Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/336

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0314/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч Ш.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Г овогт Ш-гийн Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000379 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн бүртгэлд ам бүл 1, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ... тоотод оршин суух, Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Гал овогт Ш-гийн Б- /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Б- нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 08 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сум, ... тоотод, гэртээ хамтран амьдрагч Б.М-г үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хуйханд 3 шарх, 2 гарын бугалга, шуу, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай хамтран амьдрагч Ш.Б- нь Шарын гол нүүрсний уурхайд ажилд орохоор анкет өгчихсөн байсан. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр архи уучихсан байсан. Маргааш нь буюу 2022 оны 9 дүгээр сарын сарын 13-ны өдөр өглөө ажилд орох байсан юм. Тэгээд ажилдаа явж чадахгүй болоод 1 шил 0.75 граммтай Хараа нэртэй архи дахиад уухаар нь чи ажилтай биз дээ, чамайг найз чинь ажилд оруулж өгсөн, чамд уурхайд ороход ганц найз чинь сэтгэлээрээ тусалж байхад хүний итгэлийг алдаж болохгүй ш дээ наад архи уухаа болиоч гэсэн чамд ямар хамаатай юм бэ, битгий миний ажилд садаа болоод бай, би мэдэж байна гээд миний толгой руу гурил элддэг гулуузаар хэдэн удаа цохисныг мэдэхгүй, толгойноос цус гараад байхаар нь гал тогооны өрөөний крантан дээр очиж цусаа угааж тогтоох гэсэн боловч тогтохгүй байхаар нь хэсэг галын өрөөнд шалан дээр хэвтсэн юм. Тухайн үед гэрт Ш.Б- архи уугаад байхаар нь би ууж байгаа архинаас нь хороолцож бага зэрэг уусан. Тэгээд гэрээс гараад явах гэсэн боловч хаалганы ручка эвдэрсэн, түлхүүр нь байхгүй болоод гарч чадалгүй гэртээ орилж хашгирч байхад гаднаас цагдаа нар болсон байдал дээр орж ирж эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн. Би Шарын голын эмнэлгээс шууд Дархан руу А-13 аваад гэмтлийн эмнэлэгт очиж толгойдоо 11 оёдол тавиулж эмчлүүлж байхад Дарханы гэмтлийн эмч тархины томографикт үзүүлж эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж хэлэхээр нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Шарын гол сумынхаа эмнэлэгт ирж хэвтэн эмчлүүлж байна. Тархинд 11 оёдол хийлгүүлж тархины томографикт харуулсан, цус алдалт ихтэй тархины доргилттой, оёдлын доор цус хуралттай байна гэж эмч хэлсэн, одоо эмчилгээ хийгдэж байна. Биеийн байдал сайжирч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дугаар тал/,

 

Гэрч Т.Б-нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би тухайн үед Шарын гол сумын ... тоотод хэрүүл маргаан болоод байх шиг байна, шуугилдаад байна гэсэн дуудлагын дагуу очсон. Очиход хаалгаа тайлахгүй байсан тул Шарын гол сумын Онцгой байдлын 55 дугаар анги руу мэдэгдэж шат авчруулж хоёр давхарт уг айлын цонхоор дотогшоо нэвтэрч орсон. Ороход эд зүйлс эмх замбараагүй болсон байдалтай, хохирогч М- нь орон дээрээ суучихсан толгойноос нь их хэмжээний цус гарч байсан. Харин түүний хамтран амьдрагч Б- архи согтууруулах ундааны зүйл нилээд хэтрүүлэн хэрэглэсэн бололтой сууж байсан. Тэгээд эмнэлэг дуудаж хохирогчийг өгч явуулсан, харин Б-ийг Цагдаагийн хэлтэс рүү авч явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

 

Дархан-Уул аймгийн аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 927 дугаартай: “...Б.М-гийн биед хуйханд 3 шарх, 2 гарын бугалга, шуу, нуруунд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.М-гийн биед тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. Б.М-гийн биед биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

 

Шарын гол сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хавтаст хэргийн 18 дугаар тал/, гурилын элдүүрийг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Ш.Б-, хохирогч Б.М- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн харилцан хамаарал бүхий этгээд болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Ш.Б- нь согтуурсан үедээ, үл ялиг зүйлээр шалтаглан хамтран амьдрагч Б.М-г гурил элддэг модоор цохиж, хуйханд 3 шарх, 2 гарын бугалга, шуу, нуруунд цус хуралт үүсгэж зодсон үйлдэл нь хэрцгий, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд Ш.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.М-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хуралд оролцохгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байх боловч хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдох зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Ш.Б- нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтмол орлогогүй байх тул торгох ял шийтгэх үндэслэлгүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан ялыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Тохижилт үйлчилгээний төвд түүний эрүүл мэнд, биеийн онцлогт тохирсон ажлыг хийлгэж эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40 см урттай гурилын модон илдүүр 1 ширхэгийг шийтгэж тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Г овогт Ш-гийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Б-т 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Тохижилт үйлчилгээний төвд өдөрт 8-аас илүүгүй цагаар, түүний эрүүл мэнд, биеийн онцлогт нь тохирсон ажлыг хийлгэж ажиллуулахыг даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч Ш.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдох зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40 см урттай гурилын модон илдүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД