Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/951

 

 

2022           10            06                                        2022/ШЦТ/951             

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Н.Пүрэвтогтох /томилолтоор/,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Г ын Г д холбогдох эрүүгийн 2209013051376 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ...  тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А овогт Г ын Г  /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн 1 дүгээр гудамжид хохирогч Х.У г зодож, эрүүл мэндэд нь уруул, баруун тохой, ууцанд зулгаралт, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун, зүүн өгзөг, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн 1 дүгээр гудамжид хохирогч Х.У г зодож, эрүүл мэндэд нь уруул, баруун тохой, ууцанд зулгаралт, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун, зүүн өгзөг, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Х.У гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зусланд байдаг гэртээ харихаар явж байтал ...манай нөхрийн эгчийнх нь хүүхэд болон Г  гудамжинд таараад намайг үсдэж зодож, миний биед гэмтэл учруулсан. Эхлээд үснээс зулгаагаад, ар нуруугаар унагааж чирээд миний нуруунд учирсан гэмтлийг учруулсан байх. ...Ц тай маргасан нь үнэн. Түүнийг би чи яагаад гуйлгачны гэрт амьдраад байгаа юм бэ гэж хэлэхэд Ц  чи юу гээд солиороод байгаа юм бэ гээд орилоход нөхөр нь машинаасаа бууж ирээд намайг үсдэж аваад чирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,

 

Гэрч Б.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Г  чи боль гэж хэлээд У г түлхтэл шавран дээр хальтираад хойшоо унасан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

 

Гэрч Н.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...У  Г ийн эхнэр рүү нь дайраад байсан. Тэгтэл Г  очиж салгахад У , Г  хоёр барьцалдаж аваад Г  У г түлхэхэд У  унаж босож ирээд чулуу аваад Г  рүү шидтэл машиныг нь оноод цонх нь хагараад Г ийн эхнэр цагдаа дуудсан... бөгс хэсгээрээ унасан. Маргааш өглөө нь өглөө эрүүлжүүлэхээс гараад ирэхэд нуруу нь халцарсан, гуя нь хөхөрсөн байсан ...цамцны тохой хэсгийн тор нь урагдсан байсан. ...Г тэй маргалдаж байхдаа унаад учирсан байх магадлалтай байх гэж бодож байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/,

 

Гэрч Б.Ц ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...У  Г тэй зууралдсан. Тэгээд Г  ах түүнийг түлхэж унагаасан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 7705 дугаартай “...Х.У гийн биед уруул, баруун тохой, ууцанд зулгаралт, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун, зүүн өгзөг, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар тал/,

Шүүгдэгч Г.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би урд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ бүгдийг ярьсан. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Би хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 7705 дугаар дүгнэлтээр хохирогч Х.У гийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Г ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Иймд шүүгдэгч Г.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Х.У  нь хэрэгт нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Г.Г ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогч Х.У  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотой зардлын нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Г.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Г нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Г ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Г ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 58 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 59 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Г.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Г.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Г ын Г ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г ийг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.У  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотой зардлын нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН