Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/08

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шинжээч эмч С.Төгсбуян /цахимаар/

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Алтанзаяа, Г.Бат-Отгон,

Шүүгдэгч Г.Болд, Г.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Шангас овогт Гомбын Болдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, Бэсүд овогт Галсандоржийн Солонгод мөн хуулийн  тусгай ангийн  11.6  дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2107000000018 дугаартай хэргийг 2021 оны 03 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангомбо суманд төрсөн. эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, хүний бага эмч мэргэжилтэй, Багахангай дүүрэг Эрүүл мэндийн төвд сувилагч ажилтай, ам бүл 1 Багахангай дүүргийн 2 дугаар хороо Нуурын 3-15 тоотод оршин суух хаягтай, Урьд нэг удаагий ялтай,  Шангас овгийн Гомбын Болд /РД:ОЭ88050712/,

Монгол улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. эмэгтэй, 36 настай, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Багахангай дүүргийн 1 дүгээр хороо Өндөртолгой 5 дугаар байр 1 тоотод оршин суух хаягтай, Урьд ял шийтгэлгүй, Бэсүд овогт Галсандоржийн Солонго /РД:Ц385051501/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Гомбо овогтой Болд нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 6 дугаар байрны орцонд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Солонготой урьд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж улмаар түүний толгой руу цохиж, хөл рүү нь өшиглөж улмаар орцноос гаргахгүй байх зорилгоор түүний баруун гарыг орцны хаалганд хавчуулсны улмаас биед нь баруун шуу ясны сэртэнгийн далд хугарал, баруун сарвуунд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Галсандорж овогтой Солонго нь  2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 6 байрны 06 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Г.Болдтой урьд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас марагалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж улмаар түүний толгой руу цохиж, уруул, хүзүү рүү гараараа базах, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Болд:Тухайн өдөр би гэртээ амарч байсан. 2021 оны 01 сарын 14-ний өдөр байсан. Хаалга тогшоод онгойлгоход манай эхнэр Солонго байсан. Удаан уулзаагүй байсан учраас баярлаж хүлээж авсан. Хоорондоо мэндэлсэн. Цагдаагийн зөвшөөрөлтэй ирлээ. Юмаа авах гэсэн юм гэж дайрч орж ирсэн. Толгой руу цохисон. Энэ үйлдлийг болиулах гэж гаргах гэж оролдсон. Өргөөд гаргахад манай хаалганы ард ногоон хувцастай залуу зогсож байсан. Миний толгой руу цохисон. Миний толгой эргээж шатны бариулаас барьсан. Тэгээд ээж цагдаа дууд гэж орилж байх нь сонсогдсон. Манай хойд аав цагдаа дуудсан. Би буцаж гэр лүүгээ орсон. Түлхүүрээ авч гарж машинаа холдуулах гэж гарсан. Гарахад 2 давхрын цонхон дээр Солонго зогсож байсан. Хажуугаар нь гарах гэхэд намайг базаж цохиж шанаа руу цохисон. Грашын эзэн Бадамсүрэн ах гарч ирсэн. Тэгэхэд намайг зодохоо больсон. Би түрүүлж гараад орцны хаалга хаасан. Намайг гарахад Гэрэлмаа гэж хүүхэн нөхөр хүүхэдтэйгээ ирж байсан. Гэрэлмаа ирээд юу болсон бэ гэхэд манай эхнэр намайг зодоод байна. Цагдаа дуудсан түр хүлээж байгаарай гэж хэлсэн. Удалгүй Мөнхбаяр ах ирсэн. Тэр хүн Болдоо наад асуудлаа гэртээ ороод шийдчих гэж хэлсэн.  Цагдаа ирж байгаа хүлээж байгаарай гэж хэлсэн. Цагдаа ирэхэд би хаалга онгойлгож өгсөн. Солонго гарч ирээд портерт суугаад явах гэхэд нь би гомдолтой байна гээд цагдаагаар дуудуулаад цагдаагийн хэлтэс явсан” гэж мэдүүлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Солонго: “Би юмаа авахаар очих гэсэн юмаа. Би очихоосоо айгаад байна. Болд удаа дараа намайг зоддог. Зүгээр надад май гээд юм өгөхгүй байх гээд хүүхэд гэр бүл залуучуудын төв рүү залгасан. Хотоос гараад явж байхдаа цагдаагийн хэлтэс рүү цагдаа Дөлбадрах руу залгаад хүүхдүүдийнхээ юмыг авахаар очиж байна гэдгээ хэлсэн. Дөлбадрах цагдаа энэ асуудал надад хамаагүй гэсэн. Хамаатныхаа дүүд 50.000 төгрөг өгий Багахангайд очиж хүүхдүүдийнхээ юмыг авах гэсэн юм гэж хэлсэн. Гэр лүү нь орох гэхэд хаалга нь онгорхой байсан. Хаалга онгойлгоход Болд гутлаа өмсөөд зогсож байсан. Намайг харснаа сайн байна уу гэсэн. Би ч гэсэн сайн уу гэсэн. Юу хийж яваа юм гэхэд нь би юмаа авах гээж ирлээ гэхэд чиний гэх юм манайд байхгүй гэсэн. Тэгэхэд нь би юу гэсэн юм бэ би холоос машин хөлслөөд ирж байна. Хүүхдүүдийнхээ юмыг авъя. Би чамтай маргаан хийх гэж ирээгүй гэсэн. Ээж нь гараад ирсэн. Чи миний нэг сая төгрөгийг өгчхөөд наад юмнуудаа аваарай гэсэн. Би юм гэсэн үг юм бэ? та яагаад тэгж хэлж байгаа юм бэ? Би охин хүүхдийнхээ хувцсыг авах гэсэн юм гэхэд. Чиний гэх юм энд байхгүй энийг гарга гэсэн. Болдоо намайг барьж аваад гаргах гэхэд би гарахгүй гэсэн. Хүүхдүүдийнхээ хувцсыг авчихъя. Бичиг баримт нь яах уу наанаа үлдэг гэж хэлэхийн завдалгүй намайг гаргасан. Би гарахгүй гэж хаалганаас барихад миний гарыг мушгисан. Ээж нь битгий наад гарын мушгиад бай гэсэн. Тэгээд намайг гаргангуутаа түрүүлж гүйгээд гарсан. Хажуугаар гүйхдээ тохойгоороо намайг цохисон. Тэгээд орцны хаалга хаасан. Миний гарыг хаалганд хавчсан. Тэгээд намайг элдвээр доромжилсон. Миний гар маш их өвдөж байсан учраас гараа тавиулах гээд хацар орчим нь хүрсэн. Намаг тухайн үед 2,3 удаа цохисон. Гадаа хүмүүсийн наад гарын битгий хавчаад байгаач, болиоч, гэрийнхээ асуудлыг гэртээ зохицуулаач гэх хүмүүсийн яриа сонсогдож байсан. Цагдаа ирэнгүүт намайг Болдтой хамт машинд суу гэсэн. Үгүй ээ би машинд суухгүй гээд портертэй араас нь очсон гэв.” гэж мэдүүлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч С.Төгсбуянгийн өгсөн “Солонгын биед 2021 оны 01 сарын 15-ны өдөр үзлэг шинжилгээ хийсэн. Тухайн үеийн зовуурь нь гарын шуугаар өвддөг. Шинжээчийн хувьд гадна талаас нь үзлэг хийж шууг эргүүлэхэд эмзэглэлтэй байсан. Эмзэглэлтэй байсан учраас шуунд хүрэхэд гарыг үзүүлэх Рентген зураг авхуулах шаардлагатай байсан. Солонго нь 2021 оны 01 сарын 15-нд Гэмтэл Согог Үндэсний төвд үзүүлэн эмчийн бичигтэй эргэн ирсэн. Эмчийн үзлэг оношоор гарын шуун яс сэртэнгийн хугаралтай шинэ гэмтэл гэсэн дүгнэлт гарсан байсан. Сэртэнгийн далд хугаралтай үед зовуурь эмзэглэлтэй байна. 1 /нэг/ сар орчим байна. Сэртэнгийн далд хугарал биш тохиолдолд зөөлөн эдийн гэмтэл 14 /арван дөрөв/ хоногийн дотор бүрэн эдгэрэх боломжтой. Ясны хугарал гэмтэл нь анх гэмтээгүй байсан үе шиг хэвийн болохын тулд 3 /гурав/ сар зарцуулна. 28 /хорин найм/ хоногийн дараа гэхэд бороолох үйл ажиллаагаа явагддаг. Уг 3 /гурав/ сарын хугацаанд машин барих ямар нэг хөдөлгөөн хийх тохиолдолд бага зэргийн зовиурлана. Цаашид хөдөлмөрийн чадварт хүндрэл учруулахгүй.  Гэмтэл үүссэн нь тодорхой болсон даруй гипс тавина. Гипс тавихын ач холбогдол нь гарыг бугуйг хөдөлгөөнгүй байлгах зорилготой. Гипс нь сараас сар хагсын хооронд гарт байна.  Хугарсан ясыг хооронд нь бороолуулахын тулд гипс тавина. Гэмтэл Согог Үндэсний Төв дээр үзүүлж оношлуулсан учраас тухайн эмнэлгийн байгууллага зөвлөөгөөг өгнө. 10 дугаар сард үзүүлээгүй бол гэмтлийг тогтоох боломж байхгүй. 10 сард хугарсан байна гэж үзвэл 10, 11, 12, 01 сар гэхээр бүрэн эдгэрч бороолсон байна. Хуучин хугарал байхгүй шинэ хугарал.  Сэртэнгийн хугарал нь хаалганд гарын сарвуу, алгыг  хавчуулсан бугын үе  эсвэл мохой зүйлийн үйлчлэлээр үүссэн тохиолдолд хугарал үүснэ гэв. Тохойн үенээс урагш бугуйн үенээс хойших хэсгийг хөшсөн хавчсан тохиолдолд үүсэх боломжтой. Бороолсон бороолоогүйг харж байгаад шинэ хуучныг нь ялгана. 28 /хорин найм/ хоногийн дотор бороолоогүй байвал шинэ гэмтэл гэнэ. Дээд, доод уруулаас зулгаахад тархи доргилт үүсэх боломжгүй, хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. ” гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас болон хавтаст хэргээс шүүх дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Солонго хохирогчоор өгсөн "...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос хүүхдүүдийнхээ хувийн хэрэгсэл, өөрийн бичиг баримтаа авах гэж Улаанбаатар хотоос машин хөлслөөд Багахангай дүүрэгт ирсэн. Тэгээд Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 6 дугаар байрны 06 тоотод байдаг хадмындаа жолооч дагуулаад орох гээд хаалгыг нь тогшсон чинь хүн онгойлгохгүй байхаар нь би хаалганы бариулыг нь дарсан чинь хаалга нь онгойсон. Тэгээд орох гэсэн чинь манай хамтран амьдаргч Г.Болд хувцсаа өмсөөд зогсож байсан. Тэгээд би "сайн байна уу" гэсэн чинь "сайн яах гэж яваа юм" гэхээр би "хүүхдүүдийнхээ юмыг авах гэж ирлээ" гэсэн чинь манай хамтран амьдрагч Г.Болд намайг гэрээсээ өргөөд гаргасан. Тэгээд би "чи яагаад байгаа юм бэ" гэсэн чинь ээж нь "цагдаа дууд" гэж хэлчихээд гэрийнхээ хаалгыг хаасан. Тэгсэн чинь манай хамтран амьдаргч Г.Болд миний хажуугаар өнгөрөхдөө миний толгой руу гараараа цохисон, тэгснээ эргэж хараад миний зүүн хөл рүү өшиглөсөн. Тэгсэн чинь хамт явж байсан жолооч "чи болиоч" гэсэн чинь миний урд ороод явсан. Тэгэхээр нь би араас нь гарах гэсэн чинь орцны хаалга хаах гэхээр нь би баруун гараараа хаалга барьж авах гэж байгаад барьж чадалгүй хаалганд гараа хавчуулсан. Тэгсэн чинь Г.Болд хаалганы завсараар гараа оруулж ирээд миний толгой луу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд хаалга онгойсон чинь цаанаас нь цагдаа нар ирж байсан. ..." гэх мэдүүлэг /хх-н 08-09, 92-93 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Болд хохиогчоор /гэрч/ өгсөн "...Пизда минь би өөрийнхөө авсан бүх юмыг авах гэ ирлээ гэсэн тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ гээд хүүхдүүдийнхээ юмыг өгч явуулахгүй гэж хэлэх завдалгүй хоолойноос багалзуурдаад базаад тэгэхээр би тэвэрч аваад гаргаж тавиад ээжийг хаалгаа цоожлоорой гээд толгой руу нэг юмаар цохичихсон тэгээд өндийсөн чинь уруулнаас базчихсан. ...2021 оны 01 дүгээр сарын 14-ний 18 цагийн үед гэртээ байж байсан чинь гражийн түлхүүр авах гээд Д.Бадамсүрэн ах орж ирээд манай гэрт цай уугаад байж байсан чинь гэрийн хаалга хүн тогшихоор нь би хаалга онгойлгосон манай эхнэр Г.Солонго байсан. Тэгэхээр би гэртээ ирж байгаа юм байна гээд "сайн уу" гэсэн чинь миний урдаас Г.Солонго "би цагдаагийн зөвшөөрөлтэй ирлээ янхан минь" гээд хэлэхээр нь урдаас нь дугарахгүй байсан чинь миний урдаас цохиод авсан. Тэгэхээр нь урдаас нь тэврээд авсан чинь намайг хэл амаар доромжилж байгаад миний толгой руу цохисон. Тэгэхээр нь би гэрээс тэврээд аваад гарахад хаалганы ард ногоон хувцас эрэгтэй хүн байсан. Тэгээд хаалгаар гарах мөчөд миний толгой руу цохисон. Цохиход нь би хэлээ хазсан. Тэгээд толгой руу цохиход миний толгой эргээд би орцны бариулаас бариад зогсож байхад манай ээж цагдаа дуудаарай гээд байсан. ...Тэгээд удалгүй Д.Бадамсүрэн ах манай гэрээс гараад орцны хаалга хаахад араас нь дагаж гараад орцны хаалга хаагаад гаргахгүй зогсож байхад манай ангийн Гэрэлмаа хамт танихгүй залуутай хамт ирсэн. Та хэд байж байгаарай би хаалга дараад байж байна цагдаа иртэл хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд намайг хаалга дараад зогсож байхад орцны гадаа Эрдэнэчимэг, Дамба , Оюука эгч нар ирээд орцны гадаа зогсоод байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд бид гурвыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан..." гэх мэдүүлэг /хх-н 10-11 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Д.Бадамсүрэнгийн "...Би 2021 оны 01 дүгээр сарын 14-ний 18 цагийн үед Ариунболорын гэрээс гражийн түлхүүр авах гээд орсон. Тэгсэн чинь цай уу гэхээр цай уугаад сууж байсан чинь хүн орж ирэх шиг болсон чинь пиздаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь би босоод харсан чинь Болдоо нэг хүүхэн гэдсээр нь тэвэрчихсэн байсан. Тэр хүүхэн нэг гараараа толгой хэсэг рүү нь цохиж байх шиг байхаар нь би жижиг өрөө рүү орсон чинь Жижгээ цагдаа дуудсан. Тэгсэн чинь Г.Болд нөгөө хүүхнээ аваад гарсан. Тэгэхээр нь би гражийн түлхүүр аваад гэрээс нь гарсан чинь орцонд 3 хүн зогсож байсан. Болдоо цохиж байхыг хараагүй, гэрийнхээ үүдэнд орлилдоод байхаар нь харсан чинь эхнэр нь толгой руу нь нэг гараараа цохиж байхыг харсан..." гэх мэдүүлэг /хх-н 7 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч  Б.Оюунтунгалагын "....2021 оны 01 сарын 14-ний өдөр би найз Эрдэнэчимэг, Дамба нартай 6 дугаар байруу куртик зарах гэж байгаа зараар хаягаар очих гээд явж байсан. Тухайн үед цаг 18 цаг болж байх шиг санагдаж байна Тэгээд нөгөө айлруу 6 дугаар байрны хойноосоо 2 дахь орцруу ороход хүн нь байхгүй утсаар холбогдоод байрны гадаа хүлээгээд зогсож байсан. Тэгтэл 6 дугаар байрны 1 дэх орцонд эрэгтэй хүн хашгираад, маргалдаад байсан. Бид нар тухайн орцруу очтол эмнэлгийн сувилагч Болд орцны дотор хаалгыг гаднаас түлхчихсэн цаанаас нь эмэгтэй хүн гарч ирэх гээд гар хөл нь хавчуулагдсан харагдаж байсан. Чамайг гаргахгүй гээд байсан. Тэгтэл хаалганы цаанаас Солонго гарч ирээд "чи миний эд хөрөнгийг аваад баяжаарай, чи миний гарыг гэмтээчихлээ гэж орилоход Болдоо "чи намайг зодсон биз дээ" гэж хэлэхээр нь бид нар эмэгтэй хүнд зодуулна гэж юу байдаг юм гэж хэлээд байж байхад цагдаа ирсэн..." гэх мэдүүлэг /хх-н 101-102 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч  Ч.Дамбын "...2021 оны 01 сарын 14-ний өдөр би найз Эрдэнэчимэг, Оюунтунгалаг нартай тус дүүргийн 1 дүгээр хороо 6 дугаар байр руу айлруу орох гээд 18 цагийн үед шиг санаж байна явсан. Тэгээд айлд хүн байхгүй хаалгыг нь тогшиж байгаад тэгээд хүнтэйгээ яриад 6 дугаар байрны хойд талаасаа 2 дахь орцны үүдэнд хүлээгээд зогсож байтал хойд талаасаа 1 дэх орцонд эрэгтэй хүн аймар орилоод, эмэгтэй хүн орилоод хэрэлдээд байсан. Тэгээд бид нар гүйгээд 1 дүгээр орцруу очиход гадаа хаалгыг Болд дарчихсан байсан. Тэгээд Болдыг юу болоод байгаа юм гэхэд нэг хүнийг элдвээр гаднаас хараагаад" гичий, янхан банзал, дүүтэйгээ явалддаг, чам шиг юм надтай амьдрах юм уу гэх зэргээр орилоод байхаар нь болиочээ гэхэд хаалганы цаана эмэгтэй хүн цагдаа дуудаад өг гэж хэлсэн. Би цагдаа дуудах гэхэд Болд би өөрөө цагдаа дуудсан гэж хэлсэн. Тэр хаалганы цаана эхнэр Солонго байгааг ойлгосон. Тэгтэл хаалганд гар хавчигдсан, завсраар нь гарах гээд орчихсон байсан. Удалгүй цагдаа ирэхэд Болд дарсан хаалганаас холдоход цаанаас нь Солонго гарч ирэхээр нь "яасан миний дүү гэхэд Солонго гэр рүү орж юмаа авах гэхэд Болд намайг гэртээ зодсон гэж хэлээд уйлаад баруун гараа бариад уйлаад байсан. Тэгтэл цагдаа хүрээд ирэхэд Болд намайг зодсон гэж хэлээд хашгараад байсан. Болд намайг зодсон гэж хэлэхээр нь " би Болдод чи ичээч, ийм жижигхэн хүүхэн чамайг зодно гэж юу байхав, гарыг нь хавчиж хугалчихаад гэж хэлсэн. Миний ойлгож байгаагаар Солонго юм ачих гэж байгаа бололтой байсан..." гэх мэдүүлэг /хх-н 104-105 хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.Эрдэнэчимэгийн "...2021 оны 01 сарын 14-ний өдөр би найз Дамба, Оюунтунгалаг нартай 6 дугаар байрны үүдэнд байж байгаад гэррүүгээ орчихоод ирье гэж хэлээд орсон. Тухайн үед цаг 18 цаг өнгөрч байсан. Ингээд гэррүү орж хүүхдүүдээ харчихаад байрны гадаа гараад ирэхэд манай найзууд манай байрны 1 дүгээр орцны үүдэнд зогсож байсан. Намайг очиход цагдаагийн хүмүүс ирчихсэн, эмнэлгийн сувилагч Болдоо эхнэр Солонготой хэрүүл хийж байсан. Би мэдэхгүй байна. Гаднаас нь харахад эрүүл байсан. Болд Солонгоог өөр хүнтэй унтсан гэж хашгираад доромжлоод байсан..." гэх мэдүүлэг /хх-н 109-110 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Г.Ариунболорын "...2021 оны 01 сарын 14-ны өдөр орой бүрэнхий болж байсан. Манай гэрт Солонго ирсэн. Би гэртээ Бадамсүрэн, Цэндсүрэн хүү Болд бид 4 байхад хаалга нүдсэн. Болд хаалга онгойлгоход коридорт эмэгтэй хүний хашгичих чимээ сонсогдсон. Би юу болов гээд очтол Солонго байсан. Болд Солонгыг тэвэрчихсэн байж байхад Солонго толгойруу нь 2 гараараа ээлжлээд цохиод маажаад байсан. Би цагдаа ирж байна уу гээд цонхоор нөгөө өрөөрүү орж хартал ирээгүй болохоор нь коридорт эргээд ирэхэд Болдын амнаас цус гарчихсан, хүзүү зулгарсан байхаар нь дахин цагдаа дууд гэж Цэндсүрэнд хэлсэн. Солонго Болд нар гэр бүлийн харилцааны улмаас 2020 оны 11 сараас хойш таарамжгүй тусдаа байсан. Би Болдын толгойруу 2 гараараа нүдээд байхаар нь хүүхэд зодоод байна гээд би цагдаад дуудлага өгүүлсэн. Тухайн үед Солонгын цаана ногоон куртиктэй нэг залуу зогсож байсан. Ингээд Болдоо Солонгыг гэрээс өргөж гаргахад Солонго орилж хашгираад пизда минь гээд орилоод байсан. Дахиад цонхоор харахад цагдаа ирж байсан. Байрны урдуур 3 эмэгтэй хүн ирж байсан ..." гэх мэдүүлэг /хх-н 113-115 хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Т.Цэндсүрэнгийн "...2021 оны 01 сарын 14-ны өдөр орой 17, 18 цагийн орчимд гэртээ байж байхад гэрийн хаалга нүдсэн. Болд гэрийн хаалгаа онгойлгосон. Тэгэхэд үүдний коридорт эмэгтэй хүн дугарсан. Тэгтэл хараал хэлээд орилоод Болдруу дайраад байхыг сонсоод Солонго байна гэж мэдсэн. Тэгтэл манай эхнэр Ариунболор босоод коридорт очсон. Ариунболор Цэндсүрэн цагдаад дуудлага өг, Солонго Болдыг зодоод байна гэж хэлэхээр нь би өөрийн 91191192 дугаарын утсаар дуудлага өгсөн. Би босч чадахгүй өвчний шалтгаантай сууж байсан учраас босож зохицуулж чадаагүй. Ариунболор дахиад надруу сандраад цагдаад дуудлага өг, Болдыг зодоод байна хурдал гэж хэлүүлсэн. Ариунболор тухайн үед их айж сандарсан байсан. Ариунболор цагдаа ирээд аваад явж байна, нэг цагаан портертой ирсэн байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-н 118-119 хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.Дөлгөөнтамирын "...Солонго эгч хотоос гарахдаа надад нөхөртэйгөө хэрүүл маргаантай гэж хэлээгүй. Замдаа явж байхдаа нөхөр Г.Болдтой хэрүүл маргаантай болчихсон байгаа цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа, очоод хэрүүл хийгээд байх зүйлгүй юу ч болсон чимээгүй дуугүй байгаараа гэж хэлсэн. Тэгээд байрруу ороход Шаргал өнгөтэй Эмнэлгийн хажуугийн байрны хойд талын орцруу ороод 2 давхарт гарсан. Солонгоо эгч хаалга нүдсэн. Хаалгаа нөхөр онгойлгоод Солонго эгчийг яах гэж ирсэн юм гэхэд хүүхдийнхээ хувцасыг авъя гэхэд нөхөр нь энэ гэрт чиний гэсэн зүйл байхгүй, гэж хэлээд хаалгаа хаах гэхэд Солонго хаалгыг нь хаалгаагүй тэгэхэд нөхөр нь Солонгоо эгчийг өргөж гаргах гээд холдуулсан, тэр 2 хэрэлдэж байгаад хаалгаа хаа гэж байснаа нөхөр нь баруун гарыг нь мушгисан чинь ээж нь цаанаас нь гарыг нь битгий мушгиад бай гэхэд нөхөр нь тавьсан, Ингээд маргалдаад Солонго явах гэхэд шатаар уруудахад нөхөр нь араас нь хөлөөрөө жийчихээд гэррүүгээ орчихсон, Тэгтэл Солонго эгч уйлаад уурлаад 1 давхарт очоод цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд ирэхийг хүлээгээд байж байхад нөхөр нь араас нь гарч ирээд орцны хаалгаар гараад буцаад гэррүүгээ орж түлхүүрээ авна гэж хэлээд замдаа Солонго эгчийн нүүр рүү тохойгоороо цохиод дээшээ гараад явсан. Орчихоод гарч ирээд орцны хаалгаар гарчихаад бид 2-г орцонд байж байхад гаднаас нь хаалгыг нь дарчихаад "чамайг гаргахгүй, цагдаа ирж байгаа" гэж хэлсэн. Тэгээд Солонго гарах гэж байгаад хаалганы завсраар гараа хийгээд түлхэлцэж байхад хаалганы завсраар нөхөр нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд байж байтал цагдаа ирсэн. Би орцонд хараад зогсож байсан. Хоорондоо их л таарамжгүй харьцаатай байсан..." гэх мэдүүлэг /хх-н 119-121 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Э.Гэрэлмаагийн "...2021 оны 01 сарын 14-ний өдөр 16 цагийн орчимд би аавынхаас гараад гэррүүгээ буюу Багахангай дүүргийн 1 хороо 6-08 тоотруу охинтойгоо явж байсан. Ингээд орцруугаа орох гэхэд манай 10 жилийн ангийн залуу Болд орцны модон хаалга таглачихсан эхнэрээ гаргахгүй байгаа бололтой эмэгтэй хүнтэй хүнтэй хаалганы наана, цаанаас хэрэлдээд зогсож байсан. Би тухайн үед харанхуй байсан учраас хүүхдээ айчихна гээд гэрүүгээ оръё гэхэд Болд байж бай найз нь цагдаа дуудчихсан байгаа гэж хэлсэн. Солонгоог гаргахаар намайг маажиж самардаад байгаа юм гэж хэлж байсан. Болд "чи арчаагүй ш дээ" гэх зэргээр хэрэлдээд байсан. Удалгүй цагдаа ирсэн. Ингээд би орцруу ороход гадаа Дамба, Эрдэнэчимэг, Оюунтунгалаг эгч нар ирсэн байх шиг байсан..." гэх мэдүүлэг /хх-168-169 хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.Ариунболдын "...Г.Болд манай хүргэн ах Г.Солонго манай аав Баатарын аавын хамаатны ах дүүсийн хүүхдүүд. Би Солонго эгчийн ажилдуулдаг Хангай зөрлөгийн хоолны газарт туслахаар 2020 оны 10 сард очсон. Би эгчээсээ хувь авдаг байсан. Намайг байж байх үед хэрүүл маргаан болдоггүй. Болд ах байхаасаа байхгүй нь их байдаг байсан сонгуулийн үеэр Солонго эгч Хангай дээр ганцаараа пиво уусан. Би унтаад байсан хүн орвол хоол хийгээд байж байдаг. Болд ах Солонго эгчийг надтай хардаад байдаг юм шиг байна. Би эгчтэйгээ ямар нэгэн харилцаа, ойр дотно байж үзээгүй. 2021 оны эхээр Г.Болд ах Г.Солонго эгчийг зодсон зүйлийг мэдэхгүй. Хоорондоо таарамжгүй байдаг хүмүүс. 2021 оны 01 сард зодолдсон зүйл би огт мэдэхгүй..." гэх мэдүүлэг/хх-176-177 хуудас/,

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн Шүүх эмнэлэгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн №08 шэ/52 дугаартай "...Г.Солонгын биед баруун шуу ясны сэртэнгийн далд хугарал, баруун сарвуунд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт /хх-н 25-26 хуудас/,

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 08 шэ/49 дугаартай "...Г.Болдын биед тархи доргилт, дээд доод уруул, хүзүүнд зургаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх нүүр, нуруунд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт /хх-н 44-45 хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч У.Дугармаагийн "Би Гэмтэл Согог Үндэсний төвийн Дүрс оншилгооны рентген зургын техникчээр ажилладаг. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Галсандорж овогтой Солонго өөрийн биеэр баруун гар толгойны хэсгээр зураг авахуулсан байна. Г.Солонгын өөрийнх нь баруун гарын зураг мөн байна. Манай рентген зураг өөр хүнийхийг хийж гаргах боломжгүй. Манай байгууллагаас гаргаж өгдөг зураг мөн байна. Компьютерт санасан зураг байна" гэсэн мэдүүлэг/хх-н 161-163 хуудас/,

Шинжээч эмч С.Төгсбуянгийн "...Г.Солонгын биед учирсан баруун шуу ясны далд хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун сарвуунд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийлээд болон дангаараа биеийн гадаргуугын 1%-д хүрэхгүй учир гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байсан..." гэх мэдүүлэг /хх-н 148 хуудас/,

            Аюулын зэргийн үнэлгээний маягт: Аюулын зэрэг Г.Солонгын хувьд өндөр эрсдэлтэй /12-13дугаар хуудас/,

            Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Г.Солонго /хх-ийн 14-22, 36-40 дүгээр хуудас/,

            Ассапп сангийн тодорхойлолт, Г.Солонго /хх-ийн 29 дүгээр хуудас/,

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Г.Солонго /хх-ийн 33 дугаар хуудас/,

            Г.Солонгын хаан банкны дансны хуулга /хх-ийн188-193 дугаар хуудас/,

            Аюулын зэргийн үнэлгээний маягт: Аюулын зэрэг Г.Болдын хувьд өндөр эрдэлтэй /34-35 дугаар хуудас/,

            Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Г.Болд /хх-ийн 36-40 дүгээр хуудас/,

            Нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хорооны ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

            Яаралтай тусламжийн хуудас, Г.Болд /хх-ийн 48-49, 51 дүгээр хуудас/,

            Г.Болдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/,

            Ассапп сангийн тодорхойлолт, Г.Болд /хх-ийн 55 дугаар хуудас/,

            Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2021 оны 3 сарын 15-ны өдрийн 25 дугаартай албан бичиг /Г.Болд нь 2014 оны 6 сараас хойш тус байгууллагад сувилагчаар ажилладаг болохыг тодорхойлсон/, ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 209, 2011 дүгээр хуудас/,

             Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 17-ны өдрийн 70 дугаартай “Г.Болдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон” шийтгэх тогтоол /хх-ийн 49-50 дугаар хуудас/

             2019 оны 6 сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Тамирлангийн төрсний гэрчилгээний хуудбар /хх-ийн 51 дүгээр хуудас/,

              2017 оны 4 сарын 19-ний өдөр төрсөн охни Б.Анирлангийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 180 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Дээрх нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдсэн,  хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байна.

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

      Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Г.Болдыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцох санал, Г.Солонгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох саналыг тус тус гаргаж байна. Гэрчүүдийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад Солонго нь Болдод хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон гэж үзэж байна. Болдыг Солонгод хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь  гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдсэн шинжээчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэж тус тус гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгч Болдын хэрэг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т заасны дагуу хүндрүүлж орж ирсэн. Энэ нь яагаад ингэж хүндрүүлсэн бэ гэвэл гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй анх удаа үйлдэгдэж байгаа хэрэг биш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд заасан байгаа гэр бүлийн хамаарал бүхий хүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасны дагуу зүйлчилнэ гэж заасан байгаа. Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн учраас ингэж орж байна. Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжгүй. Гэрч харсан зүйлээ л мэдүүлэхэд болно. Заавал бүхий л цаг хугацаанд болсон зүйлийг мэдэх албагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон шинжээчийн мэдүүлэг, гэмтэл согог судлалын эмчийн мэдүүлэг, тухайн нөхцөлд очиж үзүүлсэн байдал зэргийг харгалзан тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч Солонгын хувьд мөн адил гэр бүлийн хамааралтай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай гэж үзэн зүйлчилсэн.  Санаатай өдөөн хатгалт хийгээд харилцан хэрүүл маргаан үүсгэж гэр бүлийн хүнийхээ эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа зүйлийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөггүй. Энэ нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл мөн гэж үзээд зүйлчилж оруулж ирсэн гэв.

Шүүгдэгч Г.Болдын өмгөөлөгч Ц.Алтанзаяа өмгөөллийн дүгнэлтдээ: Гэм буруугийн тал дээр нэг эргэлзээ гарч ирж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар орж ирж байгаа нь  хүндэрч орж ирж байна. Дээд шүүхийн тогтоолыг харахад 2.8 гэдгээр прокурор оруулж ирж байна. Хэрвээ Болдыг гэм буруутай гэж үзэж байвал эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой. Шударга ёсны зарчимд нийцэхгүй хүндрүүлсэн нөхцөл байдалтай оруулж ирж байна гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт зөрж байгаа. Гэрчүүдийн мэдүүлэг цаг хугацааны хувьд зөрүүтэй гэтэл Болдыг Солонгын биед гэмтэл учруулсан гээд байна. Прокурор Болдыг урд нь ял шийтгэлтэй учраас хүндрүүлсэн гэж хэлж байна. Гэм буруугийн зарчим байдаг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3-т заасан аливаа гэм буруутай этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүйг урьдчилан мэдэж байсан, түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан нөхцөл байдал харагдаж байна. Тухайн гаднаас орж ирж байгаа довтолгоо явагдаад довтолгооноос өөрийгөө хамгаалж байгаа үйлдэл харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хуулийн дагуу нотлох баримт цуглуулах ажил эргэлзээ төрүүлж байгаа учир шүүхийн шатанд, прокурорын шатанд, мөрдөн байцаалтын шатанд бүрэлдэхүүнтэй шинжээч томилоод өгөөч гэсэн хүсэлт гаргасан нь эндээс харагдаж байна. Шинжээч эмч тайлбар хэлээд дүгнэлтээ хамгаалж байгаа боловч эцэст нь хэллээ. Бугуйны тал дээр хэлж байна,  хөдөлгөхгүй байх ёстой. Хөдөлгөөд яваад байсан. Сарвуу бугуй хэсгээр хавчсан тохиолдолд. Болд шударгаар хэлж байна. Би гар хүрээгүй гэж. Би мөрдөн байцаалтын шатанд энэ хүнд гар хүрч болохгүй гэдэг зөвлөгөө өгсөн байсан. Үүнийг мэдчихээд байгаа нь энэ үйл явдалд харагдаж байна. Шүүхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийднэ гэж үзэж байна. Солонго Болдын биед учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч гэсэн энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл хаанаас эхэлсэн бэ гэж үзэхээр Солонгоо гэх хүн хаалга онгойлгож юмаа авъя гэснээр энэ зөрчил гарсан. Энэ үйлдэл нь ял халдаах нөхцөл байдал үүсгэж байна гэж үзэж байна. Шүүхийн шатанд гаргаж өгсөн 4 баримтыг гаргаж өгч байгаа нь овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг зүйл харагдаж байна. Солонгын ярьж байгаа үйлдэлд хүчирхийллийн шинж харагдаж байна. Болдын зүгээс өгсөн хүсэлтийг яаж шийдвэрлэсэн нь мэдэгдэхгүй байгаа тэгсэн хэрнээ Солонгын талаас гаргаж өгсөн хүсэлт нь албан бичигтэй яваад байгаа зүйлийг гайхаж байна.” гэв.

 Шүүгдэгч Г.Солонгын өмгөөлөгч Г.Бат-Отгон өмгөөллийн дүгнэлтдээ: Болдын өмгөөлөгчийн гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэж хэлж байгаад тайлбар хэлье.  Шинжээч эмчийн дүгнэлт гэрч Золжаргал, Дамба нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа. Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Солонгын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж байгаа нь хамаарахгүй гэж үзэж байна. Солонго нь Болдын уруулыг маажсан, зулгаралт үүсгэсэн гэдэг дээрээ маргахгүй байгаа. Маргаж байгаа зүйл нь хавчигдсан гараа авч, өөрийгөө хамгаалахын тулд биеэ хамгаалсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дэх хэсэгт зааснаар өөрийн болон бусдын амь нас хууль бус довтолгооны эсрэг амиа аврахын тулд хөнгөн гэмтэл хохирол учруулсан гэж үзэж байна. Гэрч Ариунболор, Золжаргал нар нь гэр бүл найз нөхдийн хамааралтай учраас үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэхгүй байна. Солонгод холбогдох хэргийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож өгөөч ээ гэсэн хүсэлтийг гаргаж  байна гэв.

Шүүгдэгч Г.Болд нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 6 дугаар байрны орцонд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Солонгын толгойн тус газар цохиж  толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл, баруун гарыг орцны хаалганд хавчуулж шуу ясны сэртэнгийн далд хугарал, баруун сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Г.Болдын шүүхийн хэлэлцүүлэгт болон хохирогчоор өгсөн “...Би түрүүлж гараад орцны хаалга хаасан, ...Та хэд байж байгаарай би хаалга дараад байж байна цагдаа иртэл хүлээж бай гэж хэлсэн....” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.Солонгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгээд орцны хаалга хаасан. Миний гарыг хаалганд хавчсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч  Б.Оюунтунгалагын "...Бид нар тухайн орцруу очтол эмнэлгийн сувилагч Болд орцны дотор хаалгыг гаднаас түлхчихсэн цаанаас нь эмэгтэй хүн гарч ирэх гээд гар хөл нь хавчуулагдсан харагдаж байсан. Чамайг гаргахгүй гээд байсан. Тэгтэл хаалганы цаанаас Солонго гарч ирээд "чи миний эд хөрөнгийг аваад баяжаарай, чи миний гарыг гэмтээчихлээ гэж орилоход ...байж байхад цагдаа ирсэн..." гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч  Ч.Дамбын "... орцруу очиход гадаа хаалгыг Болд дарчихсан байсан. ...Тэр хаалганы цаана эхнэр Солонго байгааг ойлгосон. Тэгтэл хаалганд гар хавчигдсан, завсраар нь гарах гээд орчихсон байсан. Удалгүй цагдаа ирэхэд Болд дарсан хаалганаас холдоход цаанаас нь Солонго гарч ирэхээр нь "яасан миний дүү гэхэд Солонго гэр рүү орж юмаа авах гэхэд Болд намайг гэртээ зодсон гэж хэлээд уйлаад баруун гараа бариад уйлаад байсан...." гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.Дөлгөөнтамирын "... тэр 2 хэрэлдэж байгаад хаалгаа хаа гэж байснаа нөхөр нь баруун гарыг нь мушгисан чинь ээж нь цаанаас нь гарыг нь битгий мушгиад бай гэхэд нөхөр нь тавьсан, Ингээд маргалдаад Солонго явах гэхэд шатаар уруудахад нөхөр нь араас нь хөлөөрөө жийчихээд гэррүүгээ орчихсон, Тэгтэл Солонго эгч уйлаад уурлаад 1 давхарт очоод цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд ирэхийг хүлээгээд байж байхад нөхөр нь араас нь гарч ирээд орцны хаалгаар гараад буцаад гэррүүгээ орж түлхүүрээ авна гэж хэлээд замдаа Солонго эгчийн нүүр рүү тохойгоороо цохиод дээшээ гараад явсан. Орчихоод гарч ирээд орцны хаалгаар гарчихаад бид 2-г орцонд байж байхад гаднаас нь хаалгыг нь дарчихаад "чамайг гаргахгүй, цагдаа ирж байгаа" гэж хэлсэн. Тэгээд Солонго гарах гэж байгаад хаалганы завсраар гараа хийгээд түлхэлцэж байхад хаалганы завсраар нөхөр нь гараараа 2-3 удаа цохисон...." гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Э.Гэрэлмаагийн "...Болд орцны модон хаалга таглачихсан эхнэрээ гаргахгүй байгаа бололтой эмэгтэй хүнтэй хүнтэй хаалганы наана, цаанаас хэрэлдээд зогсож байсан..." гэх мэдүүлэг, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн Шүүх эмнэлэгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн №08 шэ/52 дугаартай "...Г.Солонгын биед баруун шуу ясны сэртэнгийн далд хугарал, баруун сарвуунд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч С.Төгсбуянгийн өгсөн “Солонгын биед 2021 оны 01 сарын 15-ны өдөр үзлэг шинжилгээ хийсэн. Тухайн үеийн зовуурь нь гарын шуугаар өвддөг. Шинжээчийн хувьд гадна талаас нь үзлэг хийж шууг эргүүлэхэд эмзэглэлтэй байсан. Эмзэглэлтэй байсан учраас шуунд хүрэхэд гарыг үзүүлэх Рентген зураг авхуулах шаардлагатай байсан. Солонго нь 2021 оны 01 сарын 15-нд Гэмтэл Согог Үндэсний төвд үзүүлэн эмчийн бичигтэй эргэн ирсэн. Эмчийн үзлэг оношоор гарын шуун яс сэртэнгийн хугаралтай шинэ гэмтэл гэсэн дүгнэлт гарсан байсан.” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч У.Дугармаагийн "Би Гэмтэл Согог Үндэсний төвийн Дүрс оншилгооны рентген зургын техникчээр ажилладаг. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Галсандорж овогтой Солонго өөрийн биеэр баруун гар толгойны хэсгээр зураг авахуулсан байна. Г.Солонгын өөрийнх нь баруун гарын зураг мөн байна. Манай рентген зураг өөр хүнийхийг хийж гаргах боломжгүй. Манай байгууллагаас гаргаж өгдөг зураг мөн байна. Компьютерт санасан зураг байна" гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Солонго нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 6 дугаар байрны 6 тоот болон орцонд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Болдын толгой руу цохиж, уруул, хүзүү рүү гараараа базах, цохих зэргээр  тархи доргилт, дээд доод уруул, хүзүүнд зургаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Болдын өгсөн...Юмаа авах гэсэн юм гэж дайрч орж ирсэн. Толгой руу цохисон. ...Хажуугаар нь гарах гэхэд намайг базаж цохиж шанаа руу цохисон. Гражийн эзэн Бадамсүрэн ах гарч ирсэн. Тэгэхэд намайг зодохоо больсон...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч С.Төгсбуянгийн өгсөн “...Дээд, доод уруулаас зулгаахад тархи доргилт үүсэх боломжгүй, хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. ” гэх мэдүүлэг,  мөрдөн шалгах ажиллагаанд Г.Болд хохиогчоор /гэрч/ өгсөн "..."...Пизда минь би өөрийнхөө авсан бүх юмыг авах гэ ирлээ гэсэн тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ гээд хүүхдүүдийнхээ юмыг өгч явуулахгүй гэж хэлэх завдалгүй хоолойноос багалзуурдаад базаад тэгэхээр би тэвэрч аваад гаргаж тавиад ээжийг хаалгаа цоожлоорой гээд толгой руу нэг юмаар цохичихсон тэгээд өндийсөн чинь уруулнаас базчихсан. ...урдаас нь дугарахгүй байсан чинь миний урдаас цохиод авсан. Тэгэхээр нь урдаас нь тэврээд авсан чинь намайг хэл амаар доромжилж байгаад миний толгой руу цохисон. ...Цохиход нь би хэлээ хазсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Г.Ариунболорын "...Болд Солонгыг тэвэрчихсэн байж байхад Солонго толгойруу нь 2 гараараа ээлжлээд цохиод маажаад байсан. Би цагдаа ирж байна уу гээд цонхоор нөгөө өрөөрүү орж хартал ирээгүй болохоор нь коридорт эргээд ирэхэд Болдын амнаас цус гарчихсан, хүзүү зулгарсан байхаар нь дахин цагдаа дууд гэж Цэндсүрэнд хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-н 113-115 хуудас/, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Д.Бадамсүрэнгийн "...Болдоо нэг хүүхэн гэдсээр нь тэвэрчихсэн байсан. Тэр хүүхэн нэг гараараа толгой хэсэг рүү нь цохиж байх шиг байхаар нь би жижиг өрөө рүү орсон чинь Жижгээ цагдаа дуудсан...." гэх мэдүүлэг, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 08 шэ/49 дугаартай "...Г.Болдын биед тархи доргилт, дээд доод уруул, хүзүүнд зургаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх нүүр, нуруунд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

   Шүүгдэгч Г.Солонгын олон удаагийн үйлчлэлийн улмаас Г.Болдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр, шүүгдэгч Г.Болдын олон удаагийн үйлчлэлийн улмаас Г.Солонгын эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол болон бусад гэмтэл учирсан болох нь шинжээчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд тэдэнд гэмтэл учруулсан цаг хугацаа, байршлын хувьд өөр байх тул гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

             Шүүгдэгч Г.Болд, Г.Солонго нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, тэдний дундаас 2017 оны 4 сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Анирлан, 2019 оны 6 сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Тамирлан нар төрсөн бөгөөд тэд 2020 оны 11 сар хүртэл хамтын амьдалтай байсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “...хамтран амьдрагч” этгээдүүд нь гэр бүлийн хүчирхийллийн хуулийн хүрээнд хамаарах этгээд болно гэж хуульчилсан бөгөөд Г.Солонго, Г.Болд нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд хамаарах этгээдүүд болно.

Шүүгдэгч Г.Болд нь 2018 онд Г.Солонгын эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхээр тогтоогдсон, Г.Болд, Г.Солонго нараас асуулж авагдсан “Аюулын зэргийн үнэлгээ” өндөр гэж үнэлэгдсэн, хэн аль нь бие биенийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан, тухайн үед бие биеэ гутаан доромжилсон нь шүүгдэгч нарын болон гэрчүүдийн /гэрч  Б.Оюунтунгалаг, Б.Эрдэнэчимэг, Г.Ариунболор, Т.Цэндсүрэн, Б.Дөлгөөнтамир, Э.Гэрэлмаа, Б.Ариунболд нарын/ мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байх тул Г.Болд, Г.Солонго нар нь бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэгдсэн байна гэж үзэв.  

              Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.Болд, Г.Солонго нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх тул шүүгдэгч Г.Болд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Г.Солонго нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

            Иймд шүүгдэгч Г.Болдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, Г.Солонгод мөн хулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нар нь харилцан хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул тэд бусдад төлөх төлбөргүй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч Г.Болд нь эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, улсын яллагчийн зүгээс торгуулийн ялын доод хэмжээгээр санал гаргасан зэргийг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулав.

            Шүүгдэгч Г.Болдын цалингийн хэмжээг харгалзан түүнд оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч Г.Солонго нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхдүүдээ хардаг, одоогоор Г.Болдоос тусдаа түрээсийн байранд амьдарч байгаа зэргийг харгалзан ялаас чөлөөлөв.

            Шүүгдэгч Г.Болд, Г.Солонго нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, тэдэнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

            Хэрэгт талуудаас гаргаж өгсөн 2 ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

  1. Шангас овогт Гомбын Болдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Бэсүд овогт Галсандоржийн Солонгыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Г.Болдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.7000.000 /хоёр сая долоон зуун/ мянга төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.
  2. Г.Солонгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Болдод оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Болдод  мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Г.Болд, Г.Солонго нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, талуудаас шүүхэд ирүүлсэн 2 ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргасугай.
  6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Болд, Г.Солонго нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     П.БАЯСГАЛАН