13 цаг 05 минутад 406,470 төгрөгийн зарлага гарсан байна... Нийт 556,770 төгрөг” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

 

2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн "... Ц.Н-гаас бор өнгийн гэртэй хар өнгийн Самсунг А-52 маркийн гар утас 1 ширхэг, Х- банкны виза карт 1 ширхэг, Х- банкны виза карт 1 ширхэг, 10 ширхэг цаасыг... хураан авав” гэх эд зүйл, баримт бичиг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24-27 дугаар тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 30 дугаар тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 35 дугаар тал/,

 

Д.С-ын эзэмшлийн Х- банкны ХХХ- дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Х- банкны ХХХ- дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 23, 95 дугаар тал/,

 

Яллагдагч Ц.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...шинжилгээ өгчхөөд бид хоёр эмнэлгээс гарч яваад 4/2 дугаар байрны саравчин дотор сууж байхад манай нөхөр М- “би сая эмнэлгээс гар утас олсон” гэж хэлээд бид хоёр гэр рүүгээ орсон. Гэртээ ороод хоорондоо ярилцаж байгаад гар утасны гадна гэрийн завсар байсан эд зүйлийг авч үзэхэд Х-, Х- банкны виза карт болон жижиг цаасан дээр нууц кодоо тэмдэглээд биччихсэн байхаар нь... би хоёр картыг нь авч гараад дэлгүүр болон аптекаас нийт 670,034 төгрөгийг уншуулж хүнсний зүйл болон гэр ахуйн бараа худалдан авсан юм” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дүгээр тал/,

 

Яллагдагч Н.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “С-” эмнэлэгт... 00-ын өрөөний угаалтуурын тавцан дээр тавьсан байсан хар өнгөтэй, Самсунг А52 гар утас, Х- болон Х- банкны виза карт байхаар нь аваад гарсан юм”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Н.М- нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг олсон атлаа Цагдаагийн байгууллагад мэдэгдэх, эзэмшигчийг олох талаар ямар нэгэн үйлдэл хийлгүйгээр эхнэр, Ц.Н-д хэлж, улмаар шүүгдэгч нар үгсэн тохиролцож, утасны хавтсанд байсан виза картыг ашиглан 6 удаагийн нийт 670,034 төгрөгийн гүйлгээ хийжээ.

 

Хохирогч банкны картынхаа нууц дугаар буюу пин кодыг бичиж картын хамт хадгалсан байсан нь картыг ашиглаж гүйлгээ хийх боломжийг бүрдүүлсэн байна.

 

Гээгдэл эд хөрөнгийг бусдынх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 300,000 төгрөгөөс дээш хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ц.М- гар утсыг бэлэн мөнгө, картыг олж, улмаар эхнэртээ хэлж, Ц.Н- картыг ашиглан гүйлгээ хийхэд хамтран оролцсон байх тул шүүгдэгч нар хэн аль Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч нар гэм буруугийн тал дээр маргахгүй байх бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан гэж үзсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6, 7 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Д.С- нь алдсан гар утас, виза картуудаа хүлээн авч, картыг ашиглан гүйлгээ хийсэн 670,034 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нар нөхөн төлсөн, “шүүгдэгч Н.М-, Ц.Н- нараас хохирлоо гаргуулж авсан одоо гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.М-, Ц.Н- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын нөхөн төлсөн” хөнгөрүүлэх, “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч Н.М-, Ц.Н- нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй /хавтаст хэргийн 49/ зэрэг хувийн байдлууд тогтоогдож байна.

 

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал, зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-, Ц.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 33.1 дүгээр зүйлийн 7, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Х- овогт Н-ийн М-, Х- овогт Ц-ийн Н- нарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,580,034 төгрөгийн хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-, Ц.Н- нарт тус тус 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-, Ц.Н- нарт тус тус оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус тус 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-, Ц.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД