| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 182/2017/02083/и |
| Дугаар | 117 |
| Огноо | 2018-01-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 117
Ч.Н-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02013 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ч.Н-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Э.Э-т холбогдох
22 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н-,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э- нь 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2206041874 дугаартай, гэрчилгээний №000440638 дугаартай, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 107-17 тоот хаят байрлах, 40,75 м.кв орон сууцыг надад худалдахаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж, тус өдрөө байрны урьдчилгаа төлбөр гэж 4 000 000 төгрөгийг банкнаас бэлнээр хүлээн авсан бөгөөд хүлээн авсан тухай нотлох баримт бичиж өгсөн. Дараа нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 11 000 000 төгрөг зээлэе гэхээр нь Э.Э-т 11 000 000 төгрөгийг банкнаас бэлнээр авч өгсөн. Э.Э- 11 000 000 төгрөгийг зээлэхдээ банкны өрийг өгөөд танд байрыг чинь барьцаанаас чөлөөлж өгнө гэсэн. Гэтэл Э.Э- дээрх 15 000 000 төгрөгийг аваад байрыг барьцаанаас чөлөөлж өгөөгүй, надтай худалдах, худалдан авах гэрээ хийсэн байр нь банкны барьцаанаас чөлөөлөгдөөгүй байсан. Э.Э- ч өрөө өгөхгүй байсан учраас 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн гэрээгээр алдангийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрүүдэд, мөнгө зээлдүүлсэн тухай гэрээг Э.Э-тэй хийж, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нотариатаар баталгаажуулсан. Зээлийн гэрээнүүдэд зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги тооцохоор заасан. Иймд миний бие гэрээгээр тогтоосон хугацаандаа үүргээ биелүүлээгүй Э.Э-ээс үндсэн зээл болох 15 000 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн гэрээгээр алдангийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 27-ныг хүртэл тооцоход 1 140 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн гэрээгээр алдангийг 2017 оны 3 дугаар сарын 25-наас 2017 оны 7 дугаар сарын 27-ныг хүртэл тооцоход 6 820 000 төгрөг зээл ба алдангийг нэмж тооцоход нийт 22 960 000 төгрөг болж байна. Одоо миний бие Э.Э-ээс дээрх 22 960 000 төгрөгийг нэхэмжилж болох боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангиа 7 500 000 төгрөгөөр тооцож үндсэн зээлийг алдангийн хамт 22 500 000 төгрөг гэж тооцон Э.Э-ээс нэхэмжилж байх тул хуулийн дагуу шийдвэрлэж 22 500 000 төгрөгийг Э.Э-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Н-тай 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 107-17 тоот хаят байрлах 40.75 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг авахаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг байранд Ч.Н- нь одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд дээрх байрыг барьцаанд байгааг Ч.Н- нь мэдэж байсан. Ч.Н-гийн нэхэмжлэлтэй 15 000 000 төгрөгийг байрны урьдчилгаа төлбөр болгож өгсөн бөгөөд миний бие тухайн үедээ уг байрыг барьцаанаас чөлөөлж чадна гэдэгт итгэлтэй байсан учраас 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийж өгсөн. Түүнээс тухайн мөнгийг зээлийн зориулалтаар авч хэрэглэсэн зүйл огт байхгүй юм. Тиймээс дээрх алдангийг нэхэмжлэхгүй хассан тохиолдолд эвлэрэн хэлэлцэж, 15 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор эргүүлэн төлж Ч.Н-г хохиролгүй болгох хүсэлтэй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1. 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Э.Э-ээс 21 820 000 төгрөг гаргуулж, Ч.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 140 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгттйг хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 267 050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Н-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182\ШШ2017\02013 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны журмаар уг гомдлыг гаргаж байна.
Хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай:
А.Э миний бие хариуцагчийг төлөөлөн уг маргаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр болсон шүүх хуралд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадахгүй болсон учир хурлыг нэг удаа хойшлуулж өгөх хүсэлтээ нотлох баримтын хамт гаргасан. Тухайн үед миний бие хатгаа авсны улмаас 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл акттай байсан бөгөөд уг шалтгааны улмаас мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Эмон” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Атарбаясгалан зам” ХХК-д холбогдох иргэний хэргийн 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 09 цагт товлогдсон хуралд өрхийн эмнэлгийн актыг эх хувиар өгсөн ба нотлох баримт эх хувиар дээрх хэрэгт байгаа тухайгаа тодорхой тайлбарлан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хурал хойшлуулах хүсэлтээ өгсөн. Дээрх хүсэлтээр миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралд ирэх боломжгүй учир хурлыг хойшлуулах, уг хүндэтгэн үзэх шалтгааныг нотлосон баримтыг эх хувиар тус шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй хэрэгт байгаа талаар буюу нотлох баримтын эх сурвалжаа заасан боловч хариуцагчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн нь бидний эрх ашгийг ноцтой зөрчсөн хэрэг болсон ба энэ тус хэргийг анхан шатны журмаар дахин хянан шийдвэрлэх үндэслэл гэж үзэж байна.
Иргэний хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай:
Уг иргэний эрх зүйн маргаан нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний маргаан байсан учир Иргэний хуулийн худалдах-худалдан авах болон арилжаа харилцааг зохицуулсан 22 дугаар бүлэгт заасан зохицуулалтыг хэрэглэх байсан ч шүүхээс байрны урьдчилгаанд төлсөн байсан 15 сая төгрөгийг 4 саяыг нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасны дагуу байрны урьдчилгаа, харин үлдсэн 11 сая төгрөгийг зээлийн гэрээ гэж дүгнэн мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хурлын явцад өгсөн тайлбар зэргээс харахад зохигч нар нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, гудамжны 107 дугаар байрны 17 тоот байрыг худалдаж авахаар анхнаасаа тохиролцсон, тухайн үед уг байр нь өөр этгээдтэй байгуулсан барьцаанд байгаа учир худалдан авагч тал нь 50 сая төгрөгийг төлснөөр дээрх гэрээний зүйлийг барьцаанаас чөлөөлж өгөхөөр гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь дээрх гэрээг байгуулснаас хойш уг орон сууцанд одоог хүртэл оршин сууж байгаа. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу эзэмшил ашиглалтад шилжүүлсэн зэрэг нь нотлогддог. Мөн нэхэмжлэгчийн хэлж байгаачлан итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэх талаар ярилцаж байсан ба нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл манай байранд оршин сууж байгаа учир үүнтэй холбогдуулахаар сөрөг нэхэмжлэл гаргахаар бэлдэж байсан боловч эруүл мэндийн шалтгааны улмаар хуралд оролцож чадаагүй учир энэ эрхээ эдэлж чадаагүй.
Хэрэгт хэдий зээлийн гэрээ байгуулсан баримт байгаа боловч нь энэ нь бодит байдал дээрээ зээлийн гэрээ биш тухайн үед гэрээний зүйл барьцаанд байсантай холбогдуулан талууд төлбөрийг баталгаажуулах үүднээс төлбөрийг баталгаажуулахдаа худалдан авагчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээ хэлбэрээр бичсэн зүйл байсан. Хэрэв нэг талаас худалдан авагч тал хугацаандаа байрны үнэ болох 50 сая төгрөгөө төлсөн нөгөө талаар бидний зүгээс байраа барьцаанаас суллаж чадсан байсан бол энэ 11 сая төгрөгийг зээлийн гэрээ байгаад төлбөр нь байрны урьдчилгаа төлбөр болж нэхэмжлэгч ямар нэг асуудал үүсгэхгүй байсан.
Дээрхээс дүгнэн үзэхэд шүүхийн зүгээс хариуцагч талаас хуульд заасан үндэслэлээр хүндэтгэн үзэх шалтгаантай байхад хуралд оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь хариуцагч талаас ИХШХШТХ-ийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болгож, үүнээс шалтгаалан шүүхээс зөвхөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд уг баримтаа буруу үнэлэн хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй учир байдал харагдаж байна. Тодруулбал, 11 сая төгрөг нь зээлийн гэрээ биш орон сууц зээлээр худалдан-худалдан авах гэрээний төлбөр байсан ба уг орон сууц худалдах худалдан авах гэрээнээс нөгөө тал татгалзаж байгаатай холбогдуулан өгсөн авсан буцаах асуудал л яригдах учир шүүхийн шийдвэрээс зээлийн гэрээний алдангид тооцсон 6 820 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхны шатны журмаар шийдвэрлүүлэхээр буцаах буюу шийдвэрийн тогтоох хэсэгт алдангид тооцсон 6 820 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчжээ.
Нэхэмжлэгч Ч.Н- хариуцагч Э.Э-т холбогдуулан 25 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 15 000 000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааныг эрүүл мэндийн байдлаас шалтгаалж шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул хойшлуулах хүсэлт гаргахдаа 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн эмнэлгийн магадлагааны хуулбарыг хавсаргаж, уг эмнэлгийн магадлагааны эх хувийг тус шүүхийн шүүгч Байгалмаа хянан шийдвэрлэж байгаа “Эмон” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Атарбаясгалан зам” ХХК-д холбогдох хэрэгт өгсөн талаар тусгасан байхад шүүх хүсэлтэд хавсаргасан эмнэлгийн магадлагаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан ийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан шүүх хуралдаанд оролцох эрхээр нь хангаагүй гэж үзэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан болсон баримтын эх хувийн байгаа газрыг хүсэлтэндээ тодорхой нэрлэн заасан байхад шүүх үүнийг тодруулаагүй нь буруу байна. /хэргийн 37-45 дугаар тал/
Иймээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар мэтгэлцэх зарчмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй.
Дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс арилгаж хэргийн үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагч Э.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 070 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
С.ЭНХТӨР