Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч Б.Батбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Үүрцайх,

Шүүгдэгч Э.Жамъянсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлсэн Хашихийнхан овогт Эрдэнэбаярын Жамъянсүрэнд холбогдох эрүүгийн 201610010119 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Замын-Үүд дэх Гаалийн газарт эрэлч нохой хариуцсан Гаалийн улсын байцаагч ажилтай, ам бүл 4, ээж, дүүгийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо 8-125 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Хашихийнхан овогт Эрдэнэбаярын Жамъянсүрэн  /ФЖ86100119/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Э.Жамъянсүрэн нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 50-31 УНӨ улсын дугаартай “УАЗ-469” маркийн суудлын автомашинд хүүхдийн тоглоом, цамц өмд зэрэг 14 нэр төрлийн 257,954 төгрөгийн татвар ноогдох ахуйн бараа, 1425 ширхэг гар утас, дагалдах хэрэгсэл 18,842,032 төгрөгийн татвар ноогдох барааг “Гаалийн улсын ахлах байцаагч Г.Болортуяагийн ачаа бараа байгаа юм” гэсний дагуу хяналт шалгалтыг зохих журмын дагуу хийхгүйгээр Б.Молоржаргалыг 101,214 төгрөгийн татварыг төлүүлэн Монгол Улсын хилээр нэвтрүүлж улсад 18,998,772 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татсан тогтоолд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн  хэлэлцүүлэгт  дараахь  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      -Шүүгдэгч Э.Жамъянсүрэн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 50-31 УНӨ улсын дугаартай машин орж ирсэн. Тэр өдөр ажлын ачаалал ихтэй байсан. Тухайн машин Мэргэжлийн хяналтаар шалгуулаад орж ирсэн. Мэргэжлийн хяналтаар ороход цэнхэр хуудас өгдөг уг хуудас болон бүртгэл зөрчил байгаагүй учраас зохих журмын дагуу татвар төлүүлсэн. Жолооч ачаа барааныхаа талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. ... Жолоочоос нь эхлээд ямар бараа байгаа талаар асуухад хүүхдийн тоглоом ачиж яваа гэж хэлсэн жолооч талаас эхлээд хаалгыг нь онгойлгоод цаасан хайрцагтай цоолж үзэхэд хүүхдийн тоглоом байсан машины арыг сөхөж үзээд мөн цаасан хайрцагтай ачааг цоолж үзэхэд хүүхдийн тоглоом байсан баруун талын хаалгыг онгойлгож цоолж үзэхэд мөн хүүхдийн тоглоом байсан хэдэн юаны үнэтэй тоглоом байгаа талаар асуухад 2,000 юаны үнэтэй тоглоом байгаа гэж хэлсэн ачааны голд ямар зүйл байгаа талаар асуухад хуурай сүү байгаа гэхээр нь ямар хэмжээтэй байгаа юм гэхэд жоохон, жоохон Болортуяа ахлах захисан юм гэсэн тэгээд зохих татвараа төлөөд ирэхээр нь хувийн тэмдэгээ дараад явуулсан. Үзлэг шалгат хийж илэрүүлэх үүрэгтэй. Хуваарилагдсан газраа хяналт шалгалт хийх үүрэгтэй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/,

- Хохирогч М.Сонинбаяр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “Монгол Улсын Гаалийн байгууллага нь гаалиар экспортлож, импортлож байгаа бараа бүтээгдэхүүнийг гаалийн хяналтаар харилцаанд оролцогчдын мэдүүлгийг үндэслэн хяналт тавьж бүрдүүлэлт хийж холбогдох татварыг төлүүлж улс орон нутгийн төсвийг бүрдүүлж ажиллах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор-1 боомтоор гаальд мэдүүлээгүй бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг тухайн боомт дээр ажиллаж байгаа хяналт шалгалтын улсын байцаагч Гаалийн тухай хууль, гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, тогтоомжийн дагуу хяналт шалгалтыг хийж зөрчил, дутагдлыг илрүүлэх үүрэгтэй. Энэ талаар Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.2-д гаалийн улсын байцаагчийн эрх үүрэг дээр гаалийн хяналт бүрдүүлэлтийг хийхдээ төр байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироохгүй албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх гэсэн үүргээ ухамсарлаагүй байна. Э.Жамъянсүрэн нь...гаалийн тухай хуулиар бол албан тушаалаа урвуулан ашигласан нь харагдаж байна. Учир нь шинжээчийн дүгнэлтээр 1425 ширхэг гар утасны төлөх татвар 18,842,032.89 мөнгө болж байхад ийм хэмжээний барааг гаальд мэдүүлээгүй орж ирж байхад нь хяналт шалгалт хийж илрүүлэх атал илрүүлэхгүй хилээр оруулж байна гэхээр албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна. 1425 ширхэг гар утас гэдэг өөрөө овор хэмжээ ихтэй бөгөөд илрүүлэх боломжтой юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 133-136/,

- Сэжигтэн Б.Молоржаргал мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:   “2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотруу 50-31 УНӨ улсын дугаартай УАЗ маркийн автомашин жолоодон гарч 2016 оны 05 дугаар сарын 26-ны өглөө 9 цагийн үед Баганаа гэх Өвөрмонголтой минзy авто зогсоол дээр таараад ачаа ачих уу гэхээр нь ямар ачаа юм гэхэд гар утасны сэлбэг байгаа юмаа 11 ширхэг ногоон өнгийн шуудай задалж гадуур цаасан хайрцагтай зүйлүүд байсан хэдэн төгрөгөөр яаж ачих вэ гэхэд хот хүртэл 2000 юанаар ачихаар болсон би өөрөө тал ачаатай байсан юм. Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор 11 цаг өнгөрөөгөөд орж ирсэн уг ачаанд гаалийн бүрдүүлэлт хийгээгүй татварын хуудсаар ачаагаа оруулсан ачаагаа мэдүүлэхдээ тоглоом бэлэн хувцас, хуурай сүү гэж мэдүүлээд татварт нь 100,000 төгрөг төлсөн. Хяналт шалгалтын байцаагч нь Жамъяансүрэн байсан бөгөөд ачаа барааг чинь үзнэ голыг нь задал гэхээр нь голд нь 10 шуудай хуурай сүү байгаа юмаа...би Болортуяа ахлахын нэр дээр явдаг 100,000 төгрөг тушаана гэж хэлсэн байцаагч наана ил байгаа ачаануудыг тойрч үзээд татвараа тушаагаад яв гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 23-24/,

- Сэжигтэн Г.Болортуяа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Уг жолоочтой ямар ч харилцаа холбоо байхгүй яагаад ингэж яриад байгаа талаар мэдэхгүй янз бүрийн долоон шидийн хүмүүс явдаг нэр барих асуудал зөндөө байдаг ер нь бол гаалийн байцаагч нар ахлах байцаагчийн нэр барих асуудал зөндөө байдаг миний нэрийг барьж явсан байх гэж бодож байна. 2016 оны 5 дугаар сарын 26-ны билүү 27-ны өдөр билүү сайн санахгүй байна. Жамъянсүрэн байцаагч надруу ярьсан наана чинь юу болоод байгаа юм бэ гэхэд харин тиймээ баахан утаснууд ороод ирлээ хуурай сүү гэж таны нэрийг барьж орж ирсэн гэхэд чи яагаад тухайн үед надруу утасдаж асуугаагүй юм бэ гэхэд Жамъянсүрэн юу ч дугараагүй тэгэж л мэдсэн" гэсэн мэдүүлэг /1хх-ийн 25/,

- Гэрч Б.Шинэзориг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр би жижүүрийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан юм. Тэгтэл хэсгийн даргаас Авлигатай тэмцэх газраас хилээр татвар төлөлгүй гар утас оруулж ирсэн асуудал байна. Чи очиж хойшлуулшгүй ажиллагаа хийж тээврийн хэрэгсэлд үзлэг хийж утаснуудыг хураан аваад ир гэсний дагуу энэ асуудал дээр...очиж ажилласан агуулахын хажуу талын талбай дээр 50-31 УНӨ улсын дугаартай хөх өнгийн УАЗ469 маркийн автомашинд үзлэг хийсэн намайг очиход хилийн тагнуулаас мөн авлигатай тэмцэх газрын ажилтнууд байсан. Үзлэгээр 11 хайрцаг гар утас дагалдах хэрэгсэл 17 хайрцаг хүүхдийн тоглоом эрэгтэй хүний хувцас зэрэг бараанууд байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 139-140/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 11-22/,

-Э.Жамъянсүрэнгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, төрийн албан хаагжийн анкет /1хх-ийн 243-250/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1хх-ийн 111-114/,

- Эд мөрийн баримт хураан авч хадгалах тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 121-129/,

- Шинжээчийн дүгнэлт, гаалийн татварын үнэлгээ /1хх-ийн 49-66, 179-186, 2хх-ийн 156-157/,

- 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/25 дугаартай Замын-Үүд дэх гаалийн газрын даргын тушаал, хавсралт, ажлын байлрын тодорхойлолт /2хх-ийн 29-36/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Э.Жамъянсүрэн нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 50-31 УНӨ улсын дугаартай “УАЗ-469” маркийн суудлын автомашинд хүүхдийн тоглоом, цамц өмд зэрэг 14 нэр төрлийн 257,954 төгрөгийн татвар ноогдох ахуйн бараа, 1425 ширхэг гар утас, дагалдах хэрэгсэл 18,842,032 төгрөгийн татвар ногдох барааг “Гаалийн улсын ахлах байцаагч Г.Болортуяагийн ачаа бараа байгаа юм” гэсний дагуу хяналт шалгалтыг зохих журмын дагуу хийхгүйгээр Б.Молоржаргалыг 101,214 төгрөгийн татварыг төлүүлэн Монгол Улсын хилээр нэвтрүүлж улсад 18,998,772 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Улсын яллагч ялын шүүмж явуулахдаа “...Шүүгдэгч Э.Жамъянсүрэн нь  шан харамж аваагүй ч гэсэн Б.Молоржаргал “Гаалийн улсын ахлах байцаагч Г.Болортуяагийн ачаа бараа байгаа юм” гэж хэлэнгүүт хийх ёстой үйлдэл буюу хяналт шалгалтаа хийхгүй шууд зогсоож байгаа нь хувийн ашиг сонирхол, ашиг хонжоо мөн. Яагаад гэвэл тэр хүний юмыг гаргаснаар авлагатай үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр хүнээс дараа юм гуйх ч байдаг юм уу... хийх ёстой зүйлээ бүрэн хийгээгүй учраас Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татаж оруулж ирсэн ... гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч “... эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө ямар нэгэн ашиг олоогүй Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-т заасан гэмт хэргийн субъектив шинж үгүйсгэгдэж байх тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна... хэрэгсэхгүй болгоно уу...” гэж тус тус мэтгэлцсэн болно.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын тушаалаар баталсан хуваарийн дагуу 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Гаалийн хяналтын 1 дүгээр бүсэд суудлын тээврийн хэрэгсэл орох гарах хэсэг дээр хяналт шалгалт хийхээр эрэлч нохой хариуцсан улсын байцаагч Э.Жамъянсүрэн нь ажилласан ба  50-31 УНӨ улсын дугаартай “УАЗ-469” маркийн суудлын автомашин хүүхдийн тоглоом, цамц өмд зэрэг 14 нэр төрлийн 257,954 төгрөгийн татвар ногдох ахуйн бараа, 1425 ширхэг гар утас, дагалдах хэрэгсэл 18,842,032 төгрөгийн татвар ноогдох барааг ачиж орж ирэхэд нь хяналт шалгалтыг зохих журмын дагуу хийхгүйгээр Б.Молоржаргалыг 101,214 төгрөгийн татварыг төлүүлэн Монгол Улсын хилээр нэвтрүүлж улсад 18,998,772 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Э.Жамъянсүрэнг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглан хяналт шалгалтыг зохих журмын дагуу хийхгүйгээр улсад 18,998,772 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол  учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар яллах боловч тухайн гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь тухайн албан тушаалын нэр хүнд нөлөөг хувийн зорилгод урвуулан ашигласан, албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй байх эсвэл хийх ёсгүй зүйлийг хийхийг ойлгоно. Харин субъектив талын үндсэн шинж нь шунахайн болон хувийн сэдэлттэй байх ба шунахай сэдэлт нь эдийн засгийн ашиг олох, бусдын эд хөрөнгийг бусдад болон өөрт шилжүүлж авах, хувийн сэдэлт нь эдийн хөрөнгийн бус ашиг олохыг ойлгодог ба дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүд үгүйсгэгдэж байна.

Харин шүүгдэгч Э.Жамъянсүрэнгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ. Учир нь: Шүүгдэгч  Э.Жамъянсүрэн нь хилээр орж ирсэн 50-31 УНӨ улсын дугаартай “УАЗ-469” маркийн суудлын автомашинд хяналт шалгалт хийгээгүй биш хийсэн, гэвч хяналт шалгалтыг хийхдээ дутуу хийж албан үүрэгтээ хайхрамжгүй хандсан байна. Иймд дээрх байдлуудыг дүгнээд Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Э.Жамъянсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлснийг  өөрчилж хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.1 болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Жамъянсүрэнг албан үүрэгтээ хайнга хандаж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар гэмт хэрэг гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ байдал нь шүүгдэгч Э.Жамъянсүрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж байна.

Шүүгдэгч Э.Жамъянсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирол төлөгдсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Э.Жамъянсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор шүүгдэгч Э.Жамъянсүрэнгийн эзэмшлийн 24-31УНХ улсын дугаартай “Mazda axela” маркийн автомашин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299  дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хашихийнхан овогт Эрдэнэбаярын Жамъянсүрэнд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1-т зааснаар зүйлчилж яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.1 болгон өөрчилж зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Хашихийнхан овогт Эрдэнэбаярын Жамъянсүрэнг албан үүрэгтээ хайнга хандсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Эрдэнэбаярын Жамъянсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Э.Жамъянсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шүүгдэгч Э.Жамъянсүрэнгийн эзэмшлийн 24-31УНХ улсын дугаартай “Mazda axela” маркийн автомашин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

6.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Жамъянсүрэнд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ