Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 156

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч П.Даваасүрэн

Шүүгдэгч Ц.Дорж, түүний өмгөөлөгч Д.Мөнхбаатар /ҮД:0482/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэдэндоржийн Доржид холбогдох эрүүгийн 201625022320 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 21ий өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн  хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 118 дугаар байрны 54 тоотод оршин суух , 1 удаагийн ял шийтгэлтэй,

2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ ногдуулж 1 жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг даалгасан, Боржигин овгийн Цэдэндорж овогтой Дорж /РД: УП92100177/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.Дорж нь 2016 оны 9 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холливүүд” бааранд үйлчлүүлж байсан хохирогч Б.Ганцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг шат руу түлхэн унагааж баруун гарын шууны хэсгээр нь хугалж бие махбодид нь удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Дорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би “Холливүүд” бааранд ажлаа хийгээд сууж байсан. Тэгсэн согтуу 4,5 хүүхэн орох гээд байна гээд станцаар яриад байсан. Удалгүй нэг хүүхэн манай текэн дээр очоод барментэй маргалдаад байсан. Тэгээд Мөнхтулга бид хоёр нилээн удаан хараад зогсож байсан чинь нөгөө хүүхэн пос машины жижигхэн цаасыг манай бармен рүү базаад шидсэн. Тэгтэл Солонго эргүүлээд шидтэл текний зөөлөвчний резинээр шавхуурдсан. Тэгэхээр нь Солонго өөдөөс нь ууж байсан усаа цацсан. Тэгээд би очоод “эгчээ яагаад байгаа юм бэ” гэсэн чинь миний карт уншихгүй байна гэхээр нь Мөнхтулга картыг нь аваад уншуулсан. Тэгээд тэр эгч Солонго руу дайраад байхаар нь “эгчээ болио гээд, бид нар ажлаа хийж байна” гэхэд намайг цохих гээд дайрахаар нь би гарыг нь барьчихсан. Тэгээд тэр хүүхэн над руу нулимах гэхэд нь би гарыг нь тавьчихсан юм. Санамсаргүй байдлаас болж уг гэмт хэрэг гарсан. Миний өөдөөс учир зүггүй цохих гээд дайраад байсан. Би эрүүл байсан. Би хохирогчид 1.300.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү…” гэв.

 

Шүүгдэгч Ц.Дорж  нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Ганцэцэг гээд байгаа хүүхэн нилээн орой дөрвөөс тавуулаа нилээн согтуу байдалтай орж ирж байсан. Нээх удалгүй Ганцэцэг ганцаараа манай текэн дээр очоод манай бармен Солонгоотой маргалдаад эхэлсэн байсан. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бол гэж бодоод хамт ажилладаг хамгаалагч Мөнхтулгатай хамт очсон. Очоод юу болж байгааг жаахан харж зогссон. Тэгтэл тэр хоёр хэрэлдээд Ганцэцэг гэх хүүхэн чи муу ажилтан нь байж пизда минь хүнтэй ингэж харьцдаг юмуу энээ тэрээ гэхэд Солонго эгчээ би энд чинь зүгээр ажлаа хийгээд сууж байгаа шүү дээ гэсэн. Тэгсэн чинь Ганцэцэг гэх хүүхэн чи яахаараа миний картыг уншдаггүй юм, уншуул гээд картаа шидээд байсан. Тэгтэл Мөнхтулга картыг нь аваад уншуултал карт нь уншсан. Тэгсэн чинь л Ганцэцэг гэх хүүхэн текэн дээр байсан хавтас шиг нимгэн юмаар Солонгоогийн нүүрлүү шавхуурдаад хаясан. Тэгэхээр нь би болио эгчээ гээд араас нь тэврээд аваад явсан. Тэгтэл эргэж хараад намайг цохих гээд байхаар нь би хоёр гарыг нь бариад авсан. Тэгсэн чинь чи намайг тавь та нар шиг юмнууд ингэхгүй шүү чамайг ажилгүй болгож чадна гээд байсан. Тэгэхлээр нь би гарыг нь барьж байтал миний нүүр рүү нулимсан. Тэгэнгүүт нь би гарыг нь тавьчихсан чинь хойшоогоо тэнцвэр алдаад шатруу уначихсан. …” гэсэн мэдүүлэг. /хх 31-32 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ганцэцэг нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнийн 03 цагийн үед би өөрийн хуучин ажлын 3 хүүхэн болох Туул, Нарантуяа, Алтанчимэг нартай Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” бааранд үйлчлүүлэхээр орцгоосон. Би уух юмаа захиалах гээд текэн дээр очоод захиалчихаад түрүүлээд тооцоогоо хийе гээд карт уншуулах гээд картаа өгч уншуулсан. Тэгээд би пин кодоо буруу хийгээд алдаа заасан. Тэгээд би дахиад уншуулая гэхэд ресепшин хүүхэн нь наадах чинь угаасаа мөнгөгүй юм бишүү уншиж болохгүй байгаа байна гээд уншуулаагүй. Тэгээд би уншуулаач мөнгө байгаа би пин кодоо буруу хийчихэж гэхэд нөгөө хүүхэн үгүй гээд бараг нэг минут гаран бид хоёр маргалдсан. Тэгэхээр нь би посыг нь өөрөө аваад картаа уншуулахад уншигдаж байсан. Тэгээд уншчихаар нь би тэр хүүхэнд энэ уншиж байгаа биздээ чи ажлаа хийж чаддаггүй юмуу гэхэд тэр хүүхэн посноос гарсан цаасыг миний нүүр рүү шидэхээр нь би буцаагаад нөгөө цаасыг нь шидэхэд миний нүүр рүү хундгатай архи цацсан. Тэгтэл хажууд байсан хамгаалагч залуу намайг текнээс түлхэж холдуулсан. Тэгээд цаанаас ахиж нэг хамгаалагч ирээд хоёулаа нийлж байгаад миний хоёр гарнаас бариад чирээд түлхэхээр нь би өөрсдийг нь буцаагаад түлхэхэд сүүлд ирсэн хамгаалагч нь над руу дайраад хоёр гараас барьж байгаад түлхэхэд би арагшаа шат руу хий гишгээд унахдаа цаана байсан доголыг нь гараараа цохиод гараа хугалчихсан...." гэсэн мэдүүлэг /хх 6-8/,  

 

Гэрч Отгонбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2016 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би ажлаа хийгээд камераа хараад сууж байтал нэг хүүхэн манай текний барментай маргалдаад байсан. Манай хамгаалагч нар хохирогч хүүхнийг 2 талаас нь сугадаад явахаар нь би өрөөнөөс гараад очтол Дорж нөгөө хүүхний гарыг дээш нь өргөх шиг болсон нөгөө хүүхэн буйдангийн хажуугийн догол руу уначихсан тэгээд нөгөө эмэгтэй дээр очиход гар хугарчихлаа гээд орилоод байсан…" гэсэн мэдүүлэг, /хх 9-11 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Мөнхтулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "... Тэр өдөр тэр эмэгтэйн картыг Солонго уншуулсан чинь болохгүй байсан юм тэгээд л тэр 2 хэрэлдээд байсан. Би картыг нь уншуулахад зүгээр байсан. Тэр эмэгтэй Доржоог нулимах гэхэд Доржоо гараа хойш нь автал хойшоо уначихсан юм…" гэсэн мэдүүлэг /хх 14 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Нарантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Тэр өдөр найз Ганцэцэг түүний найзтай хамт “Холливүүд” бааранд үйлчлүүлсэн юм. Тэгээд Ганцэцэг текнээс жаахан зайтай нэг хүүхэнтэй маргалдаж байтал нэг хамгаалагч Ганцэцэгийн 2 гарнаас нь барьж байгаад угзраад түлхчихсэн. Тэгтэл Ганаа арагшаа унаад намайг очиход гар өвдөөд байна гээд орилоод байсан. Тэгээд тэр хамгаалагчтай хамт Ганцэцэгийг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан…" гэсэн мэдлүүлэг /хх 15-16 дугаар хуудас/,

 

Гэрч П.Алтанчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Ганаа, ажлынхаа 2 хүүхэнтэй хамт Холливууд баранд орсон. Би 00-ийн өрөө ороод буцаж ирээд ширээн дээр сууж байтал Нарантуяа над дээр ирээд Ганаа тэнд гараа хугалчихлаа гэсэн. Ганцэцэг текний тэнд гар хугарсан гээд сууж байсан. Би юу болсныг асуухад хамгаалагч нь түлхсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 17-18 дугаар хуудас/

Гэрч Н.Номинтуул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Ганаа, Алтаа, Нараа бид дөрөв Холливууд баранд орсон. Ганаа босоод тек рүү явсан. Тэгээд удаад байхаар нь Нараа яачихваа гээд араас нь очсон. Бас алга болчихоор нь би очтол Ганаа газарт суучихсан миний гар хугарчихлаа гээд уйлж байсан. Би юу болсныг асуухад хамгаалагч нь түлхсэн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 19-20 дугаар хуудас/

 

Гэрч Г.Солонго мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... Би тэгэхэд ажлаа хийгээд текний ард сууж байсан тэгтэл зүс үл таних эмэгтэй пиво авья гэхээр нь тооцоогоо эхлээд хий гэхэд надад картаа өгсөн. Би картыг нь уншуулахад холбогдохгүй байсан. Тэгээд бид 2 маргалдаад намайг гуйлгачин түүлэгчин гээд байсан. Миний нүүр рүү пивоны зөөлөвч шидэхээр нь миний уур хүрээд ууж байсан усаа нүүр рүү нь цацчихсан юм. Тэгээд манай 2 хамгаалагч ирээд тэр хүүхнийг холдуулаад аваад явсан... Тэгээд удалгүй нөгөө хүүхэн орилоод эхэлсэн... Хамгаалагч нар гар нь хугарсан байна гэж байсан" гэсэн мэдүүлэг /хх 23-24 дүгээр хуудас/

 

                                                                                                                                                                                         

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹12697:

  1. Б.Ганцэцэгийн биед баруун шуу ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 28 дугаар хуудас/,

              

               Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр: “...сэжигтэн Дорж хохирогчийг 2 гар руу нь түлхэхэд хохирогч арагшаагаа унахад Дорж эргэж хараад алхсан...” гэжээ. /хх 4 дүгээр хуудас/

 

               Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх 3 дугаар хуудас/

 

Хохирогчийн өргөдөл /хх 2/, шинжээч Ш.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх 28/, шүүгдэгч Ц.Доржийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 38 /, мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх 50-51/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 42-48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ц.Дорж нь 2016 оны 9 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холливүүд” баранд хамгаалагчийн ажил үүргээ гүйцэтгэхдээ тус бараар үйлчлүүлж байсан хохирогч Б.Ганцэцэгийн бусадтай харьцаж буй зүй бус маргааныг таслан зогсоох явцад маргалдаж түүнийг шат руу түлхэж унагаан баруун шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Доржийн “...миний нүүр рүү нулимсан. Тэгэнгүүт нь би гарыг нь тавьчихсан чинь хойшоогоо тэнцвэр алдаад шатруу уначихсан...” гэсэн мэдүүлгээр, хохирогч Б.Ганцэцэгийн  “...Тэгээд цаанаас ахиж нэг хамгаалагч ирээд хоёулаа нийлж байгаад миний хоёр гарнаас бариад чирээд түлхэхээр нь би өөрсдийг нь буцаагаад түлхэхэд сүүлд ирсэн хамгаалагч нь над руу дайраад хоёр гараас барьж байгаад түлхэхэд би арагшаа шат руу хий гишгээд унахдаа цаана байсан доголыг нь гараараа цохиод гараа хугалчихсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Г.Мөнхтулгын “...Тэр эмэгтэй Доржоог нулимах гэхэд Доржоо гараа хойш нь автал хойшоо уначихсан юм…" гэсэн мэдүүлгээр, гэрч Б.Нарантуяагийн “...Ганцэцэг текнээс жаахан зайтай нэг хүүхэнтэй маргалдаж байтал нэг хамгаалагч Ганцэцэгийн 2 гарнаас нь барьж байгаад угзраад түлхчихсэн. Тэгтэл Ганаа арагшаа унаад намайг очиход гар өвдөөд байна гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Г.Солонгын “...бид 2 маргалдаад намайг гуйлгачин түүлэгчин гээд байсан. Миний нүүр рүү пивоны зөөлөвч шидэхээр нь миний уур хүрээд ууж байсан усаа нүүр рүү нь цацчихсан юм. Тэгээд манай 2 хамгаалагч ирээд тэр хүүхнийг холдуулаад аваад явсан... Тэгээд удалгүй нөгөө хүүхэн орилоод эхэлсэн...” гэсэн мэдүүлгээр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹12697: “…Б.Ганцэцэгийн биед баруун шуу ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Доржийг хохирогч Б.Ганцэцэгийн зүй бус харьцааны улмаас маргалдан улмаар түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.Доржид ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн /хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлт гаргасан/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Доржид 2009 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаагаар даалгаж байсан хэдий ч шүүхээс ял шийтгэгдээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал байхгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.  

 

Хохирогч Б.Ганцэцэгийн шүүхэд гаргасан хүсэлтдээ “...хохирлын төлбөрт 1.300.000 төгрөг хүлээн авсан. Гомдол саналгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флашийг хэрэгт хадгалах хугацаа дуустал хавсаргаж, шүүгдэгч Ц.Дорж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

            1. Боржигин овгийн Цэдэндорж овогтой Доржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ц.Доржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 10 /арван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Доржид оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арван/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Дорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флашийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсаргасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Доржид оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арван/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хариуцуулсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Доржид урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН