Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/961

 

 

  2022          10            11                                         2022/ШЦТ/961              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Э.Булганчимэг /томилолтоор/,

Шүүгдэгч С.А , түүний өмгөөлөгч Э.Шинэзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт С ийн А т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 6 дугаар сарын 10-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, өвөө, эмээ, 2 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

-Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, Б  овогт С ийн А  /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А  нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны гадна иргэн М.Б д “багшаар ажилладаг, зөөврийн компьютерыг чинь 3 хоног ашиглачхаад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний 760.000 төгрөгийн үнэ бүхий “Dell” загварын зөөврийн компьютерыг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. 

    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч С.А  нь “2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. дугаар байрны гадна иргэн М.Б д “багшаар ажилладаг, зөөврийн компьютерыг чинь 3 хоног ашиглачхаад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний 760.000 төгрөгийн үнэ бүхий “Dell” загварын зөөврийн компьютерыг нь шилжүүлэн авч залилсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

 

Үүнд:

Хохирогч М.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн “Делл" загварын зөөврийн компьютерыг С.А т өгсөн юм. С.А  нь багшаар ажилладаг бөгөөд ажилдаа 3 хоног ашиглачхаад өгье гэж хэлээд авсан. ...Миний нөүтбүүк өөрт нь байгаа гэж хэлж байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар тал/,

 

Дамно ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн СБ1-22-1210 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 53-54 дүгээр тал/,

Үүлэн технологи ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 5 дугаартай албан бичиг /хх-ийн 59 дүгээр тал/,

 

Хохирогч М.Б гийн Хаан банк-нд эзэмшдэг ...  тоот дансны хуулга /хх-ийн 27-29 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч С.А  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар: “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Б гаас авсан “Делл” загварын нөтбүүкийг 10 дугаар хороололд ломбардад тавьсан шиг санаж байна. ...Би хохирлыг нөхөн төлж барагдуулах болно. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/,

 Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн.  Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч С.А  нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны гадна иргэн М.Б д “багшаар ажилладаг, зөөврийн компьютерыг чинь 3 хоног ашиглачхаад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний 760.000 төгрөгийн үнэ бүхий “Dell” загварын зөөврийн компьютерыг нь шилжүүлэн авч залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч С.А , түүний өмгөөлөгч Э... нараас гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын шүүгдэгч С.А т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Тухайлбал шүүгдэгч С.А ийн “би багшаар ажилладаг, зөөврийн компьютерыг чинь 3 хоног ашиглачхаад өгье” хэмээн хуурч, хохирогч М.Б гийн “Dell” загварын зөөврийн компьютерыг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь идэвхтэй бөгөөд буцаан өгөхгүй байх гэсэн субьектив санаатай, шунахайн сэдэлттэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргээс “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн болно.

Иймд шүүгдэгч С.А ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг:

Дамно ХХК нь хохирогч М.Б гийн нөүтбүүкийн үнийг 760.000 төгрөгөөр тогтоосон байна. /хх-54/

Шүүгдэгч С.А , түүний өмгөөлөгч Э.Ш. нараас шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гаррсны дараа хохирол нөхөн төлөх үндэслэлээр шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн боловч тус хугацаанд хохирлыг төлж барагдуулаагүй болно.

Иймд шүүгдэгч С.А ээс 760.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б д олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч С.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна.… ” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ш. эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ ...С.А  нь 26 настай, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, бага насны 2 хүүхэдтэй, эмээ өвөөгийн хамт амьдардаг. ...Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гаргасан ялын төрөлтэй санал нэг байгаа бөгөөд хугацааны хувьд 6 сарын хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах ял оноож өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч С.А ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-99 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч С.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаарр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

 

Шүүгдэгч С.А ийг дээрх хугацаанд “Улаанбаатар хот”-ын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А т шүүхээс оногдуулсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Бусад асуудлын талаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.А  нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт С ийн А ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А т шүүхээс оногдуулсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч С.А т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А ээс 760.000 /долоон зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Б д олгосугай.

6. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.А  нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А т урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН