| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2021/0003/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/03 |
| Огноо | 2021-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
улсын яллагч Д.Аянагул,
шүүгдэгч Ч.Батхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чулуунбатын Батхүүд холбогдох эрүүгийн 2107000000019 дугаартай хэргийг хянан шийдвэрлүүлэхээр 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Уудам хангай” ХХК-ий шохойн үйлдвэрт тээрэмдэгч ажилтай /түр/, ам бүл 2, эхийн хамт Багахангай дүүрэг 2 дугаар хороо Цайдмын 2-14 тоотод оршин суух, Ерөөлт овогт Чулуунбатын Батхүү /РД:ЕП88011634/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ч.Батхүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Багахангай дүүргийн 2 дугаар хороо Цайдамын 2 дугаар гудамжны 14 тоотод Э.Буяндэлгэртэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч Э.Буяндэлгэрийн биед дээд уруулд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Батхүү “...Хэрэг гарсан найз Буяндэлгэртэй хамт архи ууж байгаад бидний хооронд жаахан маргаан гарсан. Тэгээд Буяндэлгэр намайг цохих үед нь би нэг удаа л цохисон...” гэв .
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Э.Буяндэлгэрийн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 09 цагийн үед найз Чинзоригийн хамт ажилдаа явж байсан юм. Төмөр замын дэлгүүрийн тэнд ажлын газрын Батхүүтэй дайралдаад тэр үед Батхүү ганц шил хамт хуваагаад уучих уу гэсэн би Чинзориг, Батхүүгийн хамт 0.75л хэмжээтэй Хараа нэртэй архи төмөр зам даваад ажил руугаа явдаг зам дээр хээр хувааж уусан. Архиа ууж дуусгаад Батхүү гэрт мөнгө байгаа бүгдээрээ ажилдаа яваад яах юм манай гэр лүү явъя гээд Ч.Батхүүгийн гэрт буюу Цайдам гэр хорооллын 2 дугаар гудамж 2 тоотод орчин гэрт нь ороход хүн байгаагүй. Бид дахин 0.75 л хэмжээтэй Хараа нэртэй архи авч гурвуулаа уусан. ...Батхүү эхлээд намайг доромжлоод элдвээр хэлээд байхаар нь муудалцсан эхлээд би Батхүүгийн нүүр лүү цохисон дараа нь Батхүү намайг нэг удаа цохисон миний зүгээс гомдол санал байхгүй. Эмчилгээний зардал нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Д.Чинзоригийн “...Би их согтсон байсан нэг мэдсэн Ч.Батхүүгийн ээж Лувсандаваа гуай ирсэн цагдаа дууд гээд сууж байсан Ч.Батхүү, Э.Буяндэлгэр нар нь хоорондоо зодолдсон байдалтай байсан. Юунаас болсон, хаана нь цохисон талаар би хараагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Г.Лувсандаваагийн “...Би галаа түлээд сууж байсан чинь юунаас болсон нь мэгдэгдэхгүй маргалдаад эхэлсэн тэгээд Э.Буяндэлгэр манай хүү Ч.Батхүүг нэг удаа цохиод авсан. Тэгсэн тэр хоёр маргалдаад эхэлсэн. Би энэ үед гэрээсээ гараад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 54 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгсбуянгийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн шэ/№51 дугаартай “Э.Буяндэлгэрийн биед шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Батхүү нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Багахангай дүүргийн 2 дугаар хороо Цайдамын 2 дугаар гудамжны 14 тоотод Э.Буяндэлгэртэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж Э.Буяндэлгэрийн биед дээд уруулд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ч.Батхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Буяндэлгэр болон гэрч Д.Чинзориг, Г.Лувсандаваа нарын зөрүүгүй мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн шэ/№51 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ч.Батхүүд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул Ч.Батхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ч.Батхүүг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ч.Батхүү нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн, Ч.Батхүү нь өөрийн тогтмол орлоготой болох нь тогтоогдсон зэргийг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Буяндэлгэрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч Э.Буяндэлгэр нь “шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэсэн тул Ч.Батхүүг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд шүүгдэгч Ч.Батхүү нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийн ялыг гүйцэтгэх үүрэгтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Батхүү цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ерөөлт овогт Чулуунбатын Батхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ч.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Батхүүд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Батхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Батхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН