| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2022/0313/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/337 |
| Огноо | 2022-10-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0313/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,
Шүүгдэгч А.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б- овогт А-ын Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000350 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Д” Дээд сургуулийн бага ангийн багшийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт А-ын Б- /РД:/,
А.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б- нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод Б.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар шилэн сав шидэж, эрүүл мэндэд нь духны зүүн дэд хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...намайг яв гээд байхаар нь би уулзчихаад л явна даа гэж бодоод эгчийг нь түлхээд байсан чинь хажуу талаас Б- эгч нь орж ирээд намайг хоёр удаа алгадаад гал тогооны өрөөнөөс юм авч шидээд чи зайлаад өг л дөө гэж хэлж байсан. Тэгсэн чинь усны шилэн сав миний толгойг оносон. Тэгээд миний толгойноос цус гараад байсан ба цусаа угаачхаад явчихъя л даа гэж хэлэхэд үгүй чи яв гээд хөөж байсан. Намайг ч уг нь яв гээд хөөгөөд байсан л даа би өөрөө явахгүй гээд гүрийгээд байсан юм. Үүний дараа Э- намайг гэр рүү хүргэж өгсөн. Б- эгч нь миний толгой руу шилэн сав шидсэнээс болж толгой хагарсан. Үүнд гомдолтой байна. Миний толгой хүнээр бариулсан тэр нь 40.000 төгрөг болсон өөр эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Энэ мөнгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 04-08 тал/,
Насанд хүрээгүй гэрч Э.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...М- эгч А- руу дайраад байхаар нь би А-ын урдуур нь орж хамгаалсан. М- эгч А-ад огт гар хүрээгүй. Тэгээд А- ер нь М- эгч рүү аягүй том дуугараад янз бүрийн үгс хэлж байсан. Би тухайн үед нь “одоо болиочээ, эгч маань чамд буруу зүйл хийгээгүй шүү дээ” гэж хэлсэн. М- эгч А-ыг маш олон удаа чи зүгээр яваад өгөөч гэж хэлсэн. А- харин янз бүрийн зүйлс яриад ерөөсөө гэрээс гарч өгөхгүй байсан. Тэгсэн чинь А- намайг зодчихооч энэ тэр гээд аймаар дайраад байхаар нь Б- эгч А-ыг 2 удаа алгадсан. Тэрнийх нь дараа би А-ыг чи зүгээр явчихаа, одоо хоёулаа зүгээр больчихъё гэж хэлсэн. Тэгээд Б- ургамлын тос, усны хоёр ширхэг шилэн сав зэргийг А- руу шидсэн. Хоёр дахь усны шилэн савыг шидсэн, А-ын толгойноос цус гарсан’’ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-18 тал/,
Гэрч Э.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...А- нь манай охин дүү Э-тэй маргалдаад сууж байсан болохоор нь А-аа чи одоо харь гэж хэлэхэд намайг тоохгүй байсан юм. Тухайн үед жижиг өрөөнөөс Б- гарч ирсэн бөгөөд А- нь Э-г хэл амаар доромжлоод байхаар нь Б- гартаа барьчихсан байсан ногоон өнгийн аяга А- руу шидэхэд А- нь уурлаад Б-ийн баруун гарт байсан шилэн савыг булааж аваад Б- рүү шидсэн бөгөөд уг шилэн сав газарт унаад хагарчихсан. Тухайн үед Б- нь уурлаад гал тогооны өрөөнд байсан шилэн сав аваад А- руу шидэхэд А- бултаад ард нь байсан төмөр хаалгыг оноод уг шилэн сав хагараад А-ын толгой хэсгийг зүсчихсэн юм. А- нь манай дүү Э-г хэл амаар доромжлоод байхаар нь Б-ийн дургүй нь хүрээд А- руу шил шидсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 851 дугаартай “...Б.А-ын биед духны зүүн дэд хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыгтогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-30 тал/,
Яллагдагч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би А-ыг нэг удаа алгадсан. Тэгээд тэгээд чи зайлаач гэж хэлсэн. Тухайн үед Э- ч гэсэн зайлаач гэж хөөгөөд л байсан. Тэгээд би гал тогооны өрөөнөөс түмпэн, ургамлын тос, аяга шилэн усны сав зэргийг шидсэн. Миний шидсэн зүйлийг А- бас зөрүүлээд над руу шидсэн. Дахиж 1 усны сав шидсэн чинь үүдний бүргэд хаалгыг цохиж хагалсан. А-ын толгой хагарсан нь би бүргэд хаалга руу шидсэн усны шилэн сав хагараад хагарсан хэсэг нь толгойг нь хагалсан. Тухайн хагарсан шилэн савыг шүүрдээд цэвэрлээд хаясан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч А.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч А.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Насанд хүрээгүй хохирогч Б.А- болон түүний хууль ёсны төлөөлөгч Ю.А- нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хүүхдийн 2 удаа толгойгоо бариулсан зардал 40,000 төгрөгийг шүүгдэгч А.Б-ээс авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан материалллаг хохирлыг нөхөн төлсөн; хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч А.Б- нь 3 дугаар курсын оюутан, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б- овогт А-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-т 450 /дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД