Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/335

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0317/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхжаргал,

Шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ш- овогт Б-ы Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000349 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дугээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, малчин, ам бүл 8, нөхөр, 6 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сум, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш- овогт Б-ы Э- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчим Дархан-Уул аймаг, Хонгор сумын ... гэх газар ХХХ- улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.1 “...Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-д зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас, уг тээврийн хэрэгслийн тэвшин дээр зорчиж явсан 2013 оны 10-р сарын 19-ний өдөр төрсөн, 9 настай Н.Э- унаж, улмаар автомашины дугуйнд дайрагдаж, биед нь гавал тархины битүү гэмтэл, дух, дагз, чамархай суурь ясны салсан хугарал, хамар, эрүүний ясны хугарал, хуйхны дотор талын цус хуралт, нүүр баруун далны зулгаралт бүхий гавал тархины гэмтэл учирч амь нас нь хохирсон болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад:

Хохирогч Б.Э-ийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 14-ний орой 19 цаг 40 минутын үед манай дүү болох О- залгаад хүү чинь машинд дайруулчихсан байна гэнэ ээ яаралтай очих хэрэгтэй байна гэж хэлсэн, би Дарханаас гараад яваад очтол миний хүү нас барчихсан байсан. Талийгаач маань аав дээрээ байсан юм. Талийгаачтай 2020 онд хамгийн сүүлд уулзсан. Тэрнээс хойш холбоогүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 тал/,

Гэрч Л.А-ын өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр манай эхнэр Б.Э- үхрээ хураах гээд орой 18 цагийн орчим Бонго-3 ХХХ- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хүүхдүүдийн хамт авч явсан. Хамт явсан хүүхдүүд Э-, А-, Г-, Э-, Э- нарын хамтаар Бонго 3 маркийн ХХХ- улсын дугаартай тээврийн хэрэгслээр хамт зорчиж явсан. Би Монгол гэр бариад зогсож байхад хар хурдаараа давхиж ирсэн. Тэгээд ирэхээр нь юу болов гэж асуусан чинь би хүүхэд дайрчихлаа гэж хэлсэн. Яасан юун хүүхэд гээд тодруулахад Э- гээд 9 настай хүүхдийг машинаар үерийн далан гаргах гэж байгаад би унагаагаад дайрчихлаа гэж хэлсэн. Манай эхнэр Э- машины кабин дотор нэгийг нь суулгаад үлдсэн 3 хүүхдийг машины тэвшин дээр суулгаж явсан. Машины тэвшин дээр өөр зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 тал/,

Насанд хүрээгүй гэрч А.Э-ы өгсөн:  “...тэвшин дээр суугаад харин ээж машин бариад хамт үхэртээ явсан. Тухайн үед машины тэвшин дээр дүү Б-, А-, Г-, хамаатны Э-э бид нар сууж явсан. Тэгтэл замд Э-э машины тэвшин дээр 2-3 удаа босч зогсоод байхаар нь.би түүнд хандаж зогсож явж болохгүй доошоо суугаад яв гэж хэлсэн боловч миний үгэнд орохгүй дээшээ 1 босохдоо машины тэвшин дээгүүр давж унаад машины хойд дугуйн доогуур орсон. Тэгтэл ээж машинаа зогсоож буцаад Э-э дээр бид нар хамтдаа яваад очтол хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь Э-эг машиндаа оруулаад гэр лүү гээ аваад явсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29 тал/,

Насанд хүрээгүй гэрч А.Э-ын өгсөн: “...Э-э бид нарын үгэнд орохгүй дээшээ босож сууж явж байгаад замын эргэлтэн дээр босож таараад машины тэвшин дээгүүр даваад газар унахдаа машины арын дугуйн доогуур орсон. Гэртээ харьсан хойноо эмнэлэг рүү ярьж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31тал/,

Насанд хүрээгүй гэрч А.А-ийн:  “...замд Э-э машины тэвшин дээр босож суугаад яваад байсан ба манай ах нар түүнийг суугаад яв гэж хэлсэн чинь үгэнд нь оролгүй дээшээ босож явж байгаад замын эргэлт дээр Э-э тэнцвэрээ алдаж машины тэвшин дээрээс унасан. Манай ээж их хурдтай яваагүй зөөлөн явж байсан чинь замын эргэлт таараад эргэх үед Э-э машины тэвшин дээрээс унасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 тал/,

Шүүхийн  шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 94 дугаартай “...Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, дух, дагз, чамархай суурь ясны салсан хугарал, хамар, эрүүний ясны хугарал, хуйхны дотор талын цус хуралт, нүүр баруун далны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх өдөр үүссэн шинэ гэмтэл ба мөргөгдөх, доргих, унах үед үүсэх боломжтой. Талийгаачид шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-51 тал/,

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай: “...2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №57 дугаартай “...тухайн тээврийн хэрэгсэл нь 2014 онд үйлдвэрлэгдсэн ба 2022 оны тээврийн хэрэглэлийн оношилгоонд хамрагдсан байна. Тээврийн хэрэгслийн налуу өнхрөлтийг зогсоох гар кардан буюу тоормос нь ажиллаж байна. Ослын өмнө тухайн тээврийн хэрэгсэлд эвдрэл байхгүй байсан. Ослын дараа тээврийн хэрэгсэлд ямар нэгэн гэмтэл баихгүй байна. Киа Бонго-3 маркийн цагаан саарал өнгийн ХХХ- улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормосны ММ54598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-41 тал/,

Шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай: “...Б-ы Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.1 ...Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3- д зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно гэснийг тус тус зөрчсөн” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56 тал/,

Шүүгдэгч Б.Э-гийн өгсөн: “...үхэр рүүгээ явж байхад урд шавартай ховил таарахаар нь тэрийг тойрох санаатай дараад эргэхэд толинд 1 юм унах шиг болж дугуй юм дайраад овгоноод эвгүй болохоор нь тормос гишгээд зогсож буугаад ирсэн чинь манай хүүхдүүд ээж Э- уначихлаа гэхээр нь гүйгээд очиход хадам дүүгийн хүүхэд болох Э- газарт уначихсан, би машиныхаа жолооч талын арын дугуйгаар дайраад гараад зогсчихсон байсан. Тухайн үед Э-ын амнаас маш их цус гоожиж, ямар ч ухаангүй байсан. Би сандраад тэврээд машиндаа суулгаад гэр рүүгээ очиж анхан шатны тусламж үзүүлье гэж бодоод явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-13 тал/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Өчүүхэн төдий анхаарал сулрахад бусдын амь нас эд хөрөнгөд хохирол учруулж болзошгүй тул тээврийн хэрэгслийн жолооч ямагт анхаарал болгоомжтой явах ёстой ба шүүгдэгч Б.Э- нь бага насны хүүхдүүдийг хүн тээвэрлэх зориулалтгүй тээврийн хэрэгслийн тэвшин дээр тээвэрлэж явсны улмаас хүний амь нас хохирсон байна.

 

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцох бөгөөд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэгт хамаарна.

 

Иймд шүүгдэгч Б.Э-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Б.Э-гийн зүгээс оршуулгын зардал болох 4 сая төгрөг өгсөн, талийгаач миний том хүүхэд байсан, багаасаа Б.Э-гийнд амьдардаг байсан, өөрийн хүүхэд мэт асардаг байсан учраас гомдол саналгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан материалллаг хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.Э- нь 26 долоо хоногтой жирэмсэн болох нь түүний эрүүл мэндийн картаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 26 долоо хоногтой жирэмсэн, 2-14 хүртэлх насны 6 хүүхэдтэй зэрэг хувийн байдал, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохоор  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн ХХХ дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Э-д буцаан олгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Ш- овогт Б-ы Э-г “...автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Э-д оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн ХХХ дугаартай, ХХХ- улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Э-д буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД