Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 116

 

Ж.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02805 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “О т” ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 149 253 606 төгрөг гаргууалх, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Гэнэт халагдсаны тэтгэмж болон нэг удаагийн буцалтгүй тусламжид төлсөн 21 040 ам.доллар буюу 51 851 607 төгрөг гаргуулах, хувь хүний орлогын албан татварын 6 653 54 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, Ц.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1440 дүгээр шийдвэрээр намайг “О т” ХХК-ийн Хуулийн хэлтсийн ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосон бөгөөд тус шийдвэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 302 дугаар магадлал, УДШ-ийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 474 дугаар тогтоол гарснаар хүчин төгөлдөр болсон. Хариуцагч “О т” ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авахгүй байсан тул манай өмгөөлөгч УДШ-ийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 474 дугаар тогтоол ёсчлогдож гарсныг гардан авсан үеэс хойш буюу 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, мөн оны 6 дугаар сарын 19-ний өдрүүдэд “О т” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армондо Торрест шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн, шаардсан албан бичгийг албан ёсоор хүргүүлснийг тус компани хүлээн авсан. Дээр дурдсанчлан хариуцагч “О т” ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул тус шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгэх ажиллагааг 2017 онь 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлсэн болно.

Ийнхүү “О т” ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэг”-ээ илтэд зөрчиж, намайг шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон ажилд маань ажиллуулахгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зааснаар “О т” ХХК-иас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс энэхүү нэхэмжлэл бүхий хэргийг шийдвэрлэх боломжит хугацаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт 11 сарын хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 149 253 606 төгрөг гаргуулахаар, “О т” ХХК-д нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны бичилтийг хийж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалган шийдвэрлэж өгнө үү.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны  12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/01440 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 302 дугаар магадлалаар сарын дундаж цалинг 13 568 509.6 төгрөг гэж тогтоосон бөгөөд шүүхээр нэгэнт тогтоогдсон тус хэмжээгээр ажилгүй байсан 11 сарын цалинг тооцсон гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1440 тоот шийдвэрээр Ж.Б-г “О т” ХХК-ийн Хуулийн хэлтсийн ахлах менежер албан тушаалд эгүүлэн тогтоосон бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 302 тоот магадлалаар тус шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 474 тоот тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу “О т” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн НК3530/1 тоот тушаал гарч Хуулийн хэлтсийн Ахлах менежер албан тушаалд эгүүлэн тогтоосон ба тушаалыг түүнд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “О т” ХХК-ийн ...хэлтсээс мэдэгдсэн. Ж.Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дээрх тушаалыг гардаж авсан. Улсын Дээд шүүхийн 474 тоот тогтоолын хянах хэсэгт “Ж.Б-гийн нэхэмжлэлд “эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцон суутгаж, дэвтэрт бичилт хийлгэх” талаар дурдаагүй байгаа боловч ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас ажилтанг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах тохиолдолд байгууллага нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргасан эсэхээс үл хамааран хуулийн дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олгогдож буй цалин хөлснөөс суутган нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийх үүргийг хүлээх тул анхан шатны шүүх шийдвэртээ энэ үүргийг заасныг хууль зөрчсөн гэж үзэхгүй” гэж заасан ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 29/150 тоот мэдэгдлийн дагуу цалин хөлс 67 842 545 төгрөгнөөс ажилтны болон ажил олгогчийн суутгалыг суутган авахгүйгээр мэдэгдлийн дагуу 68 989 707 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд бүрэн шилжүүлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийхийг шаардаж байгаа боловч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Ж.Б- нь суутгал шимтгэлийг холбогдох байгууллагад төлөөгүй учир бичилтийг хийх боломжгүй байгаа болно. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Ж.Б- нь анхан шатны шүүхийн шийдвэр болон нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэлгүйгээр бичилт хийлгүүлэхээр үндэслэлгүй шаардаж шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад учруулсаар байна.

Нэхэмжлэлийн шаардлага болох 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хэргийг шийдвэрлэх боломжит хугацаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс шаардсаныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь цалин хөлсийг ажилд эгүүлэн томилсон Гүйцэтгэх захирлын тушаалыг мэдэгдсэн хугацаа буюу 2017 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцох байтал түүнээс хойш хугацааны цалин хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

1. “О т” ХХК нь компанийн зардлыг бууруулах, эдийн засгийн чадавхи, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 2016 оны 5 дугаар сард хуулийн дагуу ажилтнуудыг бөөнөөр ажлаас халсан бөгөөд тухайн халалтаар ажилтнуудын зарим орон тоо хасагдаж, зарим ажилтны тоо цөөрсөн. Нэхэмжлэгчийн ажлын байр болон албан тушаал нь хасагдсан гэх үндэслэлээр “О т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1268/16 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01440 тоот шийдвэр гарч Ж.Б-г “О т” ХХК-ийн Хуулийн хэлтсийн  ахлах менежер албан тушаалд эгүүлэн тоггоосон бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 302 тоот магадлалаар тус шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Улсын Дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 474 тоот тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ж.Б-гийн хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаатай холбогдуулан “О т” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1268/16 тоот тушаалын 3 дах хэсэгт “Ж.Б-д нийт 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж олгосугай”, 4 дэх хэсэгт “Ж.Б-д 1 000 ам.доллартай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгосугай” хэмээн заасан ба тушаалын дагуу Ж.Б-д нийт 21 040 ам.долларыг “О т” ХХК-иас шилжүүлсэн. Шүүхийн шийдвэрээр Ж.Б-гийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан Гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул “О т” ХХК-иас гэнэт халагдсаны тэтгэмж болон нэг удаагийн буцалтгүй тусламж олгосноо Ж.Б-гаас буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.

2. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 474 тоот тогтоолын хянах хэсэгт “... Ж.Б-гийн нэхэмжлэлд эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцон суутгаж, дэвтэрт бичилт хийлгэх тапаар дурдаагүй байгаа боловч ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас ажилтанг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах тохиолдолд байгууллага нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргасан эсэхээс үл хамааран хуулийн дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олгогдож буй цалин хөлснөөс суутган нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийх үүргийг хүлээх тул анхан шатны шүүх Ж.Б-д олгогдох цалин хөлс болох 6 842 545 төгрөгнөөс ажилтны болон ажил олгогчийн суутгалыг суутган авахгүйгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 29/150 тоот мэдэгдлийн дагуу цалин хөлс, тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал нийт 68 989 707 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд “О т” ХХК бүрэн шилжүүлсэн болно. Ж.Б-гийн нийгмийн даатгальн дэвтэрт нөхөн бичилт хийхийн тулд ажилтнаас төлөх шимтгэл, татварыг холбогдох байгууллагад “О т” ХХК ажил олгогчийн хувьд суутгасан дүнгээ шилжүүлэх шаардлагатай болсон ба ажилтан Ж.Б- нь өөрт ноогдох шимтгэл, татварыг төлөхгүй гэсний эцэст Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас нийгмийн даатгалын шимтгэлд 960 000 төгрөгийг “О т” ХХК-д буцаан /гүйлгээний утга нь алдаатай буюу Ж.Б- гэсэн байсан/ шилжүүлсэн ба “О т” ХХК-аас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилтүүдийг хийлгэсэн болно. Шүүхийн шийдвэрээр тогтоосон 67 842 545 төгрөгнөөс Ж.Б-гийн хувь хүний орлогын албан татварт ноогдох 6 653 254.50 төгрөгийг “О т” ХХК хувь хүний орлогын албан татварт төлөх шаардлагатай байгаа тул дээрх татварт суутгагдах мөнгийг “О т” ХХК-ийн данс руу эсвэл харьяалах татварын албаны данс руу шилжүүлэхийг Ж.Б-д даалгах шаардлагыг гаргаж байна.

Жич: Ж.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй цалин хөлсөнд ноогдох ажилтны суутгал шимтгэл, татварыг шүүхийн шийдвэрт тодорхой дурдуулах хүсэлтэй байна. Өмнөх шүүхийн шийдвэрт цалин хөлсөнд ноогдох ажилтны суутгал шимтгэлийн тухай заасан хэдий ч ажилтан болон бусад байгууллага түүнийг үл хайхарч байгаа нь энэхүү хүсэлтийг гаргахад хүрсэн болно.

Иймд Ж.Б-гаас гэнэт халагдсны тэтгэмж болон нэг удаагийн буцалтгүй тусламжид төлсөн 21 040 ам.доллар буюу 51 851 607 төгрөгийг гаргуулж “О т” ХХК-д олгох, мөн хувь хүний орлогын албан татварын 6 653 254.50 төгрөгийг “О т” ХХК-ийн данс руу эсвэл харьяалах татварын албаны данс руу шилжүүлэхийг Ж.Б-д даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

1. Хариуцагч нь нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөхгүйгээр бичилт хийлгүүлэхээр шаардаж, шүүхийн шийдвэр биелүүлэхэд саад учруулж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад тайлбар гаргасан байна. Энэ асуудал миний нэхэмжлэлтэй холбоогүй болно.

2. Хариуцагчаас намайг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн тогтоосон тушаалыг мэдэгдсэн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны цалинг олгох боломжтой хэмээн тайлбарласан байх ба би 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орох боломж олгосноор ажилдаа орсон болно.

Иймд би 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг шаардаж байна. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргах тухай “О т” ХХК нь надаас тэтгэмж, буцалтгүй тусламжид олгосон 51 851 607 төгрөгийг гаргуулахаар сөрөг шаардлага гаргажээ. Тус компани надад ажлаас халагдсаны тэтгэмжид 20 040 ам.доллар олгож, 1 000 ам.долларын буцалтгүй мөнгөн тусламж олгосон. Би нэгэнт шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон тул ажлаас халагдсаны тэтгэмж хэмээн олгосон 20 040 ам.долларыг хариуцагчид буцаан олгох үндэслэлтэй, харин буцалтгүйгээр олгосон 1 000 ам.долларыг шаардсан шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал, би сөрөг нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 20 040 ам.долларын шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б-гийн “О т” ХХК-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 149 253 606 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Ж.Б-гаас 58 504 861 төгрөгийг гаргуулж “О т” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б- олговор гаргуулах шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “О т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ж.Б-гаас 450 475 төгрөгийг гаргуулж “О т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Ж.Б-гийн “О т” ХХК-нд холбогдох иргэний хэргийг зохигчдын хэргийн материалтай танилцах эрхийг бүрэн хангалгүйгээр хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 80 дугаар зүйлийн 80.1, 82 дугаар зүйлийн 82.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийн заалтыг дараах байдлаар буруу тайлбарлаж хэрэглэсний зэрэгцээ хэрэглэх ёсгүй хууль /Иргэний хуулийн 492 дугаар зүйл/-ийг хэрэглэсэн. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор, шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэх”-ээр хуульчилсан. Нэхэмжлэгч Ж.Б- нь түүнийг өмнө нь ажилд эгүүлэн тогтоосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1440 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 302 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 474 дүгээр тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй байхад буюу тус ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй. Гэтэл анхан шатны шүүх Ж.Б-г ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрээр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийг “эрх зөрчигдсөн өдөр” хэмээн тодорхойлж, хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “... тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна” гэж заасан байтал анхан шатны шүүх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан, хариуцагч “О т” ХХК нь тус ажиллагаа эхэлснээс хойш, цаашлаад нэхэмжлэгч шүүхэд ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны дараа хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Ж.Б-г ажилд нь эгүүлэн тогтоосон бодит үйл баримтыг үл харгалзан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй, хэт нэг талыг баримталсан хэрэг болсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлсийг олгоно” гэж заасан бөгөөд хууль зүйн онол, практикт “ажилгүй байсан бүх хугацаа гэдгийг ажилтныг ажлаас халснаас хойш ажилтны гаргасан нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх, цаашлаад хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх бүх хугацаа хамаарна” гэж ойлгодог бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой өдрөөс” хэмээн тодорхойлсон хөөн хэлэлцэх хугацааг дээр дурдсанчлан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тооцох хууль зүйн үндэслэл, боломж огт байхгүй атал шүүх ийнхүү илт үндэслэлгүй, огт ойлгомжгүйгээр хуулийг хэрэглэсэн.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримтлан дараах байдлаар хуулийг буруу тайлбарлах болон хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн:

а) Шүүх сөрөг нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага буюу Ж.Б-гаас хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа түүнд олгосон гэнэт халагдсаны тэтгэмж, нэг удаагийн буцалтгүй тусламж гаргуулах шаардлагыг шийдвэрлэхдээ эрх зүйн харилцааг илтэд буруу тодорхойлж шийдвэрлэсэн. Тодруулбал, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн дурдсан шаардлагын үндэслэлээ “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Ж.Б-г ажилд нь эгүүлэн тогтоосон тул түүнд хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа түүнд олгосон гэнэт халагдсаны тэтгэмж, нэг удаагийн буцалтгүй тусламжийг гаргуулахаар шаардаж байна” хэмээн тодорхойлсон нь тус шаардлага Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан ажлаас халагдсаны тэтгэмжтэй холбоотой шаардлага болохыг илэрхийлнэ. Гэтэл шүүх хөдөлмөрийн гэрээний талуудын ажлаас халагдсаны тэтгэмжтэй холбоотой харилцааг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн үндэслэлгүйгээр хөрөнгөжих харилцаа хэмээн зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг илтэд буруу тодорхойлох замаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад “хөөн хэлэлцэх хугацаа тооцох” заалтыг талуудад “тэгш бус” байдлаар хэрэглэсэнд гомдолтой байна.

б) Шүүх сөрөг нэхэмжлэлийн 2 дугаар шаардлага буюу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан 68 989 707 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлсэн тул шүүхийн шийдвэрээр Ж.Б-д олгохоор тогтоосон 67 842 545 төгрөгөөс хувь хүний орлогын албан татварт ногдох 6 653 254.5 төгрөгийг гаргуулах шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт зүй бусаар халдсан. Тодруулбал, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “О т” ХХК-аас 67 842 545 төгрөгийг гаргуулж, Ж.Б-д олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэрт дурдсан хэмжээгээр албадан гүйцэтгэсэн. Гэтэл анхан шатны шүүх албадан гүйцэтгэгдсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт “өөрчлөлт оруулсан” буюу “О т” XXK-аас гаргуулж, Ж.Б-д олгохоор шийдвэрлэсэн дүнгээс 6 653 254.5 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, ИХШХШХ, ШШГТХ-аар хуульчлан тодорхойлсон “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх”, “шүүх, шүүгчийн эрх хэмжээг зөрчихгүй байх” зарчмыг ноцтой зөрчсөн шийдвэр болсон.

Иймд гомдлыг хүлээн авч, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ж.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “О т” ХХК-ийн Ж.Б-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Хариуцагч “О т” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 149 253 606 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч, гэнэт халагдсаны тэтгэмж болон нэг удаагийн буцалтгүй тусламжид төлсөн 21 040 ам.доллар буюу 51 851 607 төгрөгийг гаргуулах, хувь хүний орлогын албан татварын 6 653 254 төгрөгийг “О т” ХХК-ийн данс руу эсхүл харьяалах дүүргийн татварын дансанд шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ж.Б- нь “О т” ХХК-ийн Хуулийн хэлтсийн ахлах менежерийн албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/01440 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 302 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ХТ2017/00474 дүгээр тогтоолоор Ж.Б-г “О т” ХХК-ийн Хуулийн хэлтсийн ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт ажил олгогчоос 67 842 545 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр байна. /хэргийн 8-20 дугаар тал/

 

Дээрх шийдвэрийг хариуцагч байгууллага сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсаны үндсэн дээр 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Ж.Б-д ажилгүй байсан хугацааны олговорт 68 489 707 төгрөгийг ажил олгогчоос олгосон, мөн түүнийг “О т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн HR3530/17 тоот тушаалаар Хуулийн хэлтсийн ахлах менежерийн ажил, албан тушаалд буцаан томилжээ. /хэргийн 42, 71, 72 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ж.Б- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилсэн байна. 

 

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад буюу шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргахаар зохицуулжээ.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гарч, хариуцагч байгууллага нь дээрх шийдвэрийн дагуу 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсноос үзэхэд дээрх хугацаанд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгч Ж.Б-г Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд нь томилох хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч олгохыг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байгааг шүүх анхаарч үзээгүй буруутай байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 474 дүгээр тогтоол гарсан өдрөөс тооцсон нь үндэслэлгүй болжээ.

 

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс цалин хөлс авсан гэдгээ үгүйсгээгүй тул 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан 9 сар, ажлын 4 хоногийн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт, түүний нэг сарын дундаж цалин, хөлс болох 13 568 509 төгрөгөөр тооцоход 124 640 953 /13 568 509 : 21.5 хоног = 631 093 х 4 хоног = 2 524 372/  төгрөг болж байгааг хариуцагч “О т” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1268/16 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө хариуцагч түүнд 3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж олгосныг нэхэмжлэгч  төлөхийг зөвшөөрсөн байна. Уг тушаалаар нэхэмжлэгчид 1 000 ам.долларын буцалтгүй тусламж олгосныг хариуцагч төлөхөөс татгалзаж байх боловч түүнийг ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулж өгсөн гэдгийг нэхэмжлэгч үгүйсгээгүй буюу өөр үндэслэл, шалтгаанаар тусламж авсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдсонтой холбоотойгоор ажлаас халагдсаны тэтгэмж, буцалтгүй тусламж 21 040 ам.доллар буюу 51 851 607 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэг үүсжээ. Мөн нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 67 842 545 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо хуульд заасан журмын дагуу хувь хүний орлогын албан татварыг суутгалгүй хариуцагч олгосныг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй тул түүнээс 6 653 245 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал нь шүүхийн шийдвэрээр түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосонтой холбоотойгоор хүчингүй болсон тул уг тушаалаар түүнд олгосон тэтгэмж, тусламж, шүүхийн шийдвэрээр олгосон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговроос суутгаагүй татвар зэргийг нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шүүх дүгнэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч шаардах эрхтэй гэж сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.    

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02805 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О т” ХХК-аас 124 640 953 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б-д олгож, уг мөнгөнөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 612 653 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “О т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 781 154 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ   

 

                                                       ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ   

                       

                                                                                                              С.ЭНХТӨР