| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2022/0161/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/195 |
| Огноо | 2022-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: *******,
Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд албан үүргээ гүйцэтгэж байсан Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******ыг буюу хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн,
... 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд албан үүргээ гүйцэтгэж байсан Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******ыг хүч хэрэглэн эсэргүүцэхдээ хамар руу нь цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 12 дугаар сарын 07-ны орой тухайн өдөр машинаа зарахаар хүнтэй ярьчхаад тэр хүн манай гэрт ирж миний машиныг үзэж шалгасан. Тэгээд маргааш нь зарахаар болж тохирсон. Тэгээд би тэр үед айлд очиж буяны юм аваачиж өгөх ажилтай байсан. Тэгээд би гэрийнхээ гадаа машин дотроо эхнэртэйгээ хамт зогсож байсан чинь цагдаа ирсэн. Тэгээд цагдаа бичиг баримтаа шалгуулчих гэхээр нь “бичиг баримт гэрт байгаа би ороод аваад ирье” гэж хэлсэн. Тэгсэн чинь цагдаа намайг регистрийн дугаараа хэлчих гэхээр нь би өөрийнхөө регистрийн дугаарыг хэлсэн чинь цагдаа нь утсан дээрээ шалгаж үзээд таныг эрэн сурвалжилж байгаа юм байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газар дээр аваачиж шалгана гэсэн. Тэгээд нэг цагдаа нь миний машиныг жолоодоод Цагдаагийн газрын жижүүр дээр авчирсан чинь наадхаа цааш нь аваад яв гэсэн. Тэгээд Эрүүлжүүлэхийн гадаа очсон чинь эрэн сурвалжилсан гэх асуудал бүр өөр асуудал болоод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болчихсон байсан.Тэгээд эрүүлжүүлэхийн үүдний өрөөнд оруулаад сандал дээр суусан чинь намайг нэг цагдаа нь намайг гадуур тэнэсэн нэг хоригдол олж ирлээ гээд гээд байсан. Тэгэхээр нь би зээлээ төлж байгаа гэж хэлсэн чинь “чи худлаа шаагаад бай пизда минь” гээд байсан. Тэгээд сүүлдээ согтуурал шалгах багаж үлээ гэхээр нь “би үлээхгүй”... та нар ингэж болохгүй ш дээ та нар ард иргэдээ хамгаалах ёстой биз дээ гэж хэлсэн. Тэгээд хувцсаа тайл гэхээр нь би даарч болохгүй, өвчтэй юм аа хувцсаа тайлмааргүй байна гэж хэлсэн.Тэгсэн чинь ******* нь ирээд намайг шууд татаж унагаад түрүүлгийн харуулж хэвтүүлээд шууд хувцас тайлсан... Тэгээд дээрэм өвдөглөөд ******* цагдаа нь хойд талаас барьж байгаад шал мөргүүлээд, цамцаар хоолой боогоод, нэг бүдүүн цагдаа нь дээрээс өвдгөөр ёвроод байсан. Тэгээд гар өчиж байгаад хамаг хувцас тайлаад тухайн үед би л зодуулсан... Тэгээд хамаг хувцас тайчиж хаяад шал мөргүүлээд хамар хөхөрчихсөн, үүдэн гурван шүд хөдөлчихсөн, гар өчсөн, би ямар ч цохих зэрэг хариу үйлдэл үзүүлэх боломжгүй байсан.. Тэгээд өчсөн гар өвдөөд би пүүзээ аваад шидсэн... Тэгж шал мөргүүлчхээд намайг гар өчөөд хоолой боогоод өрөө лүү оруулсан. Тэгээд тэнд 2 цаг орчим болоод... миний бие өвдөөд түргэн тусламж авч өгөөг гэж эрүүлжүүлэхийн эмчээс нэг цаг гаран гуйсан. Тэгээд хувцас авчирч өгөөд тэгээд эмнэлгийн 103 дээр очоод эмч нь даралт үзээд, нэг дусал хийгээд сахрын тариа хийж өгөөд тэнд өвчин арай гайгүй болохоор нь ******* цагдаа намайг гэрт хүргэж өгсөн... Би тухайн үед 0.5 литрийн хэмжээтэй пивыг дээрээс нь 2 балгаж уусан байсан... Тэр үед хашааныхаа гадаа очихоос өмнө нь би хашааныхаа ар талын хашааны гадаа зогсож байсан. Тэгээд тэндээсээ хашааны үүдэнд очсон юм. Би одоо сахарын өвчний хүндрэлээс үүдэлтэй элэгний хорт хавдартай хөдөлмөрийн чадвар 69 хувь алдалттай. Миний хөлөөр дүүрэн шарх байгаа, үүдэн 3 шүд сул болчихсон, тухайн үед хоолой улаан эрээн болчихсон байсан, эгэм, нуруу дээр хумсаар ураад ураад хаячихсан шарх болчихсон байсан. Гар өчөөд гар битүү хавдартай болчихсон байсан, сар гарангийн дараа хавдар нь буусан. Тухайн үед хамар хөхөрчихсөн байсан. Тэр үед би зодох биш би л өөрөө баахан зодуулсан. Би тэр үед ямар нэгэн байдлаар цагдаад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, үнэн байдлыг хэлсний төлөө ийм асуудал болж байна. Би сахараас үүдэлтэй элэгний хорт хавдар өвчтэй, бас нойр булчирхай дотогшоо үсэрхийлчихсэн бие маш муу байгаа. Монголд хагалгаа хийх боломжгүй гэсэн. Шарх эдгэрдэггүй учраас монголд хагалгаа хийх боломжгүй гэсэн, Солонгос улсад хагалгаа хийлгэхэд 380,000,000 төгрөг гэсэн, би ийм бие муутай хүн байгаа юм. Өвчин намдаахын тулд хар тамхины хольцтой тариа хийлгэдэг, тэр тариа тасарчих юм бол шөнө унтаж чаддаггүй, орилоод байдаг юм...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 205-206 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө гээд, Тухайн 12 сарын 07 байсан. Би хот руу эмчилгээндээ явах гээд машинаа зарах тухай зар тавьсан байсан юм. Тэгээд Шинэжинст сумын нэг хүн надтай холбогдоод “машиныг чинь үзье” гэсэн. Манай гэр Шунхлай колонкийн тэнд үзүүрийн хашаанд байдаг. Тэгээд бид хоёр өгсөж, уруудаж явж машинаа шалгасан. Тэгээд 3,500,00 төгрөг дээр үнэ тохиролцож зарахаар болсон. Маргааш өглөө машинаа авъя өглөө бичиг баримтаа шилжүүлье гэсэн. Тэгээд наймаа тохиролцлоо гээд пиво уусан. Би лаазтай пивоны талыг нь л уусан. Тэр хүн бүтэн пиво уучихаад явсан. Тэр үед манай дүү ковидоос болж нас бараад буяны ажилтай байсан. Тэгээд тэр айлдаа очоод гэрийнх нь гадаа дүүгээ хүлээгээд зогсож байсан чинь хар өнгийн приус-20 машинтай 2 цагдаа ирээд намайг бичиг баримтаа шалгуул гэхээр нь гэрт үлдээсэн байна. Ороод аваад ирье гэхэд регистрийн дугаараа хэлчих гэсэн. Тэгээд би регистрийн дугаараа хэлсэн чинь “таныг эрэн сурвалжилж байгаа юм байна” гэсэн. Тэгээд цагдаагийн газар луу авч явсан. Би замдаа “би мөнгө, төгрөгөө группийн мөнгөөрөө төлөөд явж байгаа, одоо 9,000,000 гаран төгрөг үлдсэн байгаа. Би зүрхний хагалгаанд ороод ажлаасаа гарсан” гэх байдлаар хэлж байсан. Тэгээд цагдаагийн газар луу орсон. Тэгсэн “наад хүнээ урагшаа оруул” гэсэн. Тэгээд “би мөнгөө төлөөд явж байгаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэрийг жижигхэн шар цагдаа нь түлхсэн. Гадаа цас, халтиргаатай байсан. Тэгээд намайг гар өчөөд доош нь суулгасан. Манай эхнэр “болиоч та нар өвчтэй зовлонтой хүн шүү” гэж хэлж байсан. Тэгсэн эрүүлжүүлэх байр луу оруулаад дотроос нь хаалга түгжсэн. Тэгснээ шал өөр зүйл яриад тэр жижиг шар цагдаа нь “монголын алдартай пиздаг олоод ирлээ” гэж байсан. Тэр хүмүүс соёл гэдэг зүйл огт байхгүй, хүнийг дарангуйлсан байдалтай харьцдаг. Тэгсэн бүр сүүлдээ намайг машин барьсан болгосон. Тэгэхээр нь би машин бариагүй. Би гэрийнхээ гадаа байсан. Манай эхнэр мэдэж байгаа. Тэгээд би машин унаагүй, гэрийнхээ гадаа байж байсан шүү дээ гэхэд “чи муу пизда тэгдэггүй юм, хаана ирчихээд том шаагаад байгаа юм” гэх байдлаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж байсан. Тэгэхээр нь та ёс суртахуунтай бай гэсэн чинь ******* гэдэг цагдаа төмөр сандал дээрээс татаж унагахад би тархиараа савж унасан. Тэнд 100 орчим килограммтай нэг цагдаа бас байсан. Би энэ залуучуудын хаана ч хүрэхгүй. Тухайн үед миний 2 хөл өвдөөд мөлхөж байсан. Би тухайн үед энэ залуучуудыг “пизда” гэж хэл амаар нэг ч доромжлоогүй. Би хувцсаа тайлж болдоггүй юм. Даарч болдоггүй юм даарахаар миний бүх судас өвддөг юм гэж үнэн байдлаа хэлээд зөндөө гуйсан. Маргааш өглөө учраа ольё, манай эхнэрт батлан даалтад өгөөд явуулчхаач, шүүхээс мөнгөө төлж байгаа гэсэн бичгээ авчирч өгье гэдэг байдлаар олон удаа гуйсан. Тэгсэн “чам шиг пизда тэгдэггүй юм, хаана ирчихээд томроод байгаа юм” гэдэг байдлаар л надтай харьцаж байсан. Тэгээд намайг боож унагаагаад миний хувцсыг тайлахдаа үүсгэсэн шархууд миний бие дээр байсан. Тухайн үед намайг газар хэвтүүлээд тэр бүдүүн цагдаа нь миний гэдсэн дээр дараад суучихсан. Миний гар тасарлаа шүү дээ гээд гуйгаад, орилоод байхад энэ ******* гэдэг цагдаа миний багалзуурыг боосон. Миний 3 шүд хөдөлсөн. Одоо хоол ч идэж болохгүй байгаа. Би сүүлдээ алуулчихаж магадгүй юм байна гээд “намайг тэр эрүүлжүүлэх байр луугаа хий” гэж хэлсэн. Тухайн үед би *******ыг цохиж, зодох боломж үнэхээр байгаагүй. Камерын бичлэг дээр хүртэл байгаа. 3 хүн нийлээд намайг газар унагаагаад дарчихсан байсан. Тэгээд тэр бүдүүн цагдаа нь намайг багалзуурдаад тэр өрөө рүүгээ оруулсан. Тэгээд би тэр төмөр хаалгыг нь нүдээд эмчээс нь гуйсаар байгаад эмнэлэг орсон. Тэгээд эмнэлэг ороход миний сахар 25,5 хувь, даралт 90/70-тай байсан. Улсын яллагч буруу хэлээд байна. Би тухайн үед өөрийнхөө биеийг хянах бүрэн чадвартай байсан. Эмнэлэг дээр очоод өвчин намдаах анальгин димедрол, 100 граммтай 2 тусал, шулуун гэдсээр трамодол хийсэн. Тэндээ 30 орчим минут болоод миний биеийн өвчин намдаад шөнийн 01 цагийн үед ******* цагдаа намайг гэрт хүргэж өгсөн. Маргааш өглөө нь очоод уулзахад тэр өрөөнд олон цагдаа нар байсан. Тэгсэн энэ ******* цагдаа “хоёулаа гоё шаанаа” гэх байдлаар хэлж байсан. Тэгсэн над руу нөгөө машин авъя гэсэн гээд ярьсан. Би 1,500,000 төгрөгийг нь урьдчилаад авсан байсан. Тухайн үедээ 300,000 мянган төгрөгийг үрчихсэн байсан. Тэгээд би эрхээ хасуулаад тэр өдөрт аваад нөгөө хүндээ шилжүүлж өгсөн.
Тэгээд би ******* цагдаатай ороод уулзаад болсон зүйлийн талаар ярихад “камерын бичлэгийг шүүж үзье” гэсэн. Тэгээд байж байтал н.Батцэнгэл гээд ахмадын өрөө рүү ор гэсэн. Тэгээд ороход ******* миний хамар луу цохисон гээд байж байсан. Тэгээд би болсон байдлын талаар хэлсэн. Тэгсэн тэнд ******* өмгөөлөгчтэй таараад болсон зүйлийнхээ талаар хэлэхэд “адгийн зараг 10 хоногтоо гэж хоорондоо учраа олохгүй юу” гэж хэлсэн. Тэгээд чамаас мэдүүлэг авна гээд мэдүүлэг авсан. Энэ асуудлын талаар надад дахиж мэдэгдээгүй байж байгаад 1 сар гарангийн дараа ******* гэдэг хүн намайг дуудсан. Би тухайн үед нь эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд дараа нь очиж уулзахад “тань дээр эрүүгийн хэрэг үүссэн байна” гэсэн. Тэгэхээр нь тэгвэл би өөрийнхөө биед учирсан шархт шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулъя гэхэд миний шарх эдгэсэн байдалтай байсан. Түүнээс хойш миний сэтгэл санаа маш их хохирсон. Намайг ийшээ тийшээ эмчилгээнд явсан хойгуур цагдаа нар гэрээр очдог байсан. Би өөрөө хохирогч гэж бодож байна. Би *******т өш санах зүйл байхгүй, энэ хүнийг би танихгүй, энэ хүнийг зодох шаардлага байгаагүй. Энэ хүнийг дийлэхгүй. Би үнэн байдлаа хэлснийхээ хариуг аваад энд сууж байна. Хамгийн гол нь энэ бага цолны цагдаа нар харьцааны соёл огт байхгүй. Би тэнд 1 цаг гаран суухад 3 хүн орж ирсэн. Дандаа л “пизда, гөлөг” гэх байдлаар хэрцгийгээр хандаж байсан. Тэнд байгаа хүмүүсийг надад нэг ус хийгээд өгөөч гээд гуйхад хэн нь ч ус хийж өгөөгүй. Би *******ыг зодоогүй. Камерын бичлэг дээр байгаа. Хэргийн материалтай танилцахад анхны мэдүүлэг дээр *******ыг 1 удаа цохисон гэж бичсэн байсан. Тэгсэн ******* цагдаа 2 удаа цохисон гэж бичсэн байсан. Гэтэл улсын яллагч 3 удаа цохисон гэж бичсэн байна. Энэ байдлыг намайг гүжирсэн гэж бодож байна. Би өнөө маргаашаа л болгож яваа, группийнхээ мөнгийг зээлэндээ хийчихдэг, хүүхдүүдийнхээ мөнгөөр амьдарч байгаа тийм л ядарсан хүн. Намайг гэрийн гадаа байхад 2 цагдаа ирж шалгасан. Тухайн үед би машин бариагүй. Миний машиныг авах гэж байсан хүн бариад явж байсан. Манай охин 1-р арван жилд сурдаг юм тэгээд охиноо очиж авсан юм. Тэгээд тэр машин авах гэж байсан залуу миний машиныг шалгаж үзэж байгаа юм гээд өгсөж, уруудаад явсан. Цагдаагийн албан хаагч нь биеэ өмөөрөөд хүнийг гүжирдээд байна гэж бодож байна. Машинаа зарсан хүн машинаа авъя гээд байсан. Тэгээд би урьдчилгаа мөнгөнөөс нь заримыг нь хэрэглэсэн байсан болохоор надад мөнгө олдохгүй байсан юм. Тэгэхээр нь би эрхээ хасуулаад машинаа аваад тэр залуудаа өгсөн юм. Эхлээд намайг эрэн сурвалжлагдаж байгаа хүн байна гэж авч оччихоод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болгож яриад байхаар нь “энэ асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би машин жолоодоогүй” гэх талаараа хэлсэн. Тэгээд би өөрөө хүчирхийлэлд өртсөн. Тухайн үед миний судас өвдөөд байсан болохоор судсаа л үзүүлсэн. Судас өвдөхөөр үнэхээр хэцүү байдаг. Яаг галзуурч байгаа юм шиг болчихдог болохоор бусад зүйлдээ анхаарал хандуулаагүй. Би *******ын биед халдсан зүйл байгаагүй. Энэ хүнийг цохих шаардлага ч байгүй. Миний 2 гар биеийн хойд талд өчөөстөй байсан. Миний дээрээс 100 гаруй килограмм жинтэй залуу дараад суучихсан, ******* миний цээжин дээр дараад суучихсан байсан тул хүн цохих боломж бололцоо байгаагүй. ******* хамрынхаа цусыг арчаад намайг өшиглөчихөөд босоод явсан. Би тухайн үед болсон бүх зүйлийг мэдэж байна гэв.гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр томилгоот хуваарийн дагуу цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны жижүүрийн цагдаагаар эмч, цагдаагийн ахмад *******гийн хамтаар үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн оройны 20 цагийн үед цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч , ахлах ахлагч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх ******* гэгчийг хүлээлгэн өгөхөөр авчирсан. ******* гэх иргэнийг согтуурал шалгах драгер багаж үлээлгэх гэсэн боловч үлээхгүй, би машин бариагүй, чадахгүй гээд байсан. Тухайн иргэнийг эрүүлжүүлэхээр болж хувцсаа тайл гэсэн шаардлагыг миний бие тавьсан. Би тухайн шаардлагаа удаа дараа тавьж, 20-30 минут болсон байх. ******* гэх иргэн хувцсаа тайл гэсэн шаардлагыг биелүүлэхгүй байсан учир түүний гадуур хувцасны хоёр мөрний хэсгээс атгаж бариад урагш сандлаас буулгаад шалан дээр тонгойлгож, хоёр гарыг нурууны ард нь өчсөн. Тэр хооронд хүмүүжигч доогуурх оймс, өмдийг тайлсан. Түүнийг бөхийлгөсөн байсныг гэдийлгэсэн, тэрээр тайлсан хувцсаа эргүүлж өмсөх гээд байсан ба ахлах ахлагч рүү өөрийнхөө гутлаа авч шидсэн. Зохицуулагч ийг онож цохиогүй, тэгэхээр нь би тухайн иргэнийг арагш гэдийлгээд дарахад хоёр хөлөө савчаад, ахлах ахлагч ийг ойртуулахгүй жийсэн. Намайг арагш гэдийлгэж дарсан байх мөчид гараараа миний хамар руу хоёр удаа цохисон. Тэр үед миний хамраас цус гоожиж, би маскаараа арчаад бие засах газрын угаалтуур дээр очиж цэвэр усаар цэвэрлэсэн. Намайг бие засах газрын угаалтуур орчихоод ирэх хооронд ахлах ахлагч ******* гэгчийг камерт хийсэн байсан. Тухайн иргэн эрүүлжүүлэгдэж байх хугацаандаа биеийн эрүүл мэндэд өөрчлөлт орж, бие чичрээд байна гээд хөл гараа бариад камерын хаалга зогсоо зайгүй нүдээд байхаар нь эмч Мөнхжин гаргаж, 103-т үзүүлье гээд миний бие уг этгээдийг харгалзан авч явж, 103-т үзүүлэхэд эмчилгээ хийнэ, ар гэрээс хүн дууд гэсэн. Тэгэхээр нь эхнэр тэй нь холбогдож ярихад би очих боломжгүй хүүхэд халуураад байна гэсэн. Иргэн ******* гэгчид эмчилгээ хийлгэж дууссаны дараа 9 дүгээр багт гэрт нь хүлээлгэж өгсөн. Тэрээр надад ярихдаа би сахарын өвчтэй бас судам өвддөг гэж ярьсан. Тухайн иргэний бие эрх чөлөөнд хууль бусаар халдаж зодсон зүйл байхгүй. Мөн биеийн хүч хэрэглэхдээ түүний биед гэмтэл, шарх учруулаагүй....гэх мэдүүлэг / хх-ийн 07-08 /,
2021 оны 12 дугаар сарын 07-ний өдөр би томилгоот хуваарийн дагуу цагдаагийн үүрэг гүйцэтгэж байхад 20:00 цагийн үед цагдаагийн ахлах ахлагч Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны жижүүрийн , цагдаагийн дэд ахлагч нар нэг эрэгтэй хүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд драйгер үлээхгүй байна гээд саатуулах хунийг согтуурал шалгах драйгер багаж үлээлгэх гэсэн боловч тэр хүн үлээж байрны хүлээлгийн өрөөнд оруулж ирсэн. Тэгээд 30-40 минутын хугацаанд тэр шалгуулахгүй байсан. Тэгээд тэр хүнийг эрүүлжүүлэхээр болоод хувцсаа тайлах шаардлагыг 20-30 минутын хугацаанд тавихад огт биелүүлэхгүй хувцсаа тайлахгүй гээд миний урдаас гараараа салаавч гаргаад байсан. дээшээ босгож суулгаж байгаад дээгүүрх хувцсыг нь тайлах гэсэн чинь Тэгэхээр нь би тэр хүнийг шалан дээр дарж унагаагаад өмд гутлыг нь тайлаад рүү тэр хүн гутлаа аваад шидчихсэн тэгэхээр нь би дээрээс нь хойш нь дараад хойш нь хэвтүүлсэн чинь тэр хүн миний хамар руу гараараа 2 удаа цохисон, тэгсэн чинь ирээд тэр гарыг нь барьж авсан, тэгээд би босоод хамраас цус гарахаар нь маскаараа арчсан тэгээд тэр хүнийг аваад эрүүлжүүлэхийн камер луу оруулсан. Тэгээд би нойлын өрөөнд орж хамраас гарсан цусаа цэвэрлэсэн. Тэр үед цагдаа , нар тэр хүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, драйгер үлээхгүй байна гэсэн зөрчлийн дагуу саатуулах байранд оруулж ирсэн. Тэгээд хүлээлгийн өрөөнд оруулж ирээд согтуурал шалгах драйгер багаж үлээлгэх гэсэн боловч огт үлээхгүй, шалгуулахгүй гээд байсан. Тэр үед тэр хүний өмд, гутлыг нь тайлчхаад цээжин хэсгээр хувцсыг нь тайлах гэсэн чинь тэр хүн цагдаа руу гутал аваад шидчихсэн тэгэхээр нь би тэр хүнийг хойш нь шалан дээр дарж хэвтүүлээд цээжин хэсгээр хувцсыг нь тайлах гэсэн чинь тэр хүн нэг гараараа дараалаад 2 удаа миний хамар луу цохисон, тэгэнгүүт ирээд тэр хүний тэр намайг цохисон гарыг нь барьж аваад тэгээд миний хамраас цус гарсан тул би босоод маскаараа цусаа арчсан. Тэр үед тэр хүн намайг гараараа хамар луу 2 удаа цохисон. Би цохиулчхаад босож явж байхдаа тэр хүн хөлөөрөө тийчлээд байхаар нь араас өшиглөх байх гээд үйлдлийг нь хязгаарлах гээд хөлөөрөө хөлийг нь хамаад хойш нь түлхсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ:
...Тухайн үед эрүүлжүүлэх байранд хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өдрийн орой цагийг нь сайн санахгүй байна. Энэ хүнийг замын тасгийн 2 цагдаа дагуулаад ороод ирсэн. Энэ хүн согтуурлын зэргээ шалгуулахгүй, согтуурал шалгах багаж үлээхгүй байсан. ******* нь тавьсан шаардлагыг биелүүлэхгүй нилээд удсан. Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байхаар нь миний бие албадлагын арга хэмжээ хэрэглээд газар дарж унагаад, хувцсыг нь тайлсан. Тэгсэн дээшээ босоод гутлаа аваад тэнд байсан замын цагдаа руу шидсэн. Тэгэхээр нь би хойш нь дараад хэвтүүлсэн чинь миний хамар луу цохисон. Тэгээд би босож явахдаа бөгс рүү 1 удаа жийгээд хамрын цусаа цэвэрлэх гээд ариун цэврийн өрөө рүү явсан. Тэгээд буцаад ирэхэд эрүүлжүүлэх байрны өрөө рүү оруулсан байсан. Өөр болсон зүйлгүй. Би цохиулчхаад маргааш өглөө нь эмнэлэгт очоод үзүүлэхэд цөмөрсөн, зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна гэж хэлсэн. *******ыг анх авч ирэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Тэгээд согтуурлын зэрэг шалгах багажаар шалгуулахгүй байна гэж хэлсэн. Миний бие *******ын бөгс рүү нэг удаа цохисон. Надад хүний биед халдах эрх байхгүй. Хүний биед халдсан зөрчил гаргасан үйлдэлдээ Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авсан. *******ыг гутал аваад шидэхээр нь хойшоо дараад хэвтүүлсэн юм. Тэгсэн миний хамар луу цохисон. Намайг санаатай цохисон гэж бодож байна. Бид нарыг зогсоо, зайгүй хэл амаар доромжилж байсан. Би эхлээд эрэн сурвалжлагдаж байгааг мэдээгүй. Замын цагдаа нар авч ирсэн болохоор замын хөдөлгөөний зөрчил гаргасан байх л гэж бодсон. Тэгээд регистрийн дугаараар нь шүүгээд үзсэн чинь эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн төлөвтэй харагдсан. Би энэ хүнийг авч ирсэн цагдаа нь биш болохоор сайн ойлгоогүй. Шаардлагыг эсэргүүцэж байна л гэж ойлгосон. Сүүлдээ би өөрөө дагуулж яваад эмнэлэгт үзүүлээд гэрт нь хүргэж өгсөн. Миний хувьд албадлагын арга хэмжээ хэрэглэсэн. Унагахдаа толгойг нь шал руу цохиогүй. *******ын биед өөр албан хаагч халдаагүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Дээр нь нэмээд эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн мэдээлэлтэй байсан болохоор эрүүлжүүлэх шаардлага гарсан. ******* нь тухайн үед биеэ авч явах чадвартай байсан. Эхнэр нь надад эрүүл мэндийн шалтгаантай талаар нь хэлсэн зүйл байхгүй. Согтуурсан, мансуурсан этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд биеэ авч явах чадваргүй хүнийг албадан эрүүлжүүлнэ гэж заасан байдаг. Драгэр үлээхгүй бол эрүүлжүүлнэ гэсэн дүрэм, журам байхгүй. Мөн Цагдаагийн үйл ажиллагааны код дээр дрегэр багаж үлээхгүй бол эрүүлжүүлнэ гэсэн зүйл байхгүй гэв.
5. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр томилгоот хуваарийн дагуу оройн эргүүлд цагдаагийн дэд ахлагч гийн хамт үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаад 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт гудамжны үзүүр дээрээс приус-10 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдлөхөд нь зогсоож шалгахад жолооч гийн гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай. тэрээр тээврийн хэрэгслийн бичиг баримтаа шалгуулна уу гэхэд бичиг баримт нь байгаагүй, түүний регистрийн дугаараар шүүн үзэхэд Орхон аймгаас эрэн сурвалжилж байсан хүн тул цагдаагийн газарт аваачиж шалгахаар болсон. Тэгээд тухайн жолоочийг машинд нь суулгаад цагдаа-зохицуулагч тээврийн хэрэгслийг жолоодоод цагдаагийн газрын гадаа ирж зогсоод уг этгээдийг газар руу дагуулж орсон. Жижүүр дээр драйгер багаж байгаагүй учир ыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахаар драйгер багажийг үлээлгэхээр газраас буцаж дагуулж гараад эрүүлжүүлэх байранд очсон. Түүнийг эрүүлжүүлэх байр руу дагуулаад явах гэхэд шаардлага эсэргүүцэж би явахгүй гэж татгалзаж чаргууцалдсан. Тэгэхээр нь түүний гарыг өчөөд эрүүлжүүлэх рүү оруулсан. Тухайн иргэнийг драйгер багаж үлээчхээд яв, эхнэр тань хүлээлгэж өгнө гэхэд би эрхээ хасуулмааргүй байна, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй гэх мэтчилэн тайлбар тавьж драйгер багаж үлээхээс татгалзсан.Түүнд удаа дараа үлээж шалгуулна гэсэн шаардлагыг тавихад огт үг авахгүй, янз бүрийн тайлбар хэлээд байгаад байсан...Таныг драйгер багаж үлээхгүй бол эрүүлжүүлнэ, хувцсаа тайл гэхэд мөн тийм зүйл байхгүй, чадахгүй гэх мэтчилэн шаардлага биелүүлээгүй. Тэгэхээр нь түүнийг сандал дээрээс босгож, доош тонгойлгоод эрүүлжүүлэхийн цагдаа ******* дарахад би хажуугаас нь мөн албадлага хэрэглэх зорилгоор хувцаснаас татаж шалан дээр хэвтүүлээд өчиж, өмд, гутлыг тайлсан. Өмд, гутлыг тайлчхаад түүнийг өчгийг тавьж, суулгасан байхад над руу би машин жолоодоогүй, яахаараа ингэдэг юм гэх мэтчилэн тайлбарыг өгч байсан. Тэгж байснаа шалан дээрээс өөрийнхөө гутлыг аваад над руу шидсэн боловч намайг оноогүй. Эрүүлжүүлэх байрны жижүүр цагдаа ******* гэх иргэний хөдөлгөөнийг хорьж цээжин бие дээр нь дарсан. Тэр агшинд *******ын хамар руу цохиж авсан, тэгэхээр нь би түүнд биеийн хүч хэрэглэж, түүний дээгүүрх өмссөн байсан хувцсыг тайлж, гарыг нь өчөөд камер руу хийсэн. ******* хамар руугаа цохиулсны улмаас хамраа дараад нойл руу явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 9-10 /,
...Тэр үед тэр гэх хүний өмдийг нь тайлчхаад цээжин хэсгийн хувцсыг нь тайлах гээд ******* ноцолдож байх үед тэр хүн *******ын нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгэнгүүт нь би очиж нэг гарыг нь бариад хөдөлгөөнийг нь хязгаарлаж саатуулах байрны камерт оруулсан... Яг тэр үедээ бол тэр хүн согтуурал шалгах багажийг үлээхгүй гээд согтуурсан байдлаа шалгуулаагүй дараа нь цагдаа ******* тэр хүнийг камерт байхад нь согтуурал шалгах багаж үлээлгээд зургийг нь авч миний фейсбүүкийн чатаар явуулсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 /,
...Цагдаагийн албаны тухай хуулийн 25.5.4 дүгээр зүйлд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг хамгаалах хүнд, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэлтэй бол холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх, эсхүл Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан журмын дагуу арга хэмжээ авах гэж заасны дагуу уг хүнийг албадан эрүүлжүүлсэн. Бас Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд хүнийг согтуурсан, мансуурсан эсэхийг харилцан ярилцах аргаар сэтгэцийн байдал, хэл ярианы өөрчлөлт, нүдний хүүхэн харааны хэвийн байдлыг магадлах, эсвэл шулуун шугамын дагуу алхуулж, тэнцвэрээ олж байгаа эсэхийг шалгах, бас зориулалтын тусгай хэрэгслээр шалгана гэж заасан бөгөөд тухайн хүний согтуурлыг согтуурал шалгах драйгер багажаар шалгах гэхэд үлээхгүй, шалгуулахгүй байсан. Тэгээд уг хүн нь цагдаагийн алба хаагчийн урдаас хэл амаар доромжлох, над руу гутал авч шидэх, *******ын хамар луу цохих зэргээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь илт мэдэгдэж байсан. Мөн уг хүнд согтуурал шалгах драйгер багаж үлээлгэхээр биед нь ойрхон зогсох үед үүнээс архи үнэртэж байсан тул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж үзэж эрүүлжүүлэхийн камерт оруулсан...гэх мэдүүлэг / хх-ийн 164 /,
6. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр томилгоот хуваарийн дагуу цагдаагийн албан хаагч ийн хамт замын цагдаагийн тасгийн оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Баянхонгор сумын 9 дүгээр багийн баруун талын хашаануудын үзүүрт приүс 10 маркийн саарал өнгийн автомашин зогсож байхаар нь бид хоёр хажуугаар нь өнгөрөхдөө харсан чинь эрэгтэй эмэгтэй хоёр хүн байгаа нь харагдаж байсан.Тэгээд бид хоёр тэр машиныг өнгөрөөд төв шатахуун түгээх станцын зүг рүү эргүүлээ хийж яваад эргээд явж байсан чинь тэр машин хөдөлж яваад нэг гудамж руу орохоор нь араас нь очсон чинь тэр машин зогсоод жолоочийн хаалганаас нь нэг эрэгтэй хүн буугаад ирсэн.Тэгээд тэр хүний бичиг баримтыг шалгаад регистрийн дугаарыг жолоочийг шалгадаг багаж дээр бичиж шалгахад тэр хүнийг Орхон аймаг дахь Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээлэл гарч ирсэн. Мөн тэр хүнээс архи үнэртэй байсан тул Цагдаагийн газарт авчраад Цагдаагийн газрын хүлээлгийн өрөөнд оруулж согтуурал шалгах драйгер багаж үлээлгэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах гэсэн чинь жижүүр дээр согтуурал шалгах багаж байхгүй байсан тул... саатуулах байр луу оруулсан...гэх мэдүүлэг / хх-ийн 121 /,
...Манай замын цагдаагийн тасагт согтуурал шалгах нэг ширхэг драйгер багаж байдаг. Энэ драгерийг эргүүлийн үүрэг гүйцэтгэх үедээ авч явж ашигладаг юм. Тухайн үед буюу 2021 оны 12 дугаар сард Замын цагдаагийн тасгийн согтуурал шалгах багаж эвдрээд Улаанбаатар руу засварлуулахаар явуулсан байсан тул бид хоёр тухайн үед согтуурал шалгах багаж авч яваагүй ээ...Согтуурал шалгах драгер багаж засуулахаар явуулсан тэр үедээ бид нар эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тохиолдолд Цагдаагийн газар дээр авчирч эрүүлжүүлэх байрнаас драгер багажийг авчраад үлээлгэчхээд буцааж өгдөг байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 166 /,
7. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2021 оны 12 дугаар сард Баянхонгор дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт 1 ширхэг, эрүүлжүүлэх, баривчлах байранд 1 ширхэг, жижүүрийн шуурхай албанд 1 ширхэг нийт 3 ширхэг согтуурал шалгах драйгер багаж ашиглагдаж байсан. Одоо ч гэсэн энэ гурван багаж л ашиглагдаж байгаа. Жилийн эцсийн хөрөнгийн тооллогыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр явуулж жижүүрийн шуурхай алба, эрүүлжүүлэх баривчлах байрны согтуурал шалгах драйгер багажийг нүд үзэж тоолсон. Харин Замын цагдаагийн тасгийн драйгер багажийг засварлуулахаар Улаанбаатар хот руу явуулсан байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 168 /,
8. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би *******ын биеийг 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 цаг 10 минутад хүлээн авахаар үзсэн. Үзэхэд тухайн өвчтөн дөрвөн мөч янгинаж шөрмөс татна гэж зовууриа хэлж үзүүлсэн.Үзлэгт биеийн ерөнхий байдал дунд зэрэг, зүрхний авиа тод жигд, артерийн даралт 140,60% пульс 90, сатураци 95 байсан.Тэр үед өвчтөний биед ил харагдах шарх, гэмтэл байхгүй байсан.Өөрөө ч гэсэн гэмтэл авсан талаар ямар нэгэн асуумж өгүүлэмж хэлээгүй.Тэр хүн 8 жилийн өмнө чихрийн шижин өвчнөөр оношлогдсон. Олон жилийн өмнөөс шөрмөс татах болсон. Өнөөдөр нэг лаазтай бүтэн тал пиво уусан гэж хэлсэн.Тэр хүн өөрөө ямар нэгэн гэмтлийн талаар хэлээгүй учраас би толгой, хөл зэргийг үзээгүй. Хэсэг газрын үзлэг бичих хэсэгт тухайн хүний биеийн аль нэг хэсэгт нүдэнд харагдах гэмтэл шарх байгаа тохиолдолд уг гэмтэл шархыг бичдэг. Тухайн үед хүний биед биеийн ил хэрэгдэх хэсэгт гэмтэл шарх байгаагүй, өөрөө хэлж үзүүлээгүй учраас би бичээгүй..гэх мэдүүлэг / хх-ийн 175-176 /,
9. Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 15 хоногоор баривчлагдаж, аймгийн цагдаагийн газрын баривчлах байранд хүмүүжиж байгаа юм. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн орой гаднаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх иргэнийг замын цагдаагийн алба хаагчид эрүүлжүүлэх байр руу авч орж ирсэн. Цагдаагийн алба хаагчид тухайн иргэний согтуурлыг шалгахаар драгер багаж үлээлгэх гэсэн боловч би үлээхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй, манай дүү барьж явсан гэх мэтчилэн зүйл яриад байсан. Уг иргэний эхнэр хүртэл дагасан явсан ба эрүүлжүүлэх байр руу оруулахгүй гээд байрны гадаа үлдсэн. Таныг драгер багаж үлээхгүй, шалгуулахаас зайлсхийгээд байвал эрүүлжүүлэх болох нь дээ гэдгийг цагдаа нар хэлж байсан ба тэгсэн би орохгүй гээд сандал дээр суугаад та нар бууны нохой гэх мэтчилэн янз янзын зүйл яриад цагдаа нарын үгийг тоохгүй, хэрүүл хийгээд байсан. Тэгсэн эрүүлжүүлэхийн цагдаа болон гаднаас авч орж ирсэн цагдаа нар түүнд албадлага хэрэглэж, гарыг нь өчөөд шалан дээр дарсан байхад үед миний бие доогуурх хувцсыг нь тайлсан юм. Доогуурх хувцсыг нь тайлсны дараагаар шалан дээр сууж байгаад замын цагдаа руу гутлаа авч шидсэн. Гэхдээ тухайн алба хаагчийг оноогүй. Тэр үед жижүүрийн цагдаа тухайн иргэнийг суусан чигээр нь гэдийлгэж дарахад хөлөө, гараа саваад, гозолзуулаад тэгж байх хоорондоо жижүүрийн цагдаа *******ын хамар руу гараараа нэгээс хоёр удаа цохисон. Тэр үед замын цагдаа тухайн иргэнийг дарж, өчөөд дээгүүрх хувцсыг нь тайлаад эрүүлжүүлэхийн камер руу оруулсан. Харин жижүүрийн цагдаа нойл руу хамраа чимхээд цусаа арилгахаар явсан. Тухайн иргэнийг эрүүлжүүлэхийн камерт хийсний дараагаар камерын хаалга нүдээд би чихрийн өвчтэй, дусал хийдэг барьдаг гэх мэтчилэн зүйл яриад байсан. Цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн гэх хүн сүүлд саатуулах дээр ирсэн байхдаа би цагдаагийн хамар руу цохисон нь үнэн гэж ярьж байсан. Цагдаагийн алба хаагчид согтуурлыг чинь шалгана энэ драгер багажийг үлээ гэхэд үлээхгүй гээд янз янзын зүйл яриад байгаад байсан. Тухайн иргэний бие, эрх чөлөөнд хууль бусаар халдаж, зүй бус үг яриа хэрэглэж, цохиж, зодож дарамталсан зүйл огт байхгүй, ... тухайн иргэнийг драгер багаж үлээ гэж ойролцоогоор 10-аад минут болсон гэх мэдүүлэг/ хх-ийн 11-12/,
10 . Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....******* гэдэг хүн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ирж үзүүлсэн. Тэр үед *******ын биед хамрын хөндийд нь мэдээ алдуулалт хийж, багаж оруулж цөмөрхийг сөхөж янзлаад хамрын хөндийд чихээс хийсэн... учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 135-136 /,
11. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн:
1. *******ын биед хамрын мөгөөрсийн цөмрөл, таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй..гэх дүгнэлт / хх-ийн 27-28 / ,
12. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 67 дугаартай шинжээчийн:
1. *******ын биед тухайн үед зулайн хуйх, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба эдгээгүй учир нь чихрийн шижин өвчинтэй тул эдгэрэх хугацаа нь удаан байна.
6. Иргэн ******* нь чихрийн шижин өвтэй байна. Уг өвчнөөр өвчилсөн хугацаа болон ямар үе шатандаа байгааг тогтоох боломжгүй.
7. Иргэн *******ын биед олон тооны дугараг арьсны өнгөтэй ижил хонхор бор өнгийн хуучин шархны сорви гэмтэл тогтоогдлоо. Уг хуучин шархны сорвинууд биеийн бүх хэсэгт ялангуяа ихэнх нь 2 шилбэний орчимд үүссэн байх ба энэ нь дээрх өвчний улмаас үүссэн байх боломжтой....гэх дүгнэлт / хх-ийн 144-145 / болон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05- ны өдрийн №29-3/69 дугаартай албан бичиг *******ын ажилд томилогдсон тушаал, албан тушаалын тодорхойлолтыг баталгаажуулсан хуулбар /хх-ийн 45-50 /, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 55-56 /, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /хх-ийн 110 /, Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Голомт банкны Орхон салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.24-ний өдрийн №00416 дугаартай овогтой гийн ыг эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэр /хх-ийн 80-82 /, Нэхэмжлэгч “Кимганг УУл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дүгээр сарын 4-ний өдрийн №004893 дугаартай “Хариуцагчийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүхийн шүүгчийн захирамж /хх-ийн 83-84 /, *******аас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн Амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 72 /, Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 107-108 /,
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд албан үүргээ гүйцэтгэж байсан Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ыг буюу хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн,
... 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд албан үүргээ гүйцэтгэж байсан Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч *******ыг хүч хэрэглэн эсэргүүцэхдээ хамар руу нь цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт болсон байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Шүүх нотлох баримтыг шинжлэн судалснаар Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 07-ний өдөр приус-10 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон үндэслэлээр драгер багаж үлээлгэх гэхэд үлээхгүй гэсний улмаас түүнийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэсэн байна.
Цагдаагийн алба хаагчид түүнийг шалгахдаа Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн байна гэж дүгнэлээ.
Уг хуулийн 3.1.1-д "согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээд" гэж өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон этгээдийг”, 3.1.2.-д "албадан эрүүлжүүлэх" гэж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн өөрийн үйлдлээ удирдан хянах чадварыг нь сэргээх үйл ажиллагааг”, 5.1-д “Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө”, 5.2-д “Энэ хуулийн 5.1-д заасныг үндэслэн иргэн санаачлан согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэж болно”, 5.3-д “Согтууруулах ундаа хэрэглэсэн боловч өөрийн үйлдлээ удирдан хянах чадвартай, зөрчил гаргаагүй хүнийг эрүүлжүүлэх байранд албадан хүргэхийг хориглоно” гэж хуульчилсан байна.
Гэтэл шүүгдэгч *******ын хувьд тухайн үед Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн заалтад заасныг зөрчөөгүй түүнийг энэ хуульд заасан үндэслэлээр заавал эрүүлжүүлэх шаардлага гараагүй байсан байна.
Цагдаагийн алба хаагч нь шүүгдэгч *******ыг согтуурал шалгах багаж үлээхээс татгалзсан үндэслэлээр эрүүлжүүлэх байранд хүргэх нь энэ хуулийн 5.3 дугаар зүйлд заасан үндэслэл хамаарахгүй байгаа бөгөөд согтуурал шалгах багаж үлээхийг татгалзсан үндэслэлээр эрүүлжүүлэх талаар хуульчлаагүй байна. Энэ талаар Цагдаагийн албан тухай хуулийн 25.5.4-д “согтууруулах ундаа, ....хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг хамгаалах хүнд, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэлтэй бол холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх, эсхүл Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан журмын дагуу арга хэмжээ авах” гэж хуульчилсаныг хэрэгжүүлээгүй гэж дүгнэх үндэслэл байгааг шүүх анхаарсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн Цагдаагийн алба хаагчид жолооч согтууруулах ундаа....хэрэглэсэн эсэхийг шалгах журам батлах тухай Эрүүл мэнд Спортын сайд, Хуульзүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар тушаалаар баталсан журмыг бүрэн хэрэгжүүлж ажиллах ёстой байсан байна. Уг журмын 2.1-д “Цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгсэл жолоодож явсан болон жолоодсон байж болзошгүй этгээдийг өөрийнх нь зөвшөөрснөөр энгийн аргаар /шулуун шугаман тэмдэгтийн дагуу алхуулах, нүдээ аньж, гарыг урагш сунгасан байдалтайгаар нэг хөл дээр зогсоох зэргээр тэнцвэрээ хэрхэн олж байгааг шалгах гэх мэт/, эсвэл тандагч багажаар шалгаж болно”, 2.2-д “Жолооч энгийн аргаар шалгуулахаас татгалзсан, эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй дараах шинж илэрвэл согтуурал шалгах багажаар шалгаж, тогтооно. Үүнд: 2.2.1-д “согтууруулах ундааны зүйл үнэртэх”, 2.2.2-д “тандагч багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй мэдээлэл гарсан”, 2.2.3-д “тодорхой нөхцөл байдалд тохирохгүй зан үйлдэл /хэл яриа ээдрэх, гацаж түгдрэх зэргээр ойлгогдохгүй байх болон бусдын яриаг ойлгохгүй байх гэх мэт/ гаргах” 2.2.4-д “согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн.”, 2.3-д “Цагдаагийн алба хаагч жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багажаар тогтоохдоо хөндлөнгийн гэрчийг байлцуулна. Хэрэв боломжгүй бол дуу дүрс бичлэг, гэрэл зургаар баталгаажуулна”, 2.4-д “ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь шалгуулах чадваргүй, согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус, шээснээс дээж авч, Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлнэ”,
3.3”д “Согтууруулах ундаа, ....хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор шинжилгээний сорьц авах үед жолооч татгалзсан, эсэргүүцсэн тохиолдолд цагдаагийн алба хаагч эмнэлгийн мэргэжилтэнд туслалцаа үзүүлнэ”, 4.1-д “Эмнэлгийн мэргэжилтэн шалгуулагчийн цус, шээснээс сорьц авна. Сорьц авах талаар шалгуулагчид заавал танилцуулна”, 4.2-д “Цуснаас сорьц авахдаа “Хураагуур судас хатгаж, шинжилгээнд цус авах” түгээмэл үйлдлийн MNS-4621:2008 стандартыг баримталж ажиллана”, 4.3-д “Цусны сорьцыг зориулалтын хуруу шилэнд авч, 5-10 миллилитр цусыг цэвэр тариур болон вакум шилэнд хийнэ”, 4.4.Шээсний сорьц авахдаа цэвэр саванд 50-100 миллилитр хэмжээтэй авна”, 4.5.Цус болон шээсний сорьцыг хадгалах шаардлагатай бол хөргөгчний доод хэсэгт буюу 5-8 хэмд хадгална” гэж заасныг тухайн тохиолдолд хэрэгжүүлэх ёстой бөгөөд энэ журмыг хэрэгжүүлсэн эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл Цагдаагийн алба хаагч шүүгдэгч ******* нь согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус, шээснээс дээж авч, Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлнэ гэснийг хэрэгжүүлэх ёстой байжээ.
Цагдаагийн алба хаагч нар шүүгдэгч *******ыг хуульд заасан үндэслэлээр эрүүлжүүлэх үндэслэл тогтоогдоогүй байхад эрүүлжүүлэх гэж хүч хэрэглэснээс болж шүүгдэгч ******* нь эсэргүүцсэн үйлдэл гаргасан бөгөөд хувцсаа тайлуулахгүй гэж үйлдэл үзүүлж байхдаа Цагдаагийн алба хаагч цагдаагийн дэд ахлагч *******ыг х хамар руу нь цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч *******ын Эрүүлжүүлэх байранд хувцсаа тайлуулахгүй гэж гаргаж байгаа үйлдлийг хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Цагдаагийн алба хаагч нар түүнийг хуульд заасан үндэслэлээр эрүүлжүүлэх үйлдлийг хийгээгүй байдлаас болж энэ гэмт хэрэг гарах үндэслэл болсон, Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх үйлдэлд гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх гэсэн зарчмыг баримтлан Прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч ******* нь хүний биед халдах эрхгүй бөгөөд өөрийгөө хамгаалах явцад хүний биед халдаж хөнгөн хохирол учруулж байгаа нь гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ыг хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үйлдэл гараагүй байна гэж дүгнэх өөр нэг үндэслэл нь Цагдаагийн Эрүүлжүүлэх байранд болсон үйл баримтыг бичсэн бичлэгийг шинжлэн судалснаар шүүх дүгнэлтийг гаргасан гэдгийг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэг гэм буруу эрүүгийн хариуцлага гэсэн 2 үе шаттай явагдсан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлж мэдүүлснийг мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлснийг үндэслэн зохих ял оногдуулж уг ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлд “согтуурсан үедээ....гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилсан байгаа боловч шүүгдэгч *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнийг хангалттай нотолж чадаагүй, жолооч согтууруулах ундаа....хэрэглэсэн эсэхийг шалгах журам батлах тухай Эрүүл мэнд Спортын сайд, Хуульзүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар тушаалаар баталсан журмын дагуу бүрэн нотолж чадаагүй учир шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн энэ заалтыг хэрэглээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3-д зааснаар “энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж зааснаар түүний эрүүл мэндийн байдал Е-11 буюу чихрийн шижин өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалт 69 хувиар групп тогтоолгосон байдлыг харгалзан үзсэнийг дурдаж шийдвэрлэв.
Хэргийн учир шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч *******ын зурагтыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгож шийдвэрлэв.
Мөн хэрэгт тухайн үйл баримтын талаар бичлэгийг СД-д буулгаж хэрэгт хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт гийн д холбогдуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч овогт гийн ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт гийн ыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан овогт гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт 3 ширхэг СД хавсаргаж ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн зурагтыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг зурагтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ