| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2018/00622/И |
| Дугаар | 16 |
| Огноо | 2019-01-07 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 16
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д-ийн Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: х сургуульд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч х сургуулийн захирал Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, ам бүл 4. Боловсролын салбарт тасралтгүй 30 жил ажиллаж байгаа. 1992 онд Улсын Багшийн их сургуулийн СӨНХ-ийн сурган хүмүүжүүлэгчийн анги, 2004-2005 онд МУБИС-ийн нийгмийн ажилтны мэргэжлээр суралцаж, боловсрол судлалын магистр хамгаалсан. 2000-2017 онд үндэсний хэмжээний Боловсролын удирдлага болон боловсрол судлал, сургалтын менежерийн мэргэжил дээшлүүлэх урт, богино хугацааны 10 гаруй сургалтуудад хамрагдаж, боловсролын удирдлагаар мэргэшсэн. Мөн бүсийн болон аймгийн сургалтуудад 20 гаруй удаа хамрагдсан. 1992-1999 онд х сургуульд хүмүүжлийн эрхлэгч, дуу хөгжмийн багш, 2000-2006 онд х сургуульд хүмүүжлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, 2006-2013 онд х сургуульд нийгмийн ажилтан, 2013-2016 онд х сургуулийн захирал, 2016 оны 9 дүгээр сарын 01-нээс х сургуулийн сургалтын менежерээр тус тус ажилласан. Би тус сургуульд сургалтын менежерээр ажиллах хугацаандаа сургалтын чанар, орчин, арга зүйг дээшлүүлэх, багш нарын хамт олныг бүрдүүлэн, аливаа ажлыг чин шударгаар хариуцлагатай гүйцэтгэж ажилласан. Намайг сургалтын менежерээр ажиллаж эхэлснээс хойш захирлаар ажиллаж байсан Ц-ийн ажлаас чөлөөлсөн үндэслэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон ба одоо ажиллаж байгаа захирал Н нь нэгэн адил үндэслэлээр энэ албан тушаалаас 2 дахь удаагаа ажлаас чөлөөлж байна. Энэ нь ямар нэгэн ажил албан тушаалын болон ажлын байрны нөхцөл шаардлагагүй, хэн нэгэн хүний шахалт шаардлагаар тухайн ажлын байрнаас ямар нэгэн аргаар чөлөөлөх гэсэн гагцхүү намайг ажилгүй болгох гэсэн улс төрийн зорилготой болох нь харагдаж байна. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар хууль бус дүгнэлт гаргуулан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэж Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 35 тоот шийдвэрээр Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын улсын байцаагч Б-ын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 20/70 тоот дүгнэдтийг хүчингүй болгосон. Иймд миний нэхэмжлэлийг хангаж намайг х сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн томилуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч х сургуулийн захирал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Т нь тус сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байсан бөгөөд түүний мэргэжлийн диплом нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан мэргэжлийн шаардлага хангахгүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл Т нь Улсын багшийн дээд сургуулийг “Сургуулийн өмнөх насны хүүхдийн сурган хүмүүжүүлэгч” мэргэжлээр 1988 онд 14697 дугаарын дипломтой төгссөн бөгөөд х сургуулийн сургалтын менежер нь бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, тэргүүлэх болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй, 10 болон түүнээс дээш жил багшилсан, Ерөнхий боловсролын сургуулийн багш байна гэсэн шаардлага тавигдаж байгаа учраас Т-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.2 дахь заалтыг баримтлан ажил олгогчийн санаачлагаар цуцалсан. Т-ийн мэргэжлийн диплом нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолттой нийцэхгүй байгаа болохыг эрх бүхий мэргэжлийн хяналтын улсын байцаагч тогтоосон байгаа. Т-г Хөдөлмөрийн хуулийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөхдөө мөн хуулийн 40.5-д заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэл өгөх үүргээ ажил олгогчийн зүгээс биелүүлсэн. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэргэжлийн хяналтын байцаагчийн актыг хүчингүй болгосон ба энэхүү шийдвэрт дараагийн шатанд гомдол гаргаагүй юм байна. Т-г ямар нэгэн улс төрийн шалтгаанаар чөлөөлөөгүй, мэргэжил таарахгүй тул чөлөөлсөн юм” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т нь хариуцагч х сургуульд холбогдуулан сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Т-г х сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 32/Б/08 тоот тоот тушаалаар сургалтын менежерийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Хариуцагч х сургуулийн захирал Н нь сургалтын менежерийн Т-г Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 38 дугаар зүйлийн 38.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 20/70 тоот дүгнэлт зэргийг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн байна.
Гэтэл түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 20/70 тоот “Дипломын тухай” дүгнэлт хүчингүй болсон болох нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 35 тоот шийдвэрээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Т-г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар түүнийг х сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хавтаст хэргийн 7-48 дугаар хуудаст авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч х сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод /Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот данс/ оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т-г х сургуулийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч х сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод /Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот данс/ оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР