Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2024/0473

 

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2024/0473

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Ч.С, Б.Т нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 0362 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунтүлхүүрийн давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч Ч.С, Б.Т

Хариуцагч БЗДЗД, БЗДГЗБА

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

 

Хэргийн индекс: 128/2023/1015/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн 0362 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 21.5.3-д заасныг баримтлан иргэн Ч.С, Б.Т нараас БЗДЗД болон БЗДГЗБАнд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны Ч.С, Б.Т нарын газар эзэмших хүсэлтийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Ч.С, Б.Т нарын газар эзэмших хүсэлтийг хүлээж авахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд даалгаж, Ч.С, Б.Т нарт газар эзэмших эрх олгохыг БЗДЗДд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунтүлхүүр дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0362 дугаар шийдвэрийн 4-т "Хэдийгээр нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл шүүхийн дээрх дүгнэлтүүдээр хууль бус болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэлийн шаардлагын дагуу Ч.С, Ч.Тулга нарын газар эзэмших хүсэлтийг хүлээж авахыг Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд... даалгах боломжгүй" гэж дүгнэсэн байна. Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15/1521 дүгээр албан бичгээр хууль бусаар татгалзсан. Шүүхээс энэ үйлдэл нь хууль бус байна гэж дүгнэсэн боловч даалгах тухай шаардлага гаргах боломжгүй байна гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа " Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны Ч.С, Б.Т нарын газар эзэмших хүсэлтийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоолгож,.." гэж тодорхойлсон. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д "Монгол Улсын иргэн энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан газрыг эзэмших хүсэлтийг засаг захиргааны нэгж болон зориулалтаа сонгож нэг удаа гаргах бөгөөд тухайн иргэний хүсэлт шийдвэрлэгдэх хүртэл өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд хадгалагдана", 29.8-д "Иргэний үнэ төлбөргүйгээр газар эзэмшихээр цахим системээр гаргасан хүсэлтийг дараах дарааллын дагуу эрэмбэлэн бүртгэнэ" гэж тус тус заасан байдаг. Хавтаст хэрэгт цугларсан баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нэхэмжлэгч нарын газар эзэмших тухай хүсэлтийг хариуцагч хүлээж авсан болон хуульд заасан журмын дагуу цахим санд бүртгэсэн нэг ч баримт байхгүйн дээр албан бичгээр хууль бус хариу өгснийг шүүхээс хүлээж аваад татгалзсан үйлдэл байгаа мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0362 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д "Анхан шатны шүүх ...эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй" гэж зааснаар өөрчилж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ч.Сын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон Б.Тулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

1.    Нэхэмжлэгч Ч.С, Б.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023.03.15-ны өдөр өөрчилсөн нэхэмжлэлдээ ... Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны Ч.С, Б.Т нарын газар эзэмших хүсэлтийг хүлээж аваагүй эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, хүлээж авахыг даалгаж, Ч.С, Б.Т нарт газар эзэмших эрх олгохыг БЗДЗДд даалгах гэжээ.

2.    Анхан шатны шүүх ... Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15/1521 дүгээр албан бичгээр гомдолд хариу өгөхдөө газар эзэмших эрх нь дуусгавар болсон О.Энхжаргал, Э.Батболд нарын газартай давхцалтай гэж үндэслэлгүй хариу өгсөн ... гэж хариуцагчийн хууль бус татгалзлыг дүгнэсэн атлаа Газрын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөс үзэхэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх нь Нийслэлийн Засаг даргад шилжсэн байх тул дүүргийн Засаг даргад даалгах боломжгүй гэж, мөн хүсэлтэд хариу өгсөн байхад хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гэж үзэхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

3.    Шүүх хэрэгт авагдсан зарим баримтыг дутуу үнэлж, нэхэмжлэгч тус бүр хүсэлт гаргасан эсэх, хэн нь аль хүсэлтийг шийдвэрлэсэн захиргааны үйл ажиллагаатай маргаж байгаад бодитой дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т ... нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн, мөн хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдолд үндэслэлгүй хариу өгснийг тогтоосон атлаа даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д ... захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах ... шийдвэрийг гаргахаар заасныг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4.    Нэхэмжлэгч Ч.С, Б.Т нарыг төлөөлж Э.Болор-Эрдэнэ хамтатган нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч иргэдийн эзэмшихийг хүссэн газар нь 2 тусдаа байршилтай, тус бүр 700 м.кв газрыг эзэмшихийг хүссэн гэх боловч хэрэгт нэхэмжлэгч Б.Тас газар эзэмших тухай хүсэлтийг хариуцагч Засаг дарга болон Газрын албанд гаргаж байгаагүй болох нь Ч.Сын дангаар гаргасан хүсэлтүүд, зөвхөн түүнд хариу өгсөн, мөн Б.Тулгын хүсэлтийг хүлээж аваагүй талаар хариу өгсөн албан бичгүүд, шүүхээс хийсэн архивын баримт бичиг болон өргөдөл, гомдлын цахим бүртгэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, хуулбарлан авсан баримтуудаар тогтоогдож байна.

5.    Харин Ч.С, Б.Т нарын 2023.11.06-ны өдрийн огноотой гомдолд ... хамт 2 айлын газар хүсэлт өгсөн боловч 15/328, 15/1018 дугаар албан бичгээр үндэслэлгүй хариу өгсөн талаар дурдаж хэн аль нь гарын үсэг зурсантай холбоотой хариуцагч Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2023.11.13-ны өдрийн 15/1521 дүгээр албан бичигт ... Б.Тулгын хүсэлтийн бүртгэл байхгүй байна. ... гомдолд дурдсан байршилд бусдын газар эзэмшил газартай давхцалтай тул боломжгүй гэсэн хариуг өгсөн боловч уг 2 албан бичгээр зөвхөн Ч.Сын хүсэлтэд хариу өгсөн, Ч.Сын хүсэлтэд Б.Тулгын хамт 2 айлын газар хүссэн агуулга байхгүй байх тул Б.Тулгыг 2022.04.15, 25-ны өдрүүдэд болон түүнээс хойш газар эзэмших хүсэлтийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул Б.Тулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

6.    Нэхэмжлэгч Ч.Сын тухайд 2022.04.25-ны өдрийн хүсэлтийг хүлээж аваагүй талаар нэхэмжлэлдээ болон давж заалдах гомдолдоо дурдсан боловч шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон дээр дурдсан баримтуудаар 2022.04.15-ны өдрөөр огноолсон хүсэлтийг газрын алба хүлээж авсан талаар бүртгэлгүй, 2023.04.05-ны өдрийн хүсэлтдээ урьд нь газар хүсэж байсан талаар дурдаагүй, харин ... энэ жил байшин бариулах санаатай бичиг баримтаа хөөцөлдөж байгаа талаар дурдсан, мөн тухайн хүсэлтийг Отгонбямба газар зохион байгуулагчид өгөх гэсэн боловч аваагүй гэх боловч энэ талаар тухайн үед нь гомдол, нэхэмжлэл гаргаагүй, Отгонбямба гэх ажилтан нь тухайн байршлыг хариуцсан ажилтан байгаагүй зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн энэ хүсэлтийг хүлээж аваагүй, хүлээж авч газар эзэмшихийг даалгах хэсгийг хангах хууль зүйн бөгөөд бодит үндэслэлгүй байна.

7.    Харин Ч.С нь 2023.04.05, 2023.08.18-нд хүсэлтээ гаргасан нь тогтоогдож байх боловч дээрх албан бичгүүдээр хариу өгсөн, эдгээр хариуг эс зөвшөөрч 2023.11.06-ны өдөр гомдол гаргасны хариуд ... бусдын газартай давхцалтай ... гэсэн нь үндэслэлгүй талаарх анхан шатны шүүх дүгнэлт хийсэн атлаа тухайн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн нь хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд дээрх хуулийн 106.3.4-т заасны дагуу тухайн хүсэлтийг хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлээгүйгээс Ч.Сын газар эзэмших хүсэлт зохих журмаар шийдвэрлэгдэлгүй ойлгомжгүй үлджээ.

8.    Мөн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. , 32.5-д Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна гэж заасны дагуу иргэний гаргасан газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шаардлага хангасан эсэхийг нягтлан шалгаж, хангасан бол эрх бүхий этгээдэд уламжлах, хангаагүй бол бүртгэлээс хасах шийвэрийг гаргахаар байна.

9.    Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, газар эзэмших хүсэлт шийдвэрлэх эрх бүхий этгээд өөрчлөгдсөн нь ... нэхэмжлэлийг шууд хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй, харин тухайн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гаргасан хүсэлтийг хууль бусаар татгалзсан этгээд нь хүсэлтийг зохих журмаар шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд тухайн хуулийг дагаж мөрдөхтэй холбоотой захиргааны байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй явагдах бөгөөд иргэдийн хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, эсхүл эрх бүхий этгээдэд шилжүүлэх гэх мэтээр үйл ажиллагааг зохион байгуулж, өргөдлийг шийдвэрлэх үүрэгтэй.

10.  Иймд нэхэмжлэгч Ч.Сын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, түүний газар эзэмших хүсэлтэд бусад этгээд газар эзэмшиж байгаа гэх үндэслэлээр сонсох ажиллагаа хийж байгаа, хуралдаанаар хэлэлцэнэ гэх зэргээр татгалзсан хариу өгснийг хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хуульд заасны дагуу зохих журмаар шийдвэрлэхийг хариуцагч Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0362 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг 1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.4, 32.5-д заасныг баримтлан Ч.Сын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд Ч.Сын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан газар эзэмших хүсэлтэд татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг Газрын тухай хуульд заасны дагуу зохих журмаар шийдвэрлэхийг даалгаж, түүний нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон нэхэмжлэгч Б.Тулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ