Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Ц.Отгонбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Цогтоо Отгонбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2107000000068 дугаартай хэргийг 2021 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1991 оны 11 сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Эрэгтэй, 30 настай, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хороо Өндөртолгойн 6 байрны 31 тоотод оршин суух, урьд ял шийтгэлэдэлж байгаагүй,  Боржигон овогт Цогтоогийн Отгонбат /РД:МЮ91111818/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

  Яллагдагч Ц.Отгонбат нь согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 1-31 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Энхцэцэгтэй маргалдан улмаар гараараа баруун хацар хэсэгт нь маажиж базах зэргээр биед нь зулгаралт гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Отгонбатмэдүүлэг өгөхгүйгэв .

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Ц.Отгонбатын: “...Уурхай дээр замдаа 1 шил шар Чингис архи аваад уурхай дээр уусан. Тэгээд гэр рүү ороход Гэсэр ах, Мөнх-Эрдэнэ нарыг архичин гэж үглэхэд тэр 2 гараад явсан. Би эхнэртэй хандаж хүнийг яах гэж ингэж байдаг юм. Хүн байхад гарахаар нь хэрүүлээ хийж болдоггүй юм уу" гэж хатуухан хэлэхэд Энхцэцэг гэрээс гараад гүйсэн. Тэгээд би халамцуу байсан учраас гараад байрны гадаа зууралдаж гэр рүү оруулахдаа нэг удаа нүүрийг нь базаж, хацрыг нь маажаад гэр рүү орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.Энхцэцэгийн “...2021 оны 03 дугаар сарын 174-ны өдрийн өглөө гэртээ байж байхад хамаатны ах Гэсэр орж ирээд нөхөр Отгонбатыг юманд явъя гээд аваад гарсан. Тэгээд би хүүхдүүдтэйгээ байж байхад 14 цагийн үед Отгонбат над руу залгаад залгаад би дэлгүүр ороод удахгүй очлоо гэж залгасан. Тэгээд гэрт Гэсэр ах нэг танихгүй залуутай орж ирэхээр нь чи яах гэж архи уусан юм бэ гэхэд нөхөр над руу уурлаж
агсраад чи муу ингэдэг байхгүй юу хүн дагуулаад ороод ирж байхад гэхээр нь уутанд байсан архийг хараад уур хүрээд хувцсаа өмсөөд гэрээс гарсан. Гараад би байрны урд эмнэлгийн ойролцоо явж байхад араас Отгонбат гарч ирээд "миний нүүр рүү зүүн гараараа баруун хацар баруун нүдний доод хэсгээр маажиж базаад, зүүн талын хацар руу нэг удаа
гараараа цохиод уурлаад гэр рүү "гичий минь чамайг алнаа" гээд чирээд явсан. Энхжаргал эгч дайралдахаар нь цагдаа дуудаарай гэж хэлээд гэрт орсон. Хүүхдүүд том өрөөндөө би жижиг өрөөнд байхад Отгонбат хутга авснаа "би өөрийгөө алчих уу" гээд байж байтал Энхжаргал эгч орж ирсэн. Нарантуяа эгч хүүхдийн нүүр амыг яаж байгаа юм бэ гээд урлаад Отгонбатыг загнаад байсан. “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч А.Энхжаргалын “...2021 оны 03 сарын 17-ны өдөр 16 цагийн орчимд би орцныхоо үүдэнд буюу Багахангай дүүргийн 1 хороо 6 дугаар байрны 5 дахь орцны үүдэнд сандал дээр сууж байхад Энхцэцэг орцноосоо сандраад гараад гүйсэн би бодохдоо ээж нь бие нь тааруу байгаа болохоор янз бүр болж дээ гээд бодоод сууж байхад араас нь удалгүй Отгонбат гүйж очоод байрны урд эхнэрээ чирээд гэр рүүгээ орох замд Энхцэцэг намайг “Энхжаргал эгчээ амь авраарай гээд дуудсан” би араас нь ороход Отгонбат өөрийгөө ална гээд хутга барьчихсан хутгаа үзүүрлээд зүрх рүүгээ барьчихсан байсан. Энхцэцэг жижиг өрөөндөө орныхоо урд талд уйлаад сууж байсан. Тэгэхээр нь би Отгонбатыг аргадаад хутгыг авсан. Одоо тайвширсан байх гэж бодоод явах гэхэд Энхцэцэг та байж бай таныг явахаар наадах чинь намайг зодно, эсвэл амиа хорлох гээд байна гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч .Б.Нарантуяагийн “...2021 оны 03 сарын 17-ны өдөр 16 цагийн орчимд ажил дээрээ байж байхад эрүүлжүүлэх, саатуулах байрын эмч, цагдаагийн ахмад Т.Мөнхзул миний өөрийн 95577000 дугаарын утас руу өөрийнхөө 88008105 дугаарын утаснаас залгаад "Энхцэцэгийг нөхөр Отгонбат гэртээ зодоод байна. Та нэг очоод ирээч би ажилтай байна" гэж хэлэхээр нь би Багахангай дүүрэг 1 хороо 6 дугаар байр руу ганцаараа явсан. Ингээд Энхцэцэгийн гэр рүү ганцаараа ороход Энхцэцэг жижиг өрөөндөө доошоо хараад уйлчихсан сууж байсан. Тэгээд би Энхцэцэг дээр очиж юу болсон талаар асуухад Энхцэцэг нүүрээ дарчихсан, уйлчихсан, баруун хацар хэсэг нь хавдсан байдалтай байсан. Тэгээд би галын өрөө рүү ороход эхнэр рүүгээ "янхан, намайг хүндлэхгүй байна" гээд аргадуулахгүй байхаар нь би цагдаа дуудсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 14 дугаар хуудас/,

Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх, Багахангай дүүргийн Шүүхийн Шинжилгээний Хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгсбуянгийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №181 дугаартай "...Б.Энхцэцэгийн биед нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоол дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой." гэх дүгнэлт /хх-ийн 23 хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллиийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 32-36 дугаар хуудас/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын тодорхойлолт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Ц.Отгонбатын Хаан Банкны дансны хуулга /хх-ийн 54-64 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Отгонбат нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 1-р байрны гадаа болон 31 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Энхцэцэгтэй маргалдан улмаар гараараа баруун хацар хэсэгт нь маажиж базах зэргээр биед нь зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ц.Отгонбатын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхцэцэг болон гэрч А.Энхжаргал, Б.Нарантуяа нарын зөрүүгүй мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шэ/№181 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Отгонбат хохирогч Б.Энхцэцэг нар нь 2011 оноос хойш гэр бүл болж хамтран амьдарч байгаа гэх бөгөөд тэдний дундаас 2015 онд охин Энх-Учрал,  Анар, 2017 онд охин Мичид, 2019 онд охин Хулан нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр /хх-ийн 65-67 дугаар хуудас/ тогтоогдож байна. Иймд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “... хамтран амьдрагч” гэж зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамтран амьдрагч хамаарах тул  Ц.Отгонбат, Б.Энх-Цэцэг нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.Отгонбатад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул Ц.Отгонбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Отгонбатыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Энхцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч Б.Энхцэцэг нь “шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэсэн тул Ц.Отгонбатыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ц.Отгонбат нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн, Ц.Отгонбат нь өөрийн гэсэн орлоготой болох нь тогтоогдсон зэргийг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд шүүгдэгч Ц.Отгонбат нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийн ялыг гүйцэтгэх үүрэгтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Отгонбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Боржигон овогт Цогтоогийн Отгонбатыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ц.Отгонбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Отгонбатад мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Отгонбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Отгонбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    П.БАЯСГАЛАН