Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

Улсын яллагч Ж.Энхжаргал

Хохирогч Н.Ганболд

Шүүгдэгч Г.Амарболд, түүний өмгөөлөгч Х.Даваахүү /ҮД: 0058/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оюут овогт Ганболдын Амарболдод холбогдох эрүүгийн 201624000763 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, яллагдагчийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Ногоон чулуутын 10 дугаар гудамж 28 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Оюут овогт Ганболдын Амарболд, /РД:УВ91081519/,    

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Амарболд нь 2016 оны 8 дугаар сарын 21-ний өглөө 06 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Турбо авто сервисийн урд замд Hyundai Accent маркийн 57-24 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж заасан журмыг зөрчсөнөөс Л.Баянбатын жолоодож явсан Toyota Ist маркийн 72-42 УНС дугаартай машиныг мөргөж, улмаар Toyota Ist маркийн 72-42 УНС дугаартай машины жолооч Л.Баянбат нь зогсож Турбо авто сервисийн урд зогсоолд байсан Б.Анхбаярын эзэмшлийн Lexus LX- 570 маркийн 55-05 УБТ улсын дугаартай автомашиныг мөргөж жолооч Л.Баянбатын биед хөнгөн зэргийн гэмтэл, Hyundai Accent 57-24 УНМ дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Н.Ганболдын биед нь хүнд зэргийн гэмтэл, Л.Баянбатад 1.593.000 төгрөгийн шууд 2.045.800 төгрөгийн нийт, Б.Анхбаярт 2.175.000 төгрөгийн шууд, 2.374.600 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Амарболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүгдэгч Г.Амарболд нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын 21-ний өглөөний 06 цагийн орчим би Баянзүрх дүүргийн Сансараас Баянгол дүүргийн 3,4-р хороолол руу өөрийн Аксент маркийн 57-24 УНН дугаартай автомашинаар явж байгаад, ардын эрхийн уулзвараар гараад 2-р эгнээнд явж байтал урд явж байсан Тоёота Ист маркийн автомашин хурдаа хасаад зогсохоор нь тормосоо гишгээд, араас мөргөхгүй гээд баруун талруугаа дартал тэр машины баруун хойноос нь мөргөөд, мөргөсөн эрчиндээ замын хашлага даваад зогссон, тэгээд машинаасаа буугаад иртэл тэр Ист маркийн автомашин миний хажууд ирээд зогсож байгаа харагдсан, удалгүй цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн, мөн 103 эмч ирээд бүх хүнийг үзээд, миний машинд суугаад явж байсан 4 хүнийг гэмтэлийн эмнэлэг рүү аваад явсан, зай барилгүй ойрхон явж байсан миний буруу гэсэн мэдүүлэг. /хх 111-117 дугаар хуудас/,

Хохирогч Н.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 8 дугаар сарын 21-нд танилынхаа машинд 23 цагийн үед суугаад юм ярьж байтал түүний найз залгаад уулзахаар болж Баянхошуу руу явж байсан. 02 цагийн үед түүнтэй уулзаад дахин өөр хүнтэй уулзахаар болж Сансар руу явсан. Тэгээд Сансараас буцаж явах замдаа бид осолд орсон. Машинд бид тавуулаа, би жолоочийн арын сандалд сууж байсан. Тэрнээс хойш би санахгүй байна. Би 1 сар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон. Миний дух, хөмсөг цөмөрсөн учир духандаа төмөр хийлгэсэн. Хагалгаанаас хойш би 3 удаа эмнэлэгт хэвтсэн. Одоо надад Амарболдоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Би хохиролд 6.200.000 төгрөг авсан...” гэв.

Хохирогч Н.Ганболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 8 дугаар сарын 20-ны орой 22 цагийн үед найз Пэлжээ (жинхэнэ нэрийг мэдэхгүй), бас түүний хамаатны залуутай гурвуулаа уулзсан, бид нар уулзаад Пэлжээгийн хамаатны дүүгийнх нь найз охин руу явахаар болсон, бид 3 Баянхошуу руу машинтай очиход тэнд тэр охин машинтай байж байсан, тэр охин манай найзын дүүтэй нь уулзмаар байна гэхээр нь түүнийг уулзуулахаар хамт явсан, гэхдээ би сууж ирсэн машиндаа биш нөгөө охины ирсэн машинд суугаад явсан. Манай найз Пэлжээ машинтайгаа Баянхошуунд үлдсэн, би ийм л юм санаж байна өөр зүйл санахгүй байна. Гэмтэлд 10 хоног хэвтэж эмчлүүлсэн, гараад Манал оточ гээд эмнэлэгт 10 хоног хэвтсэн..." гэсэн мэдүүлэг /хх 23-24 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Анхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 06 цагийн үед гэртээ байж байтал гар утас дуугарч "цагдаагаас залгаж байна, чиний автомашиныг мөргөсөн байна, гараад ир" гэж хэлсэн би гараад очтол Турбо авто сервисийн урд зогсоолд байршуулсан байсан. Миний өөрийн эзэмшлийн Лексус-570 маркийн 55-05 УБТ улсын дугаартай автомашиныг урд зам дээр нь 2 автомашин мөргөлдөж миний машины урд талыг мөргөсөн байсан...Буруутай этгээдээр үнэлгээгээр гарсан хохирлыг яаралтай гаргуулж авмаар байна..." гэсэн мэдүүлэг /хх 27 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Т.Баттулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Миний Тоёота Ийст маркын 72-42 УНС улсын дугаартай автомашин 2016 онд оношилгоонд орсон, явах эд ангийн ямар нэгэн эвдрэлгүй, тоормос хэвийн байсан, гадна эд анги мөн эвдрэлгүй байсан. Автомашины үнэлгээгээр гарсан хохирлыг яаралтай гаргуулж авмаар байна..." гэсэн мэдүүлэг /хх 35 дугаар хуудас/

 

Гэрч Л.Баянбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 8 дугаар сарын 20-ны орой 18 цагаас хойш маргааш өглөөний 06 цагийн үед хамаатны ах Т.Баттулгын эзэмшлийн Тоёота Ист маркийн 72-42 УНС улсын дугаартай автомашинаар таксинд явж байсан. Таксинд явж байгаад гэртээ харьж амрахаар Сүхбаатар дүүргийн нутаг Өлзийт төвийн уулзварын орчим ганцаараа машиндаа явж байхад гэнэт ард талаас түс тас гээд хүчтэй мөргөсөн, нэг хэсэг ухаан балартсан байсан, сэргэтэл би хар өнгийн жийп машин мөргөсөн байсан. Би яаж байгаад тэр машиныг мөргөсөнөө мэдэхгүй, тэр машиныг мөргөөд л сэргэсэн. Тэгээд машинаа ухраагаад, замын хажууд машинаа гаргасан, ослын дараа цагдаа дээр очиж тухайн үеийн бичлэг үзсэн, ослын дараа цагдаа нар ирсэн, түргэн ирсэн, хэргийн газрын үзлэгт би оролцсон. Мөн шүүх эмнэлэгт үзүүлсэн, шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцаад санал хүсэлт байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх 41-42 дугаар хуудас/

 

Гэрч О.Жигжиддол мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 8 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Зурагтын хуучин эцэст найз охин Мягмарцэцэг, найз Ганболд, Пэлжээ нартай Пэлжээгийн машинд уулзаад байж байхад, танил охин Эрдэнэчимэг утсаар залгаад манай найз Мягмардоржтой уулзмаар байна гэсэн. Тэгээд удалгүй тэр саарал өнгийн Хюндай Аксент маркийн машинтай ирээд, намайг суулгаад Мягмардоржийнх руу явах гэж байтал Ганболд цуг явъяа гээд ороод ирсэн. Эрдэнэчимэгийн сууж ирсэн машины жолооч эрэгтэйг мэдэхгүй, түүний найз л гэж байсан. Бид нар Зурагтаас Сансарын колонк дээр ирээд, Мягмардоржийг суулгаад буцаад зурагтын хуучин эцэс руу явж байгаад, замдаа Ардын эрхийн гэрлэн дохиотой уулзвараар гэрлэн дохиогоор амжиж орох гээд хурдаа нэмээд, ногоон гэрлээр амжаад гартал урд талд явж байсан Тоёота Ист маркийн машин хурдаа хасаж тоормос гишгэтэл тэр машины ард талаас мөргөөд, замын хашлага мөргөөд зогссон, бид нар буугаад иртэл мөргүүлсэн машин замын хажууд байсан хар өнгийн жийп машиныг мөргөсөн байсан, би өөрийн утаснаас 102 залгаж ослын талаар мэдэгдсэн, удалгүй цагдаа ирсэн, түүний дараа 103 ирээд эмч нар биеийн байдлыг үзээд, 2 машины жолоочоос бусдыг нь гэмтлийн эмнэлэг аваад явсан..." гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 50-51 дүгээр хуудас/

 

Гэрч М.Мягмардорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 8 дугаар сарын 21-ны шөнийн 03 цагийн үед би Сансарт ахындаа унтаж байтал хамаатны ах Жигжиддол гэрт орж ирээд найз Эрдэнэчимэг чинь гадаа ирсэн дуудаж байна гэж хэлэхээр нь би гараад очтол Эрдэнэчимэг машинтай ирсэн байсан машин дотор нь жолоочоос гадна нэг залуу байсан. Ах Жигжиддол машины урд суудалд суугаад 5-уулаа явсан. Би машиных нь арын суудалд суугаад машин хөдлөөд Ардын эрхийн уулзвар өнгөрөөд явж байсан. Тэгтэл түс тас хийх чимээ гарч машин зогссон. Ах түрүүлж буусан дараа нь нэг машин миний сууж явсан машины урд ирээд зогссон. Тухайн үед би юуг мөргөж гэмтсэнийг мэдэхгүй байсан..." гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 53-54 дүгээр хуудас/

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн ¹11736 дугаартай дүгнэлтээр "...

1. Л.Баянбатын биед духанд зулгаралт, хөмсөгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна..." гэжээ /хх 82 дугаар хуудас/

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн ¹11777 дугаартай дүгнэлтээр "...

1. Ганболдын биед гавлын дух ясны ил хугарал, тархины эдийн няцрал, хатуу хальсны урагдал, зүүн нүдний ухархайн дотор дээд ханын хугарал, духанд няцарсан шарх, хацарт няцарсан шарх, хацар, хөмсөг, зовхинд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1 ба 3.1.3-д заагдсанаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна..." гэжээ /хх 85 дугаар хуудас/

 

Техникийн шинжээчийн ¹524 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: "...

1. Hyundai Accent маркийн 57-24 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Г.Амарболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна..."

2. Toyota Ist маркийн 72-42 УНС дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Л.Баянбат нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна..." гэжээ /хх 103 дугаар хуудас/

 

СД-ний бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр:

“... үзэгдэх орчин харанхуй боловч зам гэрэлтүүлэгтэй, замын хөдөлгөөн сийрэг, дүрс бичлэгийн цагаар 05:47 секундэд камераас цааш явах хөдөлгөөний урсгалын замаар цайвар өнгийн суудлын автомашин камерийн бичлэгт орж ирээд хурдаа хасаж, тоормос гишгэж байгаа нь автомашины ард талын гэрэл асаж байгаагаар харагдаж байв, 05:47:08 секундэд түүний ард талаас цайвар өнгийн суудлын автомашин мөргөж, мөргөлдсөн эрчиндээ хашлага даваад зогсов, мөргүүлсэн автомашин буцаж эргэж хараад зогсолгүй явсаар замын хажуу талын зогсоолд замруу харуулаад байрлуулсан хар өнгийн суудлын автомашиныг урд хэсгээрээ мөргөөд, буцаж ухарч эргээд, анх мөргөсөн автомашины урд талд гарч зогсов, 2 автомашинаас хүмүүс бууж ирээд уулзаж байгаагаар 05:51:54 дуусав гэжээ.  /хх 20 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор: “...”ЗХУ Өлзий төв/у” гэсэн бичвэртэй сиди 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргахаар тогтов...” гэжээ. /хх 21 дүгээр хуудас/

 

 Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх 10-11/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 12/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-19/, гэрч Ү.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх 56/, шинжээч Н.Туяагийн  мэдүүлэг /хх 59/, авто машины үнэлгээ /хх 60-76/, шүүгдэгч Г.Амарболдын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 119 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 120 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 126/, хувийн байдал тогтоосон баримт /хх 128-129/, хохирол төлсөн баримт /хх 130-132/, дуудлагын лавлагааны хуудас /хх 145/, өвчний түүх /хх 146-169/, хохирогчийн хүсэлт /хх 178/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Амарболд нь 2016 оны 8 дугаар сарын 21-ний өглөө 06 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Турбо авто сервисийн урд замд “Hyundai Accent” /Хьюндай аксент/ маркийн 57-24 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж заасан журмыг зөрчсөнөөс Л.Баянбатын жолоодож явсан “Toyota Ist” /Тоёота ист/ маркийн 72-42 УНС дугаартай машиныг мөргөж, улмаар “Toyota Ist” /Тоёота ист/ маркийн 72-42 УНС дугаартай автомашины жолооч Л.Баянбат нь Турбо авто сервисийн урд зогсоолд зогсож байсан Б.Анхбаярын эзэмшлийн “Lexus LX- 570” /Лексус ЛЭкс 570/ маркийн 55-05 УБТ улсын дугаартай автомашиныг мөргөснөөс “Hyundai Accent” / Хьюндай аксент/ 57-24 УНМ дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Н.Ганболдын бие махбодид нь хүнд гэмтэл, жолооч Л.Баянбатын бие махбодид хөнгөн гэмтэл учирч, Л.Баянбатын жолоодон явсан автомашинд 1.593.000 төгрөгийн шууд 2.045.800 төгрөгийн нийт, Б.Анхбаярын автомашинд 2.175.000 төгрөгийн шууд, 2.374.600 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Амарболдын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Ганболд, гэрч Л.Баянбат, О.Жигжиддол, М.Мягмардорж, Ү.Эрдэнэчимэг, иргэний нэхэмжлэгч Т.Баттулга, Б.Анхбаяр нарын мэдүүлэг, зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, №524 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, ШШҮХ-ийн №11777, №11736 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, авто машины үнэлгээ, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгчдэгч Г.Амарболдыг хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Г.Амарболдод ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Г.Амарболдын үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүх хуралдаанд хохирогч Н.Ганболдоос “...хохиролд 6.200.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзсэн хэдий ч хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотойгоор цаашид гарах гэм хорын хохирол гарвал иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.

Мөн шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч Т.Баттулга, Б.Анхбаяр нарын автомашинд учирсан хохирлыг бүрэн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.  

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г уг хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж харин шүүгдэгч Г.Амарболдын №806348 дугаартай жолооний үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Амарболд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

            1. Оюут овогт Ганболдын Амарболдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Амарболдыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Амарболдод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал тус бүр хэрэгт хавсаргасугай.

            5. Шүүгдэгч Г.Амарболдын №806348 дугаартай жолооний үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Амарболд нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогч Н.Ганболд цаашид гарах гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Амарболдод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жил хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Амарболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилээр хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Амарболдод авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН