Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/343

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0324/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Г.Г- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б- овогт Г-ын Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000355 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ... тоотод оршин суух хаягтай,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Г-ын Г- /РД:/,

 

Г.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Г- нь согтуурсан үедээ, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сум... нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х-” ХХК-ийн уурхайн талбайд БНСУ-ын иргэн ХХХ--гийн эрүүн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

   Хохирогч ХХХ--гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Тэр үед тэнд байсан нэг нь гараараа хоолойгоо хэрчиж байгаа мэт дүрслэл үзүүлж над руу дайрч давшлаад байхаар нь би түүнийг хулгай хийх гэж ирчхээд намайг зодох гээд байгаа юм уу гэсэн чинь тэр залуу миний эрүүний зүүн хэсэгт гараараа нэг удаа цохиж дараа нь миний духны хэсэгт мөргөх үед би касктай байсан учраас миний толгой азаар гэмтээгүй, ...нэг шүд хөдөлсөн, өөрөөр өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй, ... хүний биед гэмтэл учруулж болохгүй, би энэ хүмүүст ял өгөхдөө гол нь биш энэ хүмүүст яаж ухамсар суулгаж гэмт хэргийн хохирогч, эсвэл гэмт хэрэгтэн болохоос сэргийлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж ажилламаар байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

 

   Гэрч Б.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...бид нар цаашаа алхаж очоод Солонгосын алтны овоолсон шороон дундуур нууцаар алхаж явтал өөдөөс нэг танихгүй настай хүн гэрэл тусгаад гарч ирсэн. Энэ үед Г- согтуу байсан учраас зугтаахгүй тэр хүний өөдөөс алхаж очоод шанаа тус газарт нь нэг удаа гараараа цохиж харагдсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

 

   Гэрч П.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Нэг хүн өөдөөс гэрэл тусгаад алхаад ирсэн чинь Г- энэ пизда чинь солонгос юм уу, хужаа юм уу гээд тэр гадаад хүний өөдөөс алхаад очсон ба бид нар наанаас нь харж байтал Г- гараа далайгаад тэр хүний шанаа тус газарт нь гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

 

   Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тухайн өдөр би карьерын усыг нуур луу шилжүүлж оруулж байхад манай компанийн техникийн зөвлөх ажилтай Солонгос улсын иргэн станцаар “уурхайн нөхөн сэргээлтийн карьер дотор 4-5 гаднын хүн ороод ирсэн байна” гэж мэдэгдсэн. Удалгүй миний шүдийг цохиж гэмтээлээ гэж хэлсэн...Тэр хүмүүс манай уурхайгаас хулгай хийсэн зүйл огт байхгүй” мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

 

   Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 856 дугаартай “...ХХХ--гийн биед зүүн доод 4 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26 дугаар тал/,

 

   Шинжээч П.Одмаагийн "... Би ХХХ- гэх хүнийг өөрийн биеэр үзэж дүгнэлт гаргасан бөгөөд намайг үзэхэд зүүн доод 4 дүгээр шүд цохиулсны улмаас нааш цааш хөдлөх эмзэглэлтэй байсан учраас Улаанбаатар хот руу нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр явуулахад тухайн шүдийг авах шаардлагатай гэсэн эмчийн тодорхойлолт ирсэн тул үүнийг үндэслэж гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гаргасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/,

 

   Яллагдагч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би нэг удаа түүний амных нь орчим гараараа цохисон. Түүнээс өөр цохисон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

   Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

   Шүүгдэгч Г.Г- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

   Иймд шүүгдэгч Г.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

   Хохирогч ХХХ- болон түүний орчуулагч Х.У-тай утсаар холбогдоход “ХХХ- бид хоёр Солонгос улсад ирсэн байгаа, шүүх хуралдаанд оролцох боломжгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, тухайн хүнийг дахиж ийм гэмт хэрэг хийхгүй байхаар сургамж аваасай гэж хүсэж байна” гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

   Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

   Шүүгдэгч Г.Г- нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

   1. Б- овогт Г-ын Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-т 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

   4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

   5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД