Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2024/0472

 

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2024/0472

Улаанбаатар хот

 

.Мартын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2024/0370 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Д.М

Хариуцагч СБДГБЗХГ

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

 

Хэргийн индекс: 128/2024/0061/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2024/0370 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.1.7, 25 дугаар зүйлийн 25.4.1, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Маас гаргасаннэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2024 оны 01 дүгээр сарын 08, 01 дүгээр сарын 09-ний өдрийн хүсэлтийг хүлээн авч зохих журмаар шийдвэрлээгүй хариуцагчийн үйлдлийг хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, нэхэмжлэлийн бусад шаардлага болох Хүү М.Аззаяатай холбоотой гарсан шийдвэрүүд түүнтэй холбоотой материалыг хуулбарлан өгөхөөс татгалзсан, танилцуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, шүүх хуралдаанд хохирогч буюу хүү М.Аззаяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүү М.Аззаяаг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түр хамгаалах байр руу авч явахаар гарсан шийдвэрийг хүчингүй болгох, Д.М, Б.Саруултуяа нарын гэрлэлтийг шүүхээр цуцлах хүртэл хүү М.Аззаяаг түр хамгаалах байранд байлгах шийдвэрийг хүчингүй болгох, хүү М.Аззаяаг иргэн Б.Сайнцэцэгийн асран хамгаалалтад өгсөн шийдвэрийг хүчингүй болгох, хүү М.Аззаяа нь хамгаалах байранд байрлах үедээ хоол тэжээлийн хомсдол, агаарын дутагдал, сэтгэл санааны дарамтад орсон болохыг тогтоох, Б.Саруултуяад холбогдох 2309001850 дугаартай зөрчлийн хэрэгт хүү М.Аззаяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих ёсоор хамгаалж оролцоогүй болохыг тогтоох шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ... 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хүү М.Аззаяа нь ээждээ зодуулсны улмаас зугтаж аав Д.М дээр ирсэн байдаг. Нэхэмжлэгч энэ талаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс болон 102 дугаарын утсанд өргөдөл гомдол дуудлага өгснөөр зөрчлийн хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Энэ үеэс эхлэн Д.М өмгөөлөгчийн хамт Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 хэлтэс, Сүхбаатар дүүргийн прокурорын газар, Сүхбаатар дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан олон арван өргдөл хүсэлт гомдол гаргасан боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Тухайлбал хүү М.Аззаяаг аав Д.Мын асран хамгаалалтад өгнө үү, хүү М.Аззаяагийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Мөнх-Ангарагийг томилсон шийдвэрийг хуулбарлаж өгнө үү, эрх бүхий этгээдэд гомдол гаргах шаардлагатай байна. Б.Мөнх-Ангараг нь хүү М.Аззаяагийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар юу ч хийхгүй байна. Б.Мөнх-Ангараг нь зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүххуралдаанд очихгүй байна. Аав Д.Мыг хууль ёсны төлөөлөгчөөр томилон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү. Шийтгэвэрт гомдол гаргаж хүү М.Аззаяагийн эрхийг хамгаалж өгнө үү. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүү М.Аззаяаг зодсон гэх Б.Саруултуяад холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан болсон. Нэхэмжлэгч Д.М нь аргагүй эрхэнд ажиглагчаар орсон. Шүүх хуралдааны явцад хууль ёсны төлөөлөгч гэх Б.Мөнх-Ангараг нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр М.Аззаяагийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон мөртлөө үүнээс өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр насанд хүрээгүй хохирогч М.Аззаяагаас мэдүүлэг авахад хууль ёсны төлөөлөгч байсан мэтээр мэдүүлэгт гарын үсэг зурсан. 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү М.Аззаяагаас мэдүүлэг авахад оролцоогүй байж байсан мэтээр эрх, үүрэгтэйгээ танилцсан гэж гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон. Хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Ангарагийн дээр дурдсан хууль бус үйлдлийн улмаас шүүх зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож хүү М.Аззаяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

2.1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийг хууль ёсны төлөөлөгч гэх Б.Мөнх-Ангараг нь гардан авсан боловч давж заалпах журмаар гомдол гаргалгүй орхиж шийтгэврийг хуулийн хүчин төгөлдөр болгосон. Өөрөөр хэлбэл хүү М.Аззаяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа санаатайгаар хамгаалаагүй. Бодит байдал ийм байхад М.Аззаяагийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Мөнх-Ангарагийг томилсон шийдвэрийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

2.2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Харин нэхэмжлэгчийн хүүү М.Аззаяатай холбоотой гарсан шийдвэрүүд, түүнтэй холбоотой материалыг хуулбарлан олгохоос татгалзсан, танилцуулаагүй эс үйлдэхүй хууль бус гэх тухайд тухайн мэдээлэл нь хүү М.Аззаяагийн хувьд нууц мэдээлэлд хамаарч байх тул энэ талаарх мэдээллийг гаргаж өгөх үүргийг хариуцагч захиргааны байгууллага хүлээхгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй нь буруу биш ... гэжээ. Хүү М.Аззаяа нь хүүхэд хамгааллын байранд 48 хоносон. Энэ хугацаанд Д.М өмгөөлөгчийн хамт олон удаа хүсэлт гомдол өргөдлийг Сүхбаатар дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Сүхбаатар дүүргийн Засаг даргад гаргасан. Тухайлбал хүүхдээ зодсон ээж Б.Саруултуяатай холбоотой олон удаа өргөдөл, гомдол гаргасан боловч шалгахгүй байна. Хүү М.Аззаяагийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ авч өгнө үү. Хүү М.Аззаяаг аад Д.М нь өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Хүү М.Аззаяаг хичээлд нь явуулахгүй байгаагаас хоцрогдолд орж байна, арга хэмжээ авч өгөөч. Хүү М.Аззаяаг гэрлэлт цуцлах шүүх хуралдаан болтол Д.Мын асрамжид өгнө үү. Хүү М.Аззаяаг Д.Мын асрамжид өгөхгүй гэх шийдвэр гарсан бол хуулбарлан өгнө үү, дараагийн шатанд гомдол гаргах шаардлагатай байна. Хүү М.Аззаяад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж өгнө үү. Хүсэлтийг шийдвэрлэж хариуг яаралтай бичгээр өгнө үү. Хүү М.Аззаяаг танхимын сургалтад хамруулж өгнө үү. Хүү М.Аззаяагийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж зөрчлийн шүүх хуралд нь оролцож өгөөч. Хүү М.Аззаяагийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй бол Д.Мыг өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцуулах боломж олгооч. Хүү М.Аззаяатай холбоотой гарсан шийдвэрийн хуулбарыг өгнө үү. 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сургуулийн нийгмийн ажилтантай уулзахад хамгаалах байранд байхад нь хүү М.Аззаяаг бусад хүүхдүүд зодсон байна арга хэмжээ авч өгнө үү. Хүү М.Аззаяаг 48 хоногийн хугацаанд нэг ч удаа сургуульд нь явуулаагүй, цахим хэлбэрийг ч ашиглахгүй байсаар хичээлийн хоцрогдолд оруулсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй, хоол тэжээлийн дутагдалд оруулсны улмаас уруул нь хуурайшсан хамрын үзүүр нь шархалсан, хацар дээр нь нэлээд том шарх үүссэн байдалтай хүүхэд хамгааллын байрнаас гарч ирсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч нь өөрийн буруутай хууль бус үйлдэл эс үйлдэхүйг хаацайлахын тулд л хүү М.Аззаяатай холбоотой гарсан шийдвэрүүд, түүнтэй холбоотой материалыг хуулбарлан өгөхөөс татгалзсан, мөн танилцуулаагүй. Шар овогт Дашзэвэгийн Март нь Мартын Аззаяатай холбоотой гарсан аливаа шийдвэр, түүнтэй холбоотой материалыг хуулбарлан авч болохгүй, танилцах ч эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн үнэлэлт дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Эдгээрийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Д.М нь Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагуудаар маргасан. Үүнд:

- Хүү М.Аззаяатай холбоотой гарсан шийдвэрүүд, түүнтэй холбоотой материалыг хуулбарлан өгөхөөс татгалзсан, танилцуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох,

- Шүүх хуралдаанд хохирогч буюу хүү М.Аззаяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

- Хүү М.Аззаяаг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түр хамгаалах байр луу авч явахаар гарсан шийдвэрийг хүчингүй болгох, Хүү М.Аззаяад хууль ёсны төлөөлөгч томилсон шийдвэрийг хүчингүй болгох,

- Д.М, Б.Саруултуяа нарын гэрлэлтийг шүүхээр цуцлах хүртэл хүү М.Аззаяаг түр хамгаалах байранд байлгах шийдвэрийг хүчингүй болгох,

- Хүү М.Аззаяаг иргэн Б.Сайнцэцэгийн асран хамгаалалтад өгсөн шийдвэрийг хүчингүй болгох,

- Хүү М.Аззаяа нь хамгаалах байранд байрлах үедээ хоол тэжээлийн хомсдол, агаарын дутагдал, сэтгэл санааны дарамтад орсон болохыг тогтоох,

- Б.Саруултуяад холбогдох 2309001850 дугаартай зөрчлийн хэрэгт хүү М.Аззаяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих ёсоор хамгаалж оролцоогүй болохыг тогтоох.

3. Анхан шатны шүүх ... Хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд цагдаагийн ажилтнаас мэдээлэл өгч улмаар М.Аззаяаг хүнд нөхцөлд байгааг тодорхойлон түр хамгаалах байранд хүлээлгэн өгснийг тухайн цаг үед захиргааны байгууллага хүлээн авсан нь хүүхдийн нөхцөл байдалд тохирсон байхаас гадна хүүхдийг Түр хамгаалах байранд хүлээн авсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хөндөгдсөн гэх нөхцөл байдал үүсэхгүй. Учир нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д заасан нөхцөл байдал үүссэний улмаас хүүхдэд хамгаалалт үзүүлж байгаа тохиолдолд захиргааны байгууллага хүүхдийн эцэг эхээс зөвшөөрөл авах шаардлагагүй, хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд явуулсан үйл ажиллагаа тул хууль зөрчөөгүй ... талаар дүгнэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож,2024 оны 01 дүгээр сарын 08, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хүсэлтийг хүлээн авч зохих журмаар шийдвэрлээгүй хариуцагчийн үйлдлийг хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

4. Харин шүүх нэхэмжлэлийн шүүх хуралдаанд хохирогч буюу хүү М.Аззаяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хүү М.Аззаяа нь хамгаалах байранд байрлах үедээ хоол тэжээлийн хомсдол, агаарын дутагдал, сэтгэл санааны дарамтад орсон болохыг тогтоох шаардлага гаргасан нь захиргааны акттай холбоогүй, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байхад захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тохиолдолд хүлээн авахаас татгалзахаар заасанд нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулах үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Гансүх давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч Д.Мын хүү М.Аззаяа нь ээж Б.Саруултуяадаа зодуулсны улмаас аав дээрээ ирсэн байдаг. Цагдаад мэдэгдэж зөрчлийн хэрэг үүсгэхээс элээд нэхэмжлэгч нь хүү М.Аззаяагийн эрхийг хамгаалахаар удаа дараа холбогдох байгууллагад хүсэлт гаргасан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй, зөрчлийн хэрэгт томилогдсон төлөөлөгч нь хүүхдийн эрх, ашгийг хамгаалж оролцоогүй байхад шүүх хууль ёсны төлөөлөгч томилсон шийдвэрийг хүчингүй болгоогүй, Хүүхэд хамгааллын байранд 48 хоноход сургуульд явуулаагүй, хоол тэжээлийн дутагдалд орсон, аав нь асрамждаа авч амь нас, эрүүл мэндийг хамгаалах, өмгөөлөгч оролцуулах зэрэг хүсэлт гаргасаар байхад холбогдох шийдвэр, баримтуудыг өгөөгүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд эцэг, эх нь таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байх үед хүүхдийн асран хамгааллын асуудал тодорхойгүй, ээж нь зодсон гэх эцэг, нэхэмжлэгч Д.Мын тайлбар, аав нь зүй бусаар харьцаж байсан гэх ээж Б.Саруултуяагийн тайлбар, хариуцагчаас ирүүлсэн баримтуудаас үзэхэд хариуцагч нь гэрлэлт цуцалж хүүхдийн асран хамгааллын асуудал шийдвэрлэгдэх хүртэл хамгаалах байранд авч, хууль ёсны төлөөлөгч томилсон нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх үүргийг хуулиар хүлээсэн албан тушаалтан нь хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний аюулгүй байдлыг хангах, даруй тусгаарлах, хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээг авах;, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай /2016 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д Хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тухайн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэл байгаа бол энэ хуульд заасан тусгаарлах арга хэмжээг авахдаа тэдний зөвшөөрлийг шаардахгүй гэж заасныг зөрчөөгүй байна.

7. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар хүүхдийг 48 хоног хичээл таслуулсан, хоол тэжээлийн дутагдалд оруулсан болох нь тогтоогдоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгч Г.Мөнх-Ангараг нь хүүхдийн эрхийг хамгаалж оролцоогүй гэх боловч эх Б.Саруултуяад үүсгэсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахад хууль ёсны төлөөлөгч оролцуулаагүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил буюу тухайн ажиллагааг явуулсан этгээдийн үйл ажиллагаатай холбоотой, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь хариуцагч байгууллагад хүсэлтийг нь шийдвэрлэх хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад удаа дараа буюу өдөр бүр хүсэлт илгээх, хариуг шаардах зэргээр 35 удаа хүсэлт гаргасанд зохих хариуг өгч байсан нь тогтоогдсон байх тул хариуцагчийн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

8.Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, үлдэх хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2024/0370 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтаас:

... хүү М.Аззаяа нь хамгаалах байранд байрлах үедээ хоол тэжээлийн хомсдол, агаарын дутагдал, сэтгэл санааны дарамтад орсон болохыг тогтоолгох, Б.Саруултуяад холбогдох 2309001850 дугаартай зөрчлийн хэрэгт хүү М.Аззаяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих ёсоор хамгаалж оролцоогүй болохыг тогтоох гэснийг хасаж,

шийдвэрт 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Д.Мын гаргасан нэхэмжлэлийн ... хүү М.Аззаяа нь хамгаалах байранд байрлах үедээ хоол тэжээлийн хомсдол, агаарын дутагдал, сэтгэл санааны дарамтад орсон болохыг тогтоолгох, Б.Саруултуяад холбогдох 2309001850 дугаартай зөрчлийн хэрэгт хүү М.Аззаяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих ёсоор хамгаалж оролцоогүй болохыг тогтоох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн 2 дахь заалтыг нэмж,

2, 3 дахь заалтын дугаарыг 3, 4 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Мын өмгөөлөгч Ц.Гансүхийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Маас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ