Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 3756

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18-р хороо, 35А байрны 0 тоотод байрлах, Залуу гэр бүл сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, 35А байрны 5 тоотод оршин суух, орчуулагч ажилтай, регистр ЧЗ72111967, Шарав овогтой Лувсантарваагийн Нямаасүрэнд холбогдох засвар үйлчилгээний зардал 789 420 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Оролмаа, хариуцагч Л.Нямаасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Оролмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Сууц өмчлөгч Л.Нямаасүрэн нь 789 420 төгрөгийг төлөөгүй байна. Л.Нямаасүрэн нь 2011 оны 3-р сарын 12-ны өдрөөс 2014 оны 2-р сар хүртэлх төлбөрийг өмнө нь ажиллаж байсан сууц өмчлөгчдийн холбоонд бэлнээр төлсөн гэж байгаа боловч энэ талаар баримт байхгүй. Хариуцагч Л.Нямаасүрэн нь 2017 оноос 2018 оны 10-р сар хүртэлх сууц өмчлөгчдийн холбооныхоо төлбөрийг төлөхөө зөвшөөрдөг. Иймд сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн ашиглалтын зардлыг 2011 оны 3-р сараас 2014 оны 12-р сар хүртэлх 37 сарын төлбөр 588 816 төгрөг болж байгаа. Түүнээс хойш засвар үйлчилгээний 1 сарын төлбөр нь 16 717 төгрөг болсон. 2017 оны 11 сараас 2018 оны 10 сар хүртэлх 12 сарын төлбөр 200 604 төгрөг болно. Ингээд нийт 789 420 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч 2011-2014 оны төлбөрийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул 200 604 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Л.Нямаасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оноос Баянгол дүүргийн 18-р хорооны 35А байрны 5 тоотод амьдарч байна. Тухайн үед би сууц өмчлөгчдийн холбоонд төлбөрийг дансаар төлж байсан боловч данс хаагдсан гээд бэлнээр төлөх болсон. Тэгээд төлбөрөө төлж байгаад 2017 онд Г.Оролмаа даргад данс нээж өгөөч, би байрны төлбөртэй хамт төлөх хүсэлтэй байна, өмнө нь төлбөрийг бэлнээр төлсөн баримтууд нь олдохгүй байна гэж хэлсэн. Данс нээж өгөөгүй учраас 2017 оноос хойш төлбөрөө төлөөгүй байгаа. 2011, 2012, 2013 онуудын төлбөрийг бэлнээр төлсөн тул зөвшөөрөхгүй. Харин 2017 оны 11, 12-р сар, 2018 оны 01-р сараас 10 сар хүртэлх 200 604 төгрөгийг төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Залуу гэр бүл сууц өмчлөгчдийн холбоо нь Л.Нямаасүрэнд холбогдох засвар үйлчилгээний зардал 789 420 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 200 604 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх тул энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Баянгол дүүргийн 18-р хороо, 35А байрны 5 тоот сууц өмчлөгч Л.Нямаасүрэн нь Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 132.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.3 дахь хэсэгт заасан тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх хугацааг хэтрүүлсэн байх ба 2011 оны 3-р сараас 2014 оны 4-р сар хүртэлх хугацааны 588 816 төгрөгийн шаардлага нь энэ хугацаанд хамрагдахаар байх ба энэ үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нь зөв байна.

 

Харин сууц өмчлөгч Л.Нямаасүрэн нь 2017 оны 11-р сараас 2018 оны 10-р сар хүртэлх хугацааны төлбөл зохих засвар үйлчилгээний зардал 200 604 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л-ийн Н-ээс 200 604 /хоёр зуун мянга зургаан зуун дөрөв/ төгрөг гаргуулж Залуу гэр бүл сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 496 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Н-ээс 6 668 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА