Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/334

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0276/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч Б.Ихтамир, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,

Иргэдийн төлөөлөгч Л.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч Н.А- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Н-н А-од холбогдох эрүүгийн 2218000000264 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “М” ХХК-ийн Н-уурхайд гагнуурчин ажилтай, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Орхон сум, ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Б- овогт Н-н А- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.А-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Н.А- нь согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 08 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр, “М-” цэцэрлэгт хүрээлэнгийн дотор барилга барьж байгаа “В-” ХХК-ийн ажилчдын гал тогооны гэрт хамтран амьдрагч Ч.О-ийг зодож, эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, тархи няцрал, нүүр, хүзүү, 2 бугалга, мөр, хэвлийн баруун хана, цээжинд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 21-ний шөнө хамтран амьдрагч Н.А- 9926-6685 дугаарын утаснаас 23 цагийн орчим залгаад “би Дархан-Уул аймагт ирж байна, надтай ирж уулз” гэж хэлсэн. Би тухайн үед ажлын байран дээрээ байсан болохоор очих боломжгүй байсан. Маргааш нь буюу 2022 оны 5 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн орчим манай ажил болох Дархан сумын 14 дүгээр баг “М-” цэцэрлэгт хүрээлэн дотор баригдаж буй “В-” ХХК-ний хашаанд Н.А- ганцаараа ирээд миний толгой руу шууд 2-3 удаа цохисон. Энэ үед би гал тогооны хэсэгт ганцаараа байсан. Тэгээд би А-од зодуулаад ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдсэн. Намайг олон эрчүүдтэй ажилладаг болохоор хардаад байдаг. Энэ удаад бас хардалтаас болж намайг зодсон. Тухайн үед А- архи уусан согтуу байсан. Өмнө нь маргалдаж байсан. Гэхдээ намайг зодож байгаагүй. Би А-той хамтран амьдраад 2 жил гаруй хугацаа болж байна. Намайг байнга хардаж хэрүүл маргаан хийдэг байсан. Намайг гараараа цохисон. Багаж хэрэгсэл ашиглаж цохиогүй. Н.А- нь надад эмчилгээний зардалд 600.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 13 дугаар хуудас/,

 

Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 22-ны өглөө 08 цагт Дархан сумын 14 дүгээр баг, Хүүхдийн паркийн хашаанд баригдаж байгаа барилгын ажил дээрээ ирсэн. Ирэхэд тогооч гал тогооны гэрт унтаж байсан. Бид нар цайгаа уучхаад ажилдаа гарцгаасан. Бид нар барилгын ажлаа хийгээд байж байхад гаднаас барилгын хашаа руу танихгүй согтуу эрэгтэй хүн орж ирээд алнаа гээд орилоод байхаар нь явж очоод та ямар учиртай хүн бэ гэж асуухад тэр залуу миний өөдөөс манай эхнэр хаана байна гэж асуучхаад гал тогооны гэр лүү яваад орсон Тэр залуу гал тогооны гэр лүү явж ороод тогооч О- гэрийн хойд талын орон дээр унтаж байхад нь шууд цохиж нүдээд эхэлсэн. Тэгэхээр нь би салгаад гал тогооны гэрээс тэр залууг гаргасан юм. Тэгтэл тэр залуу наадах чинь манай эхнэр байгаа юм би учраа олчихно гэхээр нь тэр залууг гадаа үлдээгээд би мах авчрахаар явсан. Би явахаасаа өмнө Цагдаагийн 102 дугаарт дуудлага өгчхөөд явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 22-ны үүрээр 04 цагт тогооч О- орж ирээд гал тогооныхоо гэрт амарсан. Би өглөө ус авахаар гал тогооны гэр лүү шагайхад О- хоймрынхоо орон дээр унтаж байсан. Намайг гэр лүү шагайхад тогооч өндийж харчхаад буцаад хэвтсэн. Тэр үед О-ийн нүүр ам зүгээр байсан. Би усаа аваад өөрийнхөө байрладаг гэрт байж байхад гаднаас хүн хашаа даваад ороод ирлээ гэж байсан юм. Тэр үед ажилчид талбай дээрээ гараад ажлаа хийж байсан. Тэгсэн тогооч О-ийн нөхөр гээд нэг согтуу эрэгтэй хүн орилоод байсан. Би тухайн үед очоогүй. Удалгүй цагдаа нар ирсэн. Цагдаа нар намайг дуудахад нь гал тогооны гэрт ортол тогооч О- хойд орон дээрээ нүүр нь битүү хавдар болсон зодуулсан байдалтай хэвтэж байсан. О- үүрээр 04 цагт орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, архи үнэртэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

 

Гэрч С.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би “В-” ХХК-ийн ХАБ-ын ажилтнаар ажилладаг. Манай компани Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт “М-” цэцэрлэгт хүрээлэнгийн хашаан дотор баригдаж байгаа аймгийн музей, номын сангийн барилгын карказын ажлыг 2021 оноос эхлэн гүйцэтгэж байна. 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 08 цагийн орчимд барилгын ажилчид ажилдаа гарах гээд цугларч байсан. Тэгэхэд манай барилгын хашааг нэг эрэгтэй хүн давж орж ирэхээр нь манай барилгын хашааны манаач Х- тухайн хүнээс яг яах гэж явааг нь асуухад манай эхнэр хаана байна гэж асуухаар нь гал тогооны гэрт байгаа байх гэж хэлсэн гэсэн. Тэгэхэд тэр залуу гал тогооны гэр рүү ороод манай тогооч Ч.О-ийг барьж аваад толгой руу нь гараараа нэлээн олон удаа цохиж зодсон гэсэн. Тэгэхээр нь манай ажилчид боль гэж хэлэхэд та нарыг ч гэсэн ална гээд орилоод байсан гэсэн. Харин би барилга дээр байсан болохоор хүн чанга орилоод маргалдаад байх шиг болохоор нь гал тогооны гэрт ирэхэд тогооч Ч.О-ийн нүүр битүү хавдтал цохиж зодоод хаячихсан О- гал тогооны гэрийн хоймрын орон дээр хэвтэж байхаар нь би Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Ч.О- 2022 оны 5 рггаар сарын 21-ний өдөр ажилдаа ирээгүй ба 2022 оны 5 дугаар сарын 22-ны өглөө үүрээр 04 цагийн орчимд барилгын хашаанд нэлээд согтуу байдалтай орж ирээд өглөө эрт ажилтай болохоор гал тогооны гэрт ороод унтчихъя гэж манаач ахад хэлээд орсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

 

Гэрч Р.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өглөө 08 цагийн үед Дархан сумын 14 дүгээр багт байрлах “М-” цэцэрлэгт хүрээлэн дотор баригдаж буй барилгын ажлаа эхэлсэн. Удалгүй тогооч гал тогооны гэрт орилж хашгираад байхаар нь би хамт ажиллаж байгаа О- гэх хүнтэй цуг яваад орсон чинь танихгүй эрэгтэй хүн тогооч О-ийг зодож байсан. Тэгээд би салгаад юу болсон талаар асуухад тэр эрэгтэй би нөхөр нь байна. Өөрөө мэдэж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 5 дугаар эрын 30-ны өдрийн 587 дугаартай “...Ч.О-ийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, тархи няцрал, нүүр, хүзүү, 2 бугалга, мөр, хэвлийн баруун хана, цээжинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Ч.О-ийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

Яллагдагч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би түүний ажил руу явах замдаа өчигдөр ууж дуусаагүй архиа уугаад явсан. Ингээд би түүний ажил болох “М-” цэцэрлэгт хүрээлэн дотор байх барилгын ажил явагдаж байгаа хашаанд очиход хашааны хаалгыг олоогүй болохоор хашаагаа даваад орсон. Хашаан доторх хүмүүсээс манай эхнэр О- хаана байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхэд гал тогооны гэрт байгаа гэж зааж өгсөн. Би гал тогооны гэх монгол гэрт ороход манай хамтран амьдрагч ганцаараа согтуу унтаж байсан. Тэгээд би О-ээ сэр гэхэд өөр танихгүй эрэгтэй хүний нэр хэлсэн. Нэрийг нь санахгүй байна. Тухайн үед миний уур хүрээд О-ийн толгой руу баруун гараараа олон удаа цохисон. Би тухайн үед биеэ барьж чадахгүй уурлаад хамтран амьдрагчаа зодох үедээ яаж яаж цохисоноо санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа нар ирээд намайг аваад явсан. Гэхдээ О-ийн биед шинжилгээ хийсэн шинжээч эмчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг бүгдийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,

 

2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

 

Н.А-, хохирогч Ч.О- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч Н.А- нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ, хардалтын улмаас хамтран амьдрагч Ч.О-ийн эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, тархи няцрал, нүүр, хүзүү, 2 бугалга, мөр, хэвлийн баруун хана, цээжинд цус хуралт үүсгэж зодсон үйлдэл нь хүчирхийллийн шинжтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог.

 

Иймд шүүгдэгч Н.А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Н.А-ыг гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутай үйлдлээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хохирогч эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон гарсан зардалтай холбоотой 1,289,780 төгрөгний баримт гаргаж өгсөн байх ба ажилгүй байсан хугацааны цалинг тооцож нийт 5,000,000 төгрөг нэхэмжилнэ гэжээ.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

 

Хохирогч Ч.О- нь хэрэгт нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болон сарын дундаж цалин хөлстэй холбоотой баримт гаргаж өгөөгүй боловч 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нэг сарын хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгөөр тооцож 1,680,000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн баримтаар гаргаж өгсөн 1,289,780 төгрөгийн зардлын баримтын талаар мэтгэлцсэн боловч шүүгдэгч уг зардлын талаар маргахгүй төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул нийт 2,969,780 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Үүнээс шүүгдэгч Н.А-ын шүүх хуралдаанаас өмнө хохирогч Ч.О-т төлсөн 700,000 төгрөг, завсарлага авах хугацаанд төлсөн 1,700,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 569,780 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлснийг хохирогч хүлээн зөвшөөрснийг дурдаж, шүүгдэгчээс 569,780 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Ц.О-т олохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Ч.О- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Н.А-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн; төлөхөө илэрхийлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь хохирлыг төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул  хорих ялын доод хэмжээнээс доош ял оногдуулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Н.А-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн энэ хэрэгт 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс цагдан хоригдсон 22 хоногийг хорих ялын 22 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Б- овогт Н-н А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Н.А-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.А-од оногдуулсан 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 22 хоногийг хорих ялын 22 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
  2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.А-оос 569,780 /таван зуун жаран есөн мянга долоон зуун ная/ төгрөг гаргуулж, хохирогч Шавь нар овогт Чулууны О- /Дархан-Уул аймгийн Дархан сум, ... тоотод оршин суух, РД:ХХХ, утас: ХХХ/-т олгож, хохирогч Ч.О- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД

 

 

                                                           ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР

 

 

                                                      ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ