Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 810

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3-р багийн харъяат, одоо Говьсүмбэр аймгийн 3-р баг, Баянхошууны 1-4 тоотод оршин суух И овгийн Т ын М ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.М

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.                                             

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Нэхэмжлэгч Т.Мшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд төрсөн, 53 настай. Би 1984 оны 2 сарын 1-нээс 1985 оны 2 сарыг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Яслид асрагчаар ажиллаж байгаад 1985 оны 2 сараас 1988 оны 4 сарын 15-ныг хүртэл Баянжаргалан сумын 8-н жилийн сургуулийн дотуур байранд жижүүрээр, 1988 оны 8 сарын 1-нээс 1990 оны 3 сарын 1-нийг хүртэл Баянжаргалан сумын цэцэрлэгт туслах багшаар ажилласан юм. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлчихсэн, ажилд орсон, гарсан зарим тушаал архиваас олдохгүй байгаа тул дээрх хугацааны ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Мнь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Т.М хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа, холбогдох баримтууд нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 650 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Д.А ын: “...Би 1985 онд сургуулиа төгсөөд Дундговь аймгийн Баянжаргалан суманд очиход Т.Мнь тус сумын яслид асрагчаар 1984-1985 оныг дуустал ажиллаж байсан. Мөн тус сумын 8-н жилийн сургуулийн дотуур байрны жижүүрээр 1986-1988 он хүртэл ажилласан. 1988-1990 он хүртэл Баянжаргалан сумын цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан. Би 1985-1990 оныг дуустал тус суманд мал зүйчээр ажиллаж байсан. Нэг сум орон нутагт ажиллаж амьдарч байсан учраас Т.М ын ажиллаж байсан байдлыг мэднэ...” гэх мэдүүлэг,

 Гэрч Д.О: “...Т.Мнь Дундговь аймгийн Баянжаргалан суманд 1984-1990 оныг дуустал ажиллаж байсан. 1984-1985 онд тус сумын яслид асрагчаар,  1985-1988 онд сумын 8-н жилийн сургуулийн дотуур байрны жижүүрээр, 1988-1990 онд сумын цэцэрлэгийн туслах багшаар тус тус ажиллаж байсан. Би 1982 онд Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн буудлын үйлчлэгчээр 1994 он хүртэл ажиллаж байсан. Нэг суманд амьдардаг байсан. Сумын хүн ам цөөхөн учраас хүмүүсээ сайн танидаг, хаана юу хийдгийг нь мэднэ...” гэх мэдүүлэг,

 Гэрч Г.Э: “...Т.Мнь 1984-1985 онд Дундговь аймгийн Баянжаргалан сумын яслид асрагчаар, 1986-1987 онд сумын 8-н жилийн сургуулийн дотуур байрны жижүүр, 1988-1990 онд сумын цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан. Би Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн Баянхошуу бригадад хэвлэл түгээгчээр 1986-1990 он хүртэл ажиллаж байсан юм. Нэг суманд ажиллаж амьдарч байсан...” гэх мэдүүлэг, 

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 650 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Баянжаргалан сумын яслид 1984 оны 2 сарын 1-нээс 1985 оны 1 сарын 31-нийг дуустал асрагчаар, 8 жилийн сургуульд 1985 оны 2 сарын 1-нээс 1988 оны 4 сарын 15-ныг хүртэл дотуур байранд жижүүрээр, цэцэрлэгт 1988 оны 8 сарын 1-нээс 1990 оны 3 сарын 1-нийг хүртэл туслах багшаар ажиллаж байсан тухай холбогдох зарим баримт байхгүй байгаа учир Т овогтой М д холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Баянжаргалан сумын 8 жилийн сургуулийн захирлын Т.М д холбогдох ажлаас чөлөөлсөн тухай 4-р тушаалыг эх баримтаас хуулбарлан хүргүүллээ” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 08/865 дугаартай “Тус аймгийн Баянжаргалан сумын Найман жилийн сургууль нь 1940 оны 6 сарын 1-нд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны 4 сарын 24-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа болно. Баянжаргалан сумын хүүхдийн ясли нь 1991 оны 4 сарын 24-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан  болно” гэх тодорхойлолт,

4.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 08/866 дугаартай “Баянжаргалан сумын хүүхдийн цэцэрлэг нь 1965 оны 6 сарын 1-нд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны 4 сарын 24-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа болно” гэх тодорхойлолт,

5.Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 12 сарын 4-ний өдрийн 33 дугаартай 1984-1990 оны цалингийн лавлагаа,

6.Дундговь аймгийн Баянжаргалан сумын 8 жилийн сургуулийн захирлын 1990 оны 3 сарын 1-ний өдрийн 4 дугаартай “Т.М ыг хүмүүжүүлэгчийн туслахаас 3 сарын 1-нээс эхлэн чөлөөлсүгэй” гэх ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар,

7.Т.М н 1984 оны 2-4, 6, 9 сар, 1985 оны 11 сар, 1987 оны 6-12 сар, 1989 оны 1-12 саруудад авч байсан цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар  баримтууд болно.

Дээрх бичгийн баримтуудаар Т.М ын 1984 оны 2 сарын 1-нээс 1985 оны 1 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын яслид асрагчаар, 1985 оны 2 сарын 1-нээс 1988 оны 4 сарын 15-ныг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын сургуульд дотуур байрны жижүүрээр, 1988 оны 8 сарын 1-нээс 1990 оны 3 сарын 1-н хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И овгийн Т ы М/ЗБ65080609/ нь 1984 оны 2 сарын 1-нээс 1985 оны 1 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын яслид асрагчаар, 1985 оны 2 сарын 1-нээс 1988 оны 4 сарын 15-ныг хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын сургуульд дотуур байрны жижүүрээр, 1988 оны 8 сарын 1-нээс 1990 оны 3 сарын 1-н хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ