Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 27

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор Д.Ганчимэг /онлайнаар/

          Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/74 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Э.А ид холбогдох 1929001320063 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тугчин овогт Э.А  /регистрийн дугаар ....................../

Шүүгдэгч Э.А  нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр баг, ...................тоотод  иргэн Б.Т ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Э.М д агсам тавьж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь  Э.А ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Э.А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.А ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Э.А  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.А ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

Прокурор В.Төгсбаяр эсэргүүцэлдээ: ... “Прокуророос 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Э.А ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд холбогдох хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ” гэж прокурорын яллах дүгнэлтэд огт бичигдээгүй Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг шийтгэх тогтоолд бичсэн байна.

Мөн тогтоолдоо ...түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсэн нь анхан шатны шүүхийн дээрх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шийтгэх, цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэж яллах дүгнэлтэд дурдагдаагүй зүйлийг дурдсан. Мөн тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 500000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. Э.А ид холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэж яллах дүгнэлтийг үйлдэж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэм буруугийн тал дээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар шүүхэд шилжүүлсэн байтал шийтгэх тогтоол гаргахдаа  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн.

Шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй байх гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

         Анхан шатны шүүх шүүгдэгч Э.А ид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

          Яллагдагчаас мэдүүлэг авсан тухай 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэлд Э.А  нь урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэж мэдүүлсэн /хх-43/ байхад эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд 2012 онд Эрүүгийн хуулийн 138, 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж 2 жилийн хугацаагаар тэнссэн гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд эдгээр зөрүүтэй авагдсан нотлох баримтын зөрүүг арилгаж шийтгэх тогтоолыг хэрэгт хавсаргаагүй, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан заалтыг мөрдөгч хэрэгжүүлээгүй гэж үзэв.

            Э.А  нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргаагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд түүнээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй, өмгөөлүүлэх эрхийг хангах ажиллагааг мөрдөгч, шүүгч нар аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйл, 5.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн байна.

              Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЗ/112 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамжийн /хх-70/ 2 дахь заалтад “Шүүгдэгч Э.А ид холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутаас улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарыг оролцуулан хаалттай явуулахаар тогтоосугай” гэж заасан атлаа Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/74 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолд тус тус шүүх хуралдааныг нээлттэй явуулсан гэж тэмдэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ...хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай шүүх хуралдааныг хаалттай явуулах талаарх /хх-76, 82/ заалтыг шүүх зөрчжээ.

           Хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны   өдрийн 5/69 дугаартай яллах дүгнэлтэд /хх-63-65/ Э.А ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Э.М гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнээд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.А ид холбогдох хэргийг зүйлчлэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх нь хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, хөнгөрүүлэх болсон үндэслэлийг шийтгэх тогтоолдоо заалгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэснээ шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад “Тугчин овогт Э.А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

            Иймд “шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай” прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, түүний хувийн байдлыг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Э.А ид холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/74 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

            2. Э.А ид холбогдох 1929001320063 дугаартай эрүүгийн хэргийг  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцаасугай.

            3. Хэргийг прокурорт очтол Э.А ид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НАСАНЖАРГАЛ

                       ШҮҮГЧ                                   Х.ГЭРЭЛМАА

                                                                       Т.БЯМБАЖАВ