Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 802

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ударгалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Залуус хороолол 80-16 тоотод оршин суух, Б овогт Жын Т /ЗЖ74110105/-ийн нэхэмжлэлтэй,

Зт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 10843206 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 11 сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Нарийн бичгийн дарга С. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 оноос эхэлж Зт нягтлан бодогч, хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан. Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 54 дугаартай тушаалаар бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр намайг 2016 оны 11 сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдээд цалинг гаргуулж, ажилд эргүүлэн томилох гэсэн шийдвэр гарсан. 5 сая гаран төгрөг буюу 2016 оны 11 сарын 23-наас 2017 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалингаа авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэсэн. Харин урьд эрхэлж байсан ажилдаа ороогүй байна. Одоо 2018 оны 4 сарын 9-ний өдрийн тушаалаар Дундговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд ажиллаж байна. Иймд хариуцагч талаас 2017 оны 5 сарын 1-нээс 2018 оны 4 сарын 6-ны өдрийг хүртэлх хугацааны цалин болох 10843206 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 сарын 22-нд нэхэмжлэгчийг анх ажлаас чөлөөлөхөд шүүхийн шийдвэр гараагүй байсан юм. Бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн байсан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь буруу байна гэсэн шийдвэр гаргасан. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг олгуулахаар шийдвэр гаргахдаа 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байхад үүнийг хасаж тооцоогүй. Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргасан учраас ажилд нь эргүүлэн авах боломжгүй байсан. Тиймээс өөр ажилд авахаар болсон. Нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөхдөө 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байхад уг нэхэмжилж байгаа мөнгөн дүнд дээрх мөнгийг хасаагүй нэхэмжилсэн учраас давхардаж байна гэж үзэж үүнийг хасуулж тооцуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргах зүйл байхгүй, нэхэмжлэгч зөв бодсон байх гэж бодож байна. Үүнээс 3 сарын тэтгэмжид олгосон  2 сая төгрөгийг хасан тооцож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Т нь Зт холбогдогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 10843206 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

           Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 сарын 8-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоосон байх ба тус шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 сарын 20-ны өдрийн 221/МА2017/0526 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 393 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж /хх-ийн 7-22-рт/  шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгчийн “Би одоог хүртэл өөрийн урьд эрхэлж байсан ажилдаа ороогүй, өөр ажил эрхэлж байгаа. 2017 оны 5 сарын 1-ний өдрөөс 2018 оны 4 сарын 6-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 10843206 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэхгүй, нэхэмжлэлийн үнийн дүнг эс зөвшөөрч тайлбар гаргаагүй байна.  Харин дээрхи нэхэмжилсэн олговроос нэхэмжлэгчийг анх ажлаас халахдаа олгосон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 2 сая төгрөгийг хасаж тооцуулах тухай хүсэлтийг гаргажээ.   

             Нэхэмжлэгч нь “хүнийг үндэслэлгүйгээр ажлаас халж, авъя гээгүй байхад 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг бодож дансанд шилжүүлсэн тул буцааж өгөх үндэслэлгүй гэж үзэж байна” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

             Шүүх нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч тал нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, хариуцагч тал нь ажилгүй байсан хугацааны олговор олгохоос татгалзаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил балбан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй. Харин нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон бөгөөд ажилгүй байсан хугацааны бүх олговрыг олгож байх тул нэхэмжлэгчийг ажлаас халах үед олгосон ажлаас халагдсаны тэтгэмжийг нэхэмжлэгчид олгох олговроос хасаж тооцох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл ажлаас халагдсаны тэтгэмж, ажилгүй байсан хугацааны олговрыг давхардуулан олгох боломжгүй юм.

             Нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны олговроос хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шиймтгэлийг нөхөн төлж хураамж төлсөн тухай дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны олговор 8843206 /найман сая найман зуун дөчин гурван мянга хоёр зуун зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2000000 /хоёр сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Тт олгох 8843206 /найман сая найман зуун дөчин гурван мянга хоёр зуун зургаа/ төгрөгийн олговроос эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Зт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203708 /хоёр зуун гурван мянга долоон зуун найм/ төгрөгөөс илүү төлсөн 15347 /арван таван мянга гурван зуун дөчин долоо/ төгрөгийг буцаан гаргаж нэхэмжлэгчид олгож, үлдэх 188441 /нэг зуун наян найман мянга дөрвөн зуун дөчин нэг/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас  156441 /нэг зуун тавин зургаан мянга дөрвөн зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Тт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ                       Д.У