| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2021/0004/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/04 |
| Огноо | 2021-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Хохирогч Э.*******,
Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210100000010 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ******* ******* тоотод оршин суух, урьд Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч *******ийн ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* тоотод 2021 оны 01 дүгээр сарын 12-ны орой Э.*******той маргалдаж баруун нүдний орчим хайчны тал хэсгээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******: “01 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ архи ууж байхад ******* миний утас руу залгаад манай гэрт хүрээд ирээч гэж хэлсэн ба би дүү ийг дагуулаад хамт явсан. Тэгээд хохирогчийн гэрт орох үедээ нэг шил архи аваад гэрт орсон. Удалгүй архи ууж байгаад *******той маргалдаж би хайчаар хатгасан ” гэж мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хохирогч Э.*******: “... Би гэртээ гурван хүүхэдтэйгээ байж байгаад мах чаначхаад үеэл ******* руу 16 цаг өнгөрч байхад мах ид гэж залгасан. Удалгүй ганцаараа орж ирсэн. Би махаа гаргаад байж байтал ******* тортой юм барьчихсан ганцаараа орж ирсэн. Хүүхдүүдэд амттай юм авч өгөөд нэг шил 0.5 гр тайга архитай орж ирээд холоо идээд юм ярьж суусан. Би өглөө нь жоохон халамцуу уучихсан байсан. ******* халамцуу орж ирсэн эрүүл байсан. Ингээд юм идээд нэг шил архиа бид 3 хувааж уугаад сууж байхад га даа ээжтэй чинь таарлаа нэг шил архи аваад өгчихлөө чи муу ээждээ нэг шил архи аваад өгчих чадалгүй гэж хэлээд бид заамдалцаж аваад муудалцсан. Тэгээд би *******ыг галын өрөөнөөс коридор руу авч яваад нэг удаа гараараа нүүр рүү нь цохисон. Тэгтэл босож ирээд салгасан. Би шогноог дагаад галын өрөөнд сууж байхад ******* 00-ын өрөө рүү орсон. Удалгүй гарч ирээд миний нүүр рүү цохих шиг болсон гэтэл гэнэт цус гараад явсан. юугаар яачхаж байгаа юм гээд миний цусыг тогтоох гэж байхад гэрээс гарсан. Удалгүй эргэж хоёр шил архитай орж ирээд уучлаарай хөгшөөн гэж хэлэхээр нь би уурлахдаа нэг шил архийг гараас нь мулталж аваад толгой руу нь цохисон. Тухайн үед би өөрөө согтуу байсан учраас нарийн сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн шинжээч эмч, эмгэг судлаач их эмч, цагдаагийн алах дэслэгч С.Төгсбуянгийн 2021 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн №08шэ/45 дугаартай “...Э.*******ын биед нүүр, зүүн бугалга, бүсэлхийнд шарх, зүүн бугалга, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой...” гэх дүгнэлт / хх-ийн 19-20 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад шинжээч эмч, эмгэг судлаач их эмч, цагдаагийн алах дэслэгч С.Төгсбуянгийн өгсөн “Баруун шанаад шарх, зүүн бугалгад шарх, нуруунд шарх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч А.ийн өгсөн “...Намайг гэртээ ******* ахтай хамт байж байхад үеэл дүү Э.******* нь ******* ах руу 16 цагийн үед утас руу нь залгаж гэрт мах чанасан ирж ид гэж хэлсэн. Тэгээд ******* ах бид хоёр гэрээс гараад тоотод ******* ахынх руу явсан. Тэгээд орцны үүдэнд ирээд би гэр лүү нь орсон. ******* ах дэлгүүр ороод хүүхдүүдэд нь юм аваад оръё гээд салсан. Удалгүй араас орж ирээд тортой юмаа гаргаж хүүхдүүдэд нь чихэр жимс өгөөд нэг шил 0.5 гр тайга архи авсан байсан. Ингээд бид гурав хоол идээд архиа ууцгааж юм ярьж суусан. ******* ах сая дэлгүүрт ээжтэй чинь тааралдаад нэг шил архи авч өглөө гэж хэлэхэд ******* ах яахлаараа чи ээжид архи авч өгдөг юм гэж хэлэхэд чи ээждээ аваад өгчихгүй яасан юм бэ гээд хэрэлдэж эхэлсэн. Ах дүүгийн хүүхдүүд учраас би хэрэлдээд болих байх гээд ах нарын яриаг сонсоод сууж байсан. Галын өрөөнд сууж байсан бөгөөд заамдалцаж босоод ******* ах ******* ахыг нэг удаа гараараа заамдаж аваад хацар руу нь шанаадсан. Тэгэхээр нь очиж салгахад ******* ах 00-н өрөө рүү орсон. Би ******* ахтай галын өрөөнд сууж байсан. Тэгээд хоорондоо юу гэж муудалцдаг юм гээд байж байхад ******* ах 00 гарч ирээд гартай цэнхэр өнгийн иштэй ирмэгтэй зүйлээр ******* ахын нүүрэнд хүрэх шиг болсон.” гэх мэдүүлэг, / хх-ийн 6-7 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ийн өгсөн “... 2021 оны 01 сарын 12-ны өглөө ажилдаа явсан. Гэрт манай нөхөр ******* 3 хүүхдийн хамтаар үлдсэн. Тэгээд манай ажил манай гэртээ ойрхон байдаг учраас гэрт хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь гэртээ орсон. Тухайн үед би ажил ихтэй байсан учраас цайны цагаараа яваагүй ингээд 17 цаг 3 минутын үед гэртээ ороход коридорт газраар цус туссан, манай нөхөр согтуу, хамаатны дүү тэй хамт байж байсан. Би сандарсандаа дэлгүүрийн худалдагч руу залгаад цагдаад манай хаяг дээр дуудлага өгчих хүмүүс маргалдаад байна гэж хэл гэсэн. Тэгээд би нөхрөөсөө болон дүү ээс юу болсон талаар асуухад *******тай муудалцсан, толгой дээр нь архины шилээр цохиж хагалаад шилэн дээр унаад гараа зүссэн. Харин ******* ах хайчаар зүссэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/
Согтолтын зэрэг шалгасан фото зураг /хх-ийн 12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан, хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* тоотод Э.*******той маргалдан улмаар түүний баруун шанаанд /нүдний орчим/ хайчны тал хэсгээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №08шэ/45 дугаартай дугаартай дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, шүүгдэгч А.*******ын болон хохирогч Э.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болон гэрч А., Д. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн зөрүүгүй мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч А.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул А.******* нь Э.*******той маргалдаж улмаар түүний баруун шанаанд хайчны тал хэсгээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Э.******* нь эмчилгээний зардалд 200.000 төгрөг авсан, одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч А.******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнтэй эвлэрсэн боловч улсын яллагчийн зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан, шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хайчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг А.*******т сануулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хайчийг устгахыг эд мөрийн баримт устгах коммист даалгаж, 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
5. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол А.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН